Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/380

 

 

 

 

 

 

   2021             4              13                                         2021/ДШМ/380

                                                       

Б.Оөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Б.Должинсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЗ/571 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Амарзаяагийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай прокурорын эсэргүүцлээр Б.Оөд холбогдох 2008027381465 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Т овгийн Бийн О, 1992 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, хадам эх, эхнэр, хүүхдүүдийн хамт -тоотод оршин суух бүртгэлтэй боловч -тоотод оршин суух, /РД:У392080634/;

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 702.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 836 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

            Яллагдагч Б.О нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, авто сургуулийн автобусны буудал дээр “манай мухлагийн шилэн лангууг хагаллаа, эхнэрийг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар иргэн Н.Лг түлхэх, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хүзүү, баруун зүүн бугалга, зүүн шуу, умдаг, бэлгийн их уруулд цус хуралт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж заасныг үндэслэн, яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай ба эдгээр асуудлыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, хэргийг прокурорт буцаах үндэстэй гэж шүүх дүгнэлээ. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/...” гэж, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад “...гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, ... зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгана.” гэж заасныг хангаагүй гэж үзлээ.

Учир нь, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 86 тоот яллах ... дүгнэлтээс харахад тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоогоогүй, тодорхойгүй байдлаар бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй, зөрчилтэй гэж үзнэ.

Мөн прокурорын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 92-93/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана. ...” гэснийг зөрчиж мөн гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн талаар бичээгүй зөрчил гаргажээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор техникийн шинжтэй алдаа гаргасан гэх боловч үүнийг яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаатай адилтган үзэх боломжгүй бөгөөд дээрх хуулийн заалтыг нийцүүлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэх нь зүйтэй.

Прокуророос яллагдагч Б.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “өөртөө эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, мөн хэсгийн 2.7-д “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээ төрүүлэхүйц байна.

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Цэвээнсүрэн “...тухайн эмэгтэй дээр очоод “та манай мухлагийн шилэн лангууг хагалсан байна” гэж хэлсэн чинь “чи муу гичий зүгээр байгаарай” гээд тоосго аваад шидээд дараа нь гар утсаа шидсэн. Намайг өшиглөх гэхэд нөхөр хамгаалан урдуур ороод тухайн эмэгтэйн гарыг бариад түлхэж холдуулсан. ...нөхөр бид хоёр гар утсыг нь аваад цагдаа дээр ирэхдээ авч ирж өгсөн. ...” гэсэн мэдүүлгийг өгчээ. Гэмт этгээд өөртөө болон бусдад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх олж авахын тулд хохирогчийн гар утсыг нь авах зорилгоор эрүүл мэндэд нь халдсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон эсэх, тухайн гар утсыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгээгүй.

Мөн хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг байдлыг мэдсээр байж гэх хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсан, үүнийг нь гэмт этгээд ухамсарлан мэдсэн, ашигласан гэсэн нөхцөлийг шаардах ба хохирогч биеэ хамгаалж чадахгүй байх тухай ойлголтод хохирогч бага насны эсвэл өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн хөгжлөөр илтэд сул дорой, эсвэл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсон байхыг ойлгодог.

Хэрэгт авагдсан “...хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, бусадтай хэрэлдсэн, маргалдсан, чулуу авч шидсэн, ТҮЦ-ийн гадаа орилж, агсан тавиад байсан гэх мэт” талаар гэрч нарын мэдүүлэг /Б.Отгончимэг, С.Анхзул, Д.Бадамсүрэн, Б.Цэвээнсүрэн/-ээс үзэхэд хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсан эсэх, согтуурсан шалтгаанаар өөрийгөө хянах чадваргүй буюу гэмт этгээдээс өөрийгөө хамгаалах, идэвхтэй эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байсан эсэх нь эргэлзээтэй, мөн хохирогчийн согтуурлыг шалгасан баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрхээс дүгнэвэл яллагдагч Б.Оийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх шинжийг хөтөлбөргүй тогтоосон үйл баримт, эргэлзээгүйгээр нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, сэдэлт зэргийг тогтоох шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасныг зөрчжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан хохирогч Н.Лгийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх 5/, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хохирогчоор өгсөн /хх 14-15/ мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 9979 дугаартай “...хэсэг газрын үзлэгээр “хохирогчийн хүзүүний урд доод хэсэгт 2x1 см, баруун бугалганы дотор хэсэгт 10хЗсм, зүүн бугалганы дотор хэсэгт 13хЗ,5см, зүүн шууны гадна хэсэгт 3x3,5см, умдаг болон бэлгийн их уруулыг хамарсан хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх 22-23/ гэсэн дүгнэлт,

шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...Н.Лгийн биед учирсан хүзүү, баруун зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл байна. Харин умдаг, бэлгийн их уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүдийн хүзүүнд учирсан гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломж бага бөгөөд зүүн бугалга, зүүн шуунд учирсан гэмтэл унах ойчих үед учирсан байх боломжтой” /хх 107-108/ гэсэн мэдүүлэг тус тус хэрэгт авагджээ.

Дээрх нотлох баримтаас үзвэл хохирогчийн биед хүзүү, баруун зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг хэн, хэрхэн учруулсан талаар тогтоогоогүй, тодорхой бус, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй /дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, хүзүү, баруун зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна. “Умдаг, бэлгийн их уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна/.

хохирогчийн мэдүүлгийг нягтлаагүй, нэг мөр шалгаж тогтоогоогүй, шивээстэй залуу, хар хувцастай залуу хэн аль нь шинжээчийн дүгнэлтэд заагдсан гэмтлийн алийг учруулсан эсэх зэргийг тодруулах, тус гэмт хэрэгт яллагдагч Б.Оөөс гадна өөр этгээд оролцоотой эсэхийг нэг мөр шалгаж тогтоовол зохино. ...” гэсэн үндэслэлээр дээр дурдсан зөрчлийг арилгах, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг явуулах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг зөв, бүрэн тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, гэмт хэрэг хэн үйлдэн, хор уршиг учруулсан, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх шаардлагатай тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008027381465 дугаартай хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор М.Амарзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан яллагдагч Б.Оийн гэрчээр өгсөн “...2020 оны 8 дугаар сарын 28-ны орой...”, яллагдагчаар өгсөн “...2020 оны 8 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед намайг эхнэр Цэвээнсүрэнгийн хамт харих гээд явж байхад”, гэрч Б.Цэвээнсүрэнгийн “....2020 оны 08 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед Анхзул миний гар утас руу залгаад ...”, гэрч Г.Саранчимэгийн “2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр миний төрсөн өдөр байсан тул найз Л бид 2 уулзсан”, гэрч С.Анхзулын “... 2020 оны 8 дугаар сарын 28-ны орой намайг хүнсний мухлагт суугаад байж байхад” гэх мэдүүлэг, хохирогч Н.Лгийн “... найз Саранчимэгийн төрсөн өдөр болж байсан болохоор 22 цагийн үед найз Амаржаргалын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, авто сургуулийн автобусны арын саарал 5 давхар байрны хажуугийн байшинд ирсэн” гэсэн мэдүүлгүүд, цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол, хүсэлт зэрэг бичгийн баримтуудаар тус тус гэмт хэрэг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн болох нь тогтоогдсон.

            Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын зүгээс маргасан, түүнийг үгүйсгэсэн байдал гараагүй тул яллах дүгнэлтэд гарсан үг, үсгийн алдааг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед засвар оруулж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хэрэгт авагдсан хохирогч Н.Лгийн “...найз Саранчимэгийн төрсөн өдөр болж Амаржаргалын гэрт 0.33 литрийн Тайга, 0.33 литрийн Соёрхол архи хувааж уусан...”, яллагдагч Б.Оийн гэрчээр өгсөн “...намайг харах үед их согтолттой байгаа харагдаж байсан. ...”, яллагдагчаар өгсөн “...тэгтэл тухайн согтуу эмэгтэй хүний үг ойлгохооргүй байсан. ...”, гэрч Г.Саранчимэгийн “...Лг эрүүлжүүлэх байрнаас очиж авсан. ...”, гэрч Д.Бадамсүрэнгийн “нөгөө эмэгтэй согтуу байсан”, гэрч С.Анхзулын “...цагдаа дээр очиход нөгөө согтуу эмэгтэй түрүүлээд ирчихсэн байсан”, гэрч Б.Цэвээнсүрэнгийн “...бид хоёрыг ирэх үед нөгөө согтуу эмэгтэй цагдаагийн хэлтсийн үүдний шатан дээр хэвтэж байсан” гэсэн мэдүүлгүүдээр хохирогч тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь нотлогдсон бөгөөд гэмт этгээд хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, карт болон тамхи нь алга болсноос бусадтай маргасан, сэтгэл санаа тогтворгүй байснаас бие хамгаалах чадваргүй байсныг ухамсарлан мэдсэн атлаа энэ байдлыг нь ашиглан түүний гарт байсан гар утсыг нь авч өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Энэ нь хохирогч Б.Оийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан “...намайг ТҮЦ-ний эзэн гэх залуу өшиглөсөн. Тэгээд утсыг минь булаасан” гэх гомдол, хохирогчоор өгсөн “...хажууд нь зогсож байсан хар хувцастай эрэгтэй хүн миний гар утсыг булааж аваад “чи муу одоо яах гээд байгаа юм бэ” гээд намайг өшиглөсөн чинь яг салтаа руу өшиглөсөн”, яллагдагч Б.Оийн гэрчээр өгсөн “...миний зүгээс тухайн эмэгтэйг над руу гараараа цохих гэж дайрах үед нь гараас нь барьсан, базсан зүйл бол байгаа”, яллагдагчаар өгсөн “...би гар утсыг нь булааж аваад цагдаагийн жижүүрт хүргэж өгөх үед гар утсаа хараад намайг зодсон хүн энэ байна гээд байсан” гэсэн мэдүүлгүүд, шинжээчийн 9979 дугаартай дүгнэлтээр “Н.Лгийн биед хүзүү, баруун, зүүн бугалга, зүүн шуу, умдаг, бэлгийн их уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан” гэх дүгнэлт зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон байна.

            Үүнээс гадна яллагдагч Б.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “өөртөө ... эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор” үйлдсэн болох нь яллагдагч Б.Оийн гэрчээр өгсөн “...нөгөө эмэгтэйг “гар утсаа ирж ав” гэж хэлсэн чинь “та нар наад гар утсаа ав” ... гээд цааш явсан”, яллагдагчаар өгсөн “...гар утас нь надад байгаа болохоор үүнийг цагдаад өгөөд наад хүнийг чинь олно гэж хэлсэн”, гэрч Б.Цэвээнсүрэнгийн “...нөхөр бид 2 гар утсыг нь аваад цагдаа дээр ирэхдээ авч ирж өгсөн” гэсэн мэдүүлгүүдээр яллагдагч нь өөрийн ТҮЦ-нд учруулсан хохирлыг хэн гэх хүн учруулсан болохыг тогтоох зорилгоор гар утсыг нь авсан, уг гар утсыг авах зорилгоор шунахайн сэдэлтээр хохирогчийг өшиглөсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул хэргийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж зүйлчилсэн.

            Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь хохирогч Н.Лгийн “... би өмдний халаасанд байсан тамхи, виза картаа гээчхээд тухайн залуучуудыг авсан байж магадгүй гэж бодоод тэд нараас нэхсэн, ...үүнээс болж маргалдсан”, гэрч Х.Анхзулын “...тамхи авсан, ...лангууг хагалсан. ...”, гэрч Б.Цэвээнсүрэнгийн “... би тухайн эмэгтэй дээр очоод “та манай мухлагийн шилэн лангууг хагалсан байна” гэж хэлсэн, ...намайг өшиглөх гэхэд нөхөр намайг хамгаалан урдуур ороод”, яллагдагч Б.Оийн гэрчээр өгсөн “...түүнийг хүний эд зүйл эвдсэн хүн төлж өгөх хэрэгтэй биз дээ гээд маргалдсан...”, яллагдагчаар өгсөн “эхнэр Цэвээнсүрэн лүү чулуу авч шидсэн ... би эхнэрийг хувцаснаас нь татаж холдуулан урдуур нь орсон” гэсэн мэдүүлгүүдээр хохирогч Н.Л нь худалдан авсан тамхи, мөнгө төлсөн карт нь алга болсныг ТҮЦ-ний охиноор нотлуулахаар ТҮЦ-нд буцаж орсноос маргаан үүсч, ТҮЦ-ний лангууны шил хагарч бусдад хохирол учирсан, үүнийг төлөхийг шаардсан Цэвээнсүрэнтэй маргаснаас яллагдагч нь эхнэрээ өмөөрч хохирогчийг өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдож байна.

            Хавтас хэрэгт авагдсан хохирогч Н.Лгийн “...гаран дээрээ шивээстэй залуу гар утсаараа бичлэг хийгээд байгаа бололтой ... миний ар нуруу хэсэг рүү шивээстэй залуу хөлөөрөө жийхэд би урагшаа газар унасан. Тухайн үед миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй”, гэрч Н.Ганцацралын “...Алтаншагай гар утсан дээр хийсэн бичлэгээ надад үзүүлсэн. Алтаншагай нь бор царайтай, нүүр, хүзүү, гар, хөл, цээж гэх мэт биеийн хэсгээр шивээстэй” гэсэн мэдүүлгүүдээр Отгончимэгийн нөхөр Алтаншагай гэгч нь хохирогчийг унагасан боловч энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учраагүй тогтоогдсон. Харин хохирогч Н.Лгийн “...миний салтаа руу давсаг болон эмзэг эрхтэн хөхөрч хавдаад явах, суух, бие засах үед хүндрэлтэй байна”, гэрч Г.Саранчимэгийн “...Л надад “гар утсыг маань гараас булааж аваад салтаа руу өшиглөсөн” гэж хэлсэн, давсаг болон бэлэг эрхтэн нь бүхэлдээ хавдаж хөхөрсөн, алхаж явах үедээ их эмзэглэлтэй харагдаж байсан. Гэмтэлд үзүүлээд гэрт нь хүргэж өгсөн”, яллагдагч Б.Оттонтөгсийн гэрчээр өгсөн “...миний зүгээс тухайн эмэгтэйг над руу гараараа цохих гэж дайрах үед нь гараас нь барьсан, базсан зүйл бол байгаа”, яллагдагчаар өгсөн “...би гарын нь шуу хэсгээс барьж авсан” гэсэн мэдүүлгүүдээр хохирогчийг өшиглөсөн, гарын шуу, бугалга хэсгээс нь барьсан, базсан болох нь тогтоогдсон бөгөөд энэ шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг, хохирогчийн өөрийнх нь эрүүл мэндэд О халдсан болохыг тууштай, тогтвортой мэдүүлж байгаа тул Б.Оөөс гадна өөр этгээд оролцоотой эсэхийг шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Б.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх яллах дүгнэлт дээр гэмт хэрэг гарсан цаг хугацааг тодорхойлж өгөөгүй байна гэж дурдсан байдаг. Яллах дүгнэлтэд юуг дурдаж өгөх ёстой вэ гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т тодорхой заасан. Гэмт хэрэг гарсан цаг хугацааг заавал дурдаж өгөх ёстой. Гэтэл гэмт хэрэг гарсан цаг хугацааг дурдаж өгөөгүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад “прокурорын яллах дүгнэлтэд гарсан тоо, тооцооны шинжтэй болон үг, үсгийн алдаа гарсан бол залруулж болно” гэж заасан. Гэмт хэрэг гарсан цаг хугацаа бол тоо, тооцооны болон үг, үсгийн алдаа биш байх тул залруулах боломжгүй гэж үзэж байна. Хүндрүүлэх нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байна гэж анхан шатны шүүх үзсэн байгаа. Анх Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Би хэргийн материалтай танилцаад “хар хувцастай залуу болон шивээстэй залууг тодруулж өгнө үү. Энэ талаар нэмэлт ажиллагаа хийж өгнө үү” гэсэн хүсэлт гаргахад прокуророос шууд эсэргүүцлээ илэрхийлж “танай хүнийг хүндрүүлж зүйлчилнэ” гэсэн. Мөн анхан шатны шүүх энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд хэрэгт татагдсан эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай гэж үзсэн. Миний зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “шивээстэй залуу, хар хувцастай залуу хэн байсан талаар тодруулж өгнө үү. Б.О хар хувцастай явж байсан уу гэх талаар ажиллагаа хийж өгнө үү” гэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэн Б.Оийг үйлдсэн гэж үздэг. Гэтэл хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Б.Оийг Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, авто сургуулийн автобусны буудал дээр “манай мухлагийн шилэн лангууг хагаллаа, эхнэрийг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар иргэн Н.Лг түлхэх, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хүзүү, баруун зүүн бугалга, зүүн шуу, умдаг, бэлгийн их уруул цус хуралт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, уг гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт буруутгаж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал”, мөн зүйлийн 1.2 “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэргийг нарийвчлан шалган тогтоогоогүй байна.

Тухайлбал, Б.О нь гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, хэрэг гарсан газар, тухайн цаг хугацаанд хэн хэн байсан, хэн хохирогчид гэмтэл учруулсан талаар харилцан зөрүүтэй баримт хэрэгт авагдсан, хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны зөрүүтэй байдлыг арилгаж чадаагүй, үүнээс үүдэн хэргийн бодит байдал болон шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа оролцогчийн хууль ёсны эрхийг хангаж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоож ажиллаагүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулж хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны эцэст, тогтоогдсон үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, прокуророос яллагдагч Б.Оийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх шинжийг хөдөлбөргүй тогтоосон үйл баримтгүй, нотолбол зохих байдлыг эргэлзээгүйгээр шалгаж тогтоогоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, сэдэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдээгүй байна.

Түүнчлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан хохирогч Н.Лгийн хүзүү, гарт учирсан хөнгөн гэмтлийг хэн, хэрхэн учруулсан нь ойлгомжгүй байх тул хохирогчийн биед хүзүү, баруун зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг хэн, хэрхэн учруулсан талаар тодруулах зорилгоор холбогдох этгээдүүдээс мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн”-г тогтоох ач холбогдолтой талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн гэрч Б.Отгончимэг хэн хэнтэй хамт явсан, хар хувцастай хүн байсан эсэх, шүүгдэгч Б.О ямар хувцастай явсан, Алтаншагай гэгчийг гэрчээр тогтоон мэдүүлэг авах зэрэг ажиллагааг зайлшгүй хийх нь хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.

Дээрх шүүгчийн захирамжид дурдсан нөхцөл байдлыг тодруулж, хэргийн бодит байдлыг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн заалтад нийцэх бөгөөд нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн зөв тогтоож, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх нь гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ач холбогдолтой тул дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх”-ээр бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЗ/571 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                       Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ