| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/00127/И |
| Дугаар | 101/ШШ2022/01831 |
| Огноо | 2022-04-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2022/01831
| 2022 04 20 | 101/ШШ2022/01831 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Э холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 12,760,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батням,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б.Э нь Т ХХК-тай дугаартай Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г тус тус байгуулж, 5,100,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тоёота приус 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ огт биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 5,100,000 төгрөг, хүү 5,110,200 төгрөг, алданги 2,550,000 төгрөг нийт 12,760,200 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Б.Э үүрэг гүйцэтгэх хугацааг 1002 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлдэгч зээлийн гэрээ байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дууссан. Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил, ашиглалтанд байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд зээлдэгч Б.Э зээлийн гзрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, фидуцийн зүйлийг хариуцагчаас бодитоор гаргуулахаар шаардаж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд авто машиныг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болоод байна. Өөрөөр хэлбэл, фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон.
Иймд Б.Эгээс 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,100,000 төгрөг, хүү 5,110,200 төгрөг, алданги 2,550,000 төгрөг, нийт 12,760,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Б.Э нь Т ХХК нэхэмжлэлтэй Б.Эд холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16900094 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, Барьцаат зээлийн тооцооны хуудас, улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Б.Э болон П.Б нарын иргэний үнэмлэхийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагчаас өөрийн хариу тайлбар, итгэмжлэл, өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг тус тус ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,100,000 төгрөг, хүү 5,110,200 төгрөг, алданги 2,550,000 төгрөг, нийт 12,760,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золжавхаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр А.Отгонжаргалыг оролцуулж, шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан бөгөөд өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ дугаартай захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан боловч тэрээр хэргийн материалтай танилцах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, улмаар өнөөдрийн зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч талын эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасныг хүлээн авч, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Т ХХК нь Б.Этэй 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 5,100,000 төгрөгийг 9 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, машинаа унаад явах нөхцөлтэйгээр Б.Э нь зээл авсан ба мөн өдрөө дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тоёота приус маркийн улсын дугаартай автомашины эзэмших эрхийг Т ХХК-д шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.5-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулагджээ.
Ийнхүү зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагч Б.Э нь зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй буюу төлөлт хийгдээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Дээрх зээлийн гэрээ 9 сарын хугацаатай байгуулагдсан ба уг гэрээний хугацаа сунгагдаагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны хүүг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй ба, сарын хүү нь 3 хувь буюу сарын хүүд 153,000 төгрөг төлөх ба үүнийг 9 сараар тооцвол 1,377,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар хүү тооцсон нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан ба зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.3-т алдангийн талаар тохирсоны дагуу нэхэмжлэгч нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар үндсэн зээлийн төлбөр болох 5,100,000 төгрөгийн 50 хувиар тооцож, алдангид 2,550,000 төгрөг нэхэмжилсэнийг буруутгах үндэслэлгүй, хангаж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Учир нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдэг нь үндсэн зээлийн төлбөр болох 5,100,000 төгрөг болон хүүгийн төлбөр болох 1,377,000 төгрөгийн нийлбэр 6,477,000 төгрөгийн 50 хувь буюу алдангид 3,238,500 төгрөгийг дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэх үндэслэлтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг, маргааныг шийдвэрлэх учиртай.
Нөгөөтэйгүүр зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 768 хоногийн хугацаа хэтрэлттэй байх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 6,477,000 төгрөгөөс хоног тутамд 0,5 хувиар алданги тооцвол нэг өдрийн алданги нь 32,385 төгрөг, үүнийг 768 хоногоор тооцоход алдангид 24,871,680 төгрөг тооцогдох байх ба дээрх хуулийн зохицуулалтад нийцүүлэн нэхэмжлэгч нь алдангийг 50 хувиар тооцсон байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан боловч ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзаж буй үндэслэлээ тодорхойлоогүй, нөгөөтэйгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргийг хэрэгжүүлээгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үндсэн зээл 5,100,000 төгрөг, зээлийн хүү 1,377,000 төгрөг, алданги 2,550,000 төгрөг, нийт 9,027,000 төгрөгийн шаардлагыг хангаж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Зохигчид нь Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь ... гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, фидуцийн зүйлийг хариуцагчаас бодитоор гаргуулахаар шаардаж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд авто машиныг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болоод байна. Өөрөөр хэлбэл фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон гэх тайлбарыг гаргаж, энэхүү гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаагүй, нөгөөтэйгүүр хариуцагч нь фидуцийн зүйл болох автомашин одоо хаана байгаа болон гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх ямар нэгэн үйлдэл хийсэн талаарх тайлбар, баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Эгээс зээлийн гэрээний үүрэгт нийт 9,027,000 /есөн сая хорин долоон мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 3,733,200 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эгээс улсын тэмдэгтийн хураамжид 159,382 /нэг зуун тавин есөн мянга гурван зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ