Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2022/01064

 

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Б дүүрэг,  дугаар хороо, Д хороолол, тоотод байрлах, Х ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг,  дугаар хороо,, Г ХХК /РД:*****/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Харуул хамгаалалтын гэрээний үүрэг болон алданги нийт 45 912 764 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Д.Э, М.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан харуул хамгаалалтын гэрээний үүрэг болон алданги нийт 73 326 504 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Манай Х ХХК нь Г ХХК-ийн гэрээт харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэхээр 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Гэрээт харуул хамгаалалтын 19/07 дугаартай гэрээ байгуулан харилцан тохиролцон ажиллаж эхэлсэн. Гэтэл Г ХХК нь гэрээт харуул хамгаалалтын  дугаартай гэрээний 12.2 дахь хэсэгт “хамгаалагчийн 1 сарын цалин 1 400 000 төгрөг, нийт 10 хамгаалагчийн сарын цалин 14 000 000 төгрөг, төлбөрийг сард 2 удаа, сар бүрийн 1-15 хүртэлх төлбөрийг тухайн сарын 16-ны өдөр, 16-30 хүртэл төлбөрийг тухайн сарын 30, 31-ний өдөр, Төрийн банкны 10750 Х ХХК-ийн дансаар хийнэ”, мөн гэрээний 12.4 дэх хэсэгт “Хамгаалалтын хөлс хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцно” гэж заасан гэрээний заалтуудыг тус тус зөрчиж, хамгаалалтын цалин хөлсийг удаа дараа хожимдуулж ирсэн. Үүний улмаас манай байгууллага тухайн цаг хугацаанд ажилчдын цалин хөлсийг төлж чадахгүй байдал үүсч, манай байгууллага бусад иргэн, байгууллагаас хүүтэй мөнгө зээлж хамгаалагчдын цалин хөлсийг олгож байсан.

Иймд Г ХХК нь гэрээт харуул хамгаалалтын  дугаартай гэрээний 12.2, 12.4 дэх заалтыг удаа дараа зөрчсөн тул хамгаалалтын цалин хөлсний төлбөрийн алданги 53 376 504 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын хамгаалалтын цалин хөлсний төлбөрөөс НӨАТ авч байна нэрийдлээр хассан 2 350 000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 19-30-ний өдрийг дуустал хамгаалалтын цалин хөлсний төлбөр 4 600 000 төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс  2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хамгаалалтын цалин хөлсний төлбөрийн үлдэгдэл буюу зөрүү төлбөр 13 000 000 төгрөгийг, нийт 73 326 504 төгрөгийг тус компаниас гаргуулан өгч манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд хариуцагчид холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 19-нөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийг дуустал хамгаалалтын цалин хөлсний төлбөр 4 600 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хамгаалалтын цалин хөлсний төлбөрийн үлдэгдэл буюу зөрүү төлбөр 13 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзаж, хамгаалалтын цалин хөлсний төлбөрийг хугацаандаа төлөөгүй алданги 53 376 504 төгрөг гаргуулах шаардлагыг 43 562 764 төгрөг болгон багасгаж, 2019 оны 09 дүгээр сарын хамгаалалтын цалин хөлсний төлбөрөөс НӨАТ авч байна нэрийдлээр хассан 2 350 000 төгрөгийг гаргуулах шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагч тал хамгаалалтын хөлсийг 07 дугаар сарын 15-ны өдөр өгөх ёстой байсан боловч 07 дугаар сарын 18-ны өдөр өгсөн, бид хэтэрсэн хоногоо тооцож алдангиа шаардсан байгаа. Зарим үед хугацаандаа өгч байсан боловч бусад үед 1-41 хоногоор хугацаа хэтэрч өгч байсан. Гэрээний дагуу хөлсийг төлөхөд цар тахал хамаарахгүй. Хууль зөрчөөгүй, харуул хамгаалалтын ажлын тендер зарласан, үүний дагуу л манайхтай гэрээ байгуулж ажиллахаар болсон. Хэрэв хууль дүрэм зөрчсөн гээд байвал энэ байгууллагын хуулийн хэлтэс нь өөрөө буруутай гэж үзэж байна.  

Иймд хариуцагчаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 43 562 764 төгрөг, НӨАТ-ыг үндэслэлгүй хассан 2 350 000 төгрөг, нийт 45 912 764 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэсэн.

 

Хариуцагч Г ХХК-ийн төлөөлөгч Ж хариу тайлбартаа:

Манай компанийн толгой компани болох Г ХХК нь Улаанбаатар-Дарханы зам засварын ажлын тендерт шалгарч 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Зам, Тээврийн Хөгжлийн Яамтай /ЗТХЯ/ “У-С” чиглэлийн авто замын 45.74 км зам барих СW1-3 төслийн гүйцэтгэгчийн гэрээ байгуулан ажиллаж байгаа болно. Уг гэрээт ажлыг гүйцэтгэх явцдаа барилгын талбайд байх бараа материал, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг харж хамгаалуулах, хулгай болон хайрах зэрэг учирч болзошгүй аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор Х ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр харуул хамгаалалтын гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Манай компаний хэрэгжүүлж буй СW1-3 төслийн гүйцэтгэл 2020 оны 11 дүгээр сард 80%-д хүрч харуул хамгаалалт шаардагдаж байсан бараа материал, шатахуун, сэлбэг хэрэгслүүд барьсан замын өртөгт шингэж, ажиллаж дууссан машин техникүүдийг буцааж, харуул хамгаалалт шаардлагагүй болсон байдаг. Бид энэ талаар Х ХХК-тай аман тохиролцоо хийж, харуул хамгаалалтын ажлыг дуусгавар болгосон боловч уг компани 2021 онд бидэнтэй дахин ажиллах хүсэлт гаргасан. Гэвч бид харуул хамгаалалтын шаардлагагүй болсон, өмнө хамтран ажиллах үед хамгаалалт шаардагдах 1 объектыг 3 хамгаалагч хамгаалахаар тохиролцсон ч хамгаалагч нарын тоо байнга дутуу ажиллаж байсан гэсэн шалтгаанаар татгалзсан. Гэсэн хэдий ч бид гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлан төлбөрийг бүтнээр төлж ирсэн. Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нийт гэрээт ажлын хугацаанд төлбөрүүдийн хугацаа хэтэрсэн алданги гэж 53 376 504 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Бид ЗТХЯ-тай нэг жилийн хугацаатай гэрээ хийсэн боловч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас үүдэн давагдашгүй нөхцөл байдлын улмаас Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 164 тоот тогтоолоор орж ирж ажиллах байсан 200 инженер, техникийн ажилчид орж ирээгүй, гэрээт ажил төлөвлөсөн хугацаандаа багталгүй, барилгын ажил хугацаандаа дуусах боломжгүй болсноос гэрээ дахин нэг жилээр сунгагдсан. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл хангалтгүй, төлөвлөгөөт бус зардлууд нэмэгдэж, гүйцэтгэлийн санхүүжилт гарсан зардлаа нөхөж хүрэхгүй болж санхүүгийн доголдолд орж эхэлсэн. Тухайлбал харуул хамгаалалтын ажлын хугацаа уртасч зардал нэмэгдсэн боловч манай ажлын төсөв санхүүжилт нэмэгдээгүйгээс харуул хамгаалалтын төлбөрийг цаг хугацаанд нь төлж чадахгүй байдалд хүрсэн. Хэдийгээр бид санхүүгийн хүнд бэрхшээлтэй байдалд орсон байгаа ч толгой компани болон санхүүгийн байгууллагуудаас зээлэх замаар Х ХХК-тай холбоотой төлбөрүүдийг дараах байдлаар барагдуулж ирсэн. Гэрээний 12.4 дэх заалтыг үндэслэж тооцсон алданги 43 562 764.55 төгрөг болж байгаа ба дээр дурьдсан санхүүгийн хүндрэлд орсон тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна.             2019 оны 09 дүгээр сарын нэхэмжлэлээс НӨАТ авч байна гэсэн нэрийдлээр хассан гэж 2 350 000 төгрөг нэхэмжилжээ.  Х ХХК нь төлбөрийг НӨАТ багтсан дүнгээр нэхэмжилсэн байсан. Манай хэрэгжүүлж буй төслийн гэрээний тусгай нөхцөлийн 14.1-д дотоодын бараа, ажил, үйлчилгээнд НӨАТ чөлөөлсөн байдаг ба энэ нөхцөлийг Сангийн сайдын 253 тоот тушаалаар баталсан байдаг. Тиймээс нэхэмжилсэн төлбөрөөс НӨАТ-ыг хасаж, НӨАТ багтаагүй үнээр төлбөр хийсэн болно. Х ХХК нь уг төлбөрийг манай хэрэгжүүлж буй “0” хувийн татвартай “Бүс НАЗХ Төсөл-3” татвар төлөгчийн 992 тоот регистер ашиглан шивж НӨАТ-аас чөлөөлөгдөх ёстой. Тиймээс Х ХХК нь төлбөртөө НӨАТ багтаан нэхэмжлэх ёсгүй юм. 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 30-ний өдрүүдийн дутуу 4 600 000 төгрөг болон 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дутуу төлбөр гэж 13 000 000 төгрөг нэхэмжилжээ. Манай компанийн ерөнхий инженер, талбайн инженер нар харуул хамгаалалтын ажилтнуудын цагийн бүртгэлийг үндэслэн сар бүр тооцоо хийж харилцан баталж баримтжуулдаг. Бидний тооцоонд дээрх нэхэмжилсэн дүнг баримтжуулаагүй тул энэхүү нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна.

Манай компани нь А-ны 3 дугаартай зээл тусламжаар  Зам тээвэр хөгжлийн яамтай гэрээ хийсэн төсөл хэрэгжүүлэгч бөгөөд харуул хамгаалалтын Х ХХ -тай гэрээ байгуулахдаа “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т  захиалагч буюу өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.21-т “төсөл хэрэгжүүлэгч” гэж гадаад зээллэгийн хөрөнгөөр санхүүжих төслийн хэрэгжилтийг хариуцах чиг үүрэг бүхий олон улсын гэрээ, төслийн баримт бичиг, гэрээнд оролцогч талуудын хооронд байгуулсан бусад тохиролцлын баримт бичигт заасан эрх бүхий байгууллагыг гээд тодорхой хуульчилж өгсөн байдаг. Бид энэ гэрээг энэ хуулийн дагуу байгуулаагүй тул гэрээг хянан үзэж хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа боловч уг шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээ нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх гэрээ гэж үзэж байгаа. Гэхдээ гэрээ хэрэгжээд дуусгавар болсон учраас бид төлсөн хөлсийг буцаана гэхгүй боловч хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Харин гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол НӨАТ-т суутгасан гэх 2 350 000 төгрөгийг зөвшөөрч байгаа гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Х ХХК болон Г ХХК нарын хооронд байгуулагдсан Гэрээт харуул хамгаалалтын гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, 202007000183 дугаар Цагдаагийн Ерөнхий газраас олгосон гэрчилгээ, Х ХХК-ийн дүрэм, Х ХХК-ийн эзэмшлийн 10750 тоот Т ХХК-ийн харилцах дансны харилцагчийн хуулга, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ажлаа гүйцэтгэж байсныг нотлоно гэсэн гэрэл зургууд, Х ХХК-ийн цагийн бүртгэлийн дэвтэр, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Х ХХК болон Д.Д нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ, Х ХХК-ийн эзэмшлийн Төрийн банк ХХК-ийн 107500146942 тоот дансны хуулга, 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Х ХХК-иас Б.Л олгосон итгэмжлэл, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Э ББН-иас ирүүлсэн эмнэлгийн магадлагаа /хэргийн 3,4-6, 7, 8, 9-10, 11-15, 16, 25, 57-82, 87, 88-90, 91-98-р хуудас/,

хариуцагчаас Г ХХК-иас 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Д.Э олгосон итгэмжлэл, Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г ХХК-иас 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Б.Э, Д.Э нарт олгосон итгэмжлэл, Г ХХК-иас 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр М.Б олгосон итгэмжлэл, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2 тоот Монгол улсын Сангийн сайдын тушаал, тушаалын хавсралт, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай Монгол улсын Засгийн газрын тогоол №, тогтоолын хавсралт, Х ХХК-иас Г ХХК-д ирүүлсэн нэхэмжлэхүүд, Г ХХК-иас 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд Х ХХК-руу мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн баримт, Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ  /хэргийн 19-20, 42, 48-49, 100-101, 107, 123, 125-140, 141-154, 192, 193-р хуудас/ гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Х ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг нотлох баримтаар шүүх бүрдүүлсэн, шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн сидид авагдсан бичлэг, цагийн бүртгэлийн бор дэвтэрт үзлэг хийж, тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан. /хэргийн 157-177-р хуудас/ 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлээс 2 350 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 43 562 764 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь харуул хамгаалалтын гэрээнд заасан үүргээ гүйцэтгэсэн боловч хамгаалагч нарын хөлсийг хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тул үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги болох 43 562 764 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын хамгаалалтын хөлснөөс НӨАТ гэж хассан 2 350 000 төгрөг, нийт 45 912 764 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийг гэрээний үүргийг биелүүлсэн байхад алданги шаардсан нь үндэслэлгүй, талуудын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хууль зөрчсөн, гэрээ хүчин төгөлдөр бус учраас алданги төлөх үүрэг үүсэхгүй, НӨАТ-ын суутгалд суутгасан 2 350 000 төгрөгнөөс бусдыг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Г ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Гэрээт харуул хамгаалалтын № тоот гэрээг 2019 оны 7 дугаар сарын 01-нээс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулж, хариуцагч талын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг ажиллаж буй хугацаандаа харж хамгаалах, хулгай, танхай зэрэг учирч болзошгүй аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, харуул хамгаалалтыг зохион байгуулахаар харилцан тохиролцжээ.

 

Талуудын маргааны зүйл нь гэрээг хууль зөрчин байгуулсан эсэх, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги төлөх талаар байна, гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн, гэрээгээр харилцан тохиролцсон ажлын хөлсийг төлсөн талаар маргаагүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан Гэрээт харуул хамгаалалтын гэрээ нь хүчин төгөлдөр бус, хариуцагчийн хэрэгжүүлж буй авто замын бүтээн байгуулалтын төсөл нь А-ны  дугаартай зээл тусламжаар санжүүжиж байгаа төсөл хөтөлбөр бөгөөд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахдаа Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.2, 4.1, 4.1.3, 4.1.21, 7.1-д заасныг зөрчсөн гэж маргасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” хүчин төгөлбөр бус байна гэж заасан бөгөөд “хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгоно.

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.2-д “гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө”, 4.1-д “дараахь этгээд захиалагч байна”, 4.1.3-д “өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.21-д заасан төсөл хэрэгжүүлэгч”, 7.1-д “захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна”, Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-д "төсөл хэрэгжүүлэгч" гэж гадаад зээллэгийн хөрөнгөөр санхүүжих төслийн хэрэгжилтийг хариуцах чиг үүрэг бүхий олон улсын гэрээ, төслийн баримт бичиг, гэрээнд оролцогч талуудын хооронд байгуулсан бусад тохиролцлын баримт бичигт заасан эрх бүхий байгууллагыг хэлнэ гэж тус тус заажээ.

Мөн Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.3-д Захиалагч энэ хуулийн 8.1.2-т заасан “босго үнээс бага төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг энэ хуулийн 7.1 дэх хэсэгт заасан журмыг мөрдөхгүйгээр шууд худалдан авч болно”, 8.1-д “Засгийн газар нь барааны, ажлын, үйлчилгээний гэсэн ангилал тус бүрээр дараахь босго үнийг тогтооно”, 8.1.2-д “шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаарыг тогтооно” гэж тус тус заасан, хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд ирүүлсэн нийтэд илэрхий баримт болох 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2 тоот Монгол улсын Сангийн сайдын тушаалын хавсралтад Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчилгааны төсөл хэрэгжүүлэгч буюу гүйцэтгэгч нь Г ХХК, дотоодын худалдан авалтын дүнг тусгасан байна.

Хариуцагч нь  А-ны  дугаартай зээл тусламжаар ЗТХЯ-тай гэрээ хийсэн төсөл хэрэгжүүлэгчээр Улаанбаатар-Дарханы зам засварын ажлын тендерт шалгарч 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамтай У С чиглэлийн авто замын 45,74 км зам барих  төслийн гүйцэтгэгчийн гэрээ байгуулан ажиллаж байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд уг ажлыг хэрэгжүүлэх явцдаа нэхэмжлэгчтэй Гэрээт харуул хамгаалалтын гэрээг байгуулсан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.

            Иймд зохигч талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Гэрээт харуул хамгаалалтын гэрээг харилцан тохиролцож байгуулсан байх тул талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

            Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 359.2-д “энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэж заасан.

            Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д “гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө”, 360.2-д “шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно” гэж зааснаар хариуцагчтай ажлын хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцсон боловч хугацаандаа хөлсөө төлөөгүй тул үүргээ гүйцэтгээгүй гэж алданги шаардсан.

            Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Гэрээт харуул хамгаалалтын гэрээний 12.1-д “хамгаалалтын зардлыг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж байх үүргийг хүлээнэ”, 12.2-д “нэг сарын 30 хоногоор тооцон 1 хамгаалагчийн 1 сарын хөлс 1 400 000 төгрөг, нийт 10 хамгаалагчийн сарын хөлс 14 000 000 төгрөг, төлбөрийг сард 2 удаа /сар бүрийн 1-15 хүртлэх төлбөрийг тухайн сарын 16-нд, 16-30 хүртлэх төлбөрийг тухайн сарын 30,31-нд/ Х ХХК-ийн тоот дансаар хийнэ”, 12.4-д “хамгаалалтын хөлс төлөх хугацаа хэтэрвэл хоног тутам 0,5 хувийн алданги тооцно” гэж харилцан тохиролцжээ.

Мөн гэрээний 3.2-д “гэрээний хугацаа дуусахад аль ч тал гэрээг дуусгавар болгон цуцлах санал тавиагүй бол энэхүү гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт гэрээний дугаар 1-д зааснаар “...2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх 1 тоот гэрээнд заасан ажлын хэрэгцээ шаардлагыг үндэслэн талууд харилцан тохиролцож өмнөх гэрээний үндсэн дээр дараах заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулж байна гэрээний бусад зүйл, заалтууд үндсэн гэрээнд заасан дагуу хэвээр байх болно” гэжээ.

Үүнд “...Нэг. Гэрээний 12.2-д  заасны дагуу 1 хамгаалагчийн 1 сарын ажлын хөлс 1 400 000 төгрөг байсныг 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 0,7 хувиар бууруулан 1 300 000 төгрөг болгон өөрчлөх”, Хоёр. Мөн гэрээний уг заалтад заасны дагуу гэрээт ажил үйлчилгээний төлбөрийг тухайн сарын 16,30,31-ний өдрүүдэд сард 2 удаа төлдөг байсныг өөрчлөн 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цагийн тооцоо нийлсний дараа сард 1 удаа тухайн сарын 30,31-нээр ажлын 3 хоногт багтаан олгох”-оор харилцан тохиролцжээ.

Зохигч талууд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Гэрээт харуул хамгаалалтын гэрээ, мөн Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт 19/07-г байгуулсан, гарын үсэг зурсан талаар маргаагүй болно.

Мөн нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн болохыг нотлоно гэж гэрэл зургууд, бичлэгүүдийг, ажлын цагийн бүртгэлийн дэвтрийг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг баримтуудад үзлэг хийж тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан,  нэхэмжлэгчийг гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн талаар хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртлэх хамгаалагчийн цалин хөлс нийт 555 546 362 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй.

Хариуцагчийн төлөөлөгч нар нь Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичгээр нэхэмжлэгч Х ХХК-ний нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтаар ажилчид нь цагийн бүртгэлтэй таарахгүй байна гэсэн боловч хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлсөн талаар хүлээн зөвшөөрсөн болно.  

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээнд заасан хөлс төлөх хугацааг хэтрүүлсэн гэж алданги шаардсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Гэрээт харуул хамгаалалтын гэрээний 12.4-д алданги төлөхөөр харилцан тохиролцсон, мөн Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг Харуул хамгаалалтын хөлсийг хугацаандаа өгдөггүй байсан болох нь Х ХХК-ийн Т-ны харилцах дансны харилцагчийн хуулга, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбараар 43 562 764 төгрөгний алданги төлөх нь нотлогдоно гэсэн.

Талуудын хооронд байгуулагдсан Гэрээт харуул хамгаалалтын гэрээний 12.4 “хамгаалалтын хөлс төлөх хугацаа хэтэрвэл хоног тутам 0,5 хувийн алданги тооцно” гэж талууд харилцан тохиролцсон боловч уг алдангийг хэрхэн тооцоолсон талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийн хариу тайлбартаа ирүүлсэн төлбөр барагдуулсан тооцооллоор хугацаандаа төлөөгүй алданги нь 43 562 764 төгрөг гэж тайлбарласан.

Гэвч нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн алданги шаардах эрх үүссэн гэсэн боловч нэхэмжлэгчийн харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах эрх нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс зохих байгууллагад бүртгэгдсэн, гэрээ байгуулахад буюу өмнө нь харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах эрхтэй байсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын №20200 тоот бүртгэлийн гэрчилгээнд “...Хар ирвэс оноосон нэртэй хуулийн этгээд нь гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэхээр цагдаагийн байгууллагад холбогдох материалаа ирүүлсэн тул Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх, бүртгэлээс хасах, үйл ажиллагаанд хяналт тавих журамыг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр бүртгэн 1 нэг жилийн хүчинтэй хугацаагаар гэрчилгээ олгов” гэжээ.

Нэхэмжлэгч нь гэрээ байгуулахад үйл ажиллагаа явуулах эрхтэй байсан гэж, хариуцагч нь эрхтэй этгээдтэй гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй, хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Х ХХК-ийн албан бичигт “...2019 оны 10 дугаар сард компани Б ХХК гэдэг нэрээ Х ХХК болгон өөрчилсөн болохоо албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дахин олгожээ.

Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 5.1-д “хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээд нь харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэхдээ харьяалах аймаг, нийслэлийн цагдаагийн газар /хэлтэс/-т бүртгүүлнэ”, 8.1-д “харуул хамгаалалт эрхлэх талаар үйлчлүүлэгч болон харуул хамгаалалтын байгууллага гэрээ байгуулна”, 8.2-д “харуул хамгаалалтын тухай гэрээ байгуулахдаа Иргэний хуульд заасан нийтлэг журмыг баримтлахаас гадна гэрээнд дор дурдсан зүйлийг тусгана”, 8.2.1-д “цагдаагийн байгууллага болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн он, сар, өдөр, регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар” гэж заасан байх бөгөөд 8.3-д “энэ хуулийн 8.1, 8.2-т заасан нөхцөлийг хангаагүй гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэж тус тус заасан.

Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчтай 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр харуул хамгаалалтын ажил эрхлэх гэрээг байгуулахдаа Цагдаагийн ерөнхий газраас бүртгэлийн гэрчилгээтэй байсан эсэх талаарх баримтгүй байгаа боловч Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрлийн хугацааг сунгасны дараа дахин байгуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ” гэж заасан байх бөгөөд  мөн хариуцагч нь нэгэнт ажлын хөлсөнд төлсөн төлбөрийг буцаан авахгүй гэж тайлбарласан болно.

Мөн хариуцагчаас шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0

 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг ирүүлсэн, 2020 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох аж ахуйн нэгж байгууллагад Г ХХК Монгол улс АХБ хооронд байгуулсан санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу Улаанбаатар Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай замын засвар шинэчлэлийн ажил хуваар 2020 оны 7 дугаар сарын 1-ний дотор гэсэн боловч цар тахалтай холбоотой үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч Г ХХК-иас гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй алданги гэж шаардсан 43 562 764 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын харуул хамгаалалтын ажлын хөлсийг олгохдоо НӨАТ-ыг хасаж тооцсон 2 350 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа харуул хамгаалалтын хөлснөөс НӨАТ хасаж тооцсон 2 350 000 төгрөгийг буцаан төлөх талаар маргахгүй, зөвшөөрч байна гэсэн тул хариуцагчаас 2 350 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 524 583 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас нэхэмжлэлийн хангасан шаардлагын хэмжээнд төлөх 52 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

                                                    ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Г ХХК-иас 2 350 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 43 562 764 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  524 583 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 52 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Д.ХУЛАН