Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

              Улсын яллагч Э.Гэрэлтуяа

              Хохирогч Г.Ч ,

              Шүүгдэгч Э.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-ийн Л-д  холбогдох эрүүгийн 2438003740081  дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол Улсын иргэн, А овгийн Э-ийн Л , Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1986 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуурийн дуулаач мэргэжилтэй, малчин, ам бүл 2, хүүхдийн хамт, ................... аймгийн ............ суманд оршин суух хаягтай, одоогоор Хөвсгөл аймгийн ............ сумын Хайс ................... дугаар багт түр оршин сууж байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2003 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 5 жил 5 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ......................дугаартай.

   Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Э.Л  нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Г.Ч-ын Айфоне-5, Нокиа 3310 загварын гар утас, бэлэн 250,000 төгрөг, иргэний үнэмлэх, виза карт зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, нийт 473,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1.1.Шүүгдэгч Э.Л-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэх мэдүүлэг,

1.2.Хохирогч Г.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: ”…хохирол 473,300 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэх мэдүүлэг,

1.3.Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 24380003740081 дугаартай хэргээс:

1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Ч-ын хохирогчоор өгсөн: ”... Би 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 16 цагийн үед Мөрөн сумын 10 дугаар багт ач охин Э-ийн  гэрт унтаж байхад гаднаас нэг залуу орж ирээд намайг сэрээсэн. Тэр залуу бол өмнө манайд нэг удаа ирж байсан Л  гэх залуу байсан. Л  надад хандаад та манай гэрт очоод ном уншаад өг гэхэд манай охин ач охин Э согтуу, өндөр настай хүнийг авч яваад яах гээд байгаа юм эрүүл болохоор ном уншуулж болдоггүй юм уу гэхэд тэр Л  намайг дагуулж хашаанаас гараад манай ач охины гэрээс ерөнцийн зүгээр баруун зүгт миний санаж байгаагаар бид 2 нэг километр орчим явсан. Тэгтэл тэр залуу таныг гэртээ аваачиж ном уншуулна гээд яриад явж байснаа хоосон хашааны тэнд очиж суугаад миний Нокиа 3310, Ай фоне 5, бэлэн 250.000 төгрөг, гар утасны даавуун уут дотор нь байсан миний бичиг баримт зэргийг минь дээрэмдээд хөгшин талхи минь цааш нааш нь ярих юм бол ална шүү гэж хэлээд зугтаасан. Би тэндээс ач охиныхоо гэрлүү буцаад явж байхад манай охин Э урдаас гарч ирээд тосож авсан...” гэх мэдүүлэг, / хх-ийн 13-14 дүгээр тал/,

2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад  Ч.Э-ийн  гэрчээр өгсөн: “...Би энэ өдөр өөрийн гэр болох Хөх толгой 44-07 тоотод хувцас угааж байсан. Харин манай өвөө болох Ч нь манай гэрт унтаж байсан. Гэтэл гаднаас нэг залуу орж ирээд танай өвөөгөөр ном уншуулж, гал тахиулах гэсэн юм гэж хэлээд өвөөг унтаж байхад нь сэрээгээд авч гарах гээд байхаар нь би манай өвөө халамцуу байгаа маргааш эрүүл болохоор нь авч явж болохгүй юм уу гэхэд нэн шаардлагатай байна. Одоо л авч явах хэрэгтэй гэсээр байгаад манай өвөөг дагуулаад суганаас нь бариад аваад явсан. Тэрнээс хойш 5 орчим минутын дараа би хашааныхаа хаалган дээр гараад харахад өвөө гудамжны үзүүрээс ганцаараа ирж явхаар нь очоод юу болсон бэ өвөө гэхэд надтай хамт явсан залуу намайг дээрэмдээд бүх юмыг минь аваад явчихлаа гэхээр нь би гэртээ очоод өвөөгийн ...................... гэсэн дугаар луу залгахад манайд орж ирсэн залуу өвөөгийн гар утсыг аваад “Танай өвөө манайд ирсэн номоо уншиж байна. Би дуусахаар нь хүргээд өгнө гэж хэлсэн” тэгэхээр нь би та яагаад худлаа яриад байгаа юм бэ манай өвөө гэртээ ирсэн байна. Хөгшин настай хүний хамаг юм дээрэмдээд явчихсан байх юм гэхэд утсаа таслаад манай өвөөгийн гар утсыг унтраагаад таг болсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16 дугаар тал/,

3.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/,

4.Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, /хх-ийн 6-9 дүгээртал/,

5.Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ТХҮ-924/10883 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 17-21 дүгээр тал/

6.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Э.Л-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 56-59 дүгээр тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Л-г гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Хоёр.Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Э.Л  нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Г.Ч-ын Айфоне-5, Нокиа 3310 загварын гар утас, бэлэн 250,000 төгрөг, иргэний үнэмлэх, виза картзэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, нийт 473,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Э.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Ч ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Ч.Э-ийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ТХҮ-924/10883 дугаартай үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. /хх-ийн 5-9, 13-19, 56-59 дүгээр тал/

Шүүгдэгч Э.Л-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Л-ийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Г.Ч-ын Айфоне-5, Нокиа 3310 загварын гар утас, бэлэн 250,000 төгрөг, иргэний үнэмлэх, виза карт зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугатаасан нь шууд санаатайгаар амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгө олох зорилгоор буюу шунахай сэдэлтээр хүсэж үйлдэн хохирогчийн өмчлөх эрхэнд нь халдаж түүний эд зүйлсийг хууль бусаар шилжүүлэн авч хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангажээ.

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахдаа хүч хэрэглэхгүйгээр илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч тэр даруй хохирогчоос зугтаах, зайлсхийсэн шинжтэй үйлдэл байдаг бөгөөд энэ хэргийн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

Дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжид заасан “илээр авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг, “хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн авсныг тус тус ойлгоно.

Шүүгдэгч Э.Л  нь хохирогч Г.Ч-ын Айфоне-5, Нокиа 3310 загварын гар утас, бэлэн 250,000 төгрөг, иргэний үнэмлэх, виза карт зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Л-г “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ч-т 473,300 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь хохирол 473,300 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Э.Л-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Гурав.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

  Шүүгдэгч Э.Л г дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “...шүүгдэгч Э.Л  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх саналтай байна…” гэв

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Л-д хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй ба хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Э.Л  урьд 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 5 жил 5 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 59-61-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

           Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөр төлсөн байдал/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Э.Л-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Л-г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Э.Л-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан ба тэрээр  “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг тэмдэглэв.

Дөрөв. Бусад асуудал.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч  А овгийн Э-ийн Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийн Л-г хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Л д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

         4.Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Э.Л-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

         5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Л-д сануулсугай.

         6.Эрүүгийн 2438003740081 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ДАВААХҮҮ