Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2022/01248

 

2022 оны 04 сарын 26 өдөр                         Дугаар 183/ШШ2022/01248                       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэг,  дугаар хороо,  дугаар байр,  тоотод оршин суух, Ш овогт А Г /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Х дүүрэг,  дугаар хороо гудамж, Х ХХК-ийн байр  тоотод байрлах А ХХК /РД:*****/-д холбогдох

Орон сууц захиалгын гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй алданги болох 23 216 200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-д шүүх хуралдааны товыг 2022 оны 4 сарын 21-ний өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу зохигч талуудын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч А ХХК-д холбогдуулан орон сууц захиалганы гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй алданги 23 216 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч А.Г миний бие А ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн № тоот “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулан Х дүүрэг, -р хорооны нутагт баригдаж буй “С”  айлын үйлчилгээтэй орон сууцны  давхрын  тоот, 47,38 мкв талбайтай  өрөө орон сууцыг нийт 46,342,400 төгрөгөөр худалдан авсан болно. Уг захиалгын гэрээгээр гүйцэтгэгч тал нь орон сууцыг 2020 оны 2-р улиралд багтаан ашиглалтад оруулах нөхцөлийг санал болгосон тул захиалагч миний зүгээс гэрээнд заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч орон сууцны төлбөрийг 100% бэлнээр гэрээнд заасан хугацаанд төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Гэтэл Гүйцэтгэгч тал болох А ХХК нь өнөөдрийг хүртэл хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй байгаа бөгөөд захиалагчийн зүгээс удаа дараа утсаар холбогдож орон сууц ашиглалтад орох хугацааг тодруугах, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас үүссэн алдангийн тооцоо нийлэх талаар хүсэлт тавьж байсан боловч алдангиийн асуудлыг шийдвэрлэхгүй байх, яагаад орон сууц ашиглалтад орохгүй байгаа талаар бодитой мэдээлэл албан ёсоор өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна. Талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №1908 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-нд зааснаар гүйцэтгэгч талын үүрэг гүйцэтгэх хугацааг тус гэрээний 3.1-т “орон сууцыг 2020 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулна” гэж заасан, мөн гэрээний 3.3-т “Хэрэв гүйцэтгэгч энэ гэрээний 3.1-т заасан хугацаанд захиалагч талд орон сууцыг хүлээлгэн өгч, түүнд өмчлөх эрхийг шилжүүлээгүй тохиолдолд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гэрээний нийт үнийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагч талд төлнө” гэж зохицуулсаны дагуу хугацаа хэтэрсэн хоногийн тооцоолол 2020 оны 09 сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл нийт 518 хоног байна. Харин алданги тооцохтой холбоотой зохицуулалтыг гэрээний 3.3-т хоног тутамд гэрээний нийт үнийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагч талд төлнө” гэж заасны дагуу тооцвол хоног тутамд нийт 46,342,400  төгрөгийн 0,1% болох 46,342.4 төгрөгөөр тооцон нийт 518*46,342.4=24,051,983.2  төгрөгийн алданги үүссэн гэж тооцсон болно. Иймд А ХХК нь орон сууцыг 2020 оны 2-р улирал буюу 2020 оны 06 сарын 30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас захиалагч миний эд хөрөнгийн өмчлөлийн эрхийг зөрчиж байгаа учраас №1908 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-нд заасны дагуу алдангийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сар хүртэл нийт 518 хоногийн алданги болох нийт 24,051,983.2 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийнг 232.4-т заасны дагуу гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр бууруулан тооцсон дүн болох 23,216,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр №190807/01 тоот Орон сууц захиалгын гэрээг захиалагч тал болох А.Г-гийн захиалгаар Х дүүрэг,  хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “С” нэртэй үйлчилгээ, орон сууцны цогцолбор хотхоны  дугаар давхарт,  тоот, 47,38 м.кв орон сууцыг нэг м.кв-ыг 980,000 төгрөгөөр тооцон, нийт 46,432,400 төгрөгөөр барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэж өгөх, захиалагч нь орон сууцны хөрөнгө оруулалт буюу орон сууц бариулж буй төлбөр тооцоог төлөхөөр харилцан тохиролцож байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш А.Г байраа шилжүүлж авахаар шаардаж утсаар холбогдож байсан. Гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлэх ёстой. Тухайн үед А.Г-д энэ талаараа албан ёсоор мэдэгдэж, баримт үзүүлж байгаагүй. Гэрээ байгуулнаас хойш 3 жил өнгөрч байна, А.Г-д энэ талаар мэдэгдэж байгаагүй гэсэн.

 

2. Хариуцагч А ХХК-ийн захирал Ж.Ариунболд хариу тайлбартаа:

Манай компани нь 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр №190807/01 тоот Орон сууц захиалгын гэрээг захиалагч тал болох А.Г-гийн захиалгаар Хан-Уул дүүрэг, 7-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “С” нэртэй үйлчилгээ, орон сууцны цогцолбор хотхоны  дугаар давхарт,  тоот, 47,38 м.кв орон сууцыг нэг м.кв-ыг 980,000 төгрөгөөр тооцон, нийт 46,432,400 төгрөгөөр барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэж өгөх, захиалагч нь орон сууцны хөрөнгө оруулалт буюу орон сууц бариулж буй төлбөр тооцоог төлөхөөр харилцан тохиролцож байгуулсан юм. А.Г нь гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ “...Захиалагчийн зүгээс удаа дараа утсаар холбогдож орон сууц ашиглалтад орох хугацааг тодруулах, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас үүссэн алдангийн тооцоо нийлэх талаар хүсэлт тавьж байсан боловч уг алдангийн асуудлыг шийдвэрлээгүй байх, яагаад орон сууц ашиглалтад орохгүй байгаа талаар бодитой мэдээлэл албан ёсоор өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна гэжээ. Бид захиалагч А.Г-гийн шаардлага болон хүсэлтийг тухай бүрд хангах талаар байнга идэвхтэй ажилласаар ирсэн бөгөөд амаар буюу утсаар холбогдох бүрд шаардлагатай мэдээллээр хангах ажлыг манай борлуулалтын менежерүүд өгсөөр ирсэн ба энэхүү үндэслэлийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үүнд: Манай компани 2019 оны 7 дугаар сараас 08 дугаар саруудад “С” орон сууцны цогцолбор хотхоны 1 м.кв талбайн нэгжийн үнийг 990,000 төгрөгөөр тооцон бодож бусад захиалагч нартай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж байсан. Харин захиалагч А.Г нь өөрийн хөрөнгө мөнгөний бололцоо муу байгаа тухай хэлж, өөрт байгаа мөнгөн хөрөнгөний хэмжээнд багтаасан дүнгээр гэрээг байгуулж өгөхийг хүссэн тул 1 м.кв-ийг 980,000 төгрөгөөр тооцон бодож түүний хүсэлтийг хангаж байсан. А.Г-г мэдээлэл авахаар холбогдох бүрд цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил удааширч, хугацаа хойшилж байгаа талаар тогтмол мэдээллээр хангаж байсан болно. Захиалагч нарыг мэдээллээр тогтмол, шуурхай хангах шаардлагаар олон нийтийн цахим сүлжээний групп /А.Г гишүүнчлэлтэй/-ыг хөтлөн ажиллуулдаг ба борлуулалтын менежерүүд гар утсаар болон биечлэн уулзаж, харилцах ажлыг гүйцэтгэж байна. А.Г нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “2019 оны 08 сарын 07-ны өдрийн №190807/01 тоот орон сууц захиалгын гэрээний 3.1, 3.3-т заасны дагуу 2020 оны 09 сарын 01-ний өдрөөс 2022 өны 01 сарын 31-ний өдрийгхүртэл нийт 518хоногийн алданги болох нийт 24,051,983.2 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн гэрээний нийт үнийн 50%-иас хэтрүүлэхгүйгээр бууруулан тооцсон дүн болох 23,216,200 төгрөгийг Хариуцагч А ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч А.Г-д олгож өгнө үү гэжээ.

Бидний хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгын гэрээ”-ний хэрэгжилтийн явцад коронавирусын халдварын улмаас гадаад улстай худалдаа хийх, бараа материал хүлээн авах боломжгүй болсон тул барилгын материалын хомсдол, үнийн хөөргөдөл үүссэн, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн хөл хорио тогтоогдож байсан зэрэг шалтгаанаар давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн болно. Тус нөхцөл байдал үүсэх болсон шалтгаан нь манай компанийн хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №02/ тоот гэрчилгээгээр нотлогдож байгаа болно. Иймд А.Г-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд байгаа тул шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №190 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, гэрээний хавсралт, Голомт банкны төлбөрийн баримт, итгэмжлэл зэрэг баримтуудыг /хх-ийн 5-10, 23-р  хуудас/,

хариуцагчаас А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл,  2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2/ дугаартай Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны тодорхойлолт гаргах тухай, 2020 оны 1 сарын 26-ны өдрийн 30, 2020 оны 2 сарын 19-ний өдрийн 64, 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 147, 2020 оны 10 сарын 28-ны өдрийн 159, 2021 оны 1 сарын 04-ний өдрийн 1, 2021 оны 3 сарын 25-ны өдрийн 78, 2021 оны 4 сарын 23-ны өдрийн 104, 2021 оны 5 сарын 27-ны өдрийн 154, 2021 оны 6 сарын 30-ний өдрийн 176, 2021 оны 8 сарын 04-ний өдрийн 228, 2021 оны 8 сарын 25-ны өдрийн 259, 2022 оны 2 сарын 14-ний өдрийн 66 дугаартай Монгол улсын Засгийн газрын тогтоолууд, 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 02/99 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 190731/01 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б ХХК-ийн үнийн саналд өөрчлөлт оруулах тухай албан бичиг, 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 02/ дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ /хх-ийн 13-14, 30-31, 33-67-р хуудас/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.               

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч А ХХК-ийг орон сууц захиалгын гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй, гэрээний 3.1-д заасан орон сууцыг 2020 оны 2 дугаар улирлын дотор багтаан ашиглалтад оруулна” гэж заасныг зөрчсөн тул гэрээний 3.3-д заасан “гэрээний 3.1-д заасан хугацаанд захиалагч талд орон сууцыг хүлээлгэн өгч, түүнд өмчлөх эрхийг шилжүүлээгүй тохиолдолд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гэрээний нийт үнийн 0,1 хувьтай хэмжээний алдангийг захиалагч талд төлнө” гэх харилцан тохиролцсноор 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл нийт 518 хоногийн алданги 23 216 200 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ барилгын ажил буюу орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа нь коронавирусийн халдварын улмаас гадаад улстай худалдаа хийх, бараа материал хүлээн авах боломжгүй болсон, барилгын материалын хомсдол, үнийн хөөргөдөл үүссэн, Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудаар бүх нийтийн хөл хорио тогтоогдсонтой холбоотой ажил гүйцэтгэх боломжгүй болсон, энэ нь компаниас шалтгаалах нөхцөл байдал биш гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болох нь баримтаар нотлогдоно, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан гэж үгүйсгэсэн. 

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

 

Зохигч талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр №190807/01 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгчийн захиалгаар Улаанбаатар хот, Х дүүрэг, дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй С нэртэй үйлчилгээ, орон сууцны цогцолбор хотхоны үйлчилгээтэй 128 айлын орон сууцны давхарт тоот 47,38 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 1 м.кв нь 980 000 төгрөгөөр тооцож, нийт 46 432 400 төгрөгөөр тооцож хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэж өгөх, нэхэмжлэгч нь орон сууцны хөрөнгө оруулалт буюу төлбөр тооцоог төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын маргааны зүйл нь гэрээнд заасан хугацаандаа орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс алданги шаардсан, орон сууцны үнэ 46 437 400 төгрөгийг нэхэмжлэгч А.Г нь хариуцагч А ХХК-ийн Голомт банкны дансанд 2019 оны 8 сарын 07-ны өдөр төлсөн талаар зохигч маргаангүй байна.

 

Зохигч талууд 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр №1908 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулсан талаараа хэн аль нь маргаагүй, талуудын хооронд байгуулсан гэрээ болон тайлбараар хариуцагч нь нэхэмжлэгчийн хөрөнгөөр орон сууцыг барьж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь захиалсан барилга орон сууцны үнийг төлж, хүлээн авахаар харилцан тохиролцсон уг орон сууц нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар улсын комисс хүлээн аваагүй, ашиглалтад ороогүй байгаа үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний 3.1-д “гүйцэтгэгч нь 1.1.-д дурдсан барилгыг чанар сайтай барьж 2020 оны хоёрдугаар улирал дотор багтаан бүрэн ашиглалтад оруулснаар захиалагчид хүлээлгэн өгч, захиалагчид өмчлөх эрхийг бүрэн шилжүүлсэн байх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч А ХХК нь орон сууцыг 2020 оны 02 дугаар улиралд ашиглалтад оруулж, нэхэмжлэгчид шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

Гэрээнд заасан үүргээ хариуцагч А ХХК нь биелүүлээгүй, орон сууцыг хүлээлгэн өгөөгүй байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх боловч гэрээний 3.3-д “хэрэв гүйцэтгэгч нь энэ гэрээний 3.1-д заасан хугацаанд захиалагч талд орон сууцыг хүлээлгэн өгч, түүнд өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийг 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө” гэжээ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч А.Г нь хариуцагч А ХХК-иас гэрээний үндсэн үүрэг буюу орон сууцыг хүлээлгэн өгөх, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах үүргээ биелүүлэхийг шаардах, улмаар үүргээ биелүүлээгүйгээс гэрээнд заасан нэмэлт үүргийг шаардах эрх үүсэхээр байна. 

Учир нь хоёр талын гэрээнд хариуцагчийг үүргээ зөрчсөн, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэгч А.Г нь хариуцагч А ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах, эсвэл гэрээнээс татгалзаж үр дагаврыг шийдвэрлүүлэхийн аль нь болох талаараа нэхэмжлэлээ гаргаагүй, хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээний хариуцлага болох алдангийг нэхэмжлэх эрх үүсэх байтал буюу гэрээнд зааснаар орон сууцыг хүлээлгэн өгч, түүнд өмчлөх эрхийг шилжүүлээгүй байхад гэрээнд заасан алдангийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Мөн хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгчид гэрээний үүргийг буюу орон сууцыг хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг шилжүүлээгүй үндэслэл нь улс орон даяар коронавирус халдварт өвчний улмаас барилгын ажил зогссон, энэ нь манай компанийн зүгээс шалтгаалаагүй, уг асуудлаар захиалагч нартай байнга холбогдож мэдээлэл өгч байсан гэж тайлбарлаж хэрэгт Монгол Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 02/99 дүгээр гэрчилгээ, цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоох, үйл ажиллагааг хязгаарласан Монгол улсын Засгийн газрын тогтоолуудыг ирүүлсэн.  

Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний 5.2-д “гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас үл шалтгаалж Монгол улсад үүссэн байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлсийн улмаас ашиглалтад оруулах хугацаа хэтэрсэн үүнийгээ захиалагчид баримттайгаар нотолсон тохиолдолд гүйцэтгэгч гэрээний 3.3-т заасан үүргээс чөлөөлөгдөнө” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчид энэ талаараа мэдэгдэж байсан гэж тайлбарласан тул хариуцагчийн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч А.Г-гийн хариуцагч А ХХК-нд холбогдуулан гаргасан орон сууц захиалгын гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй алданги болох 23 216 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 031 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар нэхэмжлэгч А.Г-гийн хариуцагч А ХХК-нд холбогдуулан гаргасан орон сууц захиалгын гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй алданги 23 216 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Г-гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 274 031 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Д.ХУЛАН