Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0854

 

 

 

 

 

 

    2022           12             12                                        128/ШШ2022/0854

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням би даргалж, шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б**********

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С********, М.Г******* , Ч.Л************ нарын хоорондын “Нийгмийн даатгалын ерөнхий газрын  2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаартай “Хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоож, илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” улсын байцаагчийн актын Даваагийн Баасанхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хууль бус үйлдлээс болж Д.Б**********гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л************ , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б********** нь нэхэмжлэлийн шаардлагаа “Нийгмийн даатгалын ерөнхий газрын  2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаартай “Хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоож, илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” улсын байцаагчийн актын Д*******-н Б********-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хууль бус үйлдлээс болж Д.Б**********гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгуулах” гэж тодорхойлжээ.

2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг 2022 оны  8 дугаар  сарын 11-ний өдөр Б********** аймгийн шүүхэд гаргасан хэргийн материалтай танилцаж байгаад мэдэж, 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

1/ Нийгмийн даатгалын Ерөнхий газраас уг акт гарсан гэдгийг огт мэдэгдээгүй, надад гардуулж өгөөгүй учраас Б********** аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн улсын байцаагчийн  актыг хүлээн авч гомдол гарган, шүүхэд хандсан, Нийгмийн даатгалын хэлтэс надад таны тэтгэврийг ерөнхий газраас зогсоо гэсэн учраас зогсоосон гэж хэлсэн гэж,

2/ Улсын байцаагчийн акт тогтоосон үндэслэлээ архивын лавлагаа, шүүхийн шийдвэр хоёр зөрсөн гэсэн шүүх архивын лавлагааг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудтай харьцуулан үнэлсэн, архивын лавлагааг би шүүхийн шийдвэр гаргахаас өмнө өгсөн гэж,

3/ Тэтгэвэрт орохоор бүрдүүлсэн тэтгэврийн материалыг тэтгэврийн байцаагч, нягтлан бодогч, албаны дарга гээд холбогдох хүмүүсийн хяналтаар орж, тэтгэвэр олгогддог гэж,

4/ Би тэтгэврийн материалыг бүрдүүлэхдээ хуурамч нотлох баримт ашиглаагүй, хэн нэгэн хүнд нөлөөлөөгүй гэжээ.

5/ Нэхэмжлэгч Д.Б********** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2021 оны 12 дугаар сард намайг материал дутуу байна гээд дуудсан. “Улсын байцаагчийн акт тавьсан байна, та шүүхэд хандана уу” гэсэн. Би өмгөөлөгч аваад өмгөөлөгч нийгмийн даатгал, Б************-ын шүүхэд нэхэмжлэл гаргасан. 250,000 төгрөгөө ноднин жилийн 12 сард зогсоогоод сая үргэлжлүүлээд авсан. 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 350,000 төгрөгийн тэтгэвэр тогтоолгоод, 2021 оны 11 сар хүртэл тэтгэврээ авсан. Материал дутуу байна гээд Б********** аймагт миний тэтгэврийг “улсын байцаагчийн акт гарсан” гэх үндэслэлээр зогсоосон байсан. 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл тэтгэвэр аваагүй байж байгаад сая 10 дугаар сараас 250,000 төгрөгийн тэтгэвэр авсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Удирдамжийн дагуу Б********** аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст шалгалт хийгээд Д.Б********** гийн тэтгэврийн ажилсан жил тогтоосон шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзээд улсын байцаагчийн акт тавьсан. Шүүхэд өгсөн хөдөлмөрийн дэвтэр дээр овог засвартай, татвар төлөлтийн бичилт баярын бичигтэй, ийм байдалтай байсан. Ажилласан жилээ нотлох хөдөлмөрийн дэвтрээ аваад ир гэж хэлэхэд хөдөлмөрийн дэвтрээ авчирч өгөхөд эхний бичилт олон хүүхэд төрүүлж өсгөсөн, ажлаас орсон, гарсан гэсэн бичилттэй байсан. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь заалтаар тэтгэврийн эрх үүсгэх гээд шүүхээр нийт жил нь 20 жил 1 сар гэж тогтоолгосон байсан. Шүүхийн шийдвэр дээрх нотлох баримтаар 9 сарын ажилласан жилийг нотлох баримтгүйгээр шүүхээс тогтоосон байна гэж үзээд 20 жил ажилласан шаардлагыг хангахгүй байна гэж үзээд тэтгэврийг зогсоосон. Б********** аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс Д.Б********** гийн тэтгэврийг зогсоож акт гарах хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг даалгасан байдаг. Анх зогсоосон шийдвэр гарах хүртэл тооцоод 2020 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэл хугацааны тэтгэвэр үндэслэлгүй тогтоогдсон гээд тэтгэврийг зохих хэмжээгээр тогтоосон байгаа юм. Зогсоосон акт гарсны дараагаар Д.Б********** гээс өргөдөл хүсэлт ямар нэгэн байдлаар өгөөгүй учраас нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрүүлсэн байна гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаартай “Хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоож, илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай улсын байцаагчийн актын Д**********- Б***********-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1/ Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Б********** аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 296, 2018, 2019, 2020 онуудад шинээр тогтоогдсон 2542, тэтгэврийн тогтоолт олголтыг, мөн хугацааны нийт тэтгэврийн олголтыг мэдээллийн нэгдсэн сангийн өгөгдөл, анхан шатны баримтад үндэслэн шалгаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаартай актаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр, тогтоолгосон, шүүхийн шийдвэр архивын лавлагаа 2 зөрсөн гэсэн үндэслэлээр Д.Б**********г 5,650.000 төгрөгийн 19 сарын тэтгэвэр илүү авсан гэж үзээд тэтгэврийг зогсоохоор шийдвэрлэсэн байна.

2/ Нэхэмжлэгч Д.Б**********г 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн  Б**********аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 131/ШШ2018/00019 дүгээр шийдвэрээр 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Б**********аймгийн Б********* сумын Санаачилга нэгдлийн 0-р бригадад саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосон ба энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. 

3/ Нэхэмжлэгч Д.Б**********гийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20 жил 1 сар төлж, 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болох нь хэрэгт авагдсан тэтгэврийн хувийн хэргийн баримтаар тогтоогдож байна. Тодруулбал, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар ажилласан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрээр 4 жил, Ажилласан жил нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд 11 жил, сайн дурын даатгалд шимтгэл төлсөн 5 жил төлснөөр тооцож, нийт 20 жил 1 сар нийгмийн даатгалын шимтгэл төлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2-д зааснаар тэтгэвэр авах болзол, шаардлагыг хангаж өндөр насны тэтгэвэр авах эрх хуулийн дагуу үүсэж, нэхэмжлэгч Д.Б**********д 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Б**********аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс өндөр насны тэтгэвэр тогтоожээ.

4/ Хариуцагчаас “ ...Д.Б**********гийн МХЗЭ батлахад овог завсартай, 1989 оны 3 дугаар сараас хойш бичилт хийгдээгүй, баримтаар нотлогдоогүй хугацааг  ажилласан хугацаанд оруулан тооцсон Гэтэл Б**********аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 131/ШШ2018/00019 дүгээр шийдвэрээр 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон нь дээрх материалтай зөрж байгаа, иймд тэтгэвэр авагчийн бичиг баримт нь хуурамч болох магадлалтай байна гэж үзсэн ...” гэж татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлаж байна.

5/ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.”, 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заасан.

6/ Иймээс нэхэмжлэгчийг ажиллаж байсан байдлыг шүүхийн шийдвэрээр тогтоож хуулийн хүчин төгөлдөр болсон байхад шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэж, шүүхийн шийдвэртэй холбогдуулж маргасан нь үндэслэлгүй байна.

7/ Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Д.Б********** гийн саальчнаар ажиллаж байсан байдлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байх тул энэ хэрэгт холбогдуулж шүүхээс дахин нотлох шаардлагагүй, үйл баримтыг захиргааны уг хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцсон болно.

8/ Мөн хариуцагч тайлбартаа “...тэтгэвэр авагчийн бичиг баримт нь хуурамч болох магадлалтай гэж үзэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу тэтгэврийг түр зогсоосон” гэж татгалзал, түүний үндэслэлээ тодорхойлон маргаж буй боловч чухам тэтгэвэр авагчийн хууль болон журмын дагуу бүрдүүлж өгсөн ямар бичиг баримтыг хуурамч гэж үзэж байгаа, түүнийг хуурамч болохыг тогтоосон баримт байхгүй байна. Тодруулбал, иргэн Д.Б**********-г ямар баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, мөн Д.Б**********-гийн ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийг эрх бүхий этгээдийн хүчингүй болгосон, эсхүл өөрчилсөн талаар шийдвэр, магадлал, тогтоол гараагүй байхад Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй байх нөхцөлийг хуулиар тогтоож болно.”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно.” гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгч Д.Б**********гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон байна.

9/ Иргэн Д.Б**********гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон дээрх үйлдлийн улмаас Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно” гэж зааснаар иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

10/ Иймд нэхэмжлэгч Д.Б**********-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдэл нь хууль бус байх тул түүний өндөр насны тэтгэвэр зогсоосон үеэс буюу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нөхөн олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

3. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

1/ Нэхэмжлэгчид Б**********аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэвэр олголтыг зогсоох шийдвэр гарсан талаар утсаар мэдэгдэхэд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Д.Б********** улсын байцаагчтай уулзаж, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тэтгэврийг нь үргэлжлүүлэн олгож өгөхийг хүссэн өргөдлийг Б********** аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гаргаж, Гомдлын шаардлагын зөвлөлийн хурлын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар “...актыг хэлэлцэх боломжгүй...” гэсэн хариуг хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Д.Б**********гийн гаргасан гомдол, Гомдлын шаардлагын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, Б********** аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тус шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.

2/ Харин Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаартай актыг нэхэмжлэгчид гардуулаагүй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/29 дугаартай тушаалаар албажиж Б**********аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж, үүнийг үндэслэн тус хэлтсээс 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай”  улсын байцаагчийн 03 дугаартай актыг нэхэмжлэгч эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаад, шүүхэд хандсаны дараа маргаан бүхий актыг мэдэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн “...хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

3/ Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Б**********-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.Б**********-гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр зогсоосон үеэс буюу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нөхөн олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаартай актын Д.Б**********д холбогдох хэсгийг  хүчингүй болгож, Д.Б**********гийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

                                                ШҮҮГЧ                         Д.ЧАНЦАЛНЯМ