Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/387

 

Г.Б-т холбогдох эрүүгийн

                                                    хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Отгончимэг,

хохирогч Т.Т-, түүний өмгөөлөгч Б.Даваажанцан,

шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Г.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2008000001532 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Г.Б-, 1995 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Архангай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Г.Б- нь 2020 оны 11 дүгээр сарын 1-ний шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын автобусны буудал дээр иргэн Т.Т-ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд зовхи, баруун хацрын язарсан шарх, баруун нүдний доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны гадна булангийн цус харвалт, баруун нүдний дээд зовхины зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-оос 4.150.812 төгрөг гаргуулан хохирогч Т.Т-д олгож, хохирогч цаашид хийлгэх эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогчийн зүгээс сорви, сэвх, нөсөө толбо арилгах тарилгын үнэ болох 780.000 төгрөгийг Төрийн банкаар дамжуулан шилжүүлсэн гэдэг. Гэтэл энэ нь дансны хуулгаар тогтоогдоогүй. Түүнчлэн бэлнээр тушаасан гэх 1.950.000 төгрөгийг давхардуулж тооцсон байна. Иймээс 4.150.812 төгрөгийн хохирлоос шатахуун болон е-баримтын 1.950.000 төгрөгийг хасч өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн зүгээс гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргадаггүй. Харин хохирлын хэмжээний талаар маргадаг. Эмчилгээ хийлгэсэн баримтад “дансаар 780.000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн байдаг. Гэтэл тухайн хувийн эмнэлгийн тодорхойлолтод 1.950.000 төгрөг гэсэн байна. Анхан шатны шүүх хохирлын тооцоог гаргахдаа 1.950.000 төгрөгөөс 780.000 төгрөгийг хасаагүй. Хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэсэн болох нь цалин, орлого болон дансны хуулгаар тогтоогддоггүй. Үндэслэлгүй баримтад тулгуурлан хохирлын хэмжээг өндрөөр тогтоосон. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

            Хохирогч Т.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн буруугаас болж гэмтэл учирсан. Уг гэмтлийг эмчлүүлэхээр олон эмнэлгээр явсан. “Содонгоо” арьс заслын эмнэлгээр шархи, сорвио эмчлүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр уг эмнэлэгт мөнгөө тушаасан. Тухайн цаг үед цар тахлын улмаас хөл хорио тогтоосон байсан учраас банк ажиллаагүй. Загасан тарилга нь урагдсан, язарсан арьсыг нөхөн төлжүүлэх, задарсан булчинг хооронд нь нийлүүлдэг үйлчилгээтэй. Тухайн тарилгын нэг удаагийн үнэ нь 600.000 төгрөг байдаг. Баруун нүд, баруун хацар, зүүн нүд, доод зовхи зэрэг нүүрний тал хэсэг байгаа учраас хөнгөлсөн үнээр тухайн тарилгыг хийх боломжтой гэж үзэн 35 хувь хөнгөлж, 390.000 төгрөгөөр тарьсан. 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Төрийн банкны данс руу 785.000 төгрөг тушаасан. Арьсны шархи, сорвыг эдгээхийн тулд шат дараалласан эмчилгээ хийдэг. Эхлээд нөхөн төлжүүлэх тарилга, дараа нь арьс зөөллөх болон сорви шимүүлэх тарилга хийнэ. Дараагаар нь тос түрхдэг. 2 удаа шилжүүлсэн мөнгийг өөр, өөр эмчилгээний төлбөрт төлсөн. ...” гэв.

            Хохирогч Т.Т-ийн өмгөөлөгч Б.Даваажанцан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...загасан тарилгыг 14 хоногийн зайтай 5 удаа хийдэг. Үүний дараа PRP тарилга хийдэг. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө 2 удаа PRP тарилга хийлгэсэн. Загасан тарилгыг 5 удаа хийлгэж дууссан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны үеэр мэтгэлцсэн, шүүгдэгч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Уг мөнгөнөөс 500.000 төгрөгийг төлөөд, үлдсэн мөнгийг төлөхөө илэрхийлсэн учраас прокурорын саналыг үндэслэн тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээг оногдуулсан. Давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Хохирогч нь “Содонгоо” эмнэлгээс гадна хэд хэдэн эмнэлэгт үзүүлсэн баримт хэрэгт авагдсан. ...” гэв.

            Прокурор Ж.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь үндэслэлтэй болсон. Хохирогчид 4.650.812 төгрөгийн хохирол учирсан болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн баримтаар тогтоогдсон. Үүнээс шүүгдэгч 500.000 төгрөгийг төлсөн ба үлдэх 4.150.812 төгрөгийг түүнээс гаргуулж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Иймд давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            Г.Б- нь 2020 оны 11 дүгээр сарын 1-ний шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын автобусны буудал дээр иргэн Т.Т-ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд зовхи, баруун хацрын язарсан шарх, баруун нүдний доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны гадна булангийн цус харвалт, баруун нүдний дээд зовхины зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

            Хохирогч Т.Т- нь “...шөнө 00 цагийн үед найз М-тай харихаар такси барьсан. Бид хоёрыг орж суухад хоёр залуу байсан ба “Содон хороолол орно” гэж хэлээд явсан. М- товчоон дээр буухдаа надад “...мөнгийг нь өгчихсөн шүү...” гэж хэлсэн. ... намайг Содон хорооллын автобусны буудал дээр буух гэхэд “Мөнгөө өгчихөөд буу” гээд ... нэхээд байсан. Жолооч залуугаас “Хэдэн төгрөг болсон юм” гэж асуухад “5000 төгрөг” гэж хэлсэн. Би найзынхаа данс руу жолоочийн дансны дугаарыг явуулсан. Удалгүй утсанд нь зурвас ирэх шиг болохоор нь би мөнгө орчих шиг боллоо гэж бодоод таксинаас буугаад явж байтал араас жолооч нь ирээд нүд рүү цохих шиг болсон. Нүднээс цус гараад суухад араас өшиглөөд байх шиг байсан. Тэр үед манай найз Загархорол тэр хавиар явж таараад намайг хараад хүрээд ирсэн. Тэр хоёр залууг барьж аваад “Хэн нь манай найзыг зодсон юм” гэж асуухад жолоо барьж явсан залууг гэж хамт явсан залуу нь хэлсэн. Миний хувьд таксины жолоочтой маргалдсан асуудал байхгүй. Би буухдаа “Та хоёр ч хүнээс илүү мөнгө авах гээд байдаг дүүрчихсэн залуучууд юм аа” гэж хэлчихээд буусан. Би тухайн өдөр нүдний шилтэй явж байсан болохоор нүдний шил рүү цохиж улмаас шил нь хагарч нүдийг гэмтээсэн. ...” /хх 6, 8, 127/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийг тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

            - гэрч М.А-ын “...Халдвартын уулзвар орчмоос хоёр залуу таксинд суусан. Нэг нь Нарны гүүрний ойролцоо зам дагуу буухдаа 6500 төгрөг өгсөн. Хамт явж байсан нь Содон хорооллын автобусны буудал дээр буусан. Б- “Нэмж 5000 төгрөг гарлаа” гэхэд таксинд суусан залуу “Надад мөнгө байхгүй, би хүн рүү ярья” гээд 30 орчим минут мөнгөө өгөхгүй удаад байсан. “Та хоёр ингээд явчих, би маргааш мөнгийг чинь өгье” гэхээр нь “Бид хоёр зөндөө хүмүүст хулхидуулсан” гэж хэлсэн. Манай найзын дансаар 5000 төгрөг орж ирэхээр нь “буу” гэтэл “...та хоёрын сайн явахыг харна, 4 дугуй чинь дээшээ хараг...” гээд буусан. Б- автомашинаас бууж барилцаж аваад тэр залууг цохих шиг болсон. Б-ыг цохиход нүдний шил нь хагарч цус гарсан байх. ...” /хх 13-14, 127/,

            - гэрч Н.З-ын “...манай найз Т- автобусны буудал дээр таксинаас бууж байгаа харагдсан. Автомашинаа зогсоогоод очтол Т- нүдээ дарчихсан сууж байсан. Хажууд нь нэг залуу байхаар нь “Манай найзыг хэн зодсон юм бэ” гэж асуухад автомашин руугаа заасан. ... нүднээс нь нэлээд цус гарсан, нүдний шилний нэг нь хагараад уначихсан байсан. Тэр хавьд явж байсан хүмүүс “Цагаан өнгийн автомашинд сууж байсан залуу зодсон” гэж хэлсэн. ...” /хх 15/,

            - гэрч А.М-гийн “...би буухдаа 7000 төгрөг өгөөд “Манай найзыг 21 дүгээр хороололд хүргээд өгөөрэй, болно биздээ” гэсэн. Т- “Мөнгө дутчихлаа 5000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь шилжүүлсэн. Удалгүй “Миний нүдийг сохолчихлоо” гээд утсаа салгасан. ...” /хх 17/,

            - шүүгдэгч Г.Б-ын яллагдагчаар өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эхийнхээ эзэмшлийн *** УНТ улсын дугаартай, “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгслийг жолоодоод найз А-ын хамт халтуур хийхээр гарсан. Орой 00 цагийн үед Хавдар судлалын үндэсний төвийн автобусны буудал дээр хоёр эрэгтэй хүн гараа өргөхөөр нь суулгасан. Нарны гүүрний доор ирэхэд километр нь 4000 төгрөг гарсан байсан ба нэг залуу нь 6000 төгрөг өгчихөөд буусан. Ямар учиртай болохыг асуухад “Манай найзын таксины мөнгөнөөс хасаарай” гэж хэлсэн. Тэндээс тэглээд 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр очсон. Тэгэхэд 7 километр буюу 7000 төгрөг гарсан. Би нөгөө залууд нь “5000 төгрөг гарсан байна” гэж хэлэхэд “Ахад нь мөнгө байхгүй, ... маргааш өгье” гэж хэлсэн. Би “Ингэж болохгүй шүү дээ” гэхэд тэр ах “Би чамайг хуурчихмаар хүн шиг харагдаж байна уу” гээд дуугаа өндөрсгөөд, агсраад эхэлсэн. ... тэгж байгаад найзтайгаа яриад удалгүй миний дансанд 5000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр ах автомашинаас буухдаа “4 дугуй чинь дээшээ хараг, сайн явахыг чинь харна” гэж хэлээд хаалга өшиглөөд, нулимчихаад буусан. Тэгэхээр нь уур хүрээд араас нь бууж очоод бөгс рүү нь өшиглөсөн. Тэр үед нөгөө ах эргэж хараад надтай зууралдаад байхаар нь салгаж холдуулчихаад автомашин руу явж байтал найз А-тай бас муудалцаад байсан. А- цагаан махны хагалгаанд ороод хүнтэй муудалцаж болохгүй байсан болохоор би буцаж очоод салгаад нөгөө ахын нүд хэсэг рүү гараараа 1 удаа цохиход доошоо нүдээ дараад тонгойчихсон. ...” /хх 38-41/ гэсэн мэдүүлгүүд, 

            - хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11811 дугаартай “Т.Т-ийн биед баруун нүдний дээд зовхи, баруун хацрын язарсан шарх, баруун нүдний доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны гадна булангийн цус харвалт, баруун нүдний дээд зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. ... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх байх боломжтой.” /хх 20-22/ гэх дүгнэлт зэргээр давхар нотлогджээ.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Г.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар гэм хорыг арилгах үүрэгтэй.

            Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр, харин эд хөрөнгийн хохирол нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тодорхойлогддог.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад, хохирогч Т.Т- зүгээс өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардалд нийт 4.728.412 төгрөгийг нэхэмжилснээс баримтаар 4.650.812 төгрөгийн хохирол тогтоогдсон байна.

            Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогч Т.Т-ийн шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд, хамаарал бүхий байдлаар хангасан байх ба шүүх хуралдааны явцад шүүгдэгч Г.Б-оос хохиролд нөхөн төлсөн 500.000 төгрөгийг хасч, үлдэх 4.150.812 төгрөгийг түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээр дурдсан Иргэний хуулийн зохицуулалттай, мөн хохирогчоос цаашид гарах эмчилгээний зардал буюу урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.” гэж заасантай нийцсэн гэж үзлээ.

            Ийнхүү шийдвэрлэхдээ, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагад хавсаргасан баримтуудыг хооронд нь давхардуулж тооцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирлын асуудлаар гаргасан шүүгдэгч Г.Б-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

                                     ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН