Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2022/02407

 

 

 

 

 

 

 

2022 05 23 101/ШШ2022/02407

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххх тоотод оршин суух, Л.Тын /РД: хххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххххххххххххххх тоотод оршин суух, Д.М-д/РД: хххххххххххх/ холбогдох

7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан,

Хариуцагч Д.м,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Нямдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.ХатанТ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Д.м нь нэхэмжлэгч Л.Ттай 2020 оны 06 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 2020 оны 07 сарын 09-ний өдрөөс 2020 оны 12 сарын 09-ний өдөр хүртэл 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн.

Хариуцагч Д.м нь зээлийн хүүгээ төлж байсан боловч үндсэн зээл 5,000,000 төгрөгөө огт төлөөгүй.

Иймд хариуцагч Д.мээс үндсэн зээл 5,000,000 төгрөг, мөн гэрээний 2.5 болон 2.7-д заасан алданги буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон алдангид 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч Д.мтэй 2020 оны 01 сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулан түүнд 5,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2020 оны 07 сарын 09-ний өдөр хүртэл хугацаатай зээлсэн бөгөөд гэрээний хугацаагаа дуусмагц хугацааг нь сунган дээрх 2020 оны 06 сарын 26-ны өдрийн гэрээг байгуулсан.

Хариуцагч Д.мийн зээлийн хүүнд төлсөн мөнгө 4,150,000 төгрөг байх ба тэрээр гэр бүлийн хүн болох н.Баярсайханы данснаас 2020 оны 05 сарын 09-ний өдөр 500,0000 төгрөг, 2020 оны 06 сарын 09-ний өдөр 500,000 төгрөг төлсөн гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй тул төлсөн гэж үзэх боломжгүй гэв.

 

Хариуцагч Д.м шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.м би Л.Таас анх 2020 оны 01 сарын 09-ний өдөр гэрээ байгуулалгүй амаар тохирч 5,000,000 төгрөгийг авсан. Тухайн үед зээлийн хүүг тодорхой тохиролцоогүй ба би сар бүр зээлийн хүү гэж 500,000 төгрөг төлж явсаар 2020 оны 06 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай гэрээ байгуулсан.

Би өнгөрсөн хугацаанд Л.Тд 5,950,000 төгрөг төлсөн. 2020 оны 01 сарын 09-ний өдөр 4,500,000 төгрөг түүнээс авсан ба 2020 оны 02 сарын 09-ний өдөр 500,000 төгрөг, 2020 оны 03 сарын 08-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 04 сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, гэр бүлийн хүн н.Баярсайханы данснаас 2020 оны 05 сарын 09-ний өдөр 500,000 төгрөг, 2020 оны 06 сарын 09-ний өдөр 500,000 төгрөг төлсөн.

Ингээд өөрийнхөө данснаас 2020 оны 07 сарын 09-ний өдөр 400,000 төгрөг, 2020 оны 08 сарын 11-ний өдөр 500,000 төгрөг, 2020 оны 09 сарын 09-ний өдөр 300,000 төгрөг, 2020 оны 09 сарын 12-ны өдөр 250,000 төгрөг, 2020 оны 10 сарын 14-ний өдөр 280,000 төгрөг, 2020 оны 10 сарын 22-ны өдөр 220,000 төгрөг, 2020 оны 11 сарын 11-ний өдөр 250,000 төгрөг, 2020 оны 11 сарын 24-ний өдөр 200,000 төгрөг, 2020 оны 12 сарын 18-ны өдөр 250,000 төгрөг, 2020 оны 12 сарын 24-ний өдөр 200,000 төгрөг тус тус төлсөн.

Нийт төлсөн 5,950,000 төгрөгөөс хүү 2,500,000 төгрөгийг хасахад 3,450,000 төгрөг гарах ба энэ бол үндсэн зээлэнд төлсөн мөнгө. 5,000,000 төгрөгөөс 3.450.000 төгрөгийг хасч 1,550,000 төгрөгийг үндсэн зээлэнд төлнө. Нийт 2,500,000 төгрөг төлнө гэв.

 

Талуудын ирүүлсэн баримтууд:

Нэхэмжлэгч Л.Т нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 06 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, Л.Т, Д.м нарын иргэний үнэмлэхний хуулбар,Б.Уртнасанд олгосон итгэмжлэл, Хаан банк дахь 5700665044 тоот дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Д.м нь 2020 оны 06 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, Л.Т, Д.м нарын иргэний үнэмлэхний хуулбар, Хаан банк дахь 5075069436 тоот дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэх 2020 оны 01 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч Д.мт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

/үндсэн зээл 5,000,000 төгрөг

Алданги 2,500,000 төгрөг-Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/

 

Нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч Д.мт 2020 оны 01 сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгийг 2020 оны 07 сарын 09-ний өдөр хүртэл хугацаагаар зээлсэн гэх ба хожим уг хугацаа дуусахаас өмнө талууд 2020 оны 06 сарын 26-ны өдөр үүнийгээ бичгээр баталгаажуулан 2020 оны 07 сарын 09-ний өдрөөс 2020 оны 12 сарын 09-ний өдөр хүртэл хугацаагаар сарын 10 хувийн хүүтэй, 5,000,000 төгрөгийг зээлэн, зээлдэгч нь хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон гэжээ.

2020 оны 06 сарын 26-ны өдөр буюу тухайн өдөр уг мөнгийг хүлээлгэж өгөөгүй, гагцхүү өмнө нь 5.000.000 төгрөг зээлсэн хугацааг сунгасан талаар талууд тайлбарлалаа.

/ХХ-ийн 3 дугаар тал/

 

2020 оны 06 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 3 дугаар тал /

 

Зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох бөгөөд хариуцагч Д.м 2020 оны 01 сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Л.Таас 5,000,000 төгрөг зээлэхээр тохирч уг өдрөө 4,500,000 төгрөгийг хүлээн авсан нь Хаан банк дахь 5075069436 тоот дансны хуулгаар тогтоогдож байх тул талуудын хооронд зээлийн харилцаа үүсчээ.

Мөн тэрээр 2020 оны 01 сарын 09-ний өдрөөс 2020 оны 12 сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч Л.Тд зээлийн хүүгийн төлбөрт 4,650,000 төгрөг төлсөн нь түүний Хаан банк дахь 5075069436 тоот дансны хуулгаар тогтоогдсон гэж үзлээ.

/ХХ-ийн 37-143 дугаар тал/

 

Хариуцагч Д.м нь 2020 оны 01 сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгийг зээлэхдээ хүү тохироогүй гэх боловч тэрээр сар бүр зээлийн хүүнд 500,000 төгрөг төлж байсан талаараа тайлбарлан Хаан банк дахь дансны хуулгаа ирүүлсэн тул тэднийг 2020 оны 01 сарын 09-ний өдөр зээлийн хүүгээ тохирсон гэж үзсэн болно.

Зээл авсны дараагаар уг зээлийг бичгийн хэлбэрт оруулан баталгаажуулсан нь талуудын хүсэл зориг, гэрээний чөлөөт байдлыг үгүйсгэхгүй байгаагаас гадна хожим зээлийн нөхцлийг бичгийн хэлбэрт оруулсан нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээс буюу хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Талууд зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс бус, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаардаг.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Зээлдүүлэгч Л.Т нь зээлдэгч Д.м 2020 оны 01 сарын 09-ний өдрөөс 2020 оны 12 сарын 09-ний өдөр хүртэл хугацааны зээлийн хүүгийн төлбөрийн тооцоогүй талаар тайлбарласан болно.

 

Хариуцагч Д.м нь нөхөр н.Баярсайханы данснаас 2020 оны 05 сарын 09, 2020 оны 06 сарын 09-ний өдрүүдэд нийт 1,000,000 төгрөг төлсөн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй.

 

Талуудын хооронд байгуулсан 2020 оны 06 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний 2.3-т заасан ёсоор зээлдэгч Д.м гэрээний хугацаа дууссан 2020 оны 12 сарын 09-ний өдөр үндсэн зээл 5,000,000 төгрөгийг төлөхөөр тохирсон ч тэрээр уг үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ,

талуудын хооронд байгуулсан гэрээний 2.7-д Хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно хэмээн заасан бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгч Д.мээс алданги шаардсан нь үндэслэлтэй.

 

Хариуцагч Д.м ар гэрийн байдлын улмаас зээлийн төлбөр төлөхөд хүндрэлтэй байгаа талаараа тайлбарласан ба нэхэмжлэгч тал үүнийг нь харгалзан үзэхэд татгалзах зүйлгүй хэмээн тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан алданги 2,500,000 төгрөгийн тал хувийг багасгаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.мээс үндсэн зээл 5,000,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг, нийт 6,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Тд олгон нэхэмжлэлийн шаардлагаас 1,250,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.мээс 6,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Тд олгон нэхэмжлэлийн шаардлагаас 1,250,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Тын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.мээс 114,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Тд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН