| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/0064/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/108 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М, Ц.Б
Шүүгдэгч: С.Ч, Б.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Ч, Б овогт Б.Н нарт холбогдох эрүүгийн ************ тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 11-ний өдөр А аймгийн Э сум төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын А багийн У гэх газарт оршин суух хаягтай, урьд нь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт С.Ч,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А аймгийн Э сум төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын А багийн Э гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Б.Н,
Холбогдсон хэргийн талаар:
Мөн шүүгдэгч С.Ч, А.Ц нар нь бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр А аймгийн Ж сумын З багийн төвийн урд талд бэлчээрлэж байсан хохирогч Г.Д-ы хар азаргатай 7 тооны адууг иргэн Ч.Г-ын эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг буюу машин механизм ашиглан олон тооны мал хулгайлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
* Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн ************ тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Б-ийн өгсөн:
“...Би 2024 оны 10 дугаар сарын 28-ны өглөө Ц сумын Х багийн Б гэх газар байх гэрээсээ Э сумын төв рүү өмнө нь оруулж орхисон байсан машинаа янзлуулахаар мотоциклоор орж ирсэн. Ингэж орж ирэхдээ манай саахалт байдаг Б, Л нарт “хонь харж байгаарай, орой гэр лүү дөхүүлээрэй” хэлсэн. Би тэр өдөр машинаа янзлаад харьж амжаагүй, Б “манай хонийг гэрийн гадаа оруулж ирээд хэвтүүлсэн” гэж хэлсэн. Маргааш өглөө нь хамаатны дүү Т луу манай эхнэр утасдаад “хонь гаргаадхаарай” гэж хэлсэн байсан. Тэгээд Т манай гадаа очиход “хонь 2 салсан нэг хэсэг нь гэрийнхээ гадаа, нөгөө хэсэг нь гэрийнхээ хойд энгэрт байна” гэж хэлсэн байсан. Эхнэр Т “хонь нийлүүлчхээрэй гэж хэлтэл нийлүүлэлгүй орхисон байна билээ. Т өөрөө над руу 14 цаг өнгөрч байхад утасдаад “ахаа би хонийг нь нийлүүлж амжаагүй шүү би Ж суманд ажил гараад яаралтай явсан” гэж хэлсэн. Тэгээд машинаа янзалж байгаад эрт гарч амжихааргүй болохоор нь худын талын Л гэдэг залуу руу утсаар яриад “ахын дүү манай хонийг дөхүүлээд хашчихаарай, 2 салсан байна гэсэн шүү, би оройтож очих нь” гэж хэлсэн. Э сумын төвөөс эхнэрийн хамт гэртээ бүрэнхий болж байхад яваад очтол Л хонь хашчихсан байсан. Би хашаа руугаа очоод хартал хонь дутуу хашигдсан байсан. Тэгээд би салсан хонио шөнөжин хайгаад, ойр орчмынхоо айлуудаар орж “танай хоньтой манай салсан хонь нийлсэн үү” гэж асуухад бүгд нийлээгүй гэж байсан. Манай арын М “танай тасарсан хонь Ц голын адагт зуслангийнхаа дээр байсан шүү дээ” гэж хэлсэн. Би М-ийг аваад шөнөжин гол өгсөж уруудаж гэрэлтүүлж яваад олоогүй. Маргааш өдрөөс нь авхуулаад би ойр орчмоор хонио хайгаад огт сураг гараагүй. Би эрж хайж байгаа талаар цахим фейсбүүк группт мэдээлэл оруулсан. Би хонио алга болсных нь маргааш үлдсэн хонь ямаагаа бүртгэж, тоолж үзэхэд 33 тооны ямаа, 111 тооны хонь нийт 144 тооны хонь, ямаа үлдсэн байсан. Манайх нийт хонь, ямаа нийлсэн 289 тооны хонь, ямаатай байсан. Үүнээс 80 тооны ямаа, 65 тооны хонь нийт 145 тооны хонь, ямаа алга болсон байсан. Манай хонь, ямаанууд хоёр чих урдаасаа хөндлөн хайчилсан, буруу талын чих цуулбар имтэй, хонинууд нь хондлой дээрээ улаан өнгийн будагтай, ямаанууд нь бүгд 2 эврийнх нь ар тал ногоон өнгийн будагтай байгаа. Хонин дотор цөөн тооны будаггүй хонь бас байгаа, зун будаг нь дутаад гүйцэт будаж чадаагүй юм. Ганц нэг зөв талын чих шоргоолжин, буруу талын чих нь цуулбар имтэй хонь, ямаа бас байгаа. Энэ хонь, ямааг би эгчээсээ авч байсан юм. Алга болсон хонь, ямаанууд дотор 2 хургатай хонь бусад нь бүгд сувай хонь, ямаа, хонь, эр ямаанууд, бага насны малаас гэвэл 4 тооны хурга, 1 шархтай цагаан зүсмийн шүдлэн эм ямаа алга болсон байна лээ. Манайх энэ жил 10 хурганы төл авсан байснаас 4 хурга нь байхгүй байна лээ. Манай хонинд төлөг, борлон угаасаа байхгүй өнгөрсөн жилийн зудад бүгд үхсэн юм. Алга болсон 65 тооны хониноос нас гүйцсэн 5 эр хонь, шүдлэн насны 2 эр хонь, нас гүйцсэн 54 эм хонь, 4 хурга, ямаанаас нас гүйцсэн 33 тооны эр ямаа, хязаалан насны 5 эр ямаа, шүдлэн насны 1 эр ямаа, шүдлэн насны 1 эм ямаа, нас гүйцсэн 40 эм ямаа алга болсон байна билээ. Би эр хонио 190.000 төгрөгөөр, шүдлэн эр хонио 170.000 төгрөгөөр, сувай эм хонио 170.000 төгрөгөөр, хургаа 50.000 төгрөгөөр, нас гүйцсэн эр ямаагаа 130,000 төгрөгөөр, хязаалан эр ямаагаа 110,000 төгрөгөөр, шүдлэн эр ямаагаа 100,000 төгрөгөөр, шүдлэн эм ямаагаа 60,000 төгрөгөөр нас гүйцсэн сувай эм ямаагаа 100,000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Манайх хамгийн сүүлд 2024 оны 09 дүгээр сарын 20-дын үеэр зах зээлд эр хонинуудаа зарчхаад үлдсэн хонь, ямаагаа тоолж бүртгэсэн. Ингэж бүртгэхэд манайх хонь-176, ямаа-113 нийт 289 тооны хонь, ямаа байсан. Нэг айхтар бичиж тэмдэглэдэггүй. Хааяа тоолоод тоогоо авчхаад байдаг. Манайх өнгөрсөн 2023 онд нийт 560 гаруй толгой мал тоолуулсан. Өнгөрсөн жилийн зудад төлөг борлон нь бүгд үхэж үрэгдсэн, 10 хурганы төл авсан, ишиггүй, бүх эм ямаа сувайрсан юм. Би Э сумын А багийн иргэн Н гэх айлын хониноос өөрийнхөө 29 тооны ямаа, 21 тооны хонио олж авсан. Н нь манай хонины хондлой дээр шинээр улаан будгаар, ямааны зөв талын эврийнх нь ар талыг улаан будгаар шинээр будаж тэмдэг хийсэн байна билээ. Н-ийн хонинд нас гүйцсэн 12 эр ямаа, хязаалан насны 1 эр ямаа, нас гүйцсэн 16 эм ямаа, нас гүйцсэн 4 эр хонь, шүдлэн насны 1 эр хонь, 2 хурга, нас гүйцсэн 14 эм хонио олж авсан. Мөн багийн иргэн Г гэх айлын хониноос 29 тооны ямаа, 21 тооны хонио олж авсан. Тэдний хонинд нас гүйцсэн 19 эм хонь, 2 хурга, нас гүйцсэн 12 эр ямаа, хязаалан насны 2 эр ямаа, нас гүйцсэн 14 эм ямаа, шүдлэн насны 1 эм ямаагаа олж авсан. Би алдсан 145 тооны хонь ямаанаас 100 тооны хонь, ямаагаа буцааж зүсээр, тэмдгээр нь олж аваад байна. Одоо нас гүйцсэн 8 эр ямаа, хязаалан насны 3 эр ямаа, шүдлэн насны 1 эр ямаа, нас гүйцсэн 10 эм ямаа, хязаалан насны 1 эр хонь, шүдлэн насны 1 эр хонь, нас гүйцсэн 21 тооны сувай эм хонь нийт 45 тооны хонь, ямаа дутуу байна. Манай гэр Э сумын төвөөс Ч хойд зүгт 25 км зайд байдаг. Манайхаас хонь, ямаа аваачсан айл хүртэл нийт 45 км орчим зайтай юм байна билээ. ...Манай хонийг хүн шахаж л байж гаргавал зуслангийн урд талаар урсдаг Ц голоо гардаг юм. Манайхыг тухайн өдөр эзэнгүй гэдгийг мэдсэн, тэндээс мэдээлэл өгсөн хүн байгаа байх гэж би бодож байна. Хаа байсан 45 км-ийн цаана байгаа хүмүүс манай тасарсан хонийг мэдээд шууд очиж авна гэж байхгүй гэж бодож байна. ... шалгаж өгнө үү ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-23, 26-27 дугаар тал/
*Гэрч Б.О-гийн өгсөн:
“...Би 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нөхрийнхөө хамт Э суманд гэрээсээ ирсэн. Нөхөр маань машинаа янзлуулах гээд үлдээсэн байсан юм. Э-ын төв дээр ирээд би хүүхдийн урлагийн үзлэг үзээд, нөхөр маань машинаа янзалсан. Бид хоёр хөдөөнөөс ирэхдээ хонио саахалт айлынхаа Б-д захисан. Ирсэн өдрөө машинаа янзалж дуусаагүй учир Э-д хонох болсон. Тэгээд би Б-д “манай хонийг ойртуулаад хашчихаарай” гэж хэлсэн. Хоночхоод маргааш өглөө нь хамаатны дүү Т луу утсаар яриад “манай хонийг очоод гаргаадхаарай” гэж хэлсэн. Т за гэж хэлсэн. Удалгүй Т над руу яриад “хонь чинь тасарч салсан байна, нэг хэсэг нь хойд энгэртээ, нэг хэсэг нь гэрийнхээ гадаа хэвтэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “нийлүүлчхээрэй” гэж хэлсэн. Орой нь буюу 2024 оны 10 сарын 29-ний өдрийн 21 цагийн үед нөхрийн хамт гэртээ явж очиход манай хонь хашаатай байсан. Хартал тал нь алга байсан. Нөхөр надад “Т тасарсан хонийг чинь нийлүүлж чадаагүй” гэж утсаар хэлсэн гэдгийг ярьсан. Тэгээд хажуу айлуудаасаа асууя гээд мотоциклоор явсан. Шөнөжингөө яваад олсонгүй гэсээр ирсэн. Манай тасарч салсан хонийг зуслангийнхаа хажууд байхыг М харсан байсан. Тэгээд манай нөхөр, хүүхдүүд ойр хавиараа болон Ц, Ж, Х, Э сумдын нутгаар 5, 6 хоног хайгаад ямар ч сураг гараагүй. Манайх 2024 оны 09 дүгээр сард 100 эр хонио зараад үлдсэн хонь, ямаагаа тоолж бүртгэхэд 289 тооны хонь, ямаатай байсан. Хонь, ямаагаа алдсаныхаа дараа үлдсэн хонь, ямаагаа тоолж үзэхэд 33 тооны ямаа, 111 тооны хонь, нийт 144 тооны хонь, ямаа үлдсэн байсан. Тэгэхээр манайх 80 тооны ямаа, 65 тооны хонь, нийт 145 тооны хонь, ямаагаа алдсан. Манай нөхөр Д.Б нас хүйсийнх нь талаар дэлгэрэнгүй мэдүүлгээ өгсөн байгаа. Манайх хонь, ямаандаа хоёр чих урдаасаа хөндлөн хайчилсан, буруу талын чих цуулбар им хийдэг. Мөн ямааныхаа 2 эврийг араас нь ногоон будгаар, хонио хондлой дээр нь улаан өнгийн будгаар будаж тэмдэглэдэг. Хонин дотор будаггүй хонь байсан. Хонь будаж байх үед будаг дутаад будаж чадаагүй юм. Манайх хамгийн сүүлд 2024 оны 09 дүгээр сарын 20-дын үеэр 100 эр хонь зарчхаад үлдсэн хонь, ямаагаа тоолж бүртгэсэн. Бичиж тэмдэглэдэг дэвтэр байхгүй, хонь, ямаагаа тусад нь тоолоод нийт тоогоо гаргачихдаг. Хүний тавиул мал байдаггүй болохоор дэвтэр энэ тэр дээр бичээд байдаггүй юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 30-31 дүгээр тал),
*Гэрч Б.Л-гийн өгсөн:
“...Намайг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байтал 19 цагийн үед над руу Б ах утасдаад “ах нь Э суманд байна, оройтож очих нь, миний дүү манай хонийг очоод хашаадхаарай, 2 салсан байна гэсэн шүү” гэж хэлсэн. Тэгээд Б ахынх руу очиход хонь нь гэрийнхээ зүүн хойд талын хамар дээр байсан. Хонийг нь тууж аваачаад хонины хашааг нь онгойлгож байгаад хашчихаад шууд гэр лүүгээ явсан. Намайг хонь хашиж байхад үзэгдэх орчин хязгаарлагдаж байсан. Би салсан хонь нь нийлсэн байна гэж бодоод хашчихаад явсан. Яг тэнд энд салсан байгаа гэж хэлээгүй. Би гэрийнх нь зүг яваад очиход гэрийнх нь зүүн хойд хамар дээр хонь байхаар тууж авчраад хашсан юм. Би хашсан хонь, ямааныхаа тоог мэдэхгүй. Харуй, бүрий болж байсан учраас ямар ч багцаа алга. Маргааш өглөө нь Б манай хотонд ирээд “хонины тал алга болсон байна” гэж байсан. Надаас “чи хонь нийлүүлж хашсан юм уу” гэж асуусан. Би нийлсэн юм байх гэж бодоод хашсан шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 46-47 дугаар тал),
*Гэрч Д.М-ийн өгсөн:
“...Би 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ц сумын Х багийн Б-ы өвөр гэх газар адуундаа явж байгаад 15 цагийн үед дурандаж байтал Б-ийн зуслангийн хажууд хэсэг хонь, ямаа харагдсан. Би Б-ийн хонь байна даа гэж бодсон, яагаад гэвэл ойр хавьд тэднийхээс өөр хоньтой айл байхгүй. Тэгээд би хонь байсны дээрээс Ц голын араас очиж адуугаа аваад буцсан. Тэгээд орой нь гэртээ байж байтал 22 цагийн үед манай гэрт Б ирээд манай тал хонь, ямаа байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би түүнд голын ард, зуслангийн чинь дээх нь байсан, тэнд байгаа байх гээд мотоциклынх нь ард нь сундлаад байсан газар нь очиход байхгүй байсан. Бид хоёр унталгүй өглөөний 05 цаг хүртэл тэр хавиараа тойрч хайгаад, айлуудаар орж асуухад ямар ч сураг байхгүй байсан. Бид хоёр хангай амьтан идчихгүй бол өглөө гэгээ орохоор харагдах байх гээд 2,3 цаг унтаж босоод маргааш өдөр нь бүтэн хайгаад ямар ч сураг, ажиг гараагүй. Сүүлд сонсоход Э сумын А багаас хонь, ямаагаа олж авлаа. 100-аад тооны хонь, ямаагаа буцааж авчирлаа, үлдсэнийг нь авсан хүмүүс нь төлж өгөхөөр болсон гэж надад ярьсан. Ямаа нь дийлэнх байсан, хонт нь ямаанаасаа цөөвтөр харагдаж байсан. Яг хэдэн тооны хонь, ямаа байсныг нь мэдэхгүй. Би нэлээн зайнаас дурандсан юм. Манай хотны хонь бүгд уулын хярд байсан болохоор Б-ийн хонь байна л гэж бодсон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн -2-43 дугаар тал),
*Гэрч Ж.Т-ын өгсөн:
“...Намайг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өглөө гэртээ байж байтал Б ах над руу 08, 09 цагийн үед утсаар яриад “манай хонь тасарсан юм шиг байна, чи очоод үзээдэх” гэж хэлсэн. Тэгээд би тэдний өвөлжиж байгаа Б гэх газар мотоциклоор явж очиход гэрийнх нь гадаа ямаа нь дийлэнх хонь, ямаа, гэрийнх нь хойно хонь нь дийлэнх хонь, ямаа байж байсан. Тэгээд би гэрийнх нь гадаа байсан хонь. ямааг босгож хойш нь хөдөлгөчхөөд буцаад явсан. Би өөрөө Ж сум орох яаралтай ажил байсан шууд явсан. Тэгээд Ж суманд явж байхдаа 14 цагийн үед Б ах руу утасдаж “би ахаа Ж суманд явна, хонийг чинь нийлүүлж амжаагүй шүү, тасарчихсан нэг хэсэг нь гаднаа, нөгөө хэсэг нь хойд хяр дээрээ байна лээ шүү” гэж хэлсэн. Маргааш өглөө нь Б ах над руу залгаад “ах нь тасарсан хонио олохгүй байна, хоёулаа хайя” гээд бид хоёр ойр орчмоороо эрж хайгаад олоогүй, саахалт айлын хүмүүсээс асуухад ямар ч сураг гараагүй. Би багцаагаар хониных тал нь салсан байна гэж харж байсан. Яг бол тоолж үзээгүй, 100 орчим хонь, 60 ямаа байгаа юм болов уу гэж бодсон. Тэднийх өнгөрсөн жилийн зуданд нэлээн үрэгдсэн. Үлдсэн нь хонь, ямаа нийлсэн 300 гаруй хонь, ямаа байсан байх. Тийм зүйл юу ч мэдэгдээгүй ахынхаас манайх зүүн зүгт 2 км орчим зайд байдаг юм. Б ах 150, 160 орчим дутуу байх шиг байна гэж байсан. Би Б ахад салсан хонь чинь тиймэрхүү багцааны байсан байхаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 38-39 дүгээр тал),
*Гэрч М.Б-гийн өгсөн:
“...Би 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байтал над руу Б ах 17 цагийн үед утсаар яриад ах нь Э суманд байна, манай хонийг бэлчээрээс нь гэр лүү дөхүүлээдэх гэж хэлсэн. Тэдний хонь гэрийнхээ баруун талд Х гэх газрын энгэрт байсан. Би мотоциклоор явж очоод туусаар байгаад 18 цагийн үед гэрийнх нь гадаа аваачаад байр луу нь шахаж орхисон. Хонины хашаа нь хаалттай байсан. Би хонио задгай хонуулж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээд би гэртээ харьсан. Нөгөөдөр нь буюу 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б “хонины тал алга болчихлоо өчигдөр тасарч салаад урд гол дээр харагдсан гэсэн сурагтай байна, энэ хавиар яваад байдаггүй, яваад хайгаад өгөөч” гэж хэлсэн. Би тэгээд гэрийнхээ хойгуур буюу Ц сумын Х багийн нутаг Э гэх газруудаар яваад айлуудаар сурахад ямар ч сураг гарахгүй байсан. Би Б ахад “манай араар ямар ч сураг байхгүй байна шүү” гэдгийг хэлсэн. Тэднийх ойролцоогоор 300 орчим хонь, ямаатай. Ямаа нь арай цөөхөн, хонь нь дийлэнх харагддаг. Би яг нарийн тоог нь мэдэхгүй. Намайг хонийг нь хотлуулах үед хонь, ямаа нь өмнө нь бэлчдэг байсан тоогоороо байсан. Б ахынхаас манайх баруун зүгт 1 хамар даваад ойрхон байдаг юм. Манайхны ойролцоо тэр үеэр огт сэг, зэм гарч мэдэгдээгүй. Б ах “150 орчим тооны хонь, ямаа алга болсон байна, тал нь байхгүй байна” гэж ярьж байсан. Би түүнээс яг нарийн тоог нь лавлаж асуугаагүй. Б ах өмнөх өдөр нь над руу ярихдаа “ах нь оройтож очих юм шиг байна хонь гэр лүү шахчхаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнийг оройдоо гэртээ ирсэн гэж бодсон. Маргааш нь хонин салж, тасарч бэлчсэнийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35 дугаар тал/,
*Гэрч Ч.Г-ын өгсөн:
“...Намайг Э сумын А багийн төвийн хажууд байх гэртээ байж байтал С.Ч нь 2024 оны 11 дүгээр сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна манай байшинд орж ирээд “хонинд чинь хэдэн хонь, ямаа нийлүүлчихсэн шүү” гэж хэлээд дуугүй гараад явчихсан. Тэгэхээр нь би хонин дээрээ очоод үзтэл хондлой дээрээ улаан будагтай хонь, эвэр нь араасаа ногоон будагтай ямаанууд байсан. Энэ хонь, ямааг хохирогч нь гэх хүмүүс цагдаагийн хамт ирээд манай хониноос ялгаж авахад нийт 50 тооны хонь, ямаа байсан. Имийг нь би лавлаж үзээгүй. Ямаануудынх хоёр эврийг хойд талаас нь ногоон өнгийн будгаар будсан. Хонинуудынх нь хондлой дээр нь улаан будгаар будсан байсан. Сүүлд ялгаж өгөхөд 2 хурга, бусад нь бүгд эм хонь байсан. Эр ямаанууд, эм ямаанууд байсан, 1 цагаан зүсмийн шүдлэн ямаа байсан. Ямаанууд нь хар, халтар, хар халзан зүстэй ямаанууд байсан. Хонь нь хар халзан, хар толгойтой, улаан толгойтой хонинууд харагдаж байсан. Хаанаас ямар хонь, ямаа авчирч нийлүүлсэн талаараа надад хэлээгүй. Хонинд чинь нийлүүлчихлээ шүү л гэж хэлж байсан. Надад хэзээ авах талаараа яриагүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-57 дугаар тал/,
*Гэрч Ч.Г-гийн
“... Манайх 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хонь, ямаагаа будаж тэмдэглэе гээд хашсан. Тэгтэл манай хонин дотор хондлой дээрээ бүдэг улаан будагтай хонь, 2 эврийг нь ар талаас ногоон будгаар будсан ямаанууд байсан. Би нөхрөөсөө энэ хонь, ямаа юу юм бэ гэж асуухад айлаас авсан юм, будган дээр нь дараад будчихна гэж хэлсэн. Тэгээд манайх ямааныхаа зөв талын эврийг ар талаас шинээр улаан өнгийн будгаар будсан. Тэр авсан гэж хэлсэн ямааны зөв талын эврийг нь араас нь улаан өнгөөр будаж тэмдэглэсэн. Бүх хонио шинээр хондлой дээр нь улаан өнгийн будгаар будаж тэмдэглэсэн. Мөн хүнээс авсан гэх хонинуудын хондлой дээрх бүдэг улаан будгийг дарж шинэ улаан өнгийн будгаар будсан юм. Би яг хэзээ хаанаас авчирч нийлүүлснийг нь мэдэхгүй байна. Надад манай нөхөр хэлэхдээ Х голын М гэдэг ахаас авсан юм, нэг сая төгрөг өгнө гэж хэлж байсан. Миний багцаагаар хонь ямаа нийлсэн 40-50 тооных байна уу гэж би бодсон. Би яг нарийн тоолж бүртгээгүй. Зөв болон буруу талын чих нь урдаасаа хөндлөн хайчилсан, буруу талын чих нь үзүүрээсээ онь имтэй байсан. Нөхөр бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. Нөхөр бид хоёрыг гэртээ байж байтал 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед манайд Ч мотоциклтой ирээд манай нөхрийг сундлаад явсан. Манай нөхөр тэр орой гэртээ ирээгүй. Маргааш өглөө нь үүр цайгаад гэгээ орсон байхад гадаа мотоцикл дуугартал манай нөхөр гэртээ орж ирсэн. Манай нөхөр утасгүй, гэртээ утсаа орхиод явсан. Манай нөхөр ******* дугаарын утас барьдаг юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 52 дугаар тал),
*М ХХК-ийн шинжээч А.Б-ын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 67 дугаартай:
“...145 тооны хонь, ямааны үнэлгээг 16,030,000 төгрөгөөр үнэлсэн...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 71 дүгээр тал/
* М ХХК-ийн шинжээч А.Б-ын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 68 дугаартай:
“...2023 оны үйлдвэрлэсэн Мустанг-5 маркийн шинэвтэр мотоцикл 1 ширхэг, 2021 үйлдвэрлэсэн хуучивтар, эдэлж хэрэглэж байсан одоо хөдөлгөөнд оролцож байгаа Мустанг-5 маркийн 1 ширхэг мотоциклийн үнэлгээг 2024 оны 10 сарын байдлаар 2,400,000 төгрөг байна...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 75 дугаар тал/
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хонь, ямаа, мотоцикл), гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 3-17 дугаар тал/,
“Хохирогч Г.Д-ны өгсөн:
“...Манай ах Г.М-ынх А аймгийн Ж сумын З багийн Ш гэх газарт нутагладаг. Манай ахынд миний 4 азарга адуу байдаг. Түүнээс “хар азаргатай 7 тооны адууг нь 2024 оны 09 дүгээр сарын дунд үеэс харагдахгүй, алга болчихлоо ойр хавиараа хайгаад олохгүй байна” гэж 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр утсаар ярьж хэлсэн. Тэгээд тэрнээс манай ах М 20-оод хоног Ж сумын З баг, Э сумын нутгаар хайгаад олоогүй учир хулгайд алдчихлаа гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний алдсан адууны зүс, им, тамга нь 1 хар азарга нь зөв талынхаа гуяан дээрээ цагаан үсэн таван хошуу тамгатай, зөв талынх чих цуулбар имтэй, 8 настай, биеэр том, 50 хувийн цустай, уядаг, хурдан удмын азарга. Х сумын аймгийн алдарт уяач Б-оос соёолон насанд нь 10,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Бор хээр зүсмийн сувай гүү буруу талын гуяан дээрээ цагаан үсэн саран тамгатай, зөв талын гуяан дээрээ сүүн цацал тамгатай, имгүй, 7 настай, биеэр том, 25 хувийн цустай. Монгол улсын тод манлай уяач Ч.Г-гоос дааган насанд нь худалдаж авч байсан, хурдан удмын, үржилд ашиглах гүү. Хонгор сувай гүү буруу талын гуяан дээрээ хайрч дарсан саран тамгатай, имгүй, 8 настай, 25 хувийн цустай, хурдан удмынх, С аймгийн С сумаас худалдаж авч байсан. 4. Хээр халтар сувай гүү буруу талын гуяан дээрээ хайрч дарсан саран тамгатай, имгүй, 9 настай. Миний өөрийн хурдан байсан халтар азарганы төл. Хонгор буурал сувай гүү зөв талын гуяан дээрээ хайрч дарсан саран дээр дөл тамгатай, имгүй, 7 настай, 25 хувийн цустай. Д аймгийн А сумын аймгийн алдарт уяач Т-ээс хязаалан байдас худалдаж авч байсан юм. Сартай хээр соёолон байдас зөв талын гуяан дээрээ саран дээр дөл тамгатай, имгүй, 25 хувийн цустай. Х аймгийн Г сумаас даага худалдаж авч байсан. Хээр даага охин, ямар нэгэн им тамга байхгүй, хар азарганы маань төл байгаа юм, 25 хувийн цустай. Би хар азаргаа 10.000.000, бор хээр гүүгээ 15.000.000, хонгор гүүгээ 500.000, хээр халтар гүүгээ 3.000.000, хонгор буурал гүүгээ 10.000.000, сартай хээр соёолон байдсаа 3.000.000, охин хээр даагаа 1.000.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Би дааганаас бусад адууг хурдан удмынх нь учир тухайн хүнээс худалдаж авсан үнээрээ үнэлж байна. Ер нь бүгд зүүн аймгуудаас худалдаж авсан, хурдны чиглэлээр өсгөж үржүүлж байсан сайн гүүнүүд минь байгаа юм. Би хар азаргаараа соёолон насанд нь гүү хураалгаад 3 жил энэ нутагтаа бэлчээрлэж байсан. Энэ хугацаанд ийш тийшээ гүйж явж байгаагүй, гэрээсээ холдохгүй ойрхон байдаг байсан. Миний адууг хүн тууж явахаас өөрөөр нутгаасаа хөдлөхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 183-185 дугаар тал),
*Гэрч Э.Б-ын өгсөн:
“...Би С.Чыг нутгийн хүн гэдгээр нь танина. Би өөрөө А багийг хариуцдаг болохоор таньж мэднэ. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Э сумын А, Т, Э, Ө гэсэн 4 багийг хариуцан ажилладаг. С.Ч нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр над руу утсаар яриад “гарал үүслийн гэрчилгээ авах гэсэн юм. Манай хүү одоо тань дээр зургийг нь аваад очно” гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай гэрт Ч-ын хүү гээд 1 банди орж ирсэн. Гар утаснаас миний чат хаяг руу зургуудаа явуулсан. Түүний фейсбүүк хаяг Ч.Д гэсэн нэртэй байсан. Ч нь өөрийнхөө нэр дээр доорх 3-н зүсмийн адууны гарал үүслийн гэрчилгээг авсан. Хар үрээ зүүн чих цуулбар имтэй, саран дээр дөл тамгатай, хээр гүү нар саран тамгатай, хүрэн буурал гүү ширээтэй чандмань тамгатай гэж хүүхэд нь өөрөө хэлсэн. Адууных нь зураг хэлсэн зүстэй таарч байсан, тамга нь тод харагдахгүй байсан. Энэ гарал үүслийн гэрчилгээг “***** улсын дугаартай автомашин дээр тээвэрлэнэ” гэж хэлсэн. Мөн Ц гэх хүн Ч.Г гэх айлаас доорх 3-н зүсмийн адууны гарал үүслийн гэрчилгээг авсан. Шар халтар үрээ саран дээр дөл тамгатай, хонгор байдас саран дээр дөл тамгатай, хээр гүү саран дээр дөл тамгатай гэж хэлээд гарал үүслийн гэрчилгээг ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр авсан. Ч өөрөө над руу утсаар яриад “эндээсээ шууд хот руу "гарчихмаар байна. Зургийг нь аваад хүүхдээрээ тань руу явуулчихъя” гэж хэлсэн болохоор нь гарал үүслийн гэрчилгээг олгосон юм. Ч над руу ганцхан ярьсан. Г-хаас өөр 1 машинаар 3 адуу цуг авч явж байгаа гэж хэлсэн. Ц гэх хүн надтай бол яриагүй. Миний тухайн үед олгосон гарал үүслийн гэрчилгээг би зургийнх нь хамт хэвлэж өгье...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 188-189 дүгээр тал),
*Гэрч Г.М-ын өгсөн:
“...Манайх А аймгийн Ж сумын З багийн Ш гэх газар нутагладаг. Манайх дээр миний төрсөн дүү Д-гийн эзэмшлийн 4 азарга адуу байдаг юм. Би адуу малаа өдөрт нь харчхаад гэрийнхээ ойр бөөгнүүлж шахаад байдаг. Тэгээд байж байтал 2024 оны 09 дүгээр сарын 14, 15-ны үеэс хойш дүү Г.Д-гийн хар азаргатай 7 тооны адуу харагдахгүй байсан. Тухайн үед манайх өвсний ажилтай байсан тул адуундаа 2-3 хоног явж чадаагүй, гэрээс хол явдаггүй болохоор гэрийн ойр байгаа байх гэж бодсон. Тэгээд би 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлээд ойр орчмынхоо айлуудаар явж асууж сураглахад харсан үзсэн хүн нэг ч байгаагүй. Тэгэхээр нь уул руугаа модолчихсон юм болов уу гээд нэлээн хэд хоног уулаар явж хайгаад олоогүй. Би олохгүй болохоор нь дүү рүүгээ утсаар ярьж “хар азарганы чинь адууг олохгүй байна, ямар ч сураг алга” гэж хэлсэн. Би Э, Ц, Х сумдын нутгаар явж хайгаад сураг гараагүй юм. Мөн фейсбүүкт хүүхдээрээ зар оруулсан. Хар азарга, зөв талынхаа гуяан дээрээ цагаан үсэн таван хошуу тамгатай, зөв талынх нь чих цуулбар имтэй, 8 настай, 50 хувийн цустай эрлийз азарга байгаа, уяж хурдлуулдаг, энэ азаргыг Д нь Х сумын аймгийн алдарт уяач Б-гээс соёолон үрээ 10.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би 2022 онд хавчиг 6 настай азарга уяад сумынхаа уяачдын баярт айргийн 3-аар давхиулж байсан. Өргөмжлөл медаль нь байгаа. Харахад биеэр том сайхан азарга байгаа. Хээр гүү сувай, буруу талын гуяан дээрээ цагаан үсэн босоо саран тамгатай, зөв талын гуяан дээрээ сүүн цацал тамгатай, имгүй, 7 настай, биеэр том, 50 хувийн цустай, эрлийз гүү. Энэ гүүг манай дүү Монгол улсын тод манлай уяач Г-гийн Т-гээс авч байсан. Хурдан удмын сайн гүү гэж үнэтэй авч байсан. Хонгор гүү, сувай, буруу талын гуяан дээрээ хайрч дарсан босоо саран тамгатай, имгүй, 8 настай, 25 хувийн цустай. Энэ гүүг С аймгаас хурдан удмын гүү гэж авч байсан. Үржилд ашиглах зорилготой. Хээр халтар гүү, сувай, буруу талын гуяан дээрээ хайрч дарсан босоо саран тамгатай, имгүй, 9 настай. Хонгор буурал гүү, сувай, зөв талын гуяан дээрээ хайрч дарсан саран дээр дөл тамгатай, имгүй, 7 настай, 25 хувийн цустай. Энэ гүүг Д аймгийн алдарт уяач хүнээс хурдан удмынх гэж үржилд ашиглах зорилготой авч байсан. Сартай хээр байдас, соёолон настай, зөв талын гуяан дээрээ хайрч дарсан саран дээр дөл тамгатай, имгүй, 25 хувийн цустай. Хурдан удмынх байгаа юм. Хээр даага, охин, ямар нэгэн им, тамга байхгүй, хар азарганы төл, 25 хувийн цустай байгаа юм. Дээрх 7 тооны адуунууд бүгд хүч тарга сайтай тарган байсан. Гүүнүүдийнх нь дэлийг засаагүй, хур дэлтэйгээ байсан. Дүүгийн маань хурдны чиглэлээр цуглуулсан, үржил хийх гэж байсан сор болсон гүүнүүд байсан. Би 2024 оны 09 дүгээр сарын 14, 15-ны үеэр яг өдрийг нь тодорхой санахгүй байна гэрийнхээ баруун талд З багийн нутаг Н гэх газар усан дээр байхад нь харсан юм. Энэ адуу өвөл, хавар нь тэжээл иддэг болохоор гэрээсээ ерөөсөө холддоггүй, ойрхон бэлчээрлэж байдаг. Э сумын төвөөс манайхыг хүртэл ойролцоогоор 40 орчим км зайтай. Баруун хойд зүгт бий...” гэх мэдүүлэг (1- р хх-ийн 192-194 дүгээр тал),
*Гэрч Д.Л-ын өгсөн:
“...Би 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Н гэдэг ахындаа эхнэр хүүхэдтэйгээ очоод хүүхдийн үсний найрын юм бэлдээд байж байтал манай хадам ах Б.Н-ийн гадаа ирээд намайг дуудаж уулзаад “адуу ачилцаад өг” гээд байхаар нь би “жоохон ажилтай байна ингэс гээд очъё” гэж хэлтэл С.Ч ах хөдлөөд явсан. Тэгээд би Н ахынд жаахан юм хийлцэж байгаад С.Ч ахын хаваржааны хашаа болох У аманд очиход А.Ц-ын цэнхэр өнгийн Бонго-3 маркийн төмөр өндөрлөгөөтэй, дээрээ бардаактай машин дээр гурав дөрвөн адуу аччихсан байсан. Би очоод А.Ц-ын машин дээр хашаан дотор уяатай байсан хээр гүү, хонгор гүү ачилцаж өгөхөд машин нь дүүрсэн. Тэгээд би “яасан орой адуугаа ачдаг юм бэ” гэхэд “машин тэрэг, бичиг баримтаа янзлаад оройтчихлоо” гэж хэлж байсан. Намайг очиход харанхуй болчихсон Ц машиныхаа гэрлийг асаачихсан ачиж байсан. Миний ачилцаж өгсөн хоёр адуу нэг нь хээр зүсмийн адуу нөгөөх нь хонгор зүсмийн адуу байсан. Тэвшин дээр ачаатай байсан хэдэн адуу нь бараан зүсмийн адуу харагдаж байсан. Сүүлийн 2 гүүг хөндлөн ачаад арын аравч, өндөрлөгөөг нь хаасан. Би харанхуйд ачиж өгсөн болохоор им тамгыг нь сайн анзаарч хараагүй. Тухайн үед Ц жижиг гар чийдэн барьчихсан, Ч ах асаагуурын гэрэл барьчихсан байсан. Би хонгор, хээр зүсмийн гүү ачилцаж өгсөн. Өмнө нь ачсан байсан адууных нь зүсийг сайн хараагүй, ямар ч байсан бараан зүсмийн адуунууд байх шиг байсан. Ч ахын адуунуудыг би зүсээр нь мэднэ. Тэр хоёр гүү тэдний гүү биш байсан. С.Ч ахын машин тэнд байгаагүй ганцхан А.Ц-ын л машин байсан. Тухайн үед 20 цаг болж байсан байх, цас бургаад орж эхэлж байсан. У хот руу ачиж явна гэж хэлсэн. Ч ахынх А багийн О гэх газар зуслан дээрээ ганц гэрээрээ намаржиж байсан. Манайх тэдний гэрээс Зүүн урд зүгт ойролцоогоор 3 км зайд намаржиж байсан. Ч ах “намайг гэрээ харж байгаарай” гэж хэлсэн. Би түүнд “өглөө оройд нь хонийг хашаад гаргачхаж байя, гэрт чинь бол очиж хонож чадахгүй шүү” гэж хэлсэн. Гэр нь эзэнгүй байсан. Би хонийг нь харж байсан. Өглөө нь хашаанаас нь гаргачхаад орой нь хашиж байсан. Тэдний гадаа ямар ч аргамжаатай морь байгаагүй. Би байнга ирж очиж байсан болохоор сайн мэдэж байна. Ч ахынх ягаан буурал, хүрэн алзан зүсмийн 2 азарга адуутай. Тэдний хүрэн халзан азарганы адуу нь гэрээсээ хол явдаггүй намайг малд явж байхад байнга таардаг, адуун дотор нь тийм холбоотой адуу огт байгаагүй. Буурал азарганых нь адуунд ч гэсэн байгаагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 197-199 дүгээр тал),
*Гэрч Б.М-гийн өгсөн:
“...Би энэ хоёрыг танина. С.Ч нь надтай аавын талаар төрөл хүн байгаа юм. А.Ц нь манай нутагт байсан гэдгээр нь танина, садан төрлийн холбоо байхгүй. Би Meg5711854, Meg5711915 дугааруудтай гарал үүслийн гэрчилгээ, хавсаргасан гэрэл зургуудыг харлаа. Meg5711854 дугаартай гарал үүслийн гэрчилгээ дээр манай хүрэн азарганы адуунд байдаг том улаан хээр гүү, 2 дахь зураг нь мөн хүрэн азарганы адууны хар шүдлэн байдасны зураг байна. Энэ 2 зургийн цаана давхар гарсан зургууд нь манай хүрэн азарганы адууны зураг байна. 3 дахь зураг нь Ч-ын хүрэн халзан азаргатай адуунд нь байдаг хүрэн буурал гүүний зураг байна. Энэ гэрчилгээ дээр хавсаргасан 3 адууны зураг дээрх адуунууд одоо адуундаа бүгд амьд байгаа. Хар байдасны зургийг бол зуны улиралд авсан зураг байна. Meg5711915 дугаартай гарал үүслийн гэрчилгээ дээр манай хүрэн азарганы адуунд байдаг шар халтар морь, 2 дахь зураг нь мөн хүрэн азарганы адуунд байдаг хязаалан насны улаан хээр байдасны зураг байна. Шар халтар морины цаана давхар гарсан адууны зургууд нь манай хүрэн азарганы адууны зураг байна. 3 дахь зураг нь Ч-ын хүрэн халзан азаргатай адуунд нь байдаг өөрийнх хонгор гүүний зураг байна. Хонгор гүүний цаана давхар гарсан адууны зургууд нь Ч-ын өөрийнх нь хүрэн халзан азаргатай адууны зураг байна. Энэ гэрчилгээ дээр хавсаргасан 3 адууны зураг дээрх адуунууд одоо адуундаа бүгд амьд байгаа. Манай өвөлжөө тэдний гэрээс баруун урд зүгт 1 хамар даваад 2 км орчим байдаг. Ойрхон учир манай адуу тэдний гэрийн ойролцоо бэлчээрлэж байдаг...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 202-203 дугаар тал),
*Гэрч Л.О-ын өгсөн
“...Манайд 2024 оны 09 дүгээр сарын дундуур миний үеэл Ц Бонго-3 маркийн бүхээгтэй хөх өнгийн машинтай ганцаараа ирсэн. Ц “хүнээс хүүхдийн үсэнд өгч байсан ганц, хоёр малын авцаа байгаа” гэж ярьж байсан. Манайд ирээд нэг хоноод байж байснаа Ц манай нөхөр хоёр хаашаа ямар ажлаар явах гэж байгаа талаараа хэлэлгүй мотоциклоор яваад 1 хоноод согтуу ирсэн. Тэгээд маргааш өдөр нь “хот явна, адуу ачна гээд машинаа асаагаад хаваржаа руугаа явсан. Ц мөн хамт машинаа асаагаад явсан. Хэсэг байж байгаад бүрий тасрахаас өмнө гэрийнхээ гадаа ирсэн. Манай машин дээр 2 адуу ачаатай байсан. Ц-ын машин дээр мөн адуу ачаатай байсан, хэдэн адуу ачаатай байгаа нь мэдэгдэхгүй, бардаакийг нь сөхсөн байсан. Гэртээ орж ирээд манай нөхөр хүү Д луу утсаар яриад “малын бичгээ хийлгэсэн үү” гэж байсан. Удалгүй “код ирчихлээ” гээд хот руу хөдөлсөн. Би нөхрийнхөө машинд суугаад Ц ганцаараа машинаа унаад У хот руу явсан. Замдаа Х сум өнгөрөөд хээр унтаж үүр цайлгасан. Маргааш өглөө нь гэгээ оронгуут явсаар байгаад харанхуй болж байхад Эмээлт дээр ирсэн. Эмээлтийн замынхаа урд талд байсан 1 бой хийдэг газрын гадаа зогссон. Тэгээд Ч, Ц хоёр буугаад бойны газар луу орсон. Гарч ирээд авна гэж байна гэж хэлээд тэр хашаа руу машинаа оруулж манай машин ачаатай байсан 2 адууг буулгасан. Ц-ын машин дээрээс 1 адуу нэмж буулгаад хашаа руу нь хийсэн. Тэгээд Ц бой нь мөдгүй юм байна гээд машинаа асаагаад гэр лүүгээ явсан. Нөхөр бид хоёр машиндаа хүлээж байж байгаад 3 адуугаа бойлуулж дуусчхаад авна гэсэн хүнийг нь сэрээгээд махаа өгөх гэсэн чинь одоо авахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь махаа ачиж Дэнжийн 1000 зах оруулж өгье гээд шууд явсан. Дэнжийн 1000 дээр яваад очиход өглөө болоод гэгээ орчихсон. Зах дээр очоод зогстол хүмүүс ирээд үзээд байснаа нэг ах авъя гэж хэлсэн. Тэгээд тэр ахад махаа кг-лаад өгсөн. 3 адууны мах мөнгийг би дансаараа болон бэлэн мөнгөөр авсан. Нийт 3 сая орчим болсон санагдаж байна. Би өөрийнхөө Хаан банкны ********* дугаарын дансаар мөнгийг нь авсан. Тэгээд нөхөр бид 2 шууд буцаад сум руугаа гарч явсаар 20-21-нд шилжих шөнө гэртээ ирсэн. Хэнээс ямар адуу авсныг нь мэдэхгүй. Манай гаднаас манай нөхөр машинаа асаагаад, А.Ц мөн машинаа асаагаад хаваржаа руу яваад ирэхдээ адуу ачсан ирсэн. Энэ талаар би мэдэхгүй. Манай машины тэвшин дээр ямар ч байсан нэг нь хээр, нөгөө хонгор билүү шарга зүсмийн мийн адуу байх шиг байсан. Би одоо сайн санахгүй байна, би адууны зүсийг сайн ялгаж чаддаггүй. Бараан зүсмийн л адуу буулгаж байсан. Яг ямар зүсмийн адуу гэдгийг нь би мэдэхгүй байна. ...Гэрт үлдсэн хүн байгаагүй. Манай нөхөр л ойр хавийн хүмүүст гэр, малаа захиж үлдээсэн байх, миний хажууд ярьсан зүйл байхгүй. Ц-ынх У хотод гэр хороололд байдаг. Хаяг байршлыг нь тодорхой мэдэхгүй байна. Ц ****** дугаарыг барьдаг. Эхнэр С нь сургуульд бага ангийн багш ажилтай, ****** дугаарын утас барьдаг...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 206-208 дугаар тал),
*Гэрч Ч.Г-ын өгсөн:
“... Намайг гэртээ байж байтал 2024 оны 09 дүгээр сарын 17, 18-ны үеэр манай гэрт Ч, Ц хоёр Цын Бонго-3 маркийн машинтай ирээд “хот явах гэж байгаа, адуу ачилцаад өгөөч” гэж надад хэлсэн. Би за гэж хэлтэл доор хаваржаан дээр хүрээд ир гэж Ч надад хэлсэн. Ч-ын хаваржаа нь манай гэрээс баруун хойд зүгт 1 км хүрэхгүй зайд ойрхон байдаг. Тэгээд би мотоциклоо унаад хаваржаан дээр нь очтол хашаан дотор хар азаргатай 7 тооны адуу хашаатай байсан. Хашааны гадаа Ц-ын хөх өнгийн Бонго-3 маркийн машин, Ч-ын цагаан өнгийн Портер-2 маркийн машин байсан. Тэгээд Ч бөөрөнхий цагаан өнгийн мяндсан бугуйлаар эхлээд азаргыг нь барьж аваад Ц-ын машин дээр ачсан. Дараа нь хонгор хар хээр гүү, том гүүг нь барьж аваад ачсан. Ч-ын машин дээр сал гүү, сартай хээр байдсыг нь ачсан. Үлдсэн хээр даагыг нь хашаанаас нь гаргасан. Тухайн үед 16 цаг өнгөрөөд 17 цаг болж байсан байх. Гэгээтэй байсан, хашаатай адууны зүс, тамга харагдаж мэдэгдэж байсан. Биеэр том хар азарга байсан. Хар азарга зөв талынхаа гуяан дээр цагаан таван хошуу тамгатай байсан. Нэг хээр гүүн дээр цагаан тамга байсан. Бусад нь дөл гээд хэлчихмээр тамгатай байсан. Хээр даага нь охин даага байсан. Хээр даагыг Ч хотоос ирснийхээ дараа манай гадаа авчирч янзалж төхөөрсөн. Махыг нь манай 2 гэр хувааж аваад хүнсэндээ хэрэглэсэн. Би энэ талаар өчигдөр л цагдаагаас сонсож мэдлээ. Ц-д манай энд адуу мал байхгүй. У хотод ажиллаж, амьдардаг. Чт ийм хар азаргатай адуу байдаггүй байсан. Манай ойр саахалтын айлуудад ийм азаргатай адуу байдаггүй. Би энэ хоёр азаргатай адууг танина. Тэр хаваржаан дээр энэ 2 азаргатай адуу байгаагүй. Хар азаргатай 7 тооны адуу хашаатай байсан. Надад ******** улсын дугаартай, цагаан өнгийн портер маркийн машин, улсын дугааргүй, улаан өнгийн Даюун маркийн мотоцикл байдаг. Ц, Ч хоёр адуу ачдагаасаа 2 хоногийн өмнө манайд 15-16 цагийн алдад Ч-ын мотоциклтой ирээд мотоциклийн дугуй хагарчихлаа, мотоциклоо өгөөч, адуунд яваад ирье гэж хэлээд миний мотоциклийг аваад явсан. Тэгээд нэг хоноод маргааш орой нь авчирч өгсөн. Тэгээд өөрийнхөө мотоциклийн хагархай дугуйг хийлээд аваад явсан. Би 13 настайгаасаа өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байна. Адууны зүс сайн мэднэ. Энэ буурал Ч-ийн өөрийнх хүрэн халзан азарганы адуунд байдаг хүрэн буурал гүү байна. Энэ гүү нь одоо адуундаа байгаа. Би Ч-ын машин дээр ачиж өгсөн гүү бол хонгор буурал зүстэй байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 211-213 дугаар тал),
*Хөрөнгийн үнэлгээний М ХХК-ийн шинжээч А.Б-ын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 70 дугаартай”...мотоциклийн үнэлгээг 500,000 төгрөгөөр үнэлсэн...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 244 дүгээр тал/
* Хөрөнгийн үнэлгээний М ХХК-ийн шинжээч А.Б-ын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 75 дугаартай”...7 тооны адууны үнэлгээг 37,500,000 төгрөгөөр тогтоосон...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 248-250 дугаар тал/
*Яллагдагч Б.Нийн өгсөн:
“...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /1р хх-ийн 111-112 дугаар тал/
*Яллагдагч С.Чын өгсөн:
“...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргахгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 130-131 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 84, 1-р хх-ийн 92 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч С.Ч, Б.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн тогтоогдсон үйл баримтын талаар:
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар
Шүүгдэгч С.Ч, шүүгдэгч Б.Ннар бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд А аймгийн Ц сумын Х багийн Б гэх газраас бэлчээрлэж байсан хохирогч Д.Б-ийн эзэмшлийн хонин сүргээс 145 тооны хонь, ямааг улсын дугааргүй Мустанг-85 маркийн мотоциклыг буюу машин механизм ашиглан олон тооны мал хулгайлсан,
Мөн шүүгдэгч С.Ч, А.Ц нар нь бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр А аймгийн Ж сумын З багийн төвийн урд талд бэлчээрлэж байсан хохирогч Г.Д-ы хар азаргатай 7 тооны адууг иргэн Ч.Г-гын эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг буюу машин механизм ашиглан олон тооны мал хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд олон тооны мал хулгайлсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.
Шүүгдэгч С.Ч, шүүгдэгч Б.Н нар нь 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд А аймгийн Ц сумын Х багийн Б гэх газраас бэлчээрлэж байсан хохирогч Д.Б-ийн эзэмшлийн хонин сүргээс 145 тооны хонь, ямааг хулгайлсан нь, мөн шүүгдэгч С.Ч нь А.Ц-тай бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр А аймгийн Ж сумын З багийн төвийн урд талд бэлчээрлэж байсан хохирогч Г.Д-ы хар азаргатай 7 тооны адууг хулгайлсан үйлдэл нь олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийг бүлэглэн үйлдэх гэдэг нь хоёр ба түүнээс олон хүн нэг гэмт хэргийг хамтран үйлдэхдээ хүн бүр өөрийн үүрэгтэй оролцож санаа бодол, үйлдэл хөдөлгөөнөө нэгтгэж, гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн үйлдэл хийсний улмаас хор уршиг учирсан байдаг. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Ч, шүүгдэгч Б.Н нар хохирогч Д.Б-ийн олон тооны малыг хулгайлахдаа, мөн шүүгдэгч С.Ч нь А.Ц-тай хохирогч Г.Д-гийн олон тооны малыг хулгайлахдаа урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч нэгнийхээ хууль бус үйлдлийг дэмжин гэмт хэрэг үйлдэх явцдаа хамтран оролцсон учир шүүгдэгч нарыг мал хулгайлах гэмт хэргийг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.
А.Ц нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нас барсан нь хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон болохыг дурдаж байна.
Шүүгдэгч С.Ч, Б.Н нар нь хохирогч Д.Б-ийн эзэмшлийн хонин сүргээс 145 тооны хонь, ямааг улсын дугааргүй Мустанг-85 маркийн мотоциклыг буюу машин механизм ашиглан хулгайлсан, шүүгдэгч С.Ч, А.Ц нар нь бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Г.Д-гийн хар азаргатай 7 тооны адууг улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг буюу машин механизм ашиглан хулгайлсан байна.
А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Ч, Б.Н нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр дээр гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Иймд шүүхээс шүүгдэгч С.Ч, Б.Н нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-д 16,030,000 төгрөгийн, хохирогч Г.Д-д 37,500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Д.Б нь 16,030,000 төгрөг авсан, хохирогч Г.Д нь 37,500,000 төгрөг авсан, мөн хохирогч Д.Б, Г.Д нар нь хохирлоо бүрэн авсан гомдол саналгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч С.Ч, Б.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж, шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Чт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг М ХХК-ийн шинжээч А.Б-ын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 68 дугаартай дүгнэлтээр гаргасан бөгөөд улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл нь Ч.Г-гын эзэмшлийнх болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 12 дүгээр сарын 16-ний өдрийн 32 дугаартай, 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч С.Ч, Б.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч С.Ч-ын өмчлөлийн улсын дугааргүй, улаан өнгийн мустанг-5 маркийн LXYPCKL06p0270940 арлын дугаартай, 162 FMJPC051015 моторын дугаартай мотоциклийг хураан улсын орлого болгож, улсын дугааргүй улаан өнгийн даюун маркийн L7GPCKLYOK1070987 арлын дугаартай, DY162MFJ-2K5068062 моторын дугаартай мотоциклийг эзэмшигч Ч.Г-д шилжүүлж түүний үнэ 500,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ч, Б.Н нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч нарын эдлэх ялыг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт С.Ч-ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 заасан олон тооны мал хулгайлсан, бүлэглэн, машин механизм ашиглан мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б ургийн овогт Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан олон тооны мал хулгайлсан, бүлэглэн, машин механизм ашиглан мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч С.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-т оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг, шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч С.Ч, Б.Н нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Д болон Б нар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 4 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 12 дүгээр сарын 16-ний өдрийн 32 дугаартай, 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч С.Ч, Б.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч С.Ч-ын өмчлөлийн улсын дугааргүй, улаан өнгийн мустанг-5 маркийн LXYPCKL06p0270940 арлын дугаартай, 162 FMJPC051015 моторын дугаартай мотоциклийг хураан улсын орлого болгож, улсын дугааргүй улаан өнгийн даюун маркийн L7GPCKLYOK1070987 арлын дугаартай, DY162MFJ-2K5068062 моторын дугаартай мотоциклийг эзэмшигч Ч.Г-д шилжүүлж түүний үнэ 500,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд оролцогчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Ч, Б.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
|
|
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН