| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/01551/И |
| Дугаар | 101/ШШ2022/02396 |
| Огноо | 2022-05-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2022/02396
2022 05 23 101/ШШ2022/02396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххххххххххх тоотод оршин суух, Н.Х-н /РД: ххххххххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ххххххххххххххххх-т /РД: 000000000/ холбогдох
Ажлаас халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан зогсоолын ажилтанаар эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мягмардорж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Н.Х миний бие 2012 оны 02 сарын 21-ний өдөр УЗЗ-т зогсоолын ажилтнаар анх ажилд орсон.
Ингээд ажиллаж байтал 2022 оны 02 сарын 14-ний өдөр Хангарьд, Спортын ордон Драмын театруудын төлбөртэй зогсоолууд хувьд шилжсэн гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т зааснаар мэдэгдэл өгөлгүй, гэнэт халсан.
Иймд ажлаас халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан зогсоолын ажилтанаар эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасан.
Ажлаас халсныг эсэргүүцээд шүүхэд өгөхөөр хөлсөөр ажиллах гэрээтэй байсан гэсэн тайлбар өгсөн байна. Ажил олгогч харин бид нарын хөдөлмөрлөх эрхэнд бүдүүлгээр халдаж эрхийг минь зөрчсөн гэж үзэж байна.
Үүнд:
2012 оны 06 сарын 15-ны өдөр баталсан Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал-ын дөрөв: Хөдөлмөрийн гэрээ ба бусад ойролцоо төрлийн гэрээний ялгааны талаар:
4.2-т Хөдөлмөрийн гэрээ болон иргэний хөлсөөр ажиллах гэрээ субьект, гэрээний зүйл, нийгмийн даатгал төлөх журам зэргээр адил шинжийг агуулдаг боловч ажлын байр, гэрээний хугацааны үргэлжлэх хугацаа, цалин хөлс, ажлын хөлс, ажил гүйцэтгэх байдал /дэглэм/, гэрээ цуцлагдах журам зэрэг нь өөр байдаг байна. Тухайлбал: Хөдөлмөрийн гэрээнд ажилтанд олгох цалин хөлсний хэмжээг талууд тохирох ба Монгол Улсын Засгийн газраас баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлс тогтоох эрхгүй, мөн сард 2 ба түүнээс дээш удаа олгохоор, харин хөлсөөр ажиллах гэрээнд хөлсний хэмжээг өөрсдөө тогтоож, ажил дууссаны дараа эсхүл ажлын явцад хэсэгчлэн олгох боломжтой байдаг байна.
Гэрээний үргэлжлэх хугацаа 1 жил гаран үргэлжилсэн, ажлын цагийн хөлс хөдөлмөрийн гэрээгээр ажилладагаас өөрчлөгдөөгүй, өмнө хийж байсан ажлаа л хийсэн.
Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн.
Мөн хөдөлмөрийн гэрээнд ажилтан нь байгууллагын дотоод журам, албан тушаалын тусгай журам, норм, нормативын дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг бол хөлсөөр ажиллах гэрээний ажиллагч нь гэрээнд заасны дагуу ихэвчлэн өөрийн боломжоор ажил үүргийг гүйцэтгэхээр, түүнчлэн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох талаар хөдөлмөрийн гэрээний талуудын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, харин хөлсөөр ажиллах гэрээний талууд Иргэний хуулийн гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах нийтлэг үндэслэлийн дагуу тус тус өөр байдлаар цуцлагддаг байна.
Ажил олгогч хөлсөөр ажиллах гэрээнийхээ 6.2-т Энэ гэрээний хэрэгжилтийн явцад талуудын хооронд гарах аливаа асуудлыг бичгээр мэдэгдэнэ гэж заасныг зөрчсөн, ямар нэг байдлаар надад мэдэгдээгүй.
Ажилтан өөрөө өөртөө тушаал шийдвэр гаргадаггүй, өөртөө тааруулж бүтэц зохиодоггүй, тухайн үед хөлсөөр ажиллах гэрээ байгуулахдаа гэрээний чинь нэр өөрчлөгдөнө, өөр зүйл өөрчлөгдөхгүй гэсэн. Өнөөдөр ингээд халчихна гэж бодоогүй.
Мөн намайг гуйхаар тушаал гаргаж өгсөн гэлээ. Гуйхаар тушаал гаргадал бол албан байгууллага гэж байгаад яах болж байна. Би хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллахгүй гэхэд тухайн үед гар гэж тулгасан. Ингэж намайг болон батлагдсан хууль тогтоомжийг доромжилж болохгүй гэж үзэж байна.
Иймээс миний бие 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 36 дугаартай хөлсөөр ажиллах гэрээг 2022 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ гэж заасныг зөрчин хөдөлмөрийн гэрээ биш хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж үзэн уг хөлсөөр ажиллах гэрээг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Бид нар байгууллагадаа 2022 оны 02 сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан ажилласан жилийнхээ хэмжээнд гэнэт халагдсаны мөнгө авах хүсэлтээ гаргасан.
Ингээд намайг ажлаас чөлөөлсөн УЗЗ-ын даргын 2022 оны 02 сарын 14-ний өдрийн Б/13 дугаартай тушаалыг гардаж аваад 2022 оны 02 сарын 25-ны орчим нийгмийн даатгалын хэлтэст тушаалаа аваачиж өгсөн.
2022 оны 03 сарын 25-ны өдөр тэтгэмж 650,000 төгрөг, 2022 оны 04 сарын 25-ны өдөр тэтгэмж 650,000 төгрөг авсан одоо 2022 оны 05 сарын 25-ны өдөр 650,000 төгрөгийн тэтгэмжээ авна гэв.
Хариуцагч УЗЗ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мягмардорж шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус газар нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 08 сарын 31-ний өдрийн 14 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар тус газрын дүрмийн 1.1-т УЗЗ нь Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалт, замын тэмдэг, тэмдэглэгээ, асфальтбетон, бетон бүтээц эдлэл, хайрга дайрганы үйлдвэрлэл, нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлэгийн засвар арчлалт, ашиглалтыг хариуцах чих үүрэг бүхий орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар мөн гэж заасан үндсэн чиг үүргийн дагуу Нийслэлийн засаг даргын баталсан бүтэц, орон тоонд багтааж үйл ажиллагаагаа эрхэлдэг.
Нийслэлийн засаг даргын 2020 оны 06 сарын 26-ны өдрийн А/885 тоот захирамжаар баталсан бүтэц, орон тооны дагуу Газрын даргын 2020 оны 09 сарын 02-гы өдрийн А/31 тоот байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан бөгөөд уг тушаалаар хэрэгжилтийг хангахын тулд зогсоолын ажилтан, нүхэн гарцын ажилтан нарт бүтэц, орон тоог өөрчилсөн тухай мэдэгдэл өгсөн.
Үүний үндсэн дээр 2020 оны 09 сарын 02-ны өдрийн Б/285 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Төлбөртэй зогсоолуудыг Нийслэлийн замын хөгжлийн газар хариуцан ажилладаг бөгөөд манай байгууллага гэрээний үндсэн дээр ажиллуулж Нийслэлийн замын санд төлбөрийг хуримтлуулдаг.
Төлбөртэй зогсоолуудыг хэзээ буцаан авах нь тодорхойгүй байсан тул Н.Хтэй 2020 оны 09 сарын 28-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээг Иргэний хуулийн 359-368 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан.
Хөлсөөр ажиллах гэрээг 2020 оны 12 сарын 31-ний өдрөөс гэрээ дуусах хүртэл нийт 5 удаа сунгаж байсан.
Хөлсөөр ажиллах гэрээг цуцлах үед Н.Х нь гэрээний 2 эх хувийг санаатайгаар авч явсан. Хүний нөөцийн ажилтан н.Тогтохбаяр гэрээний 1 хувийг авах гээд Хангарьд ордны зогсоол дээр очиход хөлсөөр ажиллах гэрээг өгөхгүй, чадахгүй гэх тайлбар хэлж байсан ба шүүхэд хүсэлт гарган шүүгчийн захирамжийн дагуу Н.Хээс уг 2 гэрээг гаргуулан хэрэгт хавсаргуулсан.
Нийслэлийн замын хөгжлийн газраас 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 2/23 тоот зогсоолуудыг шилжүүлэн авах тухай мэдэгдлийн дагуу тус газрын 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 15 дугаартай албан бичгээр зогсоолуудыг ажилтнуудын хамт хүлээлгэн өгөх тухай хариу хүргүүлсэн.
Уг мэдэгдлийн дагуу Н.Хтэй байгуулсан 2020 оны 09 сарын 28-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээг 2022 оны 02 сарын 09-ний өдөр Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-т Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно, мөн хөлсөөр ажиллах гэрээний 5 дугаар зүйл, 5.2.1-т Холбогдох байгууллагатай байгуулсан төлбөртэй зогсоол ажиллуулах гэрээ цуцлагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн нь гэрээ цуцлах үндэслэл болно гэсний дагуу хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон.
Нэхэмжлэгч Х.Хийн шүүхэд өгсөн 2022 оны 02 сарын 14-ний өдрийн Б/13 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг Н.Х нь нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмжээ авах гэсэн юм. Гэтэл заавал тушаал байх ёстой гээд байна гэж хүсэлт өгсний үндсэн дээр нийгмийн даатгалын байгууллагад гаргаж өгсөн тушаал юм.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд даатгуулагч мэргэжил сургалтанд хамрагдах, ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгоход дараахь баримт бичгийг бүрдүүлнэ, өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас халсан тухай шийдвэр гэж байсан тул тушаал гаргаж өгсөн.
Мөн 2020 оны 09 сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцалж байхад Н.Х нь шүүхэд болон бусад газарт өргөдөл, нэхэмжлэл гаргаж байгаагүй бөгөөд тухайн үед үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсний дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Иймд нэхэмжлэгч Н.Хийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Талуудын шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Н.Х нь нэхэмжлэл, УЗЗ-ын даргын 2022 оны 02 сарын 14-ний өдрийн Б/13 дугаартай Н.Хийг ажлаас чөлөөлөх тухай тушаал, иргэний үнэмлэхний хуулбар, түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтыг ирүүлжээ.
Хариуцагч УЗЗ нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Я.Мягмардоржид олгосон итгэмжлэл,
Нийслэлийн засаг даргын 2020 оны 06 сарын 26-ны өдрийн А/885 дугаартай Захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамж, Н.Хт 2020 оны 08 сарын 27-ны өдөр гардуулсан мэдэгдэл,
УЗЗ-ын дүрэм, мөн газрын даргын 2020 оны 09 сарын 02-ны өдрийн А/31 дугаартай Байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, мөн газрын даргын 2020 оны 09 сарын 02-ны өдрийн Б/285 дугаартай Газрын нийт ажилтнуудыг ажлаас чөлөөлөх тухай тушаал,
Мөн газрын даргын 2020 оны 09 сарын 02-ны өдрийн Б/286 дугаартай Газрын нийт ажилтнуудыг ажилд томилох тухай тушаал,
УЗЗ-т Нийслэлийн замын хөгжлийн газрын хүргүүлсэн 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 2/23 дугаартай мэдэгдэл,
УЗЗ-аас Нийслэлийн замын хөгжлийн газарт хүргүүлсэн 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 15 дугаартай албан бичиг,
УЗЗ-ын Хангарьд, Спорт, Драмын театрын зогсоолын ажилтан нарт хүргүүлсэн 2022 оны 03 сарын 04-ний Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг,
Нэр бүхий ажилчдын тэтгэмж авах тухай газрын улирдлагад гаргасан 2022 оны 02 сарын 21-ний өдрийн хүсэлт зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч талын хүсэлтээр 2022 оны 05 сарын 02-ны өдрийн 10715 дугаар захирамжаар нэхэмжлэгч Н.Хээс тус газартай 2020 оны 09 сарын 28-ны өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч Н.Х тухайн гэрээг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Х нь хариуцагч УЗЗ-т холбогдуулан ажлаас халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан зогсоолын ажилтанаар эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 36 дугаартай хөлсөөр ажиллах гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ гэж заасныг зөрчин хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж үзэн уг гэрээг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Нэхэмжлэгч Н.Х нь хууль зөрчиж ажлаас чөлөөлсөн гэж, хариуцагч тал хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон, төлбөртэй зогсоол ажиллуулах гэрээ цуцлагдсан тул Н.Хийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргааа.
Нийслэлийн засаг даргын 2020 оны 06 сарын 26-ны өдрийн А/885 дугаар бүхий Захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамжаар УБЗ ОНӨААТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай Нийслэлийн засаг даргын 2019 оны А/616 дугаар захирамжийн хавсралтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсан ба удирдлага 4, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахдах 1, дотоод хяналт шалгалтын мэргэжилтэн 1, захиргаа удирдлагын хэлтэс 13, засвар ашиглалтын хэлтэс 52, үйлдвэрлэлийн хэлтэс 41, санхүүгийн хэлтэс 10, авто бааз 57, үйлчилгээ шуурхай ажлын алба 36, нийт 215 гэж өөрчлөн,
Батлагдсан бүтэц, орон тоонд багтаан ажилтнуудын цалин хөлс, нэмэгдлийг зохих журмын дагуу тооцон ажиллахыг тус газрын удирдлагад үүрэг болгожээ.
/ХХ-ийн 21 дүгээр тал/
УБЗ ОНӨААТҮГ-ын дарга 2020 оны 09 сарын 02-ны өдрийн А/31 тоот Байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар:
Хөдөлмөрийн тухай уулийн 48 дугаар зүйлийн 48.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 08 сарын 31-ний өдрийн 14 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан тус газрын дүрмийн 2.10, Улаанбаатар хотын захирагчийн 2020 оны 06 сарын 26-ны өдрийн А/885 дугаар захирамжийг үндэслэн
УБЗ ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тооны шинэчлэлтийг нэгдүгээр, албан тушаалын үндсэн цалинг хоёрдугаар, хэлтэс албадын чиг үүргийг гуравдугаар хавсралтаар тус тус баталжээ.
/ХХ-ийн 22-25 дугаар тал/
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020 оны 06 сарын 26-ны өдрийн А/885 тоот захирамжаар УБЗ ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсаны дагуу төлбөртэй зогсоол, гүүр, нүхэн гарцын ажилтанууд зохион байгуулалт, орон тооны хязгаарт багтаагүй үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдсэн 2020 оны 08 сарын 27-ны өдрийн 13 дугаартай мэдэгдлийг ажилтан Н.Хт 2020 оны 08 сарын 28-ны өдөр гардуулсан байна.
/ХХ-ийн 26 дугаар тал/
УБЗ ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбоотой тус газрын даргын 2020 оны 09 сарын 02-ны өдрийн Б/285 дугаар бүхий тушаалаар тус газрын удирдлага, захиргаа, хүний нөөцийн хэлтэс, санхүүгийн албаны ажилтануудыг нэгдүгээр, үйл ажиллагаа төлөвлөлтийн хэлтсийн ажилтануудыг хоёрдугаар, засвар ашиглалт, үйлчилгээний албаны ажилтануудыг гуравдугаар, үйлдвэрлэл, техникийн албаны ажилтануудыг дөрөвдүгээр хавсралт ёсоор тус тус ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.
Нэхэмжлэгч Н.Х нь үйл ажиллагаа, төлөвлөлтийн хэлтэст хамаарах ба тус хэлтсийн ажилтануудын нэрсийн жагсаалтын 20-т Насанжаргал Х, зогсоолын ажилтан гэсэн байна.
/ХХ-ийн 27-34 дүгээр тал/
Мөн газрын даргын 2020 оны 09 сарын 02-ны өдрийн Б/286 дугаартай тушаалаар тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан газрын удирдлага болон захиргаа, удирдлагын хэлтэс, санхүүгийн ажилтануудыг нэгдүгээр, засвар ашиглалтын хэлтсийн ажилтануудыг хоёрдугаар, үйлдвэрлэлийн хэлтсийн ажилтануудыг гуравдугаар, авто баазын ажилтануудыг дөрөвдүгээр, үйлчилгээ, шуурхай ажлын албаны ажилтануудыг тавдугаар хавсралт ёсоор батлан тус тус томилон ажиллуулжээ.
/ХХ-ийн 35-42 дугаар тал/
УБЗ ОНӨААТҮГ-т Замын хөгжлийн газраас 2022 оны 01 сарын 17-ны өдөр 2/23 дугаартай дараах мэдэгдлийг хүргүүлсэн ба ... НИТХ-ын 2009 оны 4/27 дугаар тогтоолын 3.1-т зааснаар нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоолын үйлчилгээ явуулах эрх бүхий байгууллага нь Нийслэлийн авто замын хөгжлийн газар байхаар заасан ч Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь Чингэлтэй дүүрэг, Хангарьд ордны баруун талын зогсоол, Драмын эрдмийн театрын хойд талын зогсоол, Сүхбаатар дүүрэг Спортын төв ордны баруун талын зогсоолын талбайг эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулаагүй, зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байна.
Дээр дурдсан 3 төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг 2020 оны 01 сарын 18-ны дотор тус газарт шилжүүлж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, аудитын албан шаардлагын хэрэгжилтийг хангаж ажиллана уу гэжээ.
УБЗ ОНӨААТҮГ нь Нийслэлийн замын хөгжлийн газарт хүргүүлсэн 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 15 дугаартай албан бичигтээ:
Чингэлтэй дүүрэг, Хангарьд ордны баруун талын зогсоол, Драмын эрдмийн театрын хойд талын зогсоол, Сүхбаатар дүүрэг Спортын төв ордны баруун талын зогсоолын талбайг 11 ажилтан, бүртгэлтэй эд хөрөнгийн хамт хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн байна.
/ХХ-ийн 43-44 дүгээр тал/
УБЗ ОНӨААТҮГ-ын дарга Б.Баянмөнх нь иргэн Н.Хишигжаргалтай 2020 оны 09 сарын 28-ны өдөр хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр Н.Хишигжаргал нь Хангарьд хотхон, Сүхбаатарын талбай, Спортын төв ордон, Драмын театрын төлбөртэй зогсоолуудад ээлжлэн сар бүрийн хуваарийн дагуу зогсоолын ажилтанаар ажиллах, ажиллуулагч сард 700,000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд гэрээний хугацааг 2020 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал гэж тохирчээ.
Гэрээний хугацааг тухай бүр нь сунгаж байсан ба 2021 оны 03 сарын 31-ний өдөр дуустал,
2021 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал,
2021 оны 09 сарын 30-ны өдрийг дуустал,
2021 оны 11 сарын 30-ны өдрийг дуустал,
2022 оны 01 сарын 31-ний өдрийг дуустал,
2022 оны 02 сарын 09-ний өдрийг дуустал тус тус сунгаж байжээ.
/ХХ-ийн 57-64 дүгээр тал/
Дээр дурьдсан баримтуудаас дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсжээ.
Талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2022 оны 02 сарын 09-ний өдрөөр дуусгавар болсон байх бөгөөд Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасныг баримтлан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр Н.Хийг ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй, хуульд нийцжээ.
УЗЗ-ын бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдсантай холбоотой, мөн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулах чиг үүргийг өөр байгуулах хэрэгжүүлэх болсонтой холботой тус газар нь Н.Хтэй 2020 оны 09 сарын 28-ны өдөр хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн хуулийг зөрчөөгүй байна.
Нэр бүхий 8 ажилтан УЗЗ-т нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасны дагуу уг газрын даргын 2022 оны 02 сарын 14-ний өдрийн Б/13 дугаар бүхий Н.Хийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар түүнтэй байгуулсан гэрээг дуусгавар болгон 2022 оны 02 сарын 14-ний өдрөөс ажлаас нь чөлөөлсөн гэжээ.
Н.Х дээрх тушаалыг гардан авч нийгмийн даатгалын байгууллагад өгснөөр нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжид 2022 оны 03 сарын 25-ны өдөр 650,000 төгрөг, 2022 оны 04 сарын 25-ны өдөр 650,000 төгрөг тус тус авсан, 2022 оны 05 сарын 25-ны өдөр 650,000 төгрөгийн тэтгэмжээ авна хэмээн тайлбарласан болно.
/ХХ-ийн 2, 70 дугаар тал/
Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дүгээр зүйлийн 364.1-т зааснаар хариуцагч УЗЗ-т холбогдох ажлаас халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан зогсоолын ажилтанаар эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх, 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 36 дугаартай хөлсөөр ажиллах гэрээг хүчингүйд тооцуулах тухай Н.Хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дүгээр зүйлийн 364.1-т зааснаар хариуцагч УЗЗ-т холбогдох ажлаас халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан зогсоолын ажилтанаар эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх, 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 36 дугаартай хөлсөөр ажиллах гэрээг хүчингүйд тооцуулах тухай Н.Хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч Н.Х улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН