Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2022/01287

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: И ББСБ  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө.Д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болон бусад зардалд 5,170,412.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Арлунгуа, Б.Болормаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И ББСБ ХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Арлунгуа, Б.Болормаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

И ББСБ ХК нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр В17019062638 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 2,879,910 төгрөгийг, сарын 3,90 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Сайн электроникс ХХК-иас гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн электроникс ХХК-ийн Хаан банкин дахь ******* тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, нийт 370,000 төгрөг төлсөн ба 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.11-д ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 5.4, 6.2.5 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.1.4-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Мөн манай байгууллага ковид 19 цар тахлын улмаас харилцагч нарын төлбөрийн чадвар муудаж байгаа нөхцөл байдлыг харгалзан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сар хүртэл нэмэгдүүлсэн хүү огт тооцохгүй байх, түүнээс өмнө тооцогдсон нэмэгдүүлсэн хүүгийн авлагаас хөнгөлөхөөр шийдсэн бөгөөд зээлийн нөхцөл өөрчлөх боломж олгон, зээлийн төлөлтөд уян хатан хандан ажиллаж байгаа болно.

Иймд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар хариуцагчийн үндсэн зээлийн үлдэгдэл 2,736,597.25 төгрөг, төлөх ёстой хүү 2,247,245.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107,370.58 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан ажиллагааны зардал 70,200 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 5,170,412.86 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ө.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Ө.Даваасамуу И ББСБ ХК-иас 2019 оны 6 дугаар сарын 25-ны үед Iphone X маркийн утасыг 2,879,910 төгрөгөөр лизингдэж авсан ба найз Г.Хашхүүд лизингдэж өгсөн болно. Найз Г.Х******* зээлээ төлж байгаа гээд яваад байтал 2021 онд энэ банк бус санхүүгийн байгууллагаас надруу холбогдож зээлээ төл, 3,300,000 төгрөг болсон байна, одоо хүүг нь зогсоосон гэж хэлсэн, ингээд энэ 3,300,000 төгрөгийг 10 сарын хугацаанд хувааж төлнө гэтэл 5 сая гаран төгрөг болсон тул мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, И ББСБ ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн В17019062638 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн С17019062638 дугаартай зээлийн барьцааны гэрээ, Зээл хүсэгчийн анкет, зээлийн хүсэлт, Ө.Дгийн И ББСБ ХК-д 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гаргасан хүсэлт, Ө.Дгийн иргэний үнэмлэхний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2021/00088 дугаартай шийдвэр, Монголын нотариатчдын танхимын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн мөнгөний тасалбар, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 26ж3-3/2288 дугаартай албан бичиг, И ББСБ ХК-д Ө.Дгийн гаргасан хүсэлт, Зээлийн дансны хуулгыг тус тус нэхэмжлэгч нь баримтаар шүүхэд ирүүлсэн, хариуцагч хариу тайлбар ирүүлсэн, харин бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И ББСБ ХК нь хариуцагч Ө.Дд холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 2,736,597.25 төгрөг, төлөх ёстой хүү 2,247,245.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107,370.58 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан ажиллагааны зардал 70,200 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 5,170,412.86 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ө.Дд 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр түүний ******* дугаарын утсаар шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдсэн, мөн түүний оршин суух хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд шуудангийн буцаалт ирсэн, түүнчлэн оршин суух хорооны Засаг даргад хурлын товыг хүргүүлсэн боловч тэрээр шүүх хуралдаан товлосон цагт хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч нь түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргаж байна.

Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т тус тус зааснаар хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ, мөн хариуцагчийн шүүхэд урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж шийдвэрлэх ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

И ББСБ ХК нь Ө.Дтай 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр В17019062638 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 2,879,910 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалтаар буюу С******* ХХК-иас гар утас худалдан авахаар Ө.Д нь зээл авсан ба мөн өдрөө С17019062638 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулж, В17019062638 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор уг гар утасыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

Дээрх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 370,000 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэгч нь үндсэн зээлд 143,312.75 төгрөгийг, зээлийн хүүд 226,687.25 төгрөгийг суутган авч, үндсэн зээлийн үлдэгдэл нь 2,736,597.25 төгрөг үлдсэн болох нь Зээлийн дансны хуулга-аар тогтоогдож байна.

Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу хөнгөлттэй хүү болох сарын 2,9 хувиар тооцсон тооцооллоос үзэхэд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 213,099.68 төгрөгийн хүү төлөхөөс энэ хугацааны хүүгээ хариуцагч нь төлсөн, харин 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны хүүд нэхэмжлэгч нь 2,247,245.03 төгрөгийн нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээнд заасан хүү, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгчийн хугацаандаа төлбөрийг төлөөгүй хэтэрсэн хугацааны хүүд тооцон нэхэмжилж буй нь үндэслэлтэй байна.

Дээрх гэрээний хугацаа 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дууссан ба энэхүү хугацаанаас хойш нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч нь зээлийн төлөлт хийх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар гэрээний үндсэн хугацааны хүү болон зээлээ хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..., 453 дугаар зүйлийн 453.1Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.6-д Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлнө гэж нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь хуулийн энэхүү зохицуулалтад нийцсэн ба уг тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү тооцоогүй байна.

Харин зээлийн гэрээний 3.1.4-т зээлийн нэмэгдүүлсэн хүү 0,78 хувь байхаар талууд тохиролцсон байх ба үүний дагуу нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүд 107,370.58 төгрөг нэхэмжилсэн, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Зээлийн дансны хуулга-аас үзэхэд уг нэмэгдүүлсэн хүүг үндсэн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зохицуулалттай нийцэхгүй буюу нэмэгдүүлсэн хүү нь гэрээний хариуцлага гэдэг агуулгаараа үндсэн гэрээний хугацаа дуусах үеийн хүүд нэмэгдүүлсэн хүүг тооцох тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй байна.

Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдах үед хариуцагч Ө.Д нь Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, сургуулийн ******* тоотод оршин суудаг гэж хаягийн талаарх мэдээллээ нэхэмжлэгчид өгсөн байх ба уг хаягаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2020/11377 дугаар захирамжаар хариуцагч хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2021/00088 дугаартай шийдвэрээр Ө.Дг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж, ийнхүү нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсэн болох нь 181/ШШ2021/00088 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор нэхэмжлэлд хавсаргах баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд ирүүлэх зэрэг хуулийн шаардлага хангуулахын тулд нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсний үйлчилгээний хөлс, зардалд 9000 төгрөг төлсөн болох нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн мөнгөний тасалбараар тогтоогдож байна.

Зээлийн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой гарсан зардалд нотариатын үйлчилгээний хөлс 9000 төгрөг, зээлдэгчийг эрэн сурвалжлуулахад уг нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжилсэн нь дээр дурдсанчилсан тогтоогдож байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэсэн үндэслэлд хамааруулан хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Хариуцагч нь найз Г.Хашхүүд утас лизингдэж авч өгсөн бөгөөд Г.Х******* зээлээ төлж байгаа гээд яваад байтал 2021 онд энэ банк бус санхүүгийн байгууллагаас надруу холбогдож зээлээ төл, 3,300,000 төгрөг болсон байна, одоо хүүг нь зогсоосон гэж хэлсэн, ингээд энэ 3,300,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргасан бөгөөд бусдад зээлдүүлсэн асуудал нь тусдаа бөгөөд 3,300,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй талаарх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ гэсэн зохицуулалтын дагуу хариуцагч Ө.Дд нэхэмжлэлийн хувь гардуулахдаа буюу 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтуудыг танилцуулж, хэргийн материал танилцуулсан баримтад гарын үсэг зуруулсан, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарсны дараа мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох хэргийн оролцогчийн эрхийн дагуу түүнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй, улмаар мэтгэлцэх эрхийг хангах үүднээс 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, хурлын тов мэдэгдсэн боловч мөн өнөөдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч Ө.Дгийн хувьд 02 дугаар сарын 08-ны өдөр хэргийн материалтай танилцснаас хойш хариуцагч өөрөө хариу тайлбар ирүүлсэн, нэхэмжлэгчийн зүгээс нэмж нотлох баримт ирээгүй тул шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ө.Дгаас зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 5,063,042.28 /таван сая жаран гурван мянга дөчин хоёр төгрөг хорин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 107,370.58 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,677 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид 95,958.67 /ерэн таван мянга есөн зуун тавин найман төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ