Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч Өмнөговь аймаг дахь Сум дундын 1дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа,

Шүүгдэгч Ж.Гончигсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Жанчивийн Гончигсүрэнд холбогдох 201616010112 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 40 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ “Оч наран” ХХК-д түрээсээр автомашин жолоодох ажил эрхэлж байсан, ам бүл 1, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Сонгинын 24-232 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Жанчивын Гончигсүрэн /РД:ЙС76080132/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Ж.Гончигсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө согтуугаар 28-76 УНР улсын дугаартай, SINOTRUK маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тогтоомж зөрчиж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гэх газарт байрлалтай монгол гэрийг дайрч, уг гэр дотор байсан иргэн В.Цэрэнбямбын амь насыг хохироосон, уг зам тээврийн осол гарсан хэргийн газрыг санаатай орхиж, зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ж.Гончигсүрэн мэдүүлэхдээ:” 2016 оны 10 сард “Оч наран” ХХК-д ажиллахаар гэрээ хийж Батсүх гэдэг хүний хувийн эзэмшлийн хово маркийн машинтай Цагаан хаданд ирсэн 10 сарын 17-ны өдөр хайрга ачих ажилд явсан. Урагшаа гараад хайрга ачаад буцах гэсэн боловч тухайн үед удирдаж байсан Оюутолгой ХХК-ийн хүн хоосон буц гэсэн чиглэл өгсөн. Дараа нь “Оч наран” ХХК-ийн захирал Очбаатар нь наанаа байж бай гэж хэлсэн. Бид нар тэнд өдөр шөнө 2 болсон. Тухайн үед идэж уух зүйл байхгүй байсан учир миний машинд 3-лаа суугаад Цагаан хад руу 18-ны орой идэж уух зүйл авахаар явсан. Цагаан хаданд очиход манай таньдаг эгч нэг шил архи өгсөн бөгөөд түүнийг уусан. Надтай цуг явсан Эрдэнэ-Очир гэдэг хүний таньдаг айлд очсон. Тэр айлын эгч нэг шил архи задалсан бөгөөд түүнийг нь ууцгаасан. Манай нэг ажилчин эм, хөгжил аваад ирээрэй гэж хэлсэн. Түүнийг аваад хүргэж өгнө гэж бодож байсан. Архи ууж согтуугаар эрдэнэт хүний амь насыг хохироосондоо гэмшиж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: “...Шүүгдэгч Ж.Гончигсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө согтуугаар 28-76 УНР улсын дугаартай, SINOTRUK маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гэх газарт байрлалтай монгол гэрийг дайрч, уг гэр дотор байсан иргэн В.Цэрэнбямбын амь насыг хохироосон, уг зам тээврийн осол гарсан хэргийн газрыг санаатай орхиж, зугтаасан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь нөлөөлсөн. Иймд шүүгдэгч Ж.Гончигсүрэнд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял хэрэглэж, 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 зүйлийн 57.1 дэх хэсгийг журамлан хөнгөн ялыг хүнд ялд багтааж эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэх саналыг шүүхэд оруулж байна. Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ариунсанаад 9.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Чимэдцэрэнд 1.160.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Эд мөрийн баримтаар нэг ширхэг дугуй, шүүгдэгч Ж.Гончигсүрэнгийн жолооны үнэмлэх хураагдсан байгаа. Жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц замын цагдаагийн газар шилжүүлэх, нэг ширхэг дугуйг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох саналтай байна. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 28-76 УНР улсын дугаартай, SINOTRUK маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгох саналыг тус тус шүүхэд оруулж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд:”...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Гончигсүрэнгийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөлөгч миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнтэй маргах зүйлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ зүйл ангийг яагаад зөвшөөрөхгүй байгааг тайлбарлаж өмгөөллөө явуулъя. Миний үйлчлүүлэгч өөрийн холбогдсон хэргээ ямар нэгэн байдлаар маргахгүйгээр хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ өмгөөлөгч миний хувьд хавтаст хэрэгтэй танилцаад Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэж байгаа. Гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинж энэ зүйл ангид байхгүй байна. Нөгөө 3 шинж нь байгаа эсэхэд маргахгүй. Хэргийн газраас зугтаах санаатай зорилго агуулаад зугтаасан байж энэ зүйл ангиар зүйлчилнэ. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд миний үйлчлүүлэгчээс гэмт хэрэг үйлдсэнээ мэдсэн үү? гэж асууж байна. Миний үйлчлүүлэгч харин гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мэдээгүй маргааш нь мэдсэн гэдэг хариулт өгсөн. Энэ хүнээс бусад хүн Гончигсүрэнгийн дотоод сэтгэлийг мэдэхгүй. Гэрч Баттулгын мэдүүлгээр энэ хэргийг нотлохгүй гэж үзэж байна. Гончигсүрэнгийн машинаас бууж суухыг харсан гэрч байгаа. Энэ талаар маргахгүй. Гэхдээ миний үйлчлүүлэгчийн согтуугаараа хийж байгаа үйлдлийг ойлгохгүй байгаа. Согтуу хүний хийж байгаа үйлдэл дотоод санааг хөндлөнгийн гэрч ойлгохгүй. Энэ ойлгохгүй байгаа хүний мэдүүлгээр ял халдааж байгаа нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар ял халдаах эрх зүйн үндэс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад харагдахгүй байна. Иймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү? Дараа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байгаа учир ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай байгаа. Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа. Үүнд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь ял шалгуурын хуудсаар нотлогдож байгаа. Өмнө нь гэмт хэрэг холбогдож байсан боловч өнөөдөр ялтай байдал арилсан байгаа. Энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 9.000.000 төгрөг өгсөн. Хохирогчийн зүгээс 5.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч миний үйлчлүүлэгч нь нэхүүлэхгүйгээр илүү төлсөн. Хийсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа. Гэмшиж байгаагаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрөө илэрхийлж байгаа. Мөн сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь ямар нэгэн зөрүү байхгүй байгаа учир хийсэн хэрэгтэй гэмшиж байгаагийн илрэл юм. Хувийн байдлын талаар өнөөдөр 41 настай бөгөөд хөдөлмөрлах үедээ болгоомжгүй байдлаас болж гэмт хэрэгт үйлдсэн. Биеийн байдлын хувьд хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан. Энэ нь хавтаст хэрэгт нотлогдсон байгаа. Гэр бүлийн хүрээллийг бий болгосон. 3 хүүхдийн эцэг байгаа. Биеийн байцаалтанд одоо оршин суух хаяг дээрээ ганцаараа гэсэн боловч эхнэр хүүхдүүдтэй. Өмнөх анхан шатны шүүх хуралдаанаас хойш миний үйлчлүүлэгч нь 92 хоног цагдан хоригдсон. Энэ хугацаанд гэмт хэрэг үйлдсэн хүн ямар байдаг гэдгийг биеэрээ мэдэрсэн учир шүүх бүрэлдэхүүн итгэл үзүүлж гэр бүлийн хүрээллийн дунд хүмүүжүүлэх боломжийг олгож Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэн хянан харгалзаж өгнө үү? гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-13 дугаар хуудас/

Цогцос, түүний өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 дугаар хуудас/

Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-24 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 25 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Ариунсанаагийн өгсөн:”...Ээж маань одоогоос 3 жилийн өмнөөс энэ Цагаан хад гэх газар ирж хувиараа гэр гуанз ажиллуулдаг болсон. Завсар зайгаар нь Улаанбаатар хот руу гэртээ харьдаг байсан. Тэгтэл сая энэ осол хэрэг болсныг бид Улаанбаатарт байхдаа сонсоод урд шөнө хотоос энд ирлээ. ...Ээжийнхээ оршуулгатай холбоотой гарсан 11 орчим сая төгрөгийн зардал, түүн дээр сэтгэл санааны хохиролд дөрвөн сая төгрөг буюу осолд буруутай жолоочоос нийт 15 сая төгрөг нэхэмжилж байна. Талийгаач ээжийг нутаглуулах үед жолооч Гончигсүрэнгийн талаас 7 сая төгрөг бэлнээр өгсөн. Жолооч Гончигсүрэн өнөөдөр 2 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Цаашид үлдэгдэл 6 сая төгрөгийг өгчихвөл нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/

Шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ариунсанаа гаргасан хүсэлтдээ:”...Миний бие Ганбат овогтой Ариунсанаа нь шүүгдэгч Ж.Гончигсүрэнтэй холбоотой хэргийн хохирогч В.Цэрэнбямбын бага хүү хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болсон. 2017 оны 05 сарын 04-ний өдөр болох шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул, гэр бүл ойр дотны ах дүүстэйгээ зөвлөлдөж, энэ хэрэгтэй холбоотой өөр гомдол санал хүсэлт байхгүй болохыг мэдэгдэж байна. Шүүхийн гаргасан шийдвэрийг хүндэтгэн хүлээж авах болно” гэжээ. /хх-ийн 226 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Чимэдцэрэнгийн өгсөн:”...Би талийгаачтай анх 2013 онд Ханбогд сумын Цагаан хаданд танилцаж байсан юм. ...Тэгээд бид хоёр нийлж дөрөв тав хоног хоол хийж байгаад осол болдгийн урд өдөр надад ажил гараад би өөрийнхөө машинаар Даланзадгад руу явсан юм. ...Манай гэр болон гэрт байсан эд хогшил дахин ашиглагдхааргүй эвдэрч хэмхэрсэн. Гэр маань том дөрвөн ханатай, хоёр давхар бүрээстэй гурван жил гаруй барьсан хуучин боловч ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гэр байсан. Би гэрээ 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр үнэлнэ. Дээр нь гэр дотор байсан тавиур, газан плитка, битүү чанагч, 2 ширхэг ор, 100 литрийн усны хуванцар сав, гал тогооны хэрэгсэл эвдэгдэж хэмхэрсэн. Эдгээрийг нийтэд нь 430,000 төгрөгөөр үнэлнэ. Гэрийн үнэтэйгээ нийлээд 1,230,000 /нэг сая хоёр зуун гучин мянга/ төгрөгийн хохирлыг осолд буруутай хүмүүсээс нэхэмжилж байна...” /хх-ийн 34 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Эрдэнэ-Очирын өгсөн:”...архиа бид гурав уугаад талд нь оруулж байгаад хажуугийн гэрт байсан урьд нь хамт ажиллаж байсан Амгалан ахыг дуудаж ирүүлсэн. Амгалан ах нэг ахтай хамт орж ирээд бид үлдэгдэл архиа ууж дуусгасан. Дараа нь Амгалан ахын орж ирэхдээ авчирсан 0,75 литрийн улаанбаатар архийг бүгдээрээ хуваагаад уусан. Архи уухаас өмнө Гончигсүрэн ганцаараа гарч яваад зам дээр орхисон машинаа авчраад комиссын дэлгүүрийн арын хашаа руу оруулж байрлуулсан байсан. Бид хоёрдох архиа ууж дуусгаад нэлээд халамцах үед гадаа машин дуугарсан. Жагаа эгч гаднаас орж ирснээ танай нөгөө жолооч хашааны хайс дайраад гараад явчихлаа гэсэн. Тэгэхээр нь Жагаа эгчтэй хамт гараад очиж үзэхэд Гончигсүрэн машинаа ухрааж хашаанаас гарахдаа машиныхаа араар хашааны төмөр хайсыг дайрч газарт унагаад явчихсан байсан. Ойр орчимд Гончигсүрэн машинтайгаа байгаагүй, би түүнийг хойно машинууд байрлуулсан газар луугаа очхоор явчхаж гэж ойлгоод эргэж нөгөө хэд дээр очиж ганц нэг дуу дуулж сууж байгаад Амгалан ах хамт яваа жолооч хоёрын байрлаж байгаа наар зассан гэрт Төмөрчөдөр бид хоёр ороод тэр хоёртой хамт нааран дээр унтсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Төмөрчөдөрийн өгсөн:”...Уужим одын кемпийн хойд талд машинаа паркалж үлдээгээд Гончигсүрэнгийн унадаг цагаан өнгөтэй Хово машинаар Эрдэнэ-Очир, Гончигсүрэн бид гурав Цагаан хад орж, Жагай гэдэг найзындаа хоол хийлгэж идээд тэнд хоёр шил 0,75 литрийн Улаанбаатар архи уусан. Архийг Эрдэнэ-Очир, Гончигсүрэн бид гурав голчлон уусан. Хажуу гэрээс Амгалан ах нэг хүнтэй орж ирсэн. Тэд архинаас бага зэрэг л уусан. Тэгээд тэдний хашаанд байсан гэрт Амгалан ах, Эрдэнэ-Очир нөгөө нэг хүний хамт дөрвүүл хамт хоносон. Өглөө унтаж байхад Эрдэнэ-Очир намайг сэрээсэн. Гадаа цагдаа нар ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Есөн-эрдэнийн өгсөн:”...шөнийн 01 цагийн үед манай баруун хойдох сэндвичэн байшинд амьдардаг Тулгаа гэдэг залуу манай ээжийг байгаа эсэхийг асуусан. Би ээжийг байхгүй гэдгийг хэлтэл “хойд гэрт чинь байсан уу? Гэж асуусан. Би хүн байгаашдээ яасан гэтэл “сая нэг том тэрэг ирж дайрчхаад зугтаад явчихлаа” гэж хэлсэн. Би гэрээс гарч Тулгаатай уулзаад гэрээс ямар нэг дуу чимээ гарахгүй байна уу гэхэд Тулгаа “ямар нэгэн дуу чимээ гарахгүй байна” гэсэн . Тэгээд Тулгаа Ханбогдын цагдаа руу утастаж ослын талаар хэлсэн. Тэгээд Цагдаа нарыг иртэл бид гадаа Тулгаагын машинд сууж байсан. ...Би нам унтчихсан байсан. Тулгааг ирж хаалга хүчтэй цохиход л би сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Я.Амгалантогтохын өгсөн:”...удалгүй хашаанд оруулаад ирчихсэн цагаан Ховогоо асааж байгаа сонсогдсон. Эрдэнэ-Очир, Төмрөө хоёр араас нь гүйгээд гарсан. Удалгүй “хулгайч чинь үгэнд оролгүй явна гэсээр байгаад явчихлаа” гэсээр Эрдэнэ-Очир, Төмрөө хоёр буцаж орж ирсэн. Нөгөө машин хашаанаас гараад явчхаж байгаа сонсогдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Баатарсүхийн өгсөн:”...архи талаасаа доошлоод дуусах дөхөж байхад одоо энэ гадаа байгаа айл дайрсан гэх жолооч хүн амьтанд мэдэгдэлгүй гарч яваад дэлгүүрийн хашаанд байсан цагаан өнгийн хово машинаа асааж байгаа сонсогдсон. Тэгтэл Эрдэнэ-Очир нөгөө жолооч хоёр гүйгээд гарсан. Удалгүй тэр хоёр буцаж орж ирэхдээ нөгөө жолоочоо үгэнд оролгүй явчихлаа гэж хэлж байсан. Тэгээд үлдсэн жаахан архиа хувааж уучхаад дөрвүүлээ бид хоёрын амарч байсан жижиг гэрт ороод унтсан. Жагаа гэх эмэгтэй дэлгүүрийнхээ арын өрөөнд үлдсэн. Тэгээд өглөөгүүр 05 цагийн үед Эрдэнэ-Очирын утас дуугарч ярьснаа нөгөө жолоочоо аваар хийчихжээ гэж хэлээд сандраад явсан, түүний дараахан цагдаа нар Амгаа бид хоёрын унтаж байгаа гэрийг ирж харчхаад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Насанжаргалын өгсөн:”...нөгөө хэд суугаад архи дарсаа ууж байсан. Тэгтэл нэг харахад Гончигоо гэх залуу гараад явчихсан түүний араас Төмрөө, Эрдэнэ-Очир хоёр гарч яваад буцаж орж ирж байгаа харагдсан. Тэгэхдээ “муу пизда чинь үгэнд орохгүй машин асаагаад гараад явчихлаа” гэж хэлж байсан. Түүнээс хойш нэг их удаагүй тэд унтлаа гээд манайхаас гараад явсан. Би ч хаалгаа түгжээд унтаад өгсөн. Дараа нь юу болсныг мэдэхгүй өглөөгүүр хаалга балбаад нэг цагдаа орж ирээд энд архи дарс уусан уу гэж асуусан. Би болсон ослын талаар тэгээд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Дамдинжамцын мэдүүлэг:”...Мөнхтулга бид хоёр ажилчдын хоолонд орчихоод Эрдэнэ-Очирын утас руу залгатал “Цагаан хаданд айлд байна, ингэсгээд очлоо” гэхээр нь “Мөнхтулгын нүд өвдөөд байна анальгин аваад ирээрэй” гэж захисан юм. Мөн хөнжил олдвол аваад ирээрэй гэж мөн захисан. Тэгээд Мөнхтулга бид хоёр 10 цаг өнгөрөөгөөд тус тусынхаа машины кабинд унтсан. Нөгөө гурав биднийг унтах үед ирээгүй байсан. Тэгээд шөнө унтаж байтал Очбаатар шөнийн 04 цагийн үед утастаад наана чинь юу болоод байгаа юм бэ? Тэр гурав байгаа юм уу гэж асуусан. Тэгээд болсон ослын талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /48 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мөнхтулгын өгсөн:”...нүүрс тээврийн замын хойноосоо 184 дэх км-ээс Гашуун сухайт боомт хүртэлх автозамд машинтайгаар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Шөнийн 01 цаг өнгөрч байх үед манай диспетчирээс миний утас руу залгаад “цагаан хадан дээр самосвал машин айл дайрчхаад зугтаасан талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл ирлээ, зам руу орж ирж магадгүй тийм машин байвал шалгаадах гэж хэлсэн. Тэгээд би шалган 4-өөс хойшоо замаа шалгаад явж байтал Цагаан хадны төвөөс хойш байдаг энержигийн уулзварын орчимд /цагаан хад талаасаа/ цагаан өнгийн самосвал нүүрсний зам руу орж ирээд хойш чиглээд явсан. Би машиныхаа гэрэл, дуут дохиогоо асаалттай явсан баа тэр машины жолооч намайг харсан бололтой жаахан яваад замын зүүн тал руу буухаар нь би араас нь очоод зогсоогоод жолооч талын хаалгаар нь очиж хаалгыг нь тогштол жолооч нь цонхоо онгойлгосон. “та буугаад ирээч” гэтэл хаалгаа нээгээд тэр жолооч машинаасаа бууж ирсэн, тэр хүнээс архи ихээр үнэртэж гуйвж дайвж байсан” “та архи уучихсан юм уу, хаана уусан бэ ?” гэхэд ах нь Цагаан хаданд архи уучихсан юм гэж тэр хүн хэлсэн. “та бичиг баримтаа үзүүлнэ үү гэхэд би чамд бичиг баримтаа өгөхгүй гэж тэр хүн хэлсэн. Би “та согтуу байж замын хөдөлгөөнд оролцож болохгүй, машинаа унтраагаад түлхүүрээ өгчих, машиндаа унтаад жаахан архи дарсаа гаргачих гэж би тэр хүнд хэлсэн. Тэр хүн машинаа унтраагаад надад түлхүүрээ өгөөд машиныхаа кабинд унтаад өгсөн. Би тийм машин саатуулсан талаар диспетчирт мэдэгдсэн. Удалгүй цагдаагийн ажилтан над руу яриад “Ханбогдоос гарч байна, наад жолоочоо машинтай нь саатуулаад байж байгаарай бид удахгүй очлоо” гэж ярьсан. Тэгээд удалгүй цагдаагийн ажилтнууд ирэхээр нь би машиныг жолоочтой нь хүлээлгэн өгөөд замд хяналт шалгалтаа хийгээд явсан...тэр машинд жолоочоос өөр хүн байгаагүй...тэр машин их гэрлээ асаачихсан хөдөлгөөнд оролцож явсан. ...намайг тэр машиныг харснаас хойш ямар нэгэн хүн бууж суугаагүй. ... тэр машин Цагаан хад талаас засмалын баруун талын шороон замаар хойшоо чиглэж явж байгаад нүүрсний зам руу энержигийн уулзвараар орж ирээд мөн л хойшоо чиглэж яваад замын зүүн тал руу буусан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Баттулгын өгсөн:”...01 цагийн үед /цаг минутыг тодорхой санахгүй байна/ ачааны том машины дуу манай засварын төвийг чиглээд ирж байгаа сонсогдсон. Тэгээд миний би? Энэ шөнө юун автомашин ирж байдаг билээ гэж бодоод байшингаасаа гараад харах үед дээрх ачааны машин манай засварын төвийн ертөнцийн зүгээр урд зүгт 5 м орчим зайд байсан Монгол гэрийг дайраад зогссон. Энэ үед би тухайн машины улсын дугаарыг нь харах гээд байшингаа тойроод хартал уг машины жолооч талын хаалганаас нэг хүн бууж дайрсан гэрийг хараад буцан суугаад автомашинаа ухраагаад уг гэрийг тойроод цааш зугтан явсан. Уг машины кабин ачаа зэрэг нь бүгд цагаан өнгийн, хово маркийн ачааны самосвол машин байсан ба улсын дугаарын сүүлийн хоёр нь 76 төгссөн байсан... “гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/

Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №2 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №9880 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/,

Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №6840 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-69 дүгээр хуудас,

Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн №9566 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70 дугаар хуудас,

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн Замын цагдаагийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Ганбатын гаргасан зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 71-74 дүгээр хуудас/

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №24 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76 дугаар хуудас/

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №30 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн автотээврийн төвийн дүгнэлт /хх-ийн 81 дүгээр хуудас/

Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны №17/01 шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.Гончигсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... Тэр хоёр орж ирээд нөгөө архийг бүгдээрээ хувааж уугаад дуусгасан. Миний картанд хэдэн төгрөг байсан болохоор би түүнийг эгчид барьцаа маягаар өгөөд түүнээс 20,000 төгрөг зээлж аваад түүгээр дахин нэг шил архи авсан. Түүнийг ууж байхдаа би зам дээр орхисон машинаас юм хум алга болчих вий гэж бодоод ганцаараа алхаж очиж машинаа асааж унаад дэлгүүрийн эгчийн хашаа руу толгойгоор нь оруулж байрлуулсан. Тэгээд нөгөө өрөөндөө ортол тэр хэд архиа уугаад сууж байсан. Би хийж өгсөн архинаас нь уугаад сууж байтал нэг мэдэхэд согтчихсон байсан. ...нэг мэдэхэд би согтчихсон машинаа унаад нөгөө оруулж тавьсан хашааны баруун урд булан руу бөгсөөрөө ухарч байгаад толгойгоороо айлын хашаанаас гарч байсан санагдаж байна. Тэгээд нэг мэдэхэд намайг орон дээрээ гараад унт гэж хүн хэлээд би кабин доторх орон дээрээ гараад унтахаар хэвтэж байснаа санаж байна. Тэгээд нэг сэрэхэд цагдаагийн машины арын багаажинд гараа гавлуулчихсан сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-99 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ж.Гончигсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 101-103 дугаар хуудас/

Ж.Гончигсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, жолоочийн түүхийн талаарх Цагдаагийн газрын лавлагаа, жолоочийн үнэмлэхний хуулбар, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 104-109 дүгээр хуудас/

Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 12-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 110 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.Гончигсүрэнгийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн111 дүгээр хуудас/

Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/368 тоот тодорхойлолт /хх-ийн 113 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.Гончигсүрэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ж.Гончигсүрэнгийн урьд ял шийтгүүлсэн Хан-уул дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 117-119 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ж.Гончигсүрэнгийн арилжааны банкуудын харилцагчийн талаарх мэдээлэл /хх-ийн 121-128 дугаар хуудас/

28-76 УНР улсын дугаартай СИНОТРАК /SINOTRUK/ маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 130 дугаар хуудас/

28-76 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 131 дүгээр хуудас/

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт /хх-ийн 132-133 дугаар хуудас/

“Оч-Наран” ХХК болон Б.Батсүх нарын хооронд байгуулсан тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээ, хавсралт /хх-ийн 134-136 дугаар хуудас/

Оюутолгой ХХК-ны жолооны сургалтад суусан талаарх хүснэгт /хх-ийн 139 дүгээр хуудас/

 Өмнөговь аймгийн засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/692 дугаартай согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох тухай захирамжийн хуулбар /хх-ийн 141 дүгээр хуудас/

Хохирогч /талийгч/ В.Цэрэнбямбын гадаад пасспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 143 дугаар хуудас/

Талийгч В.Цэрэнбямбын нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 144 дүгээр хуудас/

Хохирол төлбөр, оршуулгын зардлын баримтууд /хх-ийн 145-152 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Чимэдцэрэнгийн хохирол төлбөрийн баримт /хх-ийн 153 дугаар хуудас/ зэрэг баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.Гончигсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө согтуугаар 28-76 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хад гэх газарт байрлалтай монгол гэрийг дайрч уг гэр дотор байсан иргэн В.Цэрэнбямбын амь насыг хохироосон, уг зам тээврийн осол гарсан хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Ж.Гончигсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216.2-д заасан гэмт хэргийн зүйлчлэлд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж мэтгэлцсэн боловч шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан бөгөөд уг ослын газрыг орхиж явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг тухайн тээврийн хэрэгслийг ашиглагч болон эзэмшигч нь хариуцахаар зохицуулсан бөгөөд 28-76 УНР улсын дугаартай SINOTRUK /СИНОТРАК/ маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Батхүрэлийн Батсүх /РД:ГО85012372/-ийг иргэний хариуцагчаар татан оролцуулсан. /хх-ийн 131 дүгээр хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ариунсанаа талийгаачийн оршуулгын зардалд 15.000.000 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт 5,165,640 төгрөгийн баримт авагдсан бөгөөд шүүгдэгч Ж.Гончигсүрэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ариунсанаад 9,000,000 төгрөгийн хохирол барагдуулсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ариунсанаа нь Ж.Гончигсүрэнд холбогдуулан цаашид нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлбөр бүрэн барагдуулсан тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул түүний гаргасан 15.000.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлээс үлдэх хувь болох 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн иргэний нэхэмжлэгч Б.Чимэдцэрэн нь шүүгдэгчээс 1,160,000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1.200.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Гончигсүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг барагдуулсан буюу бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Гончигсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа болон гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг барагдуулсан зэрэг нөхцөлийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар, согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож түүний хувийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдууллаа.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Баярмаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар “согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэх заалтын дагуу шүүгдэгч Ж.Гончигсүрэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй тухай мэтгэлцсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу шүүгдэгч Ж.Гончигсүрэнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь мөн хуулийн 23 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн тохиолдол биш болно.

Шүүгдэгч Ж.Гончигсүрэнгийн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа буюу үйлдсэн гэмт хэргээ эхнээс үнэн зөв хүлээн мэдүүлэн байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Нэмэгдэл ялын хувьд Ж.Гончигсүрэнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Ж.Гончигсүрэнгийн №496952 дугаартай BCЕ ангиллын жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй.

Уг хэрэгт шүүгдэгч Ж.Гончигсүрэн нь 93 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 28-76 УНР улсын дугаартай SINOTRUK маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуйг хууль ёсны эзэмшигч Б.Батсүх /РД:ГО85012372/-д олгох үндэслэлтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290.3, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигин овогт Жанчивын Гончигсүрэнг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Ж.Гончигсүрэнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ял, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 4 /дөрөв/ сар баривчлах ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан шүүгдэгч Ж.Гончигсүрэнгийн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 / хоёр / жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Гончигсүрэнд оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлий 508.1-д заасны дагуу шүүгдэгч Ж.Гончигсүрэн нь гэм хорын хохиролд 9.000.000 /есөн сая/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ариунсанаад төлсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ариунсанаа нь гэм хорын хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Ж.Гончигсүрэн бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт 93 /ерөн гурав/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, 28-76 УНР Синотрак маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Батсүхэд олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины дугуйг хууль ёсны эзэмшигч Б.Батсүхэд буцаан олгож, мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ж.Гончигсүрэнгийн 496952 дугаартай жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.3-д заасныг журамлан шүүгдэгч Ж.Гончигсүрэнд оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Ж.Гончигсүрэнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Гончигсүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэн арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА