Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын ахлах прокурор Ц.Бямбадорж,

Шүүгдэгч: Д.Жанчив,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Хохирогч: Ч.Чулуундалай,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Говь транс ложистик ХХК-ийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч:  Г.Урантогос,

Иргэний хариуцагч Милпорт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Одончимэг,

Иргэний хариуцагч Гашуун сухайт авто зам ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Дөлбадрах, С.Төмөрхуяг,

Иргэний хариуцагчийн Үйлсийн зам ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Нарандолгор нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дашдондогийн Жанчивт холбогдох 201616010085 тоот эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1965 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Милпорт” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сум, 13 дугаар баг, Шинэ хороо 3 дугаар гудамж, 14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Дашдондогийн Жанчив /РД:ЙС65030611/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Д.Жанчив нь 2016 оны 08 дугаар сарын 24-ний шөнө тус аймгийн Баян-Овоо сум, Могойт багийн нутаг дэвсгэрт байх нүүрс тээвэрлэлтийн засмал замын 86.5 дахь км-т “Милпорт” ХХК-ийн эзэмшлийн 18-44 УНЦ улсын дугаартай, Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд өөдөөс ирж явсан “Говь транс ложистик” ХХК-ийн эзэмшлийн, Ч.Энхболдын жолоодож явсан 84-31 УНЦ улсын дугаартай “HOWO” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, ослын улмаас Ч.Энхболд нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Жанчив мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 08 дугаар сарын 23-ны орой Таван толгойн 4 дүгээр ам гэх газраас нүүрс ачаад гарсан. Замын 86 дахь км явж байсан бөгөөд замын урд нүх байсан. Би жолооны хүрдээ дараад дийлээгүй бөгөөд хажуугаар нэг машин орж ирсэн. Тэрнээс хойш би санахгүй байгаа. Нэг мэдэхэд шалбаагаас намайг гаргаж байсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Чулуундалай мэдүүлэхдээ: “...Талийгаач ах маань миний төрсөн ах байсан. Тухайн үед би Ханбогд суманд ажиллаж байсан бөгөөд надруу утсаар хэлсэн. Тухайн үед би осол болсон газар дээр нь очиж үзэхэд цогцсыг аваад явсан байсан. Би осол болсон газрыг харчихаад явсан. Миний ах манай ээж дүү нарыг тэжээн тэтгэдэг байсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэг иргэний нэхэмжлэгч “Говь транс ложистик” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантогос тайлбар өгөхдөө: Манай компаний энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Иргэний хариуцагч нараас шууд бодит хохирол болох авто машиний эвдрэл гэмтэлтэй холбоотойгоор чирэгч 25.000.000 төгрөг, чиргүүл 12.000.000 төгрөг, хохирогчид төлөх үйлдвэрийн ослын 23.000.000 төгрөг, шүүхэд ирэх унаа зардлын мөнгө 80.500 төгрөг нийт 60.480.000 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.5 дахь хэсэгт заасны дагуу иргэний хариуцагч нараас нэхэмжилж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч “Говь транс ложистик” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөлөөгч Г.Урантогос тайлбар өгөхдөө: Үйлдвэрлэлийн ослын улмаас манай компани иргэний хариуцагчаар татагдсан. ЭБШХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлын талаар зааж өгсөн. Иймээс манайх иргэний хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэж бодож байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний хариуцагч “Милпорт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Одончимэг: Нэхэгдэж байгаа төлбөрийг шүүхийн шийдвэрийн дагуу бусад хариуцагч нартай хамтран төлнө гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт “Гашуун Сухайт автозам” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  С.Төмөрхуяг тайлбар өгөхдөө: Жолооч Жанчив нь 2016 оны 08 дугаар сарын 24-ний шөнө тус аймгийн Баян-Овоо сум, Могойт багийн нутаг дэвсгэрт байх нүүрс тээвэрлэлтийн засмал замын 86 дахь км-т “Милпорт” ХХК-ийн эзэмшлийн 18-44 УНЦ улсын дугаартай, Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байдаг. Уг зам тээврийн осол дээр Ахлах дэслэгч Батзоригийн тавьсан акт, цагдаагийн дэд хурандаа Мягмаржав зөвлөх инженер Долгорсүрэн, Очирбат, Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд нь Жанчивийн буруутай үйлдлээс болж уг замын осол гаргасаг, замын эвдрэл нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан биш гэсэн акт гарсан байдаг. Иймээс “Гашуун сухайт авто зам” ХХК нь хариуцлага хүлээх үндэслэлгүй байна. “Гашуун сухайт авто зам” ХХК нь “Үйлсийн зам” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хамтран ажиллаж ирсэн. Уг гэрээний 4.1.12 дахь хэсэгт ажил гүйцэтгэх явцад аюулгүй ажиллгааг хангаагүй гүйцэтгэж буй ажилдаа болгоомжгүй хайнга хандсан холбогдох стандарт журмын мөрдөөгүй улмаас замаар явах машин саатсан захиалагч болон гуравдагч этгээдийн амь нас эрүүл мэнд эд хөрөнгөнд учирсан хохирлыг барагдуулна гэж заасан учир хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дөлбадрах: Хавтаст хэргийн 23-24, 79 дүгээр талд цагдаагийн дүгнэлтэнд тулгуурлан тайлбар хийнэ. Хавтаст хэргийн 39-55 хуудсанд ухаа худаг гашуун сухайт чиглэлийн замын үйлчилгээ засвар ачилтын гүйцэтгэх гэрээний 7.1.3 дахь хэсэгт “Гашуун Сухайт автозам” ХХК-ийн эрхийг заасан байдаг. Автозам эзэмшигчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 14.2.4 дэх хэсэгт зааснаар хамаарагдаж байгаа. Эдгээр эрх нь дээрх гэрээний 7.3 дахь хэсэгт тусгагдсан байгаа. Уг гэрээг байгуулсан 5 компаний байгаа. Энэ гэрээг үндэслэн дээрх хуулийн 14.2.3 дахь хэсгийг үндэслэн “Үйлсийн зам” ХХК-тай гэрээг хийсэн. Энэ гэрээний 1.1 дэх хэсэгт “Үйлсийн зам” ХХК-нь Автозам эзэмшигчийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан авто зам хариуцагчийн үүргийг хүлээн ажиллана гэж заасан. Мөн гэрээний 8.3 дахь заалтанд гүйцэтгэгч нь замын ашиглалтын нөхцөл байдал, хангагдаагүйн улмаас аж ахуй нэгж байгууллага иргэнд хохирол учирсаныг хууль хяналтын байгууллага тогтоосон бол Автозам эзэмшигчийн тухай хуулийн 23.2 дахь хэсэгт заасан хариуцлагыг хүлээнэ гэж заасан байгаа. Зам замын тухай хуулийн 8.1 дэх хэсэгт тодорхой зааж өгсөн байгаа. Зам ашиглаж байгаа байгууллагын буруу юм уу? эзэмшигч байгууллагын буруу юм уу? гэдгийг авто замын улсын байцаагч байдаг боловч дүгнэлт гаргаагүй байдаг. Тухайн замын эвдрэл байгалийн үзэгдлээс болж тухайн өдөр гарсан байдаг. Энэ талаар цагдаагийн ажилтанд хэлсэн. Түүнээс тухайн нүх сар гаран байгаагүй. Иймээс манай байгууллага нөхөн болох хууль зүйн үндэслэлгүй юм гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч “Үйлсийн зам” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарандолгор: Тухайн авто замын засвар үйлчилгээ арчилгааг “Гашуун сухайт авто зам”, “Үйлсийн зам” ХХК 2 хамтын ажиллагааны гэрээний дагуу байгуулсан. 2016 оны 8 сарын 23-ны өдөр Жанчив нь зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохирсон нь хангалттай нотлогдож байгаа.  2016 оны 9 сарын 15-ний шинжээчийн дүгнэлт 2016 оны 10 сарын 18-ны бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “Үйлсийн зам” ХХК нь буруутай нь тогтоогдоогүй. Осол гарахад нөлөөлсөн шалтгаанаар гэмт хэргийн улмаас гарсан хохирлыг төлөх үндэслэл байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-11-р хуудас/

Цогцос болон түүний өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-19-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан “...Д.Жанчивыг ...драгер багажаар шалгахад 0,00 хувийн ..” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 22-р хуудас/

Зам тээврийн осол тогтоосон: ”...Нордбенз маркийн 18-44 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Жанчив нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн бөгөөд тус нүүрс тээвэрлэлтийн засмал замын ашиглалтыг хариуцсан байгууллага нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “...Зам ашиглалтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам төмөр замын гарам буюу замын бусад байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн...” гэх акт /хавтаст хэргийн 23-24-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Чулуундалайг хохирогчоор тогтоох тогтоол /хавтаст хэргийн 27-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Чулуундалайгийн дахин өгсөн: ”...осол болж нас барсан гэдгийг дуулаад хэргийн газар дээр очиж үзсэн. ...манай ах дүү төрөл садангийн хүмүүс бүгд зөвшилцөөд нэхэмжлэх зүйлийг надаар дамжуулж байцаалтдаа тусгуулахаар болсон. Манай талийгаач ах маань өндөр настай буюу 76 настай ээжтэй маань хамт амьдарч харж ханддаг, тэжээн тэтгэдэг байсан, мөн манай хөгжлийн бэрхшээлтэй ахыг маань хамт харж ханддаг юм. ...Авто осолд орж зуурдаар нас бараагүй байсан бол 60 нас хүртлээ ажиллах боломжтой байсан. Иймд бидний зүгээс ажиллаж олох байсан хугацааны цалинг нэхэмжилж байна. Талийгаач маань 51 настай байсан. Хөдөлмөрийн тухай хуульд эрэгтэй хүн 60 нас хүртэл ажиллахаар заасан байдаг. Тэгэхээр манай ах 9 жил ажиллах боломжтой байсан. Ингээд бидний зүгээс нийт 40,000,000 сая төгрөг нэхэмжилж байна. ...нэхэмжилж байгаа зүйлийг маань гаргаж өгөх юм бол гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-р хуудас/

“Говь транс ложистик” ХХК-ийн 2016 оны 08 сарын 30-ны өдрийн А/17/49 дугаартай итгэмжлэл олгох тухай:”...Говь транс ложистик” ХХК-ийн Хово маркийн 84-31 УНЦ улсын дугаартай автомашины жолооч Ч.Энхболдод холбогдох хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тус компанийг төлөөлөн оролцох бүрэн эрхийг менежер ажилтай Л.Гэндэндарамд олгож байна...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 32-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Гэндэндарамын: ”...Манай компанийн 84-31 УНЦ улсын дугаартай Хово маркийн чирэгч автомашиныг жолоодож явсан Ч.Энхболд нь 2016 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Таван толгой уурхайгаас Гашуун сухайт хүртэлх хатуу хучилттай авто замд нүүрс тээвэрлэлтийн ажил үүргээ гүйцэтгэж яваад зам тээврийн осолд орж нас барсан. Энэ осол аваартай холбоотой хэрэгт манай компани намайг иргэний нэхэмжлэгчээр томилсон. Надад осол аваарын талаар мэдэх зүйл байхгүй. Уг нь ослоос болж манай компанийн 84-31 УНЦ улсын дугаартай автомашины чирэгч буюу толгой хэсэг нь бүрэн эвдэрсэн дахин ашиглагдах боломжгүй болсон. Үнэлгээний компанийн гаргасан дүгнэлттэй танилцлаа гаргасан үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Чиргүүлийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Одончимэгийн: ”...Манай компани олон улсын ачаа тээвэр эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, үүнийхээ дагуу нүүрс тээврийн үйл ажиллагааг хийдэг. ..Д.Жанчив гэдэг хүн манай компанид жолоочоор ажиллаж байсан. Гэхдээ ороод удаагүй байсан. Ер нь бол туршилтын хугацаандаа ажиллаж байсан. Албан ёсны ажилтан бишээ. ...би өөрөө Улаанбаатар хотод байсан учир тээвэрт явж байсан жолооч нартайгаа холбогдож осолд орсон машиныг замаас чөлөөлөх арга хэмжээг авсан. Манай жолооч нар тус машиныг чирэх боломжгүй байна гэхээр нь тухайн үед тэр хавиар явж байсан ковшоор осолд орсон машиныг өргөж өөр нэг нордбенз машинд ачуулж Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хад гэх газарт таньдаг хүний хашаанд аваачуулсан. ...Манай компанид БНХАУ-ийн Го ван гэдэг хүний 7 машин тээвэрт явдаг юм. Тэр хүн манай машинуудын бүрэн бүтэн байдал болон засвар үйлчилгээг БНХАУ-д машиныг очоод буцаад Монгол руу гаргахад байнга үзэж шалгаж байдаг юм. Манай компанид албан ёсны машинуудын бүрэн бүтэн байдлыг үзэж шалгаж засварладаг механикч Дамдинсүрэн гэдэг ажилтан байдаг. ...Манай компанид Д.Жанчиваас машины эвдрэлтэй холбоотой хохирлыг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-р хуудас/

“Милпорт” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах тухай тогтоол /хавтаст хэргийн 35-р хуудас/

 “Үйлсийн зам” ХХК-ийн 1/184 тоот итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай :”...компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр инженер Ш.Хүрэлбаатарыг томилсон болно..” гэх албан бичиг /хавтаст хэргийн 36-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Хүрэлбаатарын: ”...замын бүрэн бүтэн байдлыг хариуцах компани нь “Гашуунсухайт авто зам” ХХК юм. “Гашуунсухайт авто зам” ХХК нь авто зам засвар арчлалтын тендер зарлаж манай компани тендерт шалгарч 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс хойш тухайн замын засвар арчлалтын ажлыг хариуцаж эхэлсэн. “Гашуунсухайт авто зам” ХХК-тай манай компани гэрээг байгуулж тухайн ажлыг гүйцэтгэж байгаа ба гэрээгээр тухайн замын бүрэн бүтэн байдлыг хариуцах компани манай компани юм. ...тухайн замын гол хэсэгт том оврын нүүрсний автомашины давхар дугуйн өргөнтэйгээр урт нь баримжаагаар 5-6 метр орчим гүн нь 40 орчим см хэмжээтэй замын эвдрэл харагдаж байсан. Тухайн замын эвдэрсэн хэсгийн асфальт нь элэгдэж нимгэрсэн суурь хөрс нь ил гарсан байсан. Тухайн осол болсон замын хажуугаар их хэмжээний ус тогтсон байдалтай мөн үерийн ус замыг давж урссан байдалтай байсан. 2016 оны 08 дугаар сарын 23-ны оройн 19 цагийн үед Гашуун сухайт авто замын хяналтын инженер Дөлбадрах над руу утсаар яриад 86 дахь километр дээр зам эвдэрсэн юм шиг байна. Очоод үзээдэх гэж хэлсэн .би очиж үзээгүй. Ковш явуулж замын нүхийг бөглөхийг ковшийн жолооч Ганбатад үүрэг болгосон. Ганбат тухайн замд гарсан эвдрэл нүхийг бөглөхөөр явж байхад нь тухайн осол гарсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-р хуудас/

“Үйлсийн зам” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах тухай тогтоол /хавтаст хэргийн 38-р хуудас/

“Гашуун сухайт автозам” ХХК болон “Үйлсийн зам” ХХК-ийн хооронд байгуулсан “Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх хатуу хучилттай авто замын 2016 оны засвар арчлалт болон шуурхай бэлэн байдлын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хавтаст хэргийн 39-55-р хуудас/

“Гашуун сухайт авто зам” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/121 дугаартай итгэмжлэл олгох тухай “...Гашуун сухайт авто зам” ХХК-ийн хуулийн зөвлөх О.Чинхүсэлд ЭБШХ-ийн 44 дүгээр зүйлд заасан бүхий л эрх болон компанийг төлөөлөн тайлбар гаргах, байцаан шийтгэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт, гомдол шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах эрхийг итгэмжлэн олгож байна” гэх захирлын тушаал /хавтаст хэргийн 57-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Чинхүсэлийн: ”...тухайн зам нь 2013 оны Засгийн газрын 299 дүгээр тогтоолоор “Энержи Ресурс” ХХК-аас “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжиж ирсэн. Замын засвар арчлалт менежментийг Гашуун сухайтын авто зам хариуцдаг. 2016 онд Гашуун сухайт авто зам” ХХК замын засвар арчлалтыг гэрээгээр “Үйлсийн зам” ХХК-нд шилжүүлсэн. Гэрээний дагуу “Үйлсийн зам” ХХК–д 2016 оны 08 дугаар сарын байдлаар 4 тэр бум орчим төгрөгийн санхүүжилтийг хийсэн байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-р хуудас/

“Гашуун сухайт авто зам” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах тухай тогтоол /хавтаст хэргийн 59-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Доржсүрэнгийн: ”...2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай компанийн жолооч нар бүгд уурхайгаас нүүрс ачаад цагтаа хөдөлсөн. ..тэр үед миний араас ирсэн Д.Жанчив надтай цуг хоолонд орсон. Тэгээд Д.Жанчив миний араас хөдлөөд явсан. Би Жанчивын өмнө 2 км гаруй зайтай явсан. Би 90 дэх км-т явж байхдаа Д.Жанчив руу залгаад хаана явна гэж асуусан чинь 80 дээр явж байна одоо араас чинь очлоо гэж хэлсэн. Тэгээд би цаашаагаа яваад 120 дахь км-т машинууд цуваа татаад зогссон байхаар нь цувааны ард очиж зогсоод Д.Жанчив руу залгахад утас нь дуудаад авахгүй байсан. ...Нүүрс тээврийн замын эвдрэл нь ер нь удаж байсан. миний мэдэж байгаагаар бараг сар орчим байсан нүх, би тэр нүхийг мэддэг болохоор тойроод гардаг байсан. би тэр өдөр тухайн нүхийг тойроод гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Адьяабазарын: ”...Манай захирал Одончимэг над руу яриад Д.Жанчив осолд орсон байна машиных нь нүүрс нь зам дээр асгарсан байна гэнэ нүүрсийг нь очоод ачаад цагаан хаданд буулга гэж хэлсний дагуу осол болсон газарт явж очсон. Намайг очиход 2 машин мөргөлдсөн. 2 машины толгойн эд ангиуд эвдэрч бутарсан байдалтай байсан. Би машинтайгаа очоод асгарсан нүүрсийг ковшоор чиргүүл дээрээ ачаад цагаан хад руу явсан. Толгойн эд ангиуд нь 4 хэсэг болоод салчихсан байсан. Мотор, кроп, рам, толгой бүгд салаад тогтоол усан дотор байсан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Дамдинсүрэнгийн: ”...Би “Милпорт” ХХК-нд нүүрс тээврийн том оврын автомашин жолооддог ажилтай. 2016 оны 008 дугаар сарын 23-ны өдөр Тавантолгой уурхайгаас нүүрс ачиж гараад Гашуун сухайтын боомтын чиглэлд явсан. ..Би машинаа жолоодоод яваад 57 дахь км-т байдаг постон дээр очиход зам хаачихсан осол гарсан гэсэн. Тэр үед шөнө байсан учир ямар машин осол гаргасан талаар мэдээгүй. ...машины толгой нь усан дотор байсан. Хамаг эд анги нь салаад бутраад хэдэн хэсэг болсон байсан. Урд тэнхлэг, мотор, кроп, кабин нь бүгд салаад тус тусдаа болсон байсан. Тэнд ковш, жижиг эксковатор байсан. Тэр ковш, эксковатораар Д.Жанчивын машины толгойн хэсгийн салсан эд ангиудыг бүгдийг нь чиргүүл дээр ачуулсан. Урд тэнхлэг, кабин, мотор, кроп нь бүгд салчихсан бутарсан байдалтай байсныг жижиг эксковатораар самардуулж зам дээр гаргаад замаасаа ковшоор түрүүлж чиргүүл дээр ачсан. ...Уснаас гаргаж ирэх үед болон ковшоор чиргүүл дээр ачих үед эд ангиуд эвдэрсэн байхаа..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Лхагвадоржийн: ”...Би “Говь транс ложистик” ХХК-д тээврийн жолоочоор ажилладаг юм. 2016 оны 08 дугаар сарын 23-ны орой Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газар байдаг компанийн кемпээс Таван толгой уурхайгаас нүүрс ачихаар гарсан юм. ...цувааны хамгийн түрүүнд талийгаач Ч.Энхболд машинаа жолоодож явсан. ...засмал замын Ухаа худаг уурхайгаас 86 дахь км-т ертөнцийн зүгээр зүүн талд буюу бид нарын явж байсан урсгалд машинууд очерлоод зогсчихсон байсан. ...замын хоосон талын урсгал буюу бидний явж байсан урсгалд талийгаач Энхболдын машин мөн эсрэг урсгалаас орж ирсэн бололтой Нордбенз маркийн автомашинтай мөргөлдөөд чирэгчийн кабин толгой нь замын хажууд тогтсон тогтоол ус руу хажуугаараа орчихсон, базсан цаас шиг болж эвдэрсэн харагдсан. ...Нөгөө машины жолооч нь тогтоол усан дотор хэвтэж байсныг Лхагвадорж уснаас гаргасан харин талийгаач хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Гадаа ил харагдаагүй тогтоол усан дотор ч байгаагүй тэр шөнө аврах албаны хүмүүс ирж машины кабиныг үзээд талийгаачийг машины кабинд хавчуулагдан нас барсан байсныг гаргасан. ..ослын дараа нь уг газарт очоод харж байхад хойноос урагшаа явж байсан машины жолооч нь урсгал сөрж бидний явж байсан урсгал руу орсноос л осол болсон юм шиг харагдаж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Пүрэвцэндийн: ”...2016 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 01 цагийн үед миний утас руу манай компанийн жолооч С.Лхагвадорж залгаж засмал замын 86 дахь км-т осол гарсан ослын улмаас Энхболд кабиндаа нас барчихсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгж л осол болсон талаар мэдсэн юм. Энхболд нь манай компанийн үндсэн ажилтан байсан юм. Тээврийн жолоочоор ажиллаж байсан юм. Манай компанийн зүгээс жолооч нараа тээвэрт гарах үед нь аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгч хүснэгтэд гарын үсэг зуруулж авдаг юм. 08 дугаар сарын 23-ны орой талийгаачийг тээвэрт явах үед нь аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж, автомашиныг нь механик шалгаж гарын үсэг зуруулан тээвэрт гаргасан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Лхагвадоржийн: ”...засмал замын Ухаа худаг уурхайгаас 86 дахь км-т ертөнцийн зүгээр зүүн талд буюу бид нарын явж байсан урсгалд талийгаач Ч.Энхболдын машин, эсрэг урсгалаас орж ирсэн бололтой Нордбенз автомашинтай мөргөлдөөд чирэгчийн кабин толгой нь замын хажууд тогтсон тогтоол ус руу хажуугаараа орчихсон базсан цаас шиг болж эвдэрсэн харагдсан. Нөгөө машины жолооч нь тогтоол усан дотор хэвтэж байсныг би уснаас гаргасан. Харин талийгаачийг хаана байгаа нь мэдэгдэхгүй, гадаа ил харагдаагүй тогтоол усан дотор ч байгаагүй. Тэр шөнө аврах албаны хүмүүс ирж машины кабиныг үзээд талийгаачийг машины кабинд хавчуулагдан нас барсан байсныг гаргасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-р хуудас/

2016.10.08-ны өдрийн Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтийн үзлэгийн ”...2016 оны 10 дугаар сарын 08-нд Өмнөговь аймагийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэдэг газарт “Милпорт” ХХК-ийн 18-44 УНЦ улсын, LBZ447DB37A051339 арлын дугаартай Нордбенз маркийн автомашинд шинжээчийн үзлэг хийхэд жолооны механизмд эвдрэл үүссэн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 68-70-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Б.Өлзийхүүгийн: ”...Юунаас болж үүссэн гэдгийг тогтоох боломжгүй юм... Рулын аппарат, хөндлөн тяг хоёрыг холбосон чөмөг нь рулийн аппарат дахь хэсгээрээ салсан байсан. Уг эвдрэл нь хүчтэй хөшилт, доргилтоос болж үүсэх магадлалтай учир тус эвдрэлтэй замыг дайрч өнгөрөхөд үүсэх магадлалтай. ...Ковшоор эд ангийг ачиж буулгахад рулийн механизмд болон рулийн аппаратнаас хөндлөн тяг холбосон чөмөг салах боломжтой. ...Автомашин хоорондоо мөргөлдөх үед үүсэх боломжтой. Рулийн механизмийн эвдрэлийг дээрх асуултуудын яг аль үед нь үүссэн болохыг тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72-р хуудас/

2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №73 дугаартай шинжээчийн: ”...Цээж хэвлийн хавсарсан битүү гэмтэл, зүүн 2-9 дүгээр хавирга, баруун 12 дугаар хавирганы хугарал, элэгний баруун дэлбэнгийн язрал, хамар ясны хугарал, дунд чөмөгний хугарал, дух, хамрын гүн няцарсан шарх, хацар, шанаа, уруул, эрүү, хүзүү, сарвууны урагдсан шарх, нүүр хүзүү, сарвууны зулгаралт, баруун зүүн өвдөг, гуя, шилбэний цус хуралт, ... талийгаачийн цогцсонд дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой, талийгаачийн цогцсонд үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь даархи гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ..” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 74-р хуудас/

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 7675 дугаартай шинжээчийн ”...шинжээчид ирүүлсэн Ч.Энхболд 45-50/ эр гэж хаягласан цасанд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 76-р хуудас/

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016.09.05-ны 7676 дугаартай шинжээчийн ”...Ч.Энхболд гэж хаягласан цус нь АВ/I/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 77-р хуудас/

2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн: ”…Д.Жанчив нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн…Уг зам тээврийн осолд жолооч Ч.Энхболд нь замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна. ..Уг зам тээврийн осолд зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Батзоригийн тавьсан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна. …Д.Жанчив нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн бөгөөд тус нүүрс тээвэрлэлтийн засмал замын ашиглалтыг хариуцсан байгууллага нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Зам ашиглалтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, төмөр замын гарам буюу бусад байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 18-44 УНЦ улсын дугаартай 84-31 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд их эвдрэлтэй байгаа тул бүрэн бус байдлыг тогтоох боломжгүй. Д.Жанчив нь 462066 дугаарын ВСЕ, Ч.Энхболд нь 043744 дугаарын ВСЕ ангиллын тус тус жолоодох эрхийн үнэмлэхтэй байв.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 79-р хуудас/

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаартай шинжээч, замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Мягмаржав, Монгол Улсын зөвлөх инженер М.Долгорсүрэн, замын хөдөлгөөний хууль дүрмийн багш Ч.Очирбат нарын гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчийн : ”…Уг зам тээврийн осол нь 18-44 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Жанчивын буруутай үйлдлээс болж гарсан гэж үзэж байна. 18-44 УНЦ улсын дугаартай автомашин жолоодож явсан Д.Жанчив нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Уг зам тээврийн осолд Замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч С.Батзоригийн тавьсан акт үндэслэлтэй байна. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Энхбаатарын гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна.

Тухайн замын эвдэрсэн хэсгийн урт 12.7 метр, гүн нь 0.5 метр, өргөн нь 1.4 метр байгаа бөгөөд тухайн эвдрэл нь 18-44 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байсан чигт үүссэн нь харагдаж байна. Мөн энэ эвдрэл нь зорчих хэсгийн захаас 3.8 метрийн зайд байрласан нь 18-44 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн гар талын дугуйнууд тухайн эвдрэлтэй хэсэгт орон цохигдож гараад эсрэг урсгалд орж өмнөөс эсрэг урсгалаар ирж байсан 84-31 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байж болзошгүй байна. Тухайн зорчих хэсэг дээрх энэ эвдрэл нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан биш, гэхдээ осол гарахад саад болж нөлөөлсөн гэж үзэж байна. Замын цагдаагийн зохицуулагч Цагдаагийн ахлах дэслэгч С.Батзоригийн тавьсан актын тус нүүрс тээвэрлэлтийн засмал замын ашиглалтыг хариуцсан байгууллага нь Монгол Улсын Замын ХХД-ийн хавсралт 3.4-т заасан “Зам ашиглалтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам төмөр замын гарам буюу замын бусад байгууламж… дүрэм стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэснийг,

 Авто замын тухай хуулийн 15 дугаар зүйл “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт хамгаалалт хариуцсан байгууллагын үүрэг

15.1.1 Автотээврийн хэрэгсэл саадгүй, аюул осолгүй зорчиход авто зам, замын байгууламжийг бэлэн байлгах

15.1.3 Авто зам, замын байгууламжид тогтоосон журам технологийн зааврын дагуу үзлэг явуулж, засвар арчлалтыг тогтмол хийх” гэсэн үүргүүдийг тус тус зам хариуцсан байгууллага нь биелүүлээгүй гэж үзэж байна…” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 81-82-р хуудас/

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 06/01 дугаартай “Хово маркийн чирэгч автомашин 25,000,000 төгрөг, чиргүүл /хово/ 12,000,000 төгрөг нийт 37,000,000 төгрөг…” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 84-р хуудас/

Д.Жанчивыг сэжигтнээр тооцох тогтоол /хавтаст хэргийн 87-р хуудас/

Шүүгдэгч Д.Жанчивын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 91-92-р хуудас/

Шүүгдэгч Д.Жанчивын оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 93-р хуудас/

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 09 сарын 19-ний өдрийн 1/306 тоот “…Д.Жанчивын нэр дээр ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байна…” гэх албан бичиг /хавтаст хэргийн 95-р хуудас/

2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаартай Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн “…тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд 84-31 УНЦ улсын дугаартай, 28-70 БЧ дугаартай тээврийн хэрэгсэл нь “Говь транс ложистик” ХХК-ийн эзэмшилд бүртгэгдсэн байна…” гэх лавлагаа /хавтаст хэргийн 97-р хуудас/

2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 81 дугаартай Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн “тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд 18-44 УНЦ улсын дугаартай, 29-60 БЧ дугаартай тээврийн хэрэгсэл нь “Милпорт” ХХК-ийн эзэмшилд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа /хавтаст хэргийн 99-р хуудас/

“Говь транс ложистик” ХХК-ийн ажилтны анкет, Ч.Энхболдын иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 100-102-р хуудас/

“Милпорт” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компанийн дүрэм /хавтаст хэргийн 103-108-р хуудас/

“Милпорт” ХХК-ийн улс хоорондын ачаа тээвэрлэлтийн жолоочийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам /хавтаст хэргийн 109-114-р хуудас/

“Милпорт” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа авсан жолоочийн бүртгэл /хавтаст хэргийн 115-р хуудас/

“Говь транс ложистик” ХХК болон “Монгол даатгал” ХХК-ийн хооронд байгуулсан даатгалын гэрээний хуулбар хувь /хавтаст хэргийн 116-123-р хуудас/

“Говь транс ложистик” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа авсан жолоочийн бүртгэл, замын хуудас, автомашины үзлэгийн хуудас /хавтаст хэргийн 124-129-р хуудас/

“Говь транс ложистик” ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь, талийгаач Ч.Энхболдын иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар хувь /хх-ийн 130-136 Ухаахудаг-Гашуун сухайт чиглэлийн авто замын ашиглалт, үйлчилгээ, засвар арчилгааг гүйцэтгэх гэрээний хуулбар /хавтаст хэргийн 137-147-р хуудас/

“Гашуун сухайт авто зам” ХХК болон “Милпорт” ХХК-ийн хооронд байгуулсан автозам ашиглалтын гэрээний хуулбар /хавтаст хэргийн 148-172-р хуудас/

“Говь транс ложистик” ХХК нь талийгаач Ч.Энхболдтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дэвтэр, нас барсны гэрчилгээ /хавтаст хэргийн 173-177-р хуудас/

Хохирогч Ч.Чулуундалайгийн хохирол төлбөртэй холбоотой гаргаж өгсөн баримтууд /хавтаст хэргийн 178-185-р хуудас/

Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 16/06/045/18 дугаартай:”…Говь транс ложистик ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж аюулгүй ажиллагааны зааварчилгааг зохих журмын дагуу өгч гарын үсэг зуруулан баталгаажуулж ажилласан байна. Тухайн хэрэг болсон гэх “Таван толгой-Гашуун сухайт”-ын чиглэлийн хатуу хучилттай зам нь анх зориулалтаараа нүүрс тээвэрлэхэд зориулагдан баригдсан боловч ашиглалтад орсноос хойш улс хоорондын болон үйлдвэрлэлийн аль аль зориулалтаар нь ашиглаж байгаа бөгөөд албан ёсоор “үйлдвэрийн зам”, “Улс хоорондын ачаа тээврийн зам” гэж тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй болно. “Говь транс ложистик” ХХК-ийн жолооч агсан Ч.Энхболдод хамаарах энэхүү осол нь үйлдвэрлэлийн осол” мөн. Талийгаач Ч.Энхболд агсан нь компанийнхаа холбогдох эрх бүхий албан тушаалтнаас Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчлага авч гарын үсэг зурж баталгаажуулан, хуваарьт графикийнхаа дагуу, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн нүүрс тээвэрлэлтийн жолоочийн үүргээ гүйцэтгэж байх явцдаа өөрийн буруугаас үл хамаарах нөхцөлөөр осолд өртөж, уг ослын улмаас нас барсан байх тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”–ийн 2 дугаар зүйлийн 2.3-д “ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед” заалтыг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлтээр уг ослыг “үйлдвэрлэлийн осол”-оор тогтоосон болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 190-191-р хуудас/

Д.Жанчиваас 462066 дугаартай жолооны үнэмлэхийг хураан авах тогтоол /хавтаст хэргийн 192-193-р хуудас/

Милпорт ХХК-ийн эзэмшлийн нордбенз маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын талаарх Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 12/01 дугаартай:”…Нордбенз маркийн чирэгч 25,000,000, чиргүүл 12,000,000 төгрөг нийт 37,000,000 төгрөг” гэх үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 199-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Д.Жанчив нь 2016 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө тус аймгийн Баян-Овоо сум, Могойт багийн нутаг дэвсгэрт байх нүүрс тээвэрлэлтийн засмал замын 86.5 дахь км-т “Милпорт” ХХК-ийн эзэмшлийн 18-44 УНЦ улсын дугаартай чирэгч, 29-60 БЧ улсын дугаартай чиргүүл болох Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд өөдөөс ирж явсан “Говь транс ложистик” ХХК-ийн эзэмшлийн, Ч.Энхболдын жолоодож явсан 84-31 УНЦ улсын дугаартай чирэгч, 28-70 БЧ улсын дугаартай чиргүүл болох “HOWO” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, ослын улмаас Ч.Энхболд нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Чулуундалайн ”...осол болж нас барсан гэдгийг дуулаад хэргийн газар дээр очиж үзсэн. ... Манай талийгаач ах маань өндөр настай буюу 76 настай ээжтэй маань хамт амьдарч харж ханддаг, тэжээн тэтгэдэг байсан, мөн манай хөгжлийн бэрхшээлтэй ахыг маань хамт харж ханддаг юм. ...Авто осолд орж зуурдаар нас бараагүй байсан бол 60 нас хүртлээ ажиллах боломжтой байсан. Иймд бидний зүгээс ажиллаж олох байсан хугацааны цалинг нэхэмжилж байна. Талийгаач маань 51 настай байсан. Хөдөлмөрийн тухай хуульд эрэгтэй хүн 60 нас хүртэл ажиллахаар заасан байдаг. Тэгэхээр манай ах 9 жил ажиллах боломжтой байсан. Ингээд бидний зүгээс нийт 60,000,000 сая төгрөг нэхэмжилж байна. ...нэхэмжилж байгаа зүйлийг маань гаргаж өгөх юм бол гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-р хуудас/

гэрч Т.Лхагвадоржийн ”...замын хоосон талын урсгал буюу бидний явж байсан урсгалд талийгаач Энхболдын машин мөн эсрэг урсгалаас орж ирсэн бололтой Нордбенз маркийн автомашинтай мөргөлдөөд чирэгчийн кабин толгой нь замын хажууд тогтсон тогтоол ус руу хажуугаараа орчихсон, базсан цаас шиг болж эвдэрсэн харагдсан. ...Нөгөө машины жолооч нь тогтоол усан дотор хэвтэж байсныг Лхагвадорж уснаас гаргасан харин талийгаач хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Гадаа ил харагдаагүй тогтоол усан дотор ч байгаагүй тэр шөнө аврах албаны хүмүүс ирж машины кабиныг үзээд талийгаачийг машины кабинд хавчуулагдан нас барсан байсныг гаргасан. ..ослын дараа нь уг газарт очоод харж байхад хойноос урагшаа явж байсан машины жолооч нь урсгал сөрж бидний явж байсан урсгал руу орсноос л осол болсон юм шиг харагдаж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-р хуудас/

гэрч Ц.Пүрэвцэндийн: ”...2016 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 01 цагийн үед миний утас руу манай компанийн жолооч С.Лхагвадорж залгаж засмал замын 86 дахь км-т осол гарсан ослын улмаас Энхболд кабиндаа нас барчихсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгж л осол болсон талаар мэдсэн юм. Энхболд нь манай компанийн үндсэн ажилтан байсан юм. Тээврийн жолоочоор ажиллаж байсан юм. Манай компанийн зүгээс жолооч нараа тээвэрт гарах үед нь аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгч хүснэгтэд гарын үсэг зуруулж авдаг юм. 08 дугаар сарын 23-ны орой талийгаачийг тээвэрт явах үед нь аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж, автомашиныг нь механик шалгаж гарын үсэг зуруулан тээвэрт гаргасан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-р хуудас/

гэрч С.Лхагвадоржийн: ”...засмал замын Ухаа худаг уурхайгаас 86 дахь км-т ертөнцийн зүгээр зүүн талд буюу бид нарын явж байсан урсгалд талийгаач Ч.Энхболдын машин, эсрэг урсгалаас орж ирсэн бололтой Нордбенз автомашинтай мөргөлдөөд чирэгчийн кабин толгой нь замын хажууд тогтсон тогтоол ус руу хажуугаараа орчихсон базсан цаас шиг болж эвдэрсэн харагдсан. Нөгөө машины жолооч нь тогтоол усан дотор хэвтэж байсныг би уснаас гаргасан. Харин талийгаачийг хаана байгаа нь мэдэгдэхгүй, гадаа ил харагдаагүй тогтоол усан дотор ч байгаагүй. Тэр шөнө аврах албаны хүмүүс ирж машины кабиныг үзээд талийгаачийг машины кабинд хавчуулагдан нас барсан байсныг гаргасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-р хуудас/

2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №73 дугаартай шинжээчийн ”...Цээж хэвлийн хавсарсан битүү гэмтэл, зүүн 2-9 дүгээр хавирга, баруун 12 дугаар хавирганы хугарал, элэгний баруун дэлбэнгийн язрал, хамар ясны хугарал, дунд чөмөгний хугарал, дух, хамрын гүн няцарсан шарх, хацар, шанаа, уруул, эрүү, хүзүү, сарвууны урагдсан шарх, нүүр хүзүү, сарвууны зулгаралт, баруун зүүн өвдөг, гуя, шилбэний цус хуралт, ... талийгаачийн цогцсонд дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой, талийгаачийн цогцсонд үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь даархи гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ..” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 74-р хуудас/

2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн ”…Д.Жанчив нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн…Уг зам тээврийн осолд жолооч Ч.Энхболд нь замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна. ..Уг зам тээврийн осолд зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Батзоригийн тавьсан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна. …Д.Жанчив нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн бөгөөд тус нүүрс тээвэрлэлтийн засмал замын ашиглалтыг хариуцсан байгууллага нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Зам ашиглалтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, төмөр замын гарам буюу бусад байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 18-44 УНЦ улсын дугаартай 84-31 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд их эвдрэлтэй байгаа тул бүрэн бус байдлыг тогтоох боломжгүй. Д.Жанчив нь 462066 дугаарын ВСЕ, Ч.Энхболд нь 043744 дугаарын ВСЕ ангиллын тус тус жолоодох эрхийн үнэмлэхтэй байв.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 79-р хуудас/

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн ”…Уг зам тээврийн осол нь 18-44 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Жанчивын буруутай үйлдлээс болж гарсан гэж үзэж байна. 18-44 УНЦ улсын дугаартай автомашин жолоодож явсан Д.Жанчив нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Уг зам тээврийн осолд Замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч С.Батзоригийн тавьсан акт үндэслэлтэй байна. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Энхбаатарын гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна. Тухайн замын эвдэрсэн хэсгийн урт 12.7 метр, гүн нь 0.5 метр, өргөн нь 1.4 метр байгаа бөгөөд тухайн эвдрэл нь 18-44 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байсан чигт үүссэн нь харагдаж байна. Мөн энэ эвдрэл нь зорчих хэсгийн захаас 3.8 метрийн зайд байрласан нь 18-44 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн гар талын дугуйнууд тухайн эвдрэлтэй хэсэгт орон цохигдож гараад эсрэг урсгалд орж өмнөөс эсрэг урсгалаар ирж байсан 84-31 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байж болзошгүй байна” гэх дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Д.Жанчивыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Жанчивт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, хохирол төлбөр төлсөн зэргийг Эрүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, эрүүл мэндийг харгалзан нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзлээ.

Хохирогчийн зүгээс нийт 4,093,200 төгрөгийг нотлох баримт гарган нэхэмжилсэн ч Д.Жанчивын ажил олгогч буюу “Милпорт” ХХК-ийн хохирогчид 8,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд баримт нь хавтаст хэрэгт авагдсан /хх-ийн 243 дугаар хуудас/ байх тул оршуулгын зардал нөхөн төлөгдсөн, мөн шүүх хуралдааны шатанд 130,500 төгрөгийн баримтаар хохирол нэхэмжилснийг шүүгдэгч Д.Жанчив 300,000 төлсөн зэргээс шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцлоо.

Иргэний нэхэмжлэлийн тухайд:

Монгол улсын Засгийн газрын 2009 оны 1 сарын 14-ний өдрийн 14-р тогтоолоор “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийг баталсан байх ба уг дүрэмжийн 1.5.4-т “ажилдаа, ирэх буцах замдаа аливаа тээврийн хэрэгслээр буюу явган явж байхдаа, гарсан ослыг үйлдвэрлэлийн осод тооцохоор зааасан. Мөн 2016.10.28-ны өдрийн Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 16/06/045/18 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Талийгаач Ч.Энхболдыг үйлдвэрлэлийн ослоор нас барсныг тогтоожээ. /хх-ийн 190-191 дүгээр тал/

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар Ч.Энхболд үйлдвэрлэлийн ослоор нас барсан тул тухайн ажилтны 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр болох 23,400,000 төгрөгөөс төлсөн 5,850,000 төгрөгийг хасч, үлдэх  17,550,000  төгрөгийг “Говь транс ложистик” ХХК-иас гаргуулан хохиргч Ч.Чулуундалайд олгох нь зүйтэй.

Хохирогч Ч.Чулуундалай нас барсан хохирогч Ч.Энхболдын асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй эх Д.Содномбалжир, дүү Ч.Эрдэнэбат нарт гэм хорын төлбөрийг гаргуулахаар 60,000,000 төгрөгийг “Милпорт” ХХК, “Гашуун сухайт автозам” ХХК, “Үйлсийн зам” ХХК нараас нэхэмжилсэн.

Гэвч Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т ” төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэсэн өөрөөр хэлбэл дээрх гэр бүлийн гишүүд нь нас барсан хохирогч Ч.Энхболдын асрамжид байсныг нотлож тэжээгчээ алдсаны тэтгэврийг нийгмийн халамжийн байгууллагаас заавал тогтоолгосны үндсэн дээр шүүхээс гэм хорын хохирлын хэмжээг тогтоох боломжтой юм.

Иймд энэхүү эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлэх боломжгүй тул баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг хохирогч Чулуундалайд нээлттэй орхих нь зүйтэй.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Говь транс ложистик” ХХК-иас иргэний хариуцагч “Милпорт” ХХК, “Гашуун сухайт автозам” ХХК, “Үйлсийн зам” ХХК нараас чирэгчийн үнэ 25,000,000 төгрөг, чиргүүлийн үнэ 12,000,000 төгрөг, хохирогчид үйлдвэрлэлийн ослийн нөхөн олговор 23,400,000 төгрөг, унаа буудал 80,000 төгрөг нийт 60.480.000 төгрөгийг нэхэмжилжээ.

Хавтаст хэргийн 116-120-р хуудсанд авагдсанаар  “Говь транс ложистик” ХХК нь “Монгол даатгал” ХХК-тай 2016 оны 03 сарын 07-ний өдөр эд хөрөнгө даатгуулах гэрээгээр 84-31 УНЦ улсын дугаартай Хово /НOWO/ маркийн автомашиныг даатгуулсан байна. Энэхүү гэрээний 14 дүгээр зүйлийн 14.2.1.1-т даатгалын эрсдлийг тухайн эд хөрөнгийг зам тээврийн хөдөлгөөний үеийг хамруулан тусгасан байна.

Гэвч даатгуулагчийн зүгээс даатгалын тохиолдол бүрдэж, даатгагчаас нөхөн төлбөр авах эрх үүссэн эсэх, даатгалын нөхөн төлбөрийг авсан эсэх, эсхүл төлбөр аваагүй талаар хэрэгт баримт байхгүй байгаагаас хохирлоос давсан нөхөн төлбөр олгох, үндэслэлгүй хөрөнгөжихийг хориглох даатгалын эрх зүйн зарчмыг баримтлан 37,000,000 гэм хорын хохирлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Мөн хохирогч Ч.Чулуундалайд үйлдвэрлэлийн ослын хохирлын нөхөн төлбөр 23,400,000 төгрөгийг төлөхтэй холбоотойгоор буруутай байгууллагууд болох “Милпорт” ХХК, “Гашуун сухайт автозам” ХХК, “Үйлсийн зам” ХХК нараас нэхэмжилнэ гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт ... гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэсэн мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “ бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулйн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэсэн заалтын дагуу иргэний нэхэмжлэгч “Говь транс ложистик” ХХК хохирогчид нөхөн төлбөрийг бүрэн төлөөгүй өөрөөр хэлбэл бодитоор учирсан хохирол эсэх талаар баримтаа ирүүлээгүй байх тул мөн хэлэлцэхгүй орхисон болно.

Шүүгдэгч Д.Жанчив нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн 462066 дугаартай Д.Жанчивын жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 290-р зүйлийн 209.3, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Дашдондогийн Жанчивыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жанчивт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Жанчивын оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.  Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь хэсэгт зааснаар “Говь транс ложистик” ХХК-аас 17,550,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Чулуундалайд олгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн 60,000,000 төгрөг нэхэмжилснийг, иргэний нэхэмжлэгч  “Говь транс ложистик” ХХК –ийн 60,480,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Д.Жанчив нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн 462066 дугаартай Д.Жанчивын жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Д.Жанчивын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял биелүүлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Жанчивт оногдуулсан 4 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Жанчивт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА