| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 302/2025/0101/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/106 |
| Огноо | 2025-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/106
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Н,
Орчуулагч, хэлмэрч А.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С-,
Шүүгдэгч Х.Е- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Х-ы Е-т холбогдох эрүүгийн 2513000000100 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цаг 27 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 20...оны .. дугаар сарын ..-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Баян-Өлгий аймгийн Бугат сумын ...дугаар /Их булан/ багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, М овогт Х-ы Е-, регистрийн дугаар: ББ........;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Е- нь 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын 5 дугаар /Ихбулан/ багийн нутаг дэвсгэрт хохирогч С.О-г “...мөнгө асуусан...” гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд баруун тохойнд шархтай гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Х.Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогчийн зүгээс хохирол, ур уршиг нэхэмжлэх талаар нотлох баримт гаргаж өгөөгүй тул түүнээс гаргуулах төлбөргүй. Хохирогчийн хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Иргэний нэхэмжлэгч байгууллагад 38.767 төгрөгийг гаргуулж олгох саналтай байна” гэв.
2. Шүүгдэгч Х.Е- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “шүүгдэгч Х.Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 38,767 төгрөгийг төлж өгнө” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2513000000100 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
4. Иргэн С.О-гаас гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дугаар хуудас/,
5. Хохирогч С.О-гийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 03-04 дэх тал/,
6. Хохирогч С.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,
7. Иргэний нэхэмжпэгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,
8. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Х.Е-ын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 261 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
9. Шүүгдэгч Х.Е-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/,
10. Шүүгдэгч Х.Е-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/,
11. Шүүгдэгч Х.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
12. Шүүгдэгч Х.Е-, түүний өмгөөлөгч Я.С- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
13.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
14. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Е-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
15. Шүүгдэгч Х.Е- нь 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын 5 дугаар /Ихбулан/ багийн нутаг дэвсгэрт хохирогч С.О-г “...мөнгө асуусан...” гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд баруун тохойнд шархтай гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
16. Иргэн С.О-гаас гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дугаар хуудас/,
17. Хохирогч С.О-гийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...би 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрээс гараад иргэн Х.Е-ийн аавын гэрээс өөрийн 1 тооны үхрээ авах гээд очсон. Очиход тухайн гэрийн эзэн буюу Х.Е-ийн аав Хасихан байхгүй байсан. Тэгээд Х.Е- надад үхрээ аваад яв гэж хэлсэн ба тухайн үед би Х.Е-ээс 7,200,000 төгрөг бэлэн мөнгө авах ёстой байсан ба мөнгөө асуухад Х.Е- “...чамаас мөнгө аваагүй, ямар мөнгө асуугаад байна” гэж хэлээд намайг заамдаж боогоод газар унгаасан. Тухайн үед миний өмд болон цамц урагдсан ба би ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд би гэрт нь ганцаараа хэвтэж байсан. Дараа нь би байшингаас гадагшаа хашаан дотор гарахад аав болох С- болон Х.Е- нар зогсож байсан. Тухайн үед Х.Е- дахиж намайг заамдаж боогоод газар унгаасан ба намайг хэсэг боогоод босоод явсан. Би ч гэсэн Х.Е- газар унгаагаад боохоор нь аргагүй хамгаалалт хийгээд Х.Е-ийн цамцны захаас бариад татаж хэвтэж байсан. Тэр үед цагдаа нар ч гэсэн ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 03-04 дэх тал/,
18. Хохирогч С.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х.Е- надад би чамд мөнгө өгөхгүй гэж хэлээд миний хоолойг боож, заамдаж авсан, улмаар би ухаан алдсан ба нэг мэдэхэд газарт ухаан орсон ба Х.Е- намайг газарт дарсан байсан тул би түүний хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор зөрүүлж заамдаж барьсан. Төд удалгүй Х.Е- миний дээрээс босож явсан ба би араас нь босоод Х.Е-ийн араас нь гадаа гарахад дахин намайг заамдаж аваад газарт унагаасан ба хэн салгасан гэдгийг сайн санахгүй байна. ...намайг хоёр удаа заамдаж хоолой боож газарт унагаахад баруун гарын тохой хэсэгт зулгарсан шарх авсан мөн миний толгойн дагзны арын хэсэгт 2 удаа цохисон. ...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,
19. Иргэний нэхэмжпэгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...иргэн С.О- нь 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр эрүүл мэндийн даатгалын сангаас 38,767 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг гаргуулсан байна. Дээрх мөнгийг эрүүл мэндийн даатгалын сангийн ...... тоот дансанд тушаах шаардлагатай...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,
20. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Х.Е-ын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 261 дугаартай “...Иргэн С.О-н биед баруун тохойнд шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
21. Шүүгдэгч Х.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
22. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.
23. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
24. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
25. Шүүгдэгч Х.Е- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
26. Шүүгдэгч Х.Е-ийн үйлдлийн улмаас хохирогч С.О-гийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
27. Шүүгдэгч Х.Е-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.
28. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн зүй бус үйлдэл шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
29. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
30. Шүүгдэгч Х.Е-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч С.О- нь хохирол, хор уршиг, сэтгэл санааны хохирлын талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, энэ талаар жич нэхэмжлэхээ илэрхийлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж байна.
31. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж зааснаар шүүгдэгч Х.Е-ээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 38,767 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын нэгдсэн сангийн ...... тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
32. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Х.Е-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,
33. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Шүүгдэгч Х.Е-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1000,000 төгрөгөөс дээш хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
34. Шүүгдэгчээс: “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх тайлбарыг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.
35. Шүүгдэгч Х.Е- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
36. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
37. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Е-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
38. Шүүгдэгч Х.Е- урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 58-63 дахь тал/-аар тогтоогдож байна.
39. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Е-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сар, 10 /арван/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар шийдвэрлэлээ.
40. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е-т оногдуулсан 1 /нэг/ сар, 10 /арван/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.
41. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Шүүгдэгч Х.Е-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1000,000 төгрөгөөс дээш хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь, шүүгдэгч Х.Е- нь урьд Эрүүгийн хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийг 2 удаа үйлдсэн болон түүний хувийн байдал, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан үзсэн болно.
42. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч шүүгдэгч Х.Е- нь бусдад төлөх төлбөргүй, баривчлагдаж, цагдан хоригдоогүй, энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
43. Шүүгдэгч Х.Е-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Х-ы Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е-ийг 1 /нэг/ сар, 10 /арван/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е-т оногдуулсан 1 /нэг/ сар, 10 /арван/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.О- нь хохирол, хор уршиг болон сэтгэл санааны хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Е-ээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 38,767 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын нэгдсэн сангийн ...... тоот дансанд олгосугай.
7. Шүүгдэгч Х.Е- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК