Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2022/02466

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        05          26                                     101/ШШ2022/02466         

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш.Э-т холбогдох,

 

Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н,

Хариуцагч Ш.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Д.М миний бие Баянзүрх дүүргийн Газрын албанд 2020 оны 04 дүгээр сард хувийн өмчлөлийн газар олгож өгөх хүсэлтийг тухайн үед хоосон байсан газарт кадастр геодезийн зураглал хийлгэн өргөдлийн хамт хавсарган өгсөн болно.

Миний хүсэлтийг үзэж судласны дагуу 2020.10.26-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/498 тоот захирамжийг үндэслэн Монгол улсын иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ /дугаар/-0000000 олгогдсон.

Би тухайн газрыг эзэмших эрх олгогдсоноос хойш уг хоосон байсан газарт хашаа хатган суурьшин амьдрахаар очтол иргэн Ш.Э гэгч этгээд уг газарт хашаа хатган, малын хашаа саравч барьчихсан байсан. Бид газраа чөлөөлж өгнө үү гэтэл Ш.Э нь манай нөхөр З.Н-ийг өшиглөж, алгадан, машин тэрэг нүдэж балбаж, маш зэрлэг авир гаргасан тул бид Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан.

Гомдлын дагуу Цагдаагийн албан хаагч очиж газрын гэрчилгээг үзүүлж чөлөөлж өгөхийг шаардахад газрын гэрчилгээг булаан авч урж, шатаасан.  Ш.Э-т Зөрчлийн тухай хуулийн 8.8.1-д заасны дагуу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган гэмтээсэнд хуулийн дагуу арга хэмжээ авсан гэж хариу өгсөн.

Гэвч Ш.Э нь газар чөлөөлж өгөхгүй байсан тул Баянзүрх дүүргийн Газрын албаны 11 дүгээр хорооны газар зохион байгуулагч н.Ч гэх хүнд албан ёсоор уг газрыг чөлөөлүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг удаа дараа тавьсан. Мөн 11 дүгээр хороо хариуцсан хэсгийн байцаагч Б.Б гэх хүнд хандсан. Тухайн газрыг чөлөөлж өгөхийг Ш.Э-аас шаардсан 2 удаа шаардлага өгсөн боловч чөлөөлж өгөлгүй өдий хүрсэн.  

Уг газрыг эзэмших эрхийг эрх бүхий байгууллагаас 2020 онд өгснөөс хойш өнөөдрийг хүртэл 2 жил гаран маш их чирэгдэл учруулж, Баянзүрх дүүргийн Газрын алба, Цагдаагийн байгууллага, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны хэсгийн байцаагч гэх мэт хандаагүй газар үгүй боллоо.

Ш.Э нь газрын гэрчилгээг маань булааж авснаас болоод дахин гэрчилгээ гаргуулахаар холбогдох газарт хандаж, 2021.09.11-ний өдөр дахин гэрчилгээ олгосон, түүний энэ хууль бус үйлдлээс болоод сэтгэл санаа, цаг хугацаа, эд хөрөнгийн хувьд асар их хохирч байна.

Иймд иргэн Д.М-д эзэмших эрх олгосон, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 тоот, нэгж талбарын 0 дугаар бүхий 545 м.кв газрыг иргэн Ш.Э-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзлынхаа үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Ш.Э миний бие нь 2009 оноос Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр гудамжинд өөрийн дүү нар болох Ш.М, Ш.Г, Ж.Э, хүү Б.Б нарын хамт 5 хүний газар хашаалж, 2009-2013 онд гахайн аж ахуй, 2014 оноос одоог хүртэл үхрийн аж ахуй эрхлэн амьдарч байна. Монгол улсын Засгийн газрын 2012 оны 191 дүгээр тогтоол болон Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/792 тоот захирамжийн хүрээнд Улаанбаатарын дулааны 5 дугаар цахилгаан станцыг Баянзүрх дүүргийн 0 хороо, Хөлийн голд барих болж бидний хашаа 5 дугаар цахилгаан станцын барилга угсралтын үйл ажиллагааны нөлөөлөлд өртөж дэд бүтэц баригдах талбайд орж байгаа тул дахин төлөвлөж нүүлгэн шилжүүлэх шаардлага үүссэн тухай 2015 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн Газрын алба болон дулааны 5 дугаар цахилгаан станцыг барих төслийн багаас бидэнд мэдэгдэл ирүүлж, бидний хашааг бүртгэж, бүртгэгдсэн хашаа болгоны эзэмших эрхтэй, эрхгүй байхаас үл хамаарч өөр байршилд ижил хэмжээний газар олгож, гэрчилгээ олгоно гэж амласнаар одоо маргаж буй тухайн үед бидний хүнсний ногоо, жимсний мод тарьдаг байсан миний дүү Ш.М-ын эзэмшиж байсан модон шонтой метрийн төмөр хашаатай газрын гэрчилгээг гаргалгүй, харин нөхөн олговрын асуудал гарах учраас үл хөдлөх хөрөнгөтэй 2 хашааны гэрчилгээг 5 дугаар цахилгаан станцын шугамаар гаргаж өгсөн.

Ш.М нь төмөр торон хашаагаа 2020 оны 07 дугаар сард банзан хашаа болгож барьсан болно. 2020 оны сонгуулын дараа 5 дугаар цахилгаан станц Хөлийн голд баригдахгүй тухай яригдаад эхэлмэгц Ш.М Баянзүрх дүүргийн Газрын албанд хандаж хашааны газраа баталгаажуулж хүсэлт гаргасан. 2020 оны 07 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны газар зохион байгуулагч н.Ч манай газрыг ирж үзээд баталгаажуулж болно, материалаа бүрдүүлээд 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш өгөөрэй гэсэн.

Энэ газрын мэргэжилтэнг ирж үзэх үед манай газар модон шонтой метрийн төмөр хашаа байсан. Газар зохион байгуулагч ирж үзсэн, хашаагаа үндсэн материалаар барьсан, ковидын хөл хорионд орсон зэрэг шалтгаанаар тайвшраад 2020 оны 4 дүгээр улиралд материалаа өгч чадаагүй, 2021 оны 01 дүгээр сард очиход 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш материал авна гэсэн.

Ингээд 2021 оны 4 дүгээр улиралд материалаа өгөх юм байна гээд байж байтал 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Д.М-ийн нэр дээр гарсан гэрчилгээ барьсан залуу ирээд хашаа, малын хороогоо буулга, газар чөлөөлж өг гэдэг шаардлага тавьсан. Маргааш нь 08 дугаар сарын 24-ний өдөр би хашааны газраа хөөцөлдөж хэд хэдэн удаа н.Ч-тай уулзсан. Ш.М-ын эхнэр н.О-тай цуг газар зохион байгуулагч н.Ч-тай уулзсан. Тэр үед н.Ч танай газрыг очиж үзсэний маргааш нөгөөдөр нь танай газар дээр материал бүрдүүлсэн залуу ирсэн. Би танай газрыг таниад энэ олон хүний газар дээр үхрийн аж ахуй хийдэг хүний газар байна. Чи тэдний юу нь вэ гэж асуухад манай ах дүүс тэнд байдаг гэж хариулсан. Эмэгтэй хүн хөөцөлдөөд явсан ч газраа хэний нэр дээр гэрчилгээ авах нь та нарын асуудал учраас танай хүн гэж бодоод материалыг нь авсан. Тэр залуу худал хэлж намайг төөрөгдүүлсэн байна. Би одоо дуудаж уулзаад өөрөө газар эзэмших эрхээ цуцлах хүсэлт гарга гэдэг шаардлага тавина, зөвшөөрөхгүй бол хүний газар дээр хуурамч материал бүрдүүлж, төрийн албыг хуурч мэхлэн төөрөгдүүлэх замаар гэрчилгээ гаргуулсан гэдгээр хуулийн байгууллагад хандана гэсэн. Тэгээд 30 хоногийн дотор шийдэж өгнө гэхээр нь сарын дараа утсаар ярихад энэ хүн бүх юмаа нотолж чадаж байгаа учир дахин гэрчилгээ гаргасан гэсэн. Маргааш нь 09 дүгээр сарын 24-ний өдөр очиж уулзахад угаасаа цагдаа шүүхээр орж байж гэрчилгээ цуцлагддаг, та цагдаад өргөдөл гарга, би хаана ч хууран мэхлүүлсэн гэдэг хариугаа хамгаална гэсэн. Цагдаад өргөдөл гаргахад захирамж шүүхээр цуцлагддаг гээд миний өргөдлийг аваагүй. Одоо харин н.Ч энэ бүх хариунаасаа буцаж байна.

Газрын албанаас хашааныхаа зургийг авчир гэж манайхаас шаардаад байсан мөртлөө Д.М-ийн газрын хувийн хэрэгт хашааных нь зураг байхгүй байна.

Д.М-д олгосон газар эзэмших гэрчилгээтэй холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан боловч хэрэг үүсгээгүй, Нийслэлийн газрын албанд хандсан боловч Баянзүрх дүүргийн газрын албыг шийд гээд өргөдлийг маань шилжүүлсэн байсан.

Эднийд олгосон газрын гэрчилгээг булааж авсан болохоос шатаасан зүйл байхгүй, тэр гэрчилгээ нь одоо надад байна, цагдаагийн ажилтан нэг талыг бариад байсан учраас гэрчилгээг нь өг гэхээр өгөөгүй юм.

Иймд дээрх газрыг миний бие 2009 оноос хойш тасралтгүй 13 жилийн турш аж ахуй эрхлэн арчлан хамгаалж, хашаа барин хамгаалсан, Д.М нь газрын албанд хашааныхаа зургийг өгөөгүй байхад түүнд гэрчилгээ олгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 0 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2021.09.11-ний өдрийн 01110-2021/04633 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ болон кадастрын зураг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020.10.26-ны өдрийн А/498 дугаартай захирамж болон хавсралт, 2021.09.02-ны өдрийн Банязүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн тодорхойлолт, Ж.О-н тодорхойлолт, бүртгэл хяналтын карт, газрын төлбөр төлсөн баримтууд, Д.М-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, М.Н-ийн тодорхойлолт, М.Н-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, газрын зураг, Д.М-аас З.Н-т олгосон итгэмжлэл /хх-ийн 3-21, 37/ зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас Ш.Э-аас Э.А-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Ш.Э-ын хариу тайлбар, эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, хашааны зураг, бүртгэл хяналтын карт, мэдэгдэл, эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, О.М-ын тодорхойлолт, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022.02.14-ний өдрийн 02-06/489 дугаартай албан бичиг, кадастрын зураг, газрын фото зураг, Э.Н-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Б-ын тодорхойлолт, Д.Б-ийн тодорхойлолт, Н.С-ын тодорхойлолт, 2021 оны мал тооллогын бүртгэл /хх-ийн 48-49, 53-67, 110-118/

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Баянзүрх дүүрэг, 0 хороо, 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 0 дугаар бүхий, 545 м.кв талбайтай газрын /Гэр, орон сууцны хашааны газар зориулалттай, Эрхийн улсын бүртгэлийн Э-0 дугаарт бүртгэгдсэн/ хувийн хэрэгтэй холбоотой бүхий л баримтыг, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргаас тодорхойлолт /хх-ийн 81-107, 131-158/ зэрэг баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Ш.Э-т холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/498 дугаар “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” захирамжаар газар эзэмших эрх баталгаажуулах тухай хүсэлт ирүүлсэн 927 иргэдэд 566225 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрх олгож баталгаажуулахаар шийдвэрлэсэн, ийнхүү эрх нь үүссэн иргэдэд гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгасан байх ба энэхүү захирамжийн хавсралтын 272-т: “Д.М,... 0 тоот, гэр бүлийн хэрэгцээ, 558, 15, эзэмшүүлэх” гэжээ./хх-ийн 4,8-10/ 

 

Дээрх Засаг даргын шийдвэрийн дагуу Улаанбаатар, Баянзүрх 0 хороо, 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 0 дугаар бүхий, гэр, орон сууцны хашааны газар зориулалтаар, 545 м.кв газрыг, 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, Эрхийн улсын бүртгэлийн Э-0 дугаарт бүртгэсэн, №0 дугаар бүхий, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Д.М-д олгосон байна. /хх-ийн 4/

 

Баянзүрх дүүргийн газрын албанаас 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Д.М-тай №01110-2021/04633 дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан, тэрээр Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу газрын төлбөрийг төлсөн болох нь татвар төлсөн баримтаар тогтоогджээ. /хх-ийн 5-7, 15-16/

 

Хариуцагч Ш.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлынхаа үндэслэлийг дээрх газрыг эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид олгохдоо түүнээс хашааны зургийг аваагүй байх ба маргаж буй газрыг 2009 оноос хойш тасралтгүй 13 жилийн турш аж ахуй эрхлэн арчлан хамгаалж, хашаа барин эзэмшиж байсан гэж тайлбарласан.

 

Зохигчийн тайлбар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн маргаж буй газрын хувийн хэрэгт авагдсан баримтаар дээрх газрыг Д.М-д эзэмших эрх олгосон №0 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр олгож, газрын албанаас түүнтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан боловч түүний гэрчилгээг хариуцагч Ш.Э булаан авсан, үүнтэй холбоотой гомдлыг тус дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа шалгаж, энэхүү үйлдэлд нь Ш.Э-т Зөрчлийн тухай хуулийн 8.8-ын 1-д зааснаар арга хэмжээ авах талаар тодорхойлсон байх ба дээрх газрыг эзэмших №0 дугаар бүхий гэрчилгээг 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Д.М-д дахин олгож, газрын алба нь түүнтэй гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 81-108, 131-159/

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн хуулийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заажээ.

 

Үүнээс үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/498 дугаартай захирамжийн дагуу Эрхийн улсын бүртгэлийн Э-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх 0 хороо, 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 0 дугаар бүхий, гэр, орон сууцны хашааны газар зориулалтаар, 545 м.кв газрыг, 15 жилийн хугацаатай, №0 дугаар бүхий, газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу Д.М эзэмших эрхтэй, тэрээр уг эрх олгогдсоноос хойш хуульд заасны дагуу газрын төлбөр төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч Ш.Э дээрх газрыг эзэмших эрхтэй болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэж үзэх үндэслэл болно.

 

Өөрөөр хэлбэл тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар өөрийн татгалзлыг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.  

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”,

 

Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Д.М нь дээрх газрын хууль ёсны эзэмшигчийн хувьд хариуцагч Ш.Э-ын хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.  

 

Иймд нэхэмжлэгч Д.М-ийн эзэмшлийн, Эрхийн улсын бүртгэлийн Э-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 0 дугаар бүхий, гэр, орон сууцны хашааны газар зориулалт бүхий, 545 м.кв газрыг хариуцагч Ш.Э-ын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул хариуцагч Ш.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.М-ийн эзэмших эрх бүхий, Эрхийн улсын бүртгэлийн Э-0 дугаарт бүртгэгдсэн,  Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 0 дугаар бүхий, гэр, орон сууцны хашааны газар зориулалт бүхий, 545 м.кв газрыг хариуцагч Ш.Э-ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Ш.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ