2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар  2025/ШЦТ/1208

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Аминаа хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2503000000340 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай,

- Нийслэлийн шүүхийн 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 351 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109.а, 88.б, 64.б, 63.б, 196.б-д зааснаар нийт 7 жил 6 сарын хугацаагаар хорих  ялаар шийтгүүлж, 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 417 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 974 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 02 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн  торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцон,  40 хоног буюу 01 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, 02 жил 01 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосон,  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 115 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигин овогт *******ын ******* /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 22-ний шөнө 00 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 21 дүгээр хорооллын замд "Toyota Prius" маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2025 оны 02 сарын 22-ны орой 21 цаг үед дүүгээс хаалга авах гэж очсон. Тэгээд манай дүү ахаа ганц юм хуваагаад уучихъя гэхээр нь 1 шил архи дүүтэйгээ хувааж уусан. Улмаар гэртээ харих гээд машинаа бариад хөдлөөд уулзвар дээр ирсэн чинь цагдаа зогсоосон. Тэгээд архи уучихсан байна гээд үлээлгээд арга хэмжээ авагдсан гэв.   

Хоёр. Эрүүгийн 2503000000340 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын ЗЦХ-ийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Отгонбат Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

"Toyota Prius" маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.*******гийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

Жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/2129 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 24-26 дахь тал/,

Шүүгдэгч Л.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 17 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 18 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 20 дахь тал/, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асрах тухай гэрээ /хавтаст хэргийн 21-23 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 27 дахь тал/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 974 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 77-81 дэх тал/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 115 дугаартай шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 82-84 дэх тал/, Таслан шийдвэрлэх тогтоол зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Л.*******д холбогдох хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 422 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

           1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 22-ны шөнө 00 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 21 дүгээр хорооллын замд "Toyota Prius" маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.18% хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын ЗЦХ-ийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Отгонбат Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

"Toyota Prius" маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.*******гийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

Жолоочийн лавлагаанд: 2024 оны 8 дугаар сарын 05-аас 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан гэх /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/2129 дугаартай шийтгэвэрт: Л.*******г Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулав /хавтаст хэргийн 24-26 дахь тал/,

Шүүгдэгч Л.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би тэр өдөр 21 цагийн орчимд 5-н шарын И-Мартын арын байрнаас хүнээс хуучин хаалга авчхаад гэртээ харих гээд өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн ******* ******* улсын дугаартай машиныг жолоодон явж байгаад Сүүний үйлдвэрийн уулзвар дээр цагдаад саатуулагдан архи уусан эсэхийг шалгаж драйгер багаж үлээлгэхэд 2.18%-н согтолттой гарсан тул цагдаад саатуулагдсан. ...Би жолоодох эрхээ 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад жолоодох эрхээ 1 жилийн хугацаатай хасуулсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан. 

 

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг,

“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 22-ны шөнө 00 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 21 дүгээр хорооллын замд "Toyota Prius" маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.18% хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан заалтыг зөрчсөн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.******* нь урьд:

- Нийслэлийн шүүхийн 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 351 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109.а, 88.б, 64.б, 63.б, 196.б-д зааснаар нийт 7 жил 6 сарын хугацаагаар хорих  ял шийтгүүлж, 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 417 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 974 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 02 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн  торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцон,  40 хоног буюу 01 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, 02 жил 01 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосон,  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 115 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо би эхнэртэйгээ хоёул амьдардаг, би эхнэр маань хүнд өвчтэй тул эмнэлэг рүү дагуулж явдаг тул надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.

Шүүгдэгч Л.*******гийн хувийн байдлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас шинжлэн судлахад тэрээр ам бүл 2, эхнэр М.Даваасүрэнгийн хамт амьдардаг бөгөөд түүний эхнэр М.Даваасүрэн нь ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ба асран хамгаалагчаар нь шүүгдэгч Л.******* тогтоогдсон болох нь Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн “Ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний асрах тухай гэрээ”-гээр /хавтаст хэргийн 21-23 дахь тал/ батлагдаж байна.

 

            Шүүгдэгч Л.*******д ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилго болох гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэхийн зэрэгцээ шүүгдэгч нь урьд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болон тэрээр ам бүл 2, эрүүл мэндийн шалтгаантай эхнэрээ асардаг хувийн байдлыг харгалзан үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.******* нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.     

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:                             

1. Боржигин овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******д мэдэгдсүгэй.     

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР