Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

2019/

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, 

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Иргэдийн төлөөлөгч П.Болдоо,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О,

Хохирогч Д.Д,

Иргэний нэхэмжлэгч Ж.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,

         Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-ийн Б-д холбогдох эрүүгийн 2438000000384 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г овогт Ц-ийн Б, 1979 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймгийн ........... сумын ............ дугаар багт оршин суух хаягтай, урьд 2015 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн, 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцож, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ................ дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Од” караокены хойд талын хашаанд иргэн М.Б-тэй маргалдаж улмаар түүнийг хашааны банзаар цохиж цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтэл учруулж хүнийг алах,

2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Алтан дуулга” гурилын дэлгүүрийн гадна иргэн Д.Д-ийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан Самсунг А-50 загварын гар утсыг нь хууль бусаар авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Улсын яллагч хавтаст хэргээс:

2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 403 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал хавтаст хэргээс: 

хохирогч Д.Д-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 182-186-р тал), иргэний нэхэмжлэгч Ж.Э-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 190-193-р тал), гэрч Ц.Б-ны  мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44-р тал), иргэний нэхэмжлэгч Ж.Э-ий  таньж олуулах ажиллагааны тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 222-225-р тал), хохирогч Д.Д-ийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл  (1 дүгээр хавтаст хэргийн 226-229-р тал),  камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 169-177-р тал), камерын бичлэгийг бичлэг хэлбэрээр хэрэгт хавсаргах боломжгүй гэх мөрдөгчийн тэмдэглэл, Ц.Б-ийн амбулаториор эмчлүүлэгчийн карт эх хувь, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, эмчийн өдөр тутмын үзлэгийн дэвтрийн хуулбар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт зэргийг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Од” караокены хойд талын хашаанд иргэн М.Б-тэй  маргалдаж улмаар түүнийг хашааны банзаар цохиж цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтэл учруулж хүнийг алсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг,

 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Алтан дуулга” гурилын дэлгүүрийн гадна иргэн Д.Д-ийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан Самсунг А-50 загварын гар утсыг нь хууль бусаар авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тус тус тогтоолоо.

1.2.Нотлох баримтуудын талаар:

Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдлууд эргэлзээгүй тогтоогдсон болно.Үүнд:

А.Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Од” караокены хойд талын хашаанд иргэн М.Б-тэй  маргалдаж улмаар түүнийг хашааны банзаар цохиж цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтэл учруулж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 5-р хуудас),

2.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 6-10-р хуудас),

3.Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүд болоод гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 11-18-р хуудас),

4.Эд зүйл (баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан)-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 19-20-р хуудас),

5.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 21-23-р хуудас),

6.Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 24-25-р хуудас),

7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Ц.Б гэх хүн бол манай хамаатны хүн юм. Тийм учраас Ц.Б гэх хүнд би болон манай аавын талын хүмүүс бүгд гомдол, саналгүй. Мөн миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл),

8.Гэрч   мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…Би М.Б  гэх хүнийг сайн танихгүй. Гэхдээ надтай хэд хэдэн удаа цуг архи ууж байсан түлэнхий биетэй Ц.Б гэх ах түүнийг сайн таньдаг гээд байсан. Би бол М.Б  гэх хүнийг зүс танина. 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн орой Ц.Б ах, М.Б  ах бид гурав Маамуу нааш ир гэх нэртэй дэлгүүрийн ойролцоо таараад тэр хоёр дэлгүүрээс нэг шил архи авсан. Би нэг шил архи авсан.

Ингээд бид гурав Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багт байрлах “Од” караокены төмөр хашаа руу ороод хойд талд нь байдаг жижигхэн балгас өрөө рүү орж суугаад архиа хувааж ууцгаасан. Би тэндээ тэр хоёроос түрүүлээд унтсан. Шөнө унтаж байхад Ц.Б ах “би М.Б  ахыг зодчихлоо, өөрөө онгироод байсан юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод Ц.Бтой хамт үлдэгдэл бага хэмжээний архиа аваад бас л тэр хашаан дотор байгаа М.Б  ах дээр очсон.

М.Б  ах хашааны дэргэд дээшээ хараад хэвтэж байсан, би түүнээс “та архи уух уу” гэхэд “үгүй ээ, би эмнэлэг явмаар байна, наадах чинь намайг зодчихлоо” гээд Ц.Б ах руу зааж байсан. Тэгсэн чинь Ц.Б “би энэ банзаар цохичихсон” гээд ойролцоо газарт байгаа банз руу заасан. Тэгэхээр нь би “одоо яах юм бэ” гэж асуухад Ц.Б “наадах чинь үхэх болоогүй” гэж хэлсэн. Эргээд би нөгөө балгас өрөө руу ороод унтсан. Өглөө нь би 08-09 цагийн багцаанд сэрэхэд миний хажууд Ц.Б ах унтаж байсан. Тэгснээ Ц.Б ах босоод өрөөнөөс гарч явснаа удалгүй буцаж орж ирээд М.Б  ах үхчихсэн байна” гэж хэлсэн. Би хариуд нь “үнэн юм уу, худлаа байлгүй дээ” гэхэд Ц.Б ах “үнэн үнэн, чи намайг танихгүй шүү” гээд байсан. Тэгэхээр нь би Ц.Б гэх хүнээс айгаад, юу болчихов оо, яаж энэ хүнээс сална даа гэж бодоод тэр хашаанаас хамт гарсан. Ц.Б гэх хүн намайг дагаад байсан. Би түүнээс арай гэж зугтсан. Тухайн шөнө Ц.Б, М.Б  бид гурав архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Бид гурав Хамаг Монгол, Хишиг нэртэй 0,5 литрийн хэмжээтэй 2 шил архийг хувааж уусан. Би бол унтсан, унтаад өглөө сэрсэн болохоор согтолт гайгүй байсан. Намайг унтаж байх хойгуур Ц.Б ах М.Б  гэх ахыгаа зодсон байсан. Ц.Б ах өөрөө намайг унтаж байхад орж ирээд “би М.Б  ахыг зодчихлоо, би аймар ууртай хүн шүү" гээд намайг сэрээж ярьсан. Ц.Б ахын ярианаас сонсоход банз модоор М.Б  ахыг цохьсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 40-42-р хуудас),

9.Гэрч Ц.Б-ны  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…Талийгаач М.Б  нь манай аавын талын хамаатны хүн байгаа юм. Харин Ц.Б бол миний төрсөн ах. Миний ах Ц.Б нь ганц бие, эхнэр хүүхэдгүй, орон гэргүй, мал идээ байхгүй, энд тэнд тэнэмэл байдлаар амьдарч явдаг хүн. Архи согтууруулах ундаа хэрэглэх дуртай хүн. ...Ц.Б ах энэ оны 02 дугаар сард Мөрөн суманд траншейн дотор унтаж байгаад түлэгдээд бие хаа нь айхтар хэцүү болсон. Баруун гарын хоёр хуруугаа тайруулсан хүзүү хэсэг нь гүн түлэгдэлттэй, эмнэлэгт 2 сар хэвтээд хөдөө гарсан юм....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44-р хуудас),

10.Гэрч Д.Т-ын  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…Манай гэр “Од” нэртэй караокены хашааны чанх ард талд залгаа байрласан хамар хашаа буюу хөрш айл нь юм. Тэр хашаан дотор ер нь согтуу хүмүүс орж гараад шил, лааз түүгээд унтаж хонохдоо хоноод байдаг байсан. 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө би гэртээ унтаж байтал “Од” караокень хашаан дотор хүмүүс хоорондоо муудалцаж байгаа чимээ сонсогдож байсан Би үргэлжлүүлэн сонсоход 2 хүн хоорондоо маргалдаж байгаа бололтой, түс гэсэн чимээ сонсогдоод чимээгүй болцгоочихсон юм. Яагаад гэвэл манай гэрийн цонх онгорхой байсан.

Тэгэхээр нь би шууд цонхоо хаагаад утасны цагаа харахад 02 цаг 40 минут болж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудас),

11.Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Зурган дээр харагдаж байгаа, манай банзаар барьсан хашаа нь огт нурж байгаагүй. Энэ хашаа лав миний мэдэхээр 10 жил болчихсон, анх барьсан тэр чигээрээ л өдийг хүртэл байгаа. Бид нар хашааг нурчихсан байхад нь босгож барьсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 54-р хуудас),

12.Шүүгдэгч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...Л, Б ах бид гурав Маамуу нааш ир гэдэг дэлгүүрээс “Монгол” нэртэй нэг шил архи аваад гудамжны үзүүрт уусан. Тэгээд бид гурав шөнө 00 цагийн үед байсан санагдаж байна. “Од” караокены хашааны дотор унтахаар очсон. Унтая гэсэн боловч Батмөнх ах бид хоёрын нойр хүрдэггүй буцаж гараад хүн архи авч өгөхөөр нь 3,3 татаад бие хүчрэхгүй, архи орохгүй байсан болохоор нь буцаад унтах гэж   “Од” караокены ар тал руу явсан. ...Би залгаа жижиг амбаар шиг өрөө рүү орж унтсан. Батмөнх ах хашааны ёроолд унтсан.

...М.Б  ах бие муу байна архи ууж чадахгүй байна гээд үхлээ, үхлээ гээд шөнө хашхираад байсан. ...Би гайгүй согтолттой байсан. ...Миний ой санамж муудсан учраас сайн ойлгохгүй буруу сонсож, буруу ярьдаг учраас яаснаа сайн ойлгохгүй, мэдэхгүй байгаа. Надад тэр хүнийг алах бодол байгаагүй...” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 115-117-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл),

13.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Цогцост үзлэг хийх ажиллагааг 16 цаг 58 минутанд эхлүүлэв. 157 см урттай, биеийн ерөнхий хөгжил зөв, булчингийн болон  өөхөн эдийн хөгжил дунд, 55 настай, эрэгтэй хүний цогцос байна. Толгойдоо 2 см урттай буурал үстэй, уруул хөхөлбөр ягаан, 2 нүдний зовхи аниастай, хүүхэн хараа 2 талд жигд өргөссөн, хамрын яс бүтэн, шүд үгүй, ам, хамар, чих, шээсний сүвнээс гарсан зүйлгүй.Өтгөний сүвнээс бор шаргал өнгийн зүйл их хэмжээгээр гарсан.

Цогцос хөрсөн, хөшсөн, хүүрийн толбо биеийн зүүн ар хэсгээр хөхөлбөр  ягаан өнгөөр тод үүссэн. Дарахад арилаад 28 секундын дараа дахин үүснэ. Цээж, хэвлийн зүүн хажуу хэсгийг хамарсан 18х4см /5/ хэмжээтэй бүдэг хөхөлбөр өнгийн хоорондоо параллель хөндлөн байрласан цус хуралттай. Уг цус хуралтын дээд гадаргуугаас хөлийн ул хүртэлх зай 105 см байлаа. Өөр ил харагдах гэмтэлгүй...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 57-р хуудас),

14.Шинжээч эмч М.Б ийн мөрдөн шалтгах ажиллагааны явцад өгсөн: “...Амь хохирогч М.Б ийн цогцост тогтоогдсон цээж хэвлийн хавсарсан битүү гэмтэл нь ойролцоогоор 4-5 см хэмжээтэй өргөнтэй, дөрвөлжин ирмэгтэй, хавтгай гадаргуутай, масс бүхий зүйлээр цээжний зүүн хажуу хэсэг рүү зүүнээс баруун руу чиглэсэн 1-2 удаагийн хүчтэй цохилтын үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Цээжний зүүн  хажуу хэсгийн арьс зөөлөн эдэд бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралт нь ямар хэлбэртэй зүйл болохыг харуулсан бол хэр хүчтэй зүйл гэдэг нь дотор эрхтэнд учирсан хавирганы хугарал, өрцний гэмтэл, дэлүүний задралын гэмтэл нь харуулж байна. Аливаа цохилтын хүч яг тухайн хүч үйлчилсэн проекцод байгаа эд эрхтэнг гэмтээдэг. Ямар нэгэн юмнаас унах, юманд даруулах гэх мэт үед бол нөгөө талд хүчийг сарниулах талбай байдаг учраас эсрэг талд мөн адил гэмтэл их, бага хэмжээгээр учирна, амь хохирогч М.Б-ийн хувьд зөвхөн хүч үйлчилсэн проекцод л гэмтэл учирсан байсан. Амь хохирогч М.Б-ийн цогцост тогтоогдсон цээж хэвлийн хавсарсан битүү гэмтэл нь хашаа, мод унах үед үүсгэгдэх боломжгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68-69-р  хуудас),

15.Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 147 дугаартай “...Амь хохирогч М.Б-ийн цогцост цээж, хэвлийд хавсарсан битүү гэмтэл болон цээж хэвлийн зүүн хэсэгт цус хуралт тогтоогдлоо. М.Б-ийн цогцост элэгний өөхөн хувирал бүхий архаг архисах өвчин тогтоогдсон ба энэ нь үхэлд хүргэхэд нөлөөлөөгүй болно.

Амь хохирогч М.Б  нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Амь хохирогч М.Б нь цээж хэвлийн хавсарсан битүү гэмтлийн улмаас цочмог цус алдалтын шоконд орж нас баржээ. Үхлийн шалтгаан нь дээрхи онош болон задлан шинжилгээний тэмдэглэл зэргээр батлагдаж байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, химийн шинжилгээний хариу (1 дүгээр хавтаст хэргийн 58-64-р хуудас),

16.Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаартай “...Шинжлүүлэгч Ц.Б одоогоор сэтгэцийн өвчингүй болно. Олдмол буюу олон жил архи хэтрүүлэн хэрэглэсэн. Бага залуу наснаасаа архи хэтрүүлэн хэрэглэсэн. Одоо 2-3-р үе шатандаа байгаа болно.

Одоогоор сэтгэцийн өвчнөөр өвдөөгүй. Үнэн зөв мэдүүлэг өгөх, бусдад ойлгуулах чадвартай. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт ( 1 дүгээр хавтаст хэргийн 78-80-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдлоо.

Б.Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Алтан дуулга” гурилын дэлгүүрийн гадна иргэн Д.Д-ийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан Самсунг А-50 загварын гар утсыг нь хууль бусаар авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 168-р хуудас),

2.Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 169-177-р хуудас),

3.Иргэний нэхэмжлэгч Ж.Э-д таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 222-225-р хуудас),

4.Хохирогч Д.Д-д таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 226-229-р хуудас),

5.Хохирогч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 13-ны шөнийн 02 цаг өнгөрч байхад найз О-ээс  ганцаараа гараад гэр рүүгээ явсан. ...Би О-ээс  гараад Хөөнгө дэлгүүрийн урдуур яваад худгийн хойгуур Доргио баарны урдуур гараад Номин худалдааны төвийн урдуур төв замын хойд талын явган хүний зам дээгүүр яваад Жаргалан ресторан, Алтан дуулга гурилын дэлгүүрийн урд явган хүний зам дээр явж байтал миний өөдөөс нэг эрэгтэй хүн гүйгээд ирж байсан. Тухайн эрэгтэй хүн өнгөрч явснаа гэнэт миний ардаас хөөгөөд эхэлсэн. Тэгээд би тэр залуугаас айгаад хойшоо ухраад Алтан дуулга дэлгүүрийн урд талбай дээр ирээд нэг жижигхэн Түцний хажууд тэр залуутай ноцолдоод тэр залуу намайг дараад унагаасан. Тэр үед би эсэргүүцээд хөл хугарчихлаа гээд хашхиртал тэр залуу босоод намайг босгосон. Тэгээд яваад өгсөн. Тэгэхээр нь би цаашаа явган хүний зам дээр явж байтал тэр залуу хашааны булангаас гарч ирээд гартаа барьсан байсан А50 маркийн гар утсыг миний гараас булаагаад аваад явсан.

Тэр залуу Жаргалан рестораны зүг рүү явах шиг болсон. Их залуухан хүн биш. 40 орчим настай хүн байх шиг байсан. Дээлтэй байсан. Яг ямар өнгийн дээл байсан талаар би айсандаа болоод санахгүй байна. Одоо миний зүүн гарын бугуй муу, тохой хэсэг гипстэй, шууны 2 яс хугаралттай, мөн шагай мултарсан, 2 шилбэ хугарсан байдалтай байна. Баруун гар бага зэрэг өвдөлттэй байна. Тухайн гар утсыг 3 жилийн өмнө Мөрөн сумын гар утас зардаг лангуун дээрээс 600,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Шар ягаан, ногоон хамеолон өнгөтэй, хүрэн өнгийн хуванцар гэртэй, хагарч цуурсан зүйлгүй, дэлгэцний кодтой, хурууны хээгээр нээгддэг утас байсан. Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү.

...Тэрнээс хойш хөдөлмөрийн чадвараа алдаад бүтэн жил болсон. 6, 7 сар орноосоо босож чадаагүй. Энэ хугацаанд эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материалын зөндөө хохирол учирсан. Хохирлоо төлүүлнэ. Би цагдаа дээр таниулах ажиллагаа хийж 4, 5 хүний зураг үзүүлэхэд шууд энэ хүнийг хараад заасан. Зөвхөн цээж зураг нь байсан. Эмнэлгийн зардал, эм тариа, эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирлоо төлүүлнэ. Намайг баримтаа шүүхэд гаргаж өгөөрэй гэсэн учраас одоо авч ирсэн байгаа. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн, дархлаа сайжруулах юм хэрэглэсэн 7,000,000-8,000,000 төгрөг болсон. Энэ дээр сэтгэл санааны хохирлыг нэмээд 10,000,000 төгрөг нэхэмжилж байна. Өргөдлөө бичээд хамт хавсаргасан байгаа.

...Би таниад байхад энэ хүн үгүй гээд байх юм. ...өндөр, нам, нас нь таарч байна. Намайг хөл гар хугарчихлаа гээд орилсон чинь буцаагаад босгохдоо зүүн гараараа татсан. Гар, хөл нь муу байсан юм байгаа биз, цүнх булааж чадахгүй захан дээрээс чирээд байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 182-186-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл),

6.Иргэний нэхэмжлэгч Ж.Э-ийн  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Би 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үед Мөрөн сумын захын баруун талд байх Чингис зоогийн газрын урд зогсож байтал нэг танихгүй 30 орчим настай 170 см орчим өндөртэй, дунд зэргийн биетэй сааралдуу дээлтэй хөдөөний залуу ирээд “та ийм утас мэдэх үү” гэж асуухаар нь "ах нь тааруухан гэхдээ ашиглаж мэднэ” гэтэл “та худалдаад авчих, би ийм утас мэдэхгүй ашиглаж чадахгүй байна” гэж хэлэхээр нь “чи хулгайлж авсан юм биш биз” гэтэл тэр залуу “би дэлгүүрийн үүднээс олж авсан” гэхээр нь за яахав хэдээр зарах юм гэж асуутал 250,000 төгрөгөөр зарна гэхээр нь би 250,000 төгрөгөөр авч чадахгүй ээ гэтэл 200,000 төгрөгөөр ав гэхээр нь би тухайн залууд түрүүвчинд байсан мөнгөнөөсөө бэлнээр 200,000 төгрөг авч өгсөн. Тэгээд тухайн гар утсыг аваад 4 замын "Ану" гар утас засварын газар ирээд кодыг нь тайлуулаад тухайн өдрөө Хатгал руу яваад орой нь гэртээ хариад сим картаа хийж ашигласан.

...Тухайн хүнийг олвол би 200,000 төгрөгөө авмаар байна.

...170 орчим өндөртэй, хэл яриа нь гацаа, ганц нэг юм асуухаар ээрээд гацчихдаг, нэг гарын хуруу байхгүй, хуруугаа юманд авчихсан хүн байна даа гэж тухайн үед бодож байсан. Би харвал биеийн байдал, хэл яриа, гарын хуруу, нүүр царайгаар нь сайн танина.

...2024 оны 3 дугаар сарын 13-ны өглөө зах дээр буугаад явж байгаад Чингисийн урд талын гудамжинд таарсан. Утас зарна гээд явж байхаар нь би утсаа алдчихсан, хүний утастай явж байсан учраас гайгүй утас харагдахаар нь би худалдаж авсан. 250,000 төгрөгөөр зарна гэхээр нь үнэтэй байна. 200,000 төгрөгөөр авъя, өшөө ч үнийг нь буулгая гэхэд “буулгахгүй. Хөдөө явна, айлын мал маллах учраас хувцас авна” гэхээр нь 200,000 төгрөгөөр авсан. Гар, хуруу нь надаас мөнгө авахдаа ийм хуруутай хүн байсан. Тэгээд би хуруу муутай хүн байна гэж бодсон.

....Таньж олуулах ажиллагаагаар таньсан хүн өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт сууж байгаа хүн мөн. Одоо утасныхаа 200,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 190-191, 193-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл),

7.Иргэний нэхэмжлэгч Г.А-ийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Д.Д-ийн хувьд 2024 оны 03 дугаар сарын13-ны өдрөөс хойш нийт 1,693,288 төгрөгийн тусламж, үйлчилгээ авч, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн байна. Энэ мөнгөн дүнг гэм буруутай этгээд төлж барагдуулвал өөр нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 246-р хуудас),

8.Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 193 дугаартай “...Д.Д-ийн биед зүүн тахилзуур болон богтос ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаандаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Д.Д-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 197-р хуудас),

9.Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-924/9379 дугаартай: “...Үнэлэгдэж буй Самсунг А-50 марк загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 03 дугаар сарын байдлаар 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт ( 1 дүгээр хавтаст хэргийн 206-208-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдлоо. 

Эрүүгийн 2438000000384 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

1.3.Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:

“...Шүүгдэгч Ц.Б-ийн үйлдсэн гэмт хэргүүд нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:  

“...Бусдын амь насыг хохироосон дээр миний үйлчлүүлэгч цохиж хохирол учруулаагүй гэж байна. Гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдоогүй, хэргийг тал бүрээс нь бүрэн шалгаж тогтоох ажиллагаа хийгдээгүй байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хохирогч Д.Д-г дээрэмдэж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлтийг улсын яллагч гаргаж байгаа боловч үүнийг хангалттай нотолж, тогтоож чадаагүй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэв.

Иргэдийн төлөөлөгч П.Болдоо шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ц.Б-ийг хүний амь насыг хөнөөсөн, бусдад гэмтэл учруулан дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна…” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Ц.Б нь “…Би тэр хүнийг цохиогүй. Надад тэр хүнийг алах бодол байгаагүй, дээрмийн гэмт хэрэг гарахад би хөдөө байсан, мэдэхгүй...” гэж, гэм буруугийн талаар маргаж оролцов.

Хоёр. Эрх зүйн дүгнэлт:

2.1. Шүүгдэгч Ц.Б-ийн 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Од” караокены хойд талын хашаанд иргэн М.Б-тэй маргалдаж улмаар түүнийг хашааны банзаар цохиж цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтлийг учруулж, хүнийг алсан үйлдлийн тухайд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б нь “...Би тэр хүнийг цохиогүй. Миний ой санамж муудсан учраас сайн ойлгохгүй буруу сонсож, буруу ярьдаг учраас яаснаа сайн ойлгохгүй, мэдэхгүй байгаа. Надад тэр хүнийг алах бодол байгаагүй...” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн гэрч, шинжээч нарын мэдүүлгээр шүүгдэгчийн мэдүүлэг бүрэн няцаагдаж байна.Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Л-ийн өгсөн “…Би М.Б  гэх хүнийг сайн танихгүй. Гэхдээ надтай хэд хэдэн удаа цуг архи ууж байсан. Түлэнхий биетэй Ц.Б гэх ах түүнийг сайн таньдаг гээд байсан. Би бол М.Б  гэх хүнийг зүс танина. 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн орой Ц.Б ах, М.Б  ах бид гурав Маамуу нааш ир гэх нэртэй дэлгүүрийн ойролцоо таараад тэр хоёр дэлгүүрээс нэг шил архи авсан. Би нэг шил архи авсан.

Ингээд бид гурав Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багт байрлах “Од” караокены төмөр хашаа руу ороод хойд талд нь байдаг жижигхэн балгас өрөө рүү орж суугаад архиа хувааж ууцгаасан. Би тэндээ тэр хоёроос түрүүлээд унтсан. Шөнө унтаж байхад Ц.Б ах “би М.Б  ахыг зодчихлоо, өөрөө онгироод байсан юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод Ц.Б-той хамт үлдэгдэл бага хэмжээний архиа аваад бас л тэр хашаан дотор байгаа М.Б  ах дээр очсон.

М.Б  ах хашааны дэргэд дээшээ хараад хэвтэж байсан, би түүнээс “та архи уух уу” гэхэд “үгүй ээ, би эмнэлэг явмаар байна, наадах чинь намайг зодчихлоо” гээд Ц.Б ах руу зааж байсан. Тэгсэн чинь Ц.Б “би энэ банзаар цохичихсон” гээд ойролцоо газарт байгаа банз руу заасан. Тэгэхээр нь би “одоо яах юм бэ” гэж асуухад Ц.Б “наадах чинь үхэх болоогүй” гэж хэлсэн. Эргээд би нөгөө балгас өрөө руу ороод унтсан. Өглөө нь би 08-09 цагийн багцаанд сэрэхэд миний хажууд Ц.Б ах унтаж байсан. Тэгснээ Ц.Б ах босоод өрөөнөөс гарч явснаа удалгүй буцаж орж ирээд М.Б  ах үхчихсэн байна” гэж хэлсэн. Би хариуд нь “үнэн юм уу, худлаа байлгүй дээ гэхэд Ц.Б ах “үнэн үнэн, чи намайг танихгүй шүү” гээд байсан. Тэгэхээр нь би Ц.Б гэх хүнээс айгаад, юу болчихов оо, яаж энэ хүнээс сална даа гэж бодоод тэр хашаанаас хамт гарсан. Ц.Б гэх хүн намайг дагаад байсан. Би түүнээс арай гэж зугтсан. Тухайн шөнө Ц.Б, М.Б  бид гурав архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Бид гурав Хамаг Монгол, Хишиг нэртэй 0,5 литрийн хэмжээтэй 2 шил архийг хувааж уусан. Би бол унтсан, унтаад өглөө сэрсэн болохоор согтолт гайгүй байсан. Намайг унтаж байх хойгуур Ц.Б ах М.Б  гэх ахыгаа зодсон байсан.Ц.Б ах өөрөө намайг унтаж байхад орж ирээд “би М.Б  ахыг зодчихлоо, би аймар ууртай хүн шүү" гээд намайг сэрээж ярьсан. Ц.Б ахын ярианаас сонсоход банз модоор М.Б  ахыг цохьсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Т-ын  өгсөн: “…Манай гэр “Од” нэртэй кареокены хашааны чанх ард талд залгаа байрласан хамар хашаа буюу хөрш айл нь юм. Тэр хашаан дотор ер нь согтуу хүмүүс орж гараад шил, лааз түүгээд унтаж хонохдоо хоноод байдаг байсан. 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө би гэртээ унтаж байтал “Од” кареокены хашаан дотор хүмүүс хоорондоо муудалцаж байгаа чимээ сонсогдож байсан. Би үргэлжлүүлэн сонсоход 2 хүн хоорондоо маргалдаж байгаа бололтой, түс гэсэн чимээ сонсогдоод чимээгүй болцгоочихсон юм. Яагаад гэвэл манай гэрийн цонх онгорхой байсан. Тэгэхээр нь би шууд цонхоо хаагаад утасны цагаа харахад 02 цаг 40 минут болж байсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч М.Б ийн өгсөн: “...Амь хохирогч М.Б ийн цогцост тогтоогдсон цээж хэвлийн хавсарсан битүү гэмтэл нь ойролцоогоор 4-5 см хэмжээтэй өргөнтэй, дөрвөлжин ирмэгтэй, хавтгай гадаргуутай, масс бүхий зүйлээр цээжний зүүн хажуу хэсэг рүү зүүнээс баруун руу чиглэсэн 1-2 удаагийн хүчтэй цохилтын үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Цээжний зүүн  хажуу хэсгийн арьс зөөлөн эдэд бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралт нь ямар хэлбэртэй зүйл болохыг харуулсан бол хэр хүчтэй зүйл гэдэг нь дотор эрхтэнд учирсан хавирганы хугарал, өрцний гэмтэл, дэлүүний задралын гэмтэл нь харуулж байна. Аливаа цохилтын хүч яг тухайн хүч үйлчилсэн проекцод байгаа эд эрхтэнг гэмтээдэг. Ямар нэгэн юмнаас унах, юманд даруулах гэх мэт үед бол нөгөө талд хүчийг сарниулах талбай байдаг учраас эсрэг талд мөн адил гэмтэл их, бага хэмжээгээр учирна, амь хохирогч М.Б ийн хувьд зөвхөн хүч үйлчилсэн проекцод л гэмтэл учирсан байсан. Амь хохирогч М.Б-ийн цогцост тогтоогдсон цээж хэвлийн хавсарсан битүү гэмтэл нь хашаа, мод унах үед үүсгэгдэх боломжгүй...” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 147 дугаартай “...Амь хохирогч М.Б-ийн цогцост цээж, хэвлийд хавсарсан битүү гэмтэл болон цээж хэвлийн зүүн хэсэгт цус хуралт тогтоогдлоо. М.Б-ийн цогцост элэгний өөхөн хувирал бүхий архаг архисах өвчин тогтоогдсон ба энэ нь үхэлд хүргэхэд нөлөөлөөгүй болно.

Амь хохирогч М.Б  нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Амь хохирогч М.Б  нь цээж хэвлийн хавсарсан битүү гэмтлийн улмаас цочмог цус алдалтын шоконд орж нас баржээ. Үхлийн шалтгаан нь дээрхи онош болон задлан шинжилгээний тэмдэглэл зэргээр батлагдаж байна” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай болох нь тогтоогдож байна.  

Нөгөөтэйгүүр шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж нь хэргийн бусад баримтаар нотлогдоогүй ба шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд зөвхөн түүний мэдүүлгээр гэрч нарыг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 оны НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт-ын зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй” гэж тус тус тунхаглаж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

Улмаар эрүүгийн эрх зүйн онол, жишиг ойлголтод хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг буюу хохирогч нас барснаар энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нь амь хохирогчийн биед халдсан үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд үйлдэл хохирол шууд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Тодруулбал шүүгдэгч Ц.Б нь амь хохирогчийн бие махбодод банз модоор цохиход  үхэлд хүргэх гэмтэл учирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг шууд санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаврын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл болсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний амь насыг хохироон хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй ба дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Иргэдийн төлөөлөгч П.Болдоогийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

2.2. Шүүгдэгч Ц.Б-ийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Алтан дуулга” гурилын дэлгүүрийн гадна иргэн Д.Д-ийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан Самсунг А-50 загварын гар утсыг нь хууль бусаар авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн тухайд:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтооход шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу гэм буруугүй болох, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тодруулбал хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд тухайн хэрэг үйл явдал болсон шөнө хохирогч Д.Д-г гэр лүүгээ явж байхад нь эд хөрөнгийг нь авах зорилгоор түүнийг хөөж хүч хэрэглэн довтолж газар унагаан улмаар зүүн тахилзуур болон богтос ясанд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, гар утсыг нь авсан үйлдэл шүүгдэгч хийсэн нь тогтоогджээ.

Хохирогч нь шүүгдэгчийн үйлдлийг эсэргүүцэж түүнтэй ноцолдон, зууралдсан талаар мэдүүлдэг ба тэрээр газар унасны дараа хөл хугарчихлаа гэхэд шүүгдэгч түүнийг газраас татан босгож, хохирогчийн гартаа барьсан байсан А50 маркийн гар утсыг авснаар үйлдлээ дуусгаж зугтсан.

Үүнээс үзвэл хохирогчтой ноцолдож, улмаар унаж гэмтсний дараа гар утсыг аваад явсан нь дээрмийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилгоо хэрэгжүүлж гэмт хэрэг төгсжээ.

Хууль зүйн хувьд дээрэмдэх гэмт хэрэг нь эд хөрөнгийг авах зорилгоор довтолгоон эхэлж, саад тотгорын эсрэг халдлага эхэлснээр бусдын амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн, идэвхитэй үйлдлээр илэрдэг.

Довтлох гэдэг нь эд хөрөнгийг нь авах зорилгоор хохирогчийн эсэргүүцэх хүчийг алдагдуулж байгаа идэвхитэй хөдөлгөөнөөр илрэх буюу өөрөөр хэлбэл гэнэдүүлж довтлох, цохих зэргийг ойлгох ба сэдэлт нь шунахай сэдэлттэй байна.

Тухайн энэ хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч нь хохирогчийг газар унагаан зүүн тахилзуур болон богтос ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүч хэрэглэсэн үйлдэл бөгөөд довтолгоон эхэлснээр дээрмийн гэмт хэрэг төгсжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс…тухайн хэрэг гарсан гэх өдөр шүүгдэгч Төмөрбулаг суманд байсан, дээрмийн гэмт хэрэг үйлдэж, хохирогчид үүссэн гэмтлийг учруулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг заавал нотлох ёстой, нотолж тогтоосон баримтгүй тул цагаатгаж өгнө үү…гэсэн саналыг гаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, эмчийн өдөр тутмын үзлэгийн дэвтрийн хуулбар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, эмчлүүлэгчийн карт зэргийг нотлох баримтаар гарган, мэтгэлцэж байх боловч хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэдэг. Харин дээрх баримтууд нь шүүгдэгчийг дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэсэн дүгнэлт хийхэд хангалттай хүрэлцээтэй шууд нотлох баримт болохгүй бөгөөд  дараах мэдүүлэг, баримтуудаар няцаагдаж байна. Тухайлбал,

Хохирогч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт : “...2024 оны 03 дугаар сарын 13-ны шөнийн 02 цаг өнгөрч байхад найз О-ээс  ганцаараа гараад гэр рүүгээ явсан. ...Жаргалан ресторан, Аптан дуулга гурилын дэлгүүрийн урд явган хүний зам дээр явж байтал миний өөдөөс нэг эрэгтэй хүн гүйгээд ирж байсан. Тухайн эрэгтэй хүн өнгөрч явснаа гэнэт миний ардаас хөөгөөд эхэлсэн. Тэгээд би айгаад хойшоо ухраад Алтан дуулга дэлгүүрийн урд талбай дээр ирээд нэг жижигхэн түцний хажууд тэр залуутай ноцолдоод тэр залуу намайг дараад унагаасан. Тэр үед би  эсэргүүцээд хөл хугарчихлаа гээд хашгиртал тэр залуу босоод намайг босгосон.

Тэгээд яваад өгсөн. Тэгэхээр нь би цаашаа явган хүний зам дээр явж байтал тэр залуу хашааны булангаас дахин гарч ирээд А50 маркийн гар утсыг миний гараас булаагаад аваад явсан. ...Цагдаа дээр таниулах ажиллагаа хийж 4, 5 хүний зураг үзүүлэхэд би шууд энэ хүнийг хараад заасан. Зөвхөн цээж зураг нь байсан. ...Би таниад байхад энэ хүн үгүй гээд байх юм. ...өндөр, нам, нас нь таарч байна. Намайг хөл гар хугарчихлаа гээд орилсон чинь буцаагаад босгохдоо зүүн гараараа татсан.

Баруун гар нь түлэгдээд муу байсан юм байгаа биз, цүнх булааж чадахгүй захан дээрээс чирээд байсан...” гэж,

Иргэний нэхэмжлэгч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...2024 оны 3 дугаар сарын 13-ны өглөө зах дээр буугаад явж байгаад Чингисийн урд талын гудамжинд таарсан. Утас зарна гээд явж байхаар нь би утсаа алдчихсан хүний утастай явж байсан учраас гайгүй утас харагдахаар нь би худалдаж авсан. 250,000 төгрөгөөр зарна гэхээр нь үнэтэй байна. 200,000 төгрөгөөр авъя, өшөө ч үнийг нь буулгая гэхэд “буулгахгүй. Хөдөө явна, айлын мал маллах учраас хувцас авна” гэхээр нь 200,000 төгрөгөөр авсан. Гар, хуруу нь надаас мөнгө авахдаа ийм хуруутай хүн байсан.

...Тэгээд би хуруу муутай хүн байна гэж бодсон. ....Таньж олуулах ажиллагаагаар таньсан хүн өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт сууж байгаа хүн мөн...” гэж тус тус  мэдүүлсэн. /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгүүд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хүндэвтэр гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нь түүнийг мэдүүлгийг давхар нотолсон, эдгээр нотлох баримтыг үгүйсгэх няцаах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй  байна. 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зарим баримтыг нотлох баримтаас хасуулах талаар гаргасан саналын тухайд:

Тодруулбал, өмгөөлөгчөөс мөрдөгчийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 169-177-р хуудас), иргэний нэхэмжлэгч Ж.Эд таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 222-225-р хуудас), хохирогч Д.Д-д таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1 дүгээр хх-ийн 226-229-р хуудас) зэргийг нотлох баримтаас хасуулахаар санал гаргасан.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн таньж олуулах ажиллагаагаар иргэний нэхэмжлэгч Ж.Э, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн таньж олуулах ажиллагаагаар хохирогч Д.Д нар нь шүүгдэгч Ц.Б-ийг шууд таньж заасан.

Өөрөөр хэлбэл мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар таньж олуулах ажиллагааг явуулж, иргэний нэхэмжлэгч Ж.Э, хохирогч Д.Д нарт 4 хүний зураг харуулахад эргэлзээгүйгээр Ц.Бийг шууд таньсан, иргэний нэхэмжлэгч Ж.Э-эс хохирогч гар утсаа хүлээн авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 5-д “таньж олуулах ажиллагааны явцыг тэмдэглэл, дуу дүрсний бичлэгээр бэхжүүлнэ. Тэмдэглэлд гэрч, хохирогч, яллагдагчийн биеийн байцаалт, таньж олох хүн, мал, амьтан, эд зүйл, тодорхой газар, орон байрны тухай болон бусад бүх ажиллагааг дэс дарааллаар нь үгчлэн бичнэ” хэмээн хуульчилсан.

Хэрэгт авагдсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл ( 1 дүгээр хх-ийн 222-229-р хуудас) нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу явагдаж “тэмдэглэл” үйлджээ.

Мөн мөрдөгч гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хүний бие, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан, хэрэг гарсан газарт үзлэг хийж болох бөгөөд үзлэгт хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулж, эсхүл дуу дүрсний бичлэгээр бэхжүүлэхээр хуулинд зохицуулсан.

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн (хх-ийн 169-177-р хуудас) хувьд үзлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан байна.

Харин тухайн камерын бичлэгийг СД-нд хуулж, бэхжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй тухайгаа мөрдөгч тэмдэглэл болгон үйлдэж хэрэгт хавсаргасан байгааг хуулийн холбогдох заалт зөрчигдсөн гэж үзэхгүй, дээрх тэмдэглэлүүдийг үгүйсгэсэн, няцаасан ямар нэгэн хөндлөнгийн баримтгүй тул нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэл тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэсэн хуулийн зохицуулалтын хүрээнд нотлох баримтыг шалгах, үнэлэх байдлаар хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийсэн ба мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчийн үйлдэл, гэмт хэргийн шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

            2.3.Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

            Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн  байдал

            “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

            “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй /-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

             Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч нар нь гэмт хэргийн улмаас өөрт  учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Шүүгдэгч Ц.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас М.Б ийн  амь хохирч хүнд хор уршиг учирсан ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчээс түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин дээрмийн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д-д хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан. Хохирогч Д.Д нь сэтгэл санаа болон эмчилгээний зардалд нийт 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар Үлэмж итгэл эмийн сангийн 1,400, 21,750, 9,500, Үлэмж эс, салбар агар  эмийн сангийн 5,550, 8,600, 26,500, 65,000, 12,000, Оюу эмийн сангийн 17,500, 8,500, 19,800, 47,100, Тунамал эмийн сангийн 9,500, 24,000, Марал од гариг ХХК-ний эмийн сангийн 9,500, 5,500, Хөвсгөл эм хангамж  ХХК-ний эмийн сангийн 16,890 төгрөгийн И-баримтууд (хх-ийн 208-210-р хуудас) нийт 308,590 төгрөгийн хохирол нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Боос 308,590 (гурван зуун найман мянга таван зуун ер) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-д олгож, үлдэх 9,691,410  (есөн сая зургаан зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун арав) төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Мөн энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Ж.Э-д 200,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгч Ц.Б-оос нэхэмжилсэн тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгов.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан.

Энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.А-г тогтоосон ба иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Д-д тусламж үйлчилгээ үзүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,693,288 төгрөгний зардал гарсан гээд дээрх мөнгийг шүүгдэгч Ц.Б-оос  нэхэмжилсэн тул шүүгдэгч Ц.Б-оос 1,693,288 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.

            Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Ц.Б-ийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

            Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ:

“…Шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэр хэрэгт авагдсан. Дээрэмдэх гэмт хэргийг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө үйлдсэн нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулах үндэслэлтэй. Иймд дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял, нэмж нэгтгэн нийт 16 жил хорих ял оногдуулахаар тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ:

“...Гэм буруутайд тооцож шийдвэрлэж байгаа ч гэсэн амь хохирогчтой бие биеэ тэжээж, тэтгэж, олсон хоол, архи, хэрэглээгээ хуваадаг байсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг шийтгэл ноогдуулахдаа харгалзан үзээсэй гэж хүсэж байна.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн тухайд хэрэгт авагдсан баримтын хүрээнд миний үйлчлүүлэгч маргаж оролцож байгаа. Мөн түүний гэр бүл, төрөл садны зүгээс ч энэ хүн тухайн цаг хугацаанд тэнд байгаагүй байхад шүүх гэм буруутайд тооцож шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй тодорхой бус байгаа учраас цаашид маргана гэж хүсэл зоригоо илэрхийлсэн тул ял оногдуулах дээр хэлэх саналгүй байна. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх байх...” гэв.

            Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй. 

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, (1 дүгээр хх-ийн 118-127-р хуудас)  зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон.

Шүүгдэгч нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 онь 11 дүгээр сарын 24-ний өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуугийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээрсарын 17-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуугийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзаж, шийдвэрлэжээ.

        Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Ц.Б нь тэнсэн хянан харгалзсан ял эдэлж дуусахаасаа өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

        Иймээс Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуугийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

        Учир нь, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээг хэрэглэхээр хуульчилсан бөгөөд тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахаар хууль тогтоогч хуульчилсан.

        Шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэнэ гэдгийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзсан хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг санаатай үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, уг зүйл хэсэгт оногдуулахаар заасан ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж ойлгоно.

Иймд шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 (арав) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 ( нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 (арав) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор буюу 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нийт ялыг 12 (арван хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолын 2,3 дахь заалтаар шүүгдэгч Ц.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр  1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг баримтлан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар нэмж нэгтгэн оногдуулсан 12 (арван хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 12 (арван хоёр) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялыг тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

       Цагдан хоригдсон хугацааны хувьд: шүүгдэгч Ц.Бийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 1 хоног баривчилсан, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 91 хоног, 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 8 хоног, нийт цагдан хоригдсон 100 хоногийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцлоо.

        Дөрөв.Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

        Эрүүгийн 2438000000384 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,5 литрийн хэмжээтэй ”Хамаг монгол” нэртэй архины шил 1 ширхэг, 0,5 литрийн хэмжээтэй ”Хишиг” нэртэй архины шил 1 ширхэг, 167х14,4 см хэмжээтэй банз 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

       Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1.Шүүгдэгч Г овогт Ц-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 (арав) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 (арав) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор буюу 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг, тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 (арван хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолын 2,3 дахь заалтаар шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр  1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг баримтлан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар нэмж нэгтгэн оногдуулсан 12 (арван хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 12 (арван хоёр) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 12 (арван хоёр) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн цагдан хоригдсон 100 (нэг зуу) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Боос 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Э-д,  308,590 (гурван зуун найман мянга таван зуун ер) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-д тус тус олгож, хохирогч Д.Д нь сэтгэл санааны болон эмчилгээний хохирол 9,691,410  (есөн сая зургаан зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун арав) төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.Б-оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ц.Б-оос 1,693,288 (нэг сая зургаан зуун ерэн гурван мянга хоёр зуун наян найм) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

10.Эрүүгийн 2438000000384 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0,5 литрийн хэмжээтэй “Хамаг монгол” нэртэй архины шил 1 ширхэг, 0,5 литрийн хэмжээтэй “Хишиг” нэртэй архины шил 1 ширхэг, 167*14.4 см хэмжээтэй банз 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ДАВААХҮҮ

                                         ШҮҮГЧИД                             Т.ХҮРЭЛБААТАР

                                                                                      Б.УУГАНБАЯР