| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/00749/И |
| Дугаар | 101/ШШ2022/01663 |
| Огноо | 2022-04-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2022/01663
| 2022 04 12 | 101/ШШ2022/01663 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Б холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 29,101,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батням,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Г.Б нь Т ХХК-тай дугаар Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г тус тус байгуулж, 13,500,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота Кроун маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийн эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ огт биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 13,500,00 төгрөг, хүү 8,851,500 төгрөг, алданги 6,750,000 төгрөг, нийт 29,101,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Г.Б үүрэг гүйцэтгэх хугацааг 562 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлдэгч зээл авсан 2020 оны 7 дугаар сарын 02-ны зээл авсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр дууссан. Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтад байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд зээлдэгч Г.Б зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, фидуцийн зүйлийг хариуцагчаас бодитоор гаргуулахаар шаардаж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд авто машиныг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болоод байна. Өөрөөр хэлбэл фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон.
Иймд Г.Бээс 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,500,000 төгрөг, хүү 8,851,500 төгрөг, алданги 6,750,000 төгрөг, нийт 29,101,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Б нь шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй болно.
Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, Барьцаат зээлийн тооцооны хуудас, улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Г.Бийн иргэний үнэмлэхийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, харин хариуцагчаас шүүхэд бичгийн баримтыг ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Г.Бэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,500,000 төгрөг, хүү 8,851,500 төгрөг, алданги 6,750,000 төгрөг, нийт 29,101,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.Бэд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гардуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж зааснаар хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.
Мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хариуцагч Г.Бэд шүүх хуралдааны товыг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр түүний 9930-3696 дугаарын утсаар мэдэгдсэн, өмнөх шүүх хуралдааныг зохигчдын мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлэх үүднээс хариуцагч Г.Бийг оролцуулахаар шийдвэрлэж хойшлуулсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор зохицуулжээ.
Хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн хувь гардаж авахдаа Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суудаг гэсний дагуу уг хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлэхэд мэдэгдэх хуудас буцаагдсан, улмаар шүүгчийн туслах энэ нөхцөл байдлыг хариуцагчид 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр утсаар шүүх хуралдааны тов мэдэгдэхдээ хэлэхэд тэрээр дахин мэдэгдэх хуудас явуулах шаардлагагүй гэх хариултыг өгсөн болохыг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасныг хүлээн авч, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад хэрэгт авагдсан баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэх ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Т ХХК нь Г.Бтэй 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 25000595 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 13,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, машинаа унаад явах нөхцөлтэйгээр Г.Б нь зээл авсан ба мөн өдрөө 25000595 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тоёота кроун маркийн улсын дугаартай автомашины эзэмших эрхийг Т ХХК-д шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.5-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулагджээ.
Ийнхүү зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч Г.Б нь зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй буюу төлөлт хийгдээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Дээрх зээлийн гэрээ 12 сарын хугацаатай байгуулагдсан ба уг гэрээний хугацаа сунгагдаагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны хүүг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй ба, сарын хүү нь 3,5 хувь буюу сарын хүүд 472,500 төгрөг төлөх ба үүнийг 12 сараар тооцвол 5,670,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар хүү тооцсон нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан ба зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.3-т алдангийн талаар тохирсоны дагуу нэхэмжлэгч нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар үндсэн зээлийн төлбөр болох 13,500,000 төгрөгийн 50 хувиар тооцож, алдангид 6,750,000 төгрөг нэхэмжилсэнийг буруутгах үндэслэлгүй, хангаж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Учир нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдэг нь үндсэн зээлийн төлбөр болох 13,500,000 төгрөг болон хүүгийн төлбөр болох 5,670,000 төгрөгийн нийлбэр 19,170,000 төгрөгийн 50 хувь буюу алдангид 9,585,000 төгрөгийг дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэх үндэслэлтэй байжээ.
Нөгөөтэйгүүр зээлийн гэрээний хугацаа дууссан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 202 хоногийн хугацаа хэтрэлттэй байх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 19,170,000 төгрөгөөс хоног тутамд 0,5 хувиар алданги тооцвол нэг өдрийн алданги нь 95,850 төгрөг, үүнийг 202 хоногоор тооцоход алдангид 19,361,700 төгрөг тооцогдох байх ба дээрх хуулийн зохицуулалтад нийцүүлэн нэхэмжлэгч нь алдангийг 50 хувиар тооцсон байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үндсэн зээл 13,500,000 төгрөг, зээлийн хүү 5,670,000 төгрөг, алданги 6,750,000 төгрөг, нийт 25,920,000 төгрөгийн шаардлагыг хангаж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Зохигчид нь Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь ... гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, фидуцийн зүйлийг хариуцагчаас бодитоор гаргуулахаар шаардаж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд авто машиныг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болоод байна. Өөрөөр хэлбэл фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон гэх тайлбарыг гаргаж, энэхүү гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаагүй, нөгөөтэйгүүр хариуцагч нь фидуцийн зүйл болох автомашин одоо хаана байгаа болон гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх ямар нэгэн үйлдэл хийсэн талаарх тайлбар, баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ гэсэн зохицуулалтын дагуу хариуцагч Г.Бэд нэхэмжлэлийн хувь гардуулахдаа буюу 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтуудыг танилцуулж, хэргийн материал танилцуулсан баримтад гарын үсэг зуруулсан, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарсны дараа мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох хэргийн оролцогчийн эрхийн дагуу түүнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй, улмаар мэтгэлцэх эрхийг хангах үүднээс 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, хурлын тов мэдэгдсэн боловч мөн өнөөдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч Г.Бийн хувьд 02 дугаар сарын 18-ны өдөр хэргийн материалтай танилцснаас хойш хариуцагч өөрөө хариу тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэгчийн зүгээс нэмж нотлох баримт ирээгүй тул шүүх хуралдааныг хийсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Бээс зээлийн гэрээний үүрэгт нийт 25,920,000 /хорин таван сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 3,181,500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 287,550 /хоёр зуун наян долоон мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ