| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/00596/И |
| Дугаар | 183/ШШ2022/01280 |
| Огноо | 2022-04-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 183/ШШ2022/01280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Мөнхжаргал, Да.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, дүгээр хороо, дугаар хэсэг, гудамж, дугаар байр, тоотод оршин суух Б овогт Ч О /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, Б дүгээр хороо, тоотод оршин суух, О овогт Н Г /РД:*****/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 32 945 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М,
Хариуцагч Н.Г
Иргэдийн төлөөлөгч П.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Н.Г-д холбогдуулан гэм хорын хохиролд 32 945 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Ч.О нь улсын дугаартай, миксер маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч бөгөөд уг тээврийн хэрэгслээ өөрийн нөхөр болох Б.Л-гийн А ХХК-ийн өдөр тутмын бетон зуурмаг зөөх үйл ажиллагаанд хэрэглэгддэг, тээврийн хэрэгсэл юм. Хариуцагч Н.Г нь А ХХК-д 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Миксерийн жолооч албан тушаалтнаар ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байхдаа 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дулааны 4 дүгээр станцын зүүн урд замд "Миксер" маркийн 7 У улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдож зам тээврийн осол гаргасан. Уг осолд Тээврийн цагдаагийн газраас 2103 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан боловч ослын улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, мөн бусдад их хэмжээний хохирол учраагүй буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж Тээврийн прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 51 дугаар “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолоор хэргийг хаасан. Прокурорын уг тогтоолд жолооч буюу хариуцагч Н.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг осол үйлдэгдсэн байна, мөн тогтоолын 7-д “Дулааны шугамын тулгуур, тээврийн хэрэгсэл, зуурмаг зэрэг эд материалын болон бусад гэм хорын хохирлоо Монгол Улсын Иргэний хуулийн 499, 505, 510 дугаар зүйлд зааснаар буруутай этгээдээр буюу жолооч Н.Г-ар төлүүлж арилгуулахаар түүний оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг А.Б, Ч.О, Б.Л нарт мэдэгдсүгэй” гэсэн байдаг. Хариуцагч Н.Г нь ийнхүү осолдохдоо “У” Төрийн өмчит ХК-ийн эзэмшлийн а, а шугамын дугаар цэг дэх 400x600 мм-ийн хөндлөн огтлолтой багануудыг мөргөж “У” ТӨХК-д 5,779,970 төгрөгний, А ХХК-ийн 1,020,000 төгрөгийн үнэ бүхий, М250 маркийн бм.куб бетон зуурмагийг урсгасан, нэхэмжлэгч Ч.Оеийн 7 У улсын дугаартай, миксер маркийн тээврийн хэрэгсэлд 32,140,000 төгрөгийн гэмтэл, хохирол учруулж Г ХХК-ийн 2021 оны 06 сарын 16-ны өдрийн №1 дугаартай “Авто машин техникийн үнэлгээний тайлан”-аар тогтоогдсон/, нийт 38,939,970 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Нэхэмжпэгч Ч.О нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 32,140,000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд уг 7 У улсын дугаартай Миксер маркийн тээврийн хэрэгсэл өнөөдрийг хүртэл засварлагдаагүй, эвдрэл гэмтэлтэйгээ байгаа болно.
Иймд нэхэмжлэгч Ч.О-ийн эзэмшлийн 7 У тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 32,140,000 төгрөг, “Авто машин техникийн үнэлгээний тайлан” хийлгэсэн зардал 805,000 төгрөг, нийт 32,945,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулж, хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн.
2.Хариуцагч Н.Г хариу тайлбартаа: Би бетон зуурмаг тээвэрлээд ажлаа хийгээд явж байсан. Яг түгжрээн дунд явж байсан. Энэ машин байнгын эвдэрч байдаг, би өөрөө 2 сар ноцолдож байж машин болгож авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэл, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 51 тоот Тээврийн прокурорын газрын прокурорын тогтоол, тээврийн хэрэгслийн лавлагаа, Г ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №141 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт, автомашины гэрэл зургууд, Г ХХК-ийн үнэлгээний баримт, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, Монгол улсын ерөнхий прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1/ тоот хариу мэдэгдэх хуудас, Тээврийн прокурорын газрын 2021 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн 1 дугаартай хариу мэдэгдэх хуудас, авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сангийн тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл гэсэн баримтуудыг /хэргийн 3-11, 36-41-р хуудас/,
хариуцагчаас хариу тайлбар, 7 У улсын дугаартай тээврийн хэрэгсэлд авч тавьсан сэлбэгүүдийн жагсаалт гэсэн /хэргийн 26-р хуудас/ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 51 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Автотээврийн үндэсний төвөөс 7 У дугаартай тээврийн хэрэгслийн 2020 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан мэдээлэл, автотээвийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, хариуцагчийн хүсэлтээр Тээврийн прокурорын газраас 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 21030 тоот хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, №8810 тоот дуудлагын лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, иргэний нэхэмлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, иргэний хариуцагчаар татах мөрдөгчийн тогтоол, иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрчээс авсан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 45 тоот шинжээчийн дүгнэлт, автомашины техникийн үнэлгээний Г ХХК-ийн тайлан, Тээврийн цагдаагийн албан мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн ОТЗТ ХХК-ийн албан бичиг, шилжүүлгийн мэдээлэл, 2021 оны 9 сарын 10-ны өдрийн 2213 тоот шинжээчийн дүгнэлт, Х ХХК-ийн кассын зарлагын ордер, Х ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай тайлан гэсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн. /хэргийн 51-79, 91-93-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.О-ийн хариуцагч Н.Г-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 32 945 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн 7 У улсын дугаартай миксер маркийн тээврийн хэрэгслийг А ХХК-нд ажилд явуулдаг байсан бөгөөд уг компанийн миксерийн жолооч Н.Г нь тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдож тээврийн хэрэгсэлд 32 140 000 төгрөгийн хохирол учирч, үнэлгээний зардалд 805 000 төгрөг гарсан тул нийт 32 945 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэсэн.
Хариуцагч нь А ХХК-нд миксерийн жолоочоор ажиллаж ажил үүргээ гүйцэтгэн бетон зуурмаг тээвэрлэн явж байхдаа онхолдож, өөрт болон бусдад хохирол учруулсан боловч уг осол гарсан шалтгаан нөхцөл нь тээврийн хэрэгсэл нь техникийн шаардлага хангаагүйгээс болсон, осолтой холбогдуулан ажлаас халсан учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ч.О-ийн өмчлөлийн 7 У улсын дугаартай миксер маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч Н.Г нь 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 8 цаг 23 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг Дулааны 4 станцын зүүн урд замд жолоодон явахдаа онхолдож, зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгч Ч.О-ийн тээврийн хэрэгсэлд 32 945 000 төгрөгний хохирол учруулсан болох нь зохигчийн тайлбар, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч нараас авсан мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, Г ХХК-ийн хохирол үнэлгээний тайлан болон хэрэгт авагдсан 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн № дүгээр хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай Тээврийн прокурорын газрын прокурорын тогтоолоор тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан Тээврийн прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 51 тоот прокурорын тогтоолд “...4.Жолооч Н.Г-ыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан заалтуудыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэх” 7.Дулааны шугамын тулгуур, тээврийн хэрэгсэл, зуурмаг зэрэг эд материалын болон бусад гэм хорын хохирлоо Иргэний хуулийн 499, 505, 510 дугаар зүйлд зааснаар буруутай этгээдээр буюу жолооч Н.Гар төлүүлж арилгуулахаар түүний оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэл гаргах эрхтэй” гэжээ.
Талууд осол болсон үйл баримтын талаар маргаагүй боловч гэм хорын хохирлыг хэн хариуцах талаар маргаж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас эд хөрөнгөд хохирол учирсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 229 дүгээр зүйлийн 229.1-д “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар хохирлыг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нь А ХХК-нд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж миксерийн жолоочийн ажил үүргээ гүйцэтгэж бетон зуурмаг тээвэрлэн явж байхдаа онхолдсоноос хохирол учирсан, компанийн зүгээс шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг ажилд гаргасан, ослын улмаас миний бие ч гэмтсэн, хүү маань ч гэмтсэн байхад ажлаас халсан, уг тээврийн хэрэгсэлд сэлбэг авч тавьсан, засвар үйлчилгээ хийж байсан гэж мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болон зардалд нийт 32 945 000 төгрөгийг нэхэмжилсэн нь Г ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №141 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, тайлангийн хавсралтаар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаанд 7 У дугаартай Shaaanxi маркийн тээврийн хэрэгсэл нь Ч.О эзэмшлийнх бөгөөд уг тээврийн хэрэгслийг А ХХК-ийн өдөр тутмын бетон зуурмаг зөөх үйл ажиллагаанд ашигладаг байсан бөгөөд уг компани нь түүний гэр бүлийн хүн буюу нөхөр болох Б.Л хариуцан ажиллуулдаг, тээврийн хэрэгслийн өмчлөгч нь учраас шаардах эрхтэй гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ажиллагсад нь хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан.
Хуульд заасан “ажиллагсад” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтанг ойлгох бөгөөд “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тухайн иргэний ажиллуулж байгаа хуулийн этгээдийг хэлнэ, мөн “хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явц” гэдэг нь ажил олгогчийн заавар журмын дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг гүйцэтгэж байгаа, гүйцэтгэж байсан үйл явцыг ойлгоно.
Хариуцагч Н.Г нь А ХХК-нд миксерийн жолоочоор хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа буюу бетон зуурмаг тээвэрлэн явахдаа осол гарсан болох нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, Тээврийн прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 51 дугаартай прокурорын тогтоол зэргээр нотлогдож байна.
Мөн хариуцагч нь тээврийн хэрэгслийг өөрөө засварлаж, сэлбэг хэрэгсэл авч ажилдаа гардаг байсан, энэ нь 7 У улсын дугаартай тээврийн хэрэгсэлд авч тавьсан сэлбэгүүдийн жагсаалтаар нотлогдоно, уг техникийг А ХХК-ийн техник хэрэгслүүд гэдэг байсан гэж, нэхэмжлэгч нь уг техникд сэлбэг авч тавих, завсарлах шаардлагагүй, Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудсанд 2020 оны 8 сарын 26-нд үзлэгийн дүн тэнцсэн, бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасан гэдэг нь үндэслэлгүй гэж маргаж байгаа болно.
Иймд Н.Г нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж явсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж зааснаар хариуцагчаар гэм хорын хохирлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж, нэхэмжлэгч Ч.О-ийн хариуцагч Н.Г-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч П.М нь гаргасан дүгнэлтдээ “...хариуцагчийн хувьд А ХХК-нд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бөгөөд О-тэй ямар нэгэн холбоогүй мэт харагдаж байна. Тус компани техникийн үзлэг, оношлогоо засвар үйлчилгээ хийдэггүй байдлаас болж осол гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 675 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.О-ийн хариуцагч Н.Г-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 32 945 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 675 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
Да.ЭНХЦЭЦЭГ