Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0949

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “В********” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.М********, И.У********, Б.Э********

Хариуцагч: Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.М********, Ж.Г********, Б.У********

Маргааны төрөл: “В********” ХХК-ийн хэрэгжүүлж буй Говьс******* аймгийн С******* суманд байрлах 50.4 МВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж буцаасан нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М********, И.У********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М********, нарийн бичгийн дарга Т.А******** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч “В********” ХХК-иас Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлд холбогдуулан гаргасан “Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4 дүгээр хуралдаанаар “В********” ХХК-ийн хэрэгжүүлж буй Говьс******* аймгийн С******* суманд байрлах 50.4 МВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станцын төслийн техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, техник эдийн засгийн үндэслэлийг Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлд даалгах” тухай нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/8011 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Эрчим хүчний Яамны Шинжлэх Ухаан, Технологийн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит хуралдааны 15 дугаар тэмдэглэлийг хууль бус болохыг тогтоолгож, “В********” ХХК-ийн хэрэгжүүлж буй Говьс******* аймгийн С******* суманд байрлах 50.4 МВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлд даалгах” гэж тодорхойлжээ.

2.  Түлш, эрчим хүчний салбарын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хуралдааны 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 05-1 дүгээр тэмдэглэлээр “Говьс******* аймагт эрчим хүчний төвлөрсөн системд зэрэгцээ ажиллах салхин парк байгуулах судалгаа, ТЭЗҮ”-ийг дэмжсэнээр “А********” ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 18/ch албан бичгээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад хандан салхин парк байгуулах тусгай зөвшөөрлийг хүссэн байна.

Улмаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн а/4059 дүгээр албан бичгээр Эрчим хүчний зохицуулах газрын даргад хандан эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг “А********” ХХК-д олгуулахаар хандсан байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар тогтоолоор “А********” ХХК өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан эрчим хүчний барилга байгууламж барих 24/2011 дүгээр тусгай зөвшөөрлийн эзэмшигчийг “В********” ХХК болгож өөрчилсөн байна.

Харин Эрчим хүчний зохицуулах хороо “А********” ХХК-ийн охин компани болох ”В********” ХХК-д Говьс******* аймгийн С******* сумын нутаг дэвсгэрт 50,4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх зориулалттай “Салхин цахилгаан станц” барих 24/2011 дүгээр тусгай зөвшөөрлийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 5 жилийн хугацаагаар  сунгажээ.

Салхин цахилгаан станцын “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г “В********” ХХК-тай байгуулах чиглэлийг “Д********” ТӨХХК-д олгуулахаар нэхэмжлэгчээс Эрчим хүчний сайдад хандахад Эрчим хүчний сайдын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн а/1728 дугаар албан бичгээр “... тусгай зөвшөөрөл олгосон нөхцөл өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, … 100 хувь охин компани гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хууль зүйн боломжгүй юм” гэх үндэслэлээр боломжгүй гэх хариуг хүргүүлжээ.

3. Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2022 оны 04 дүгээр хуралдаанаар дээрх салхин цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцүүлэхээр хөтөлбөрийн жагсаалтад орсон боловч хэлэлцээгүй байна.

Мөн тус зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4 дүгээр хуралдаанаар “А********” ХХК ба “В********” компанийн тусгай зөвшөөрлийн маргаантай асуудлыг эцэслэсний дараа салхин цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг хэлэцүүлэхээр буцаан шийдвэрлэжээ.

4. Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 68, 69 дүгээр албан бичгүүдээр Эрчим хүчний яаманд гомдол гаргажээ.

Уг гомдлыг шийдвэрлэхийн тулд Эрчим хүчний яамны 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн а/2183 дугаар албан бичгээр “А********” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг “В********” ХХК-д шилжүүлсэн асуудалд тодруулга, мэдээллийг авахаар Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлэхэд Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/591 дүгээр албан бичгээр “... Эрчим хүчний зохицуулах хороо Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч “А******** ХХК-иас компанийн өөрчлөн зохион байгуулагдах хэлбэрийн нэг болох тусгаарлах байдлаар үүсгэн байгуулагдсан “В********” ХХК-д зөвшөөрлийг хорооны 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 530 дугаар тогтоолоор олгосон. Энэ нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэлээр баталгаажсаны дагуу хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар тогтоолоор “А********” ХХК гэсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийг “В********” ХХК болгон өөрчилсөн” гэх хариуг хүргүүлсэн байна.

Улмаар Эрчим хүчний яамны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн б/2254 дүгээр албан бичгээр “А********” ХХК болон “В********” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа салхин цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцүүлэхээр тогтсон гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлжээ.

Улмаар нэхэмжлэгчээс 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргахад тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2022/7112 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, дахин 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлээ ирүүлснийг шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШЗ2022/7729 дүгээр захирамжаар буцаажээ.

Нэхэмжлэгчээс дахин 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл ирүүлснийг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

““В********" ХХК нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлд тус тус заасны дагуу “А********” ХХК-ийн тусгаарлалтын үр дүнд үүсгэн байгуулагдаж улмаар “А********” ХХК-ийн "Говьс******* аймгийн С******* сумын нутагт байрлах 50.4 МВт-ын Салхин цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа эрх үүрэг, хариуцлагыг хуульд заасны дагуу залгамжлан авсан хуулийн этгээд юм. 

Түүнчлэн, "В********" ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооны 626 дугаар тогтоол, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1/723 дугаар албан бичгийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор техник, эдийн засгийн үндэслэлийг зөвлөлөөр шинэчлэн батлуулах, Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг “Д********" ТӨХК-тай шинэчлэн байгуулах үүргийг тус тус хүлээсэн байдаг.

Зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн IV хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалт, хуралдааны хөтөлбөрт “В********” ХХК-ийн Говьс******* аймгийн С******* сумын нутагт хэрэгжүүлэх 50.4 МВт-ын цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэх асуудал тусгагдсан байсан юм. Харамсалтай нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн IV хуралдааны үеэр зөвлөлөөс ““А********” ХХК-иас “В********” ХХК-д тусгай зөвшөөрөл шилжсэн асуудал нь хууль бус” гэх үндэслэлээр манай техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэхээс татгалзсан. 

Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Монгол Улсын яам шинжлэх ухаан, технологийн зөвлөлтэй байж болно”, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах ба зөвлөлийг сайд толгойлно" хэмээн заасны дагуу Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дүрмийг баталсан. 

Уг Зөвлөл нь Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дүрмийн 1.1 дэх хэсэгт “Зөвлөл нь эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барих техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж шийдвэр гаргана”, 2.1 дэх хэсэгт “... техникийн зураг төсөл, схем, тайлан тооцоо судалгаанд техникийн үнэлэлт, дүгнэлт өгч, техникийн нэгдсэн бодлогыг тодорхойлж шийдвэр гаргах үүрэгтэй”, 1.3 дахь хэсэгт “Зөвлөлийн шийдвэр нь эрчим хүчний салбарын хэмжээнд техник, технологийн шийдлийн дээд шатны шийдвэр болно” гэж тус тус зааснаас үзвэл зөвлөл нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1.2 дахь хэсэгт “хууль тогтоомж биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага" гэж заасан захиргааны байгууллагад хамаарна. 

         Эрчим хүчний тухай хуулийн 20.1, 21.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг Хороо олгодог бөгөөд шаардлагатай бол мөн хуулийн 23.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр олгосон тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулж болдог. Харин Зөвлөл нь Эрчим хүчний тухай хуулийн 6.1.14 дэх заалт, Эрчим хүчний сайдын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Зөвлөлийн дүрмийн 1.1, 2.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу “эрчим хүчний эх үүсвэр шинээр барьж байгуулах, өргөтгөх, техник эдийн засгийн үндэслэлийн батлах” эрх хэмжээ олгогдсон байдаг ч тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар аливаа үнэлэлт дүгнэлт хийх эрх хуулиар олгогдоогүй байдаг. 

        Гэтэл Зөвлөл нь өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлэн Хорооны бүрэн эрхэд халдаж, хуулиар өөрт хамааруулснаас бусад асуудлаар буюу "тусгай зөвшөөрөл шилжсэн гэх асуудлаар” үнэлэлт, дүгнэлт гаргаж хууль зүйн үндэслэлгүйгээр манайтехник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэхээс татгалзсанд гомдолтой байна.

Улмаар бид Зөвлөлийн дээрх эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож техник, эдийн засгийн үндэслэлийг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай гомдлыг Эрчим хүчний яаманд хүрүүлсэн. Эрчим хүчний яамнаас  “...тусгай зөвшөөрлийн асуудлаар Хорооноос холбогдох мэдээлэл, тодруулга авахаар хандаад байгаа”, “Зөвлөлөөс “А********” ХХК болон “В********” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн маргаантай асуудлаар эцэслэн шийдвэрлэсний дараа техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэх асуудлыг асуудлыг авч үзэх” тухай албан бичгийг ирүүлсэн байдаг. Үүнтэй холбогдуулан тусгай зөвшөөрлийн маргаантай асуудлыг Эрчим хүчний яам болон хороо хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулахыг хүсэж Эрчим хүчний яам руу бид албан бичиг, тусгай зөвшөөрөл шилжсэн гэх асуудлаар тайлбар удаа дараа хүргүүлсэн ч дорвитой хариу Эрчим хүчний яамнаас ирүүлээгүй байна. 

Хамгийн сүүлд Эрчим хүчний яамны эрх бүхий албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулах тухай хүсэлтийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлэх үед Эрчим хүчний яамны 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн б/2589 дүгээр албан бичгийг Эрчим хүчний яамны бичиг хэргээс бид хүлээн авсан байдаг.

Эрчим хүчний яамны 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн б/2589 дүгээр албан бичигт “Танай компаниас тус зөвлөлд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргасан байх бөгөөд эрчим хүчний яамны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн б/2254 дүгээр албан бичгээр холбогдох хариуг хүргүүлсэн байна” хэмээн дурдсан болов ч Эрчим хүчний яамны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн б/2254 дүгээр албан бичигт Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан дээд шатны захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд гаргах захиргааны актын алинд нь ч хамаарахааргүй байсан.

            Өөрөөр хэлбэл, бидний гомдлыг дээд шатны захиргааны байгууллага болох Эрчим хүчний яам одоог хүртэл эцэслэн шийдвэрлээгүй “тусгай зөвшөөрөл шилжсэн эсэх асуудлыг Хорооноос тодруулж байна” гэсэн байдлаар хугацаа алдсаар байгаа нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж байна. Тодруулбал, Хорооны 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1/723 дугаар албан бичгийн дагуу манай компани 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор техник, эдийн засгийн үндэслэлийг зөвлөлөөр шинэчлэн батлуулах, Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг “Д********” ТӨХК-тай шинэчлэн байгуулах үүрэгтэй ба дээрх хугацаанд энэхүү үүргээ биелүүлж чадахгүй нөхцөлд Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу манай компанид олгосон Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл хүчингүй болох эрсдэл үүсээд байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Эрчим хүчний Яамны Шинжлэх Ухаан, Технологийн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит хуралдааны 15 дугаар тэмдэглэлийг хууль бус болохыг тогтоолгож, “В********” ХХК-ийн хэрэгжүүлж буй Говьс******* аймгийн С******* суманд байрлах 50.4 МВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлд даалгаж өгнө үү.” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.У******** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэг л тусгай зөвшөөрөл нэг л техник эдийн засгийн үндэслэлийн талаар ярьж байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгаарлагдсаны үндсэн дээр “В********” ХХК-д олгосон учраас өөрчлөлт оруулж дахин зөвлөлөөр орох асуудал үүсээгүй. Хуульд зааснаар тарифын хэмжээ багассан. 2011 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны шийдвэрийн дагуу батлагдсан. Одоо яагаад шинэчлээд байна вэ гэхээр үйлдвэрлэж байгаа хэмжээ нь хуульд өөрчлөлт орж багассан учраас тооцоолол өөрчлөгдөх учраас шинэчилсэн. 

Эрчим хүчний яам бодлогын хүрээнд эрчим хүч үйлдвэрлэгч нарыг аккумулятортой бол гэсэн шаардлага тавьж байгаа. Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага техник эдийн засгийн үндэслэлээ шинэчлэн батлаарай, худалдан авах гэрээгээ шинэчлэн байгуулаарай гэдэг нөхцөл шаардлагуудыг тавьсан байдаг. Шилжсэн, залгамжилсан учраас шинэчлэх шаардлага гараагүй. Хугацаатай үүрэг даалгаврын дагуу шинэчилсэн техник эдийн засгийн үндэслэлээ хүргүүлсэн. Гэтэл харамсалтай нь өөрсдийн журамд байхгүй үндэслэлээр хэлэлцэхгүй гэж буцаасан. Шаардлагатай материалаа судалж оруулдаг. Шаардлага хангасан учир 4 асуудал хэлэлцэх асуудалд орсон. Гэтэл хуралдааны үеэр гэнэт тусгай зөвшөөрөл шилжсэн асуудал маргаантай байна. Маргаан хэлэлцсэний үндсэн дээр дараа нь шийдвэрлэгдэх ёстой гэж хурлын тэмдэглэл дээр тусгаж, тусгай зөвшөөрөл өөрчилсөн талаарх тайлбарыг Эрчим хүчний яаманд хүрүүлсэн. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар тогтоолын зөв, буруу эсэх асуудлыг ярилцахгүй. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар ч маргаан байхгүй гэдгийг мэдэгдэж байна. Хорооноос энэ талаар удаа дараа мэдэгдсэн.” гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос хууль хэрэглээний зөрүүтэй байр суурьтай байна гэдэг тайлбарыг өгдөг. Зөрүүтэй байгаа нь техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэхээс татгалзах, хэлэлцүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Тусгай зөвшөөрөл анх олгогдсоноосоо өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа. Эрчим хүчний яаманд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл олгосон Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагааг хянах, шийдвэрийг хүчингүй болгох эрх байхгүй. Эрчим хүчний зохицуулах хорооноос манай актыг дүгнэх эрх байхгүй гэдэг албан бичгүүд явсан байгаа. Нэхэмжлэгч компани тусгаарлагдах хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан.” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар тогтоолоор "А********" ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг шилжүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг “В********” ХХК болгон өөрчилсөн. Тус тогтоолын хавсралтаар баталсан “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага"-ын 4.1-д “...техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж, Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж, 2021 онд багтаан Хороонд ирүүлэх” гэж заасан байх бөгөөд Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн батлуулах асуудлыг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн IV хуралдаанаар хэлэлцүүлж, “Эрчим хүчний барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад тавигдах шаардлагын журам”-ын 3.5-д заасан тусгай зөвшөөрөл нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байх ёстой гэж үзэн дээрх асуудлыг эцэслэсний дараа асуудлыг хэлэлцүүлэхээр “Говьс******* аймгийн С******* суманд ТЭХС-д зэрэгцээ ажиллах цэнэг хураагуур бүхий 50.4 МВт-ын салхин цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэл”-ийг хэлэлцэхгүйгээр буцаасан.

         Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг үндэслэсэн байх бөгөөд Улсын дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Эрчим хүчний тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 26 дугаар тогтоолын 7-д “Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан “тусгай зөвшөөрөл олгосон нөхцөл өөрчлөгдсөн” гэдэгт тусгай зөвшөөрөл авах үед энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан баримт бичгээр тогтоогдсон үндэслэл, нөхцөл, үзүүлэлтүүд өөрчлөгдсөнөөс шалтгаалан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг шинэчлэх, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсныг хамааруулан ойлгоно" гэж тайлбарласан.

          Хуулийн дээрх албан ёсны тайлбараар компанид тусгай зөвшөөрөл олгосон нөхцөл шаардлагыг хамааруулан ойлгохоос бус компани өөрчлөн байгуулагдсаныг тусгай зөвшөөрөл олгосон нөхцөл шаардлага өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооны дээрх 626 дугаар тогтоолд “А********” ХХК өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчийг “В********” ХХК болгож өөрчилсөн нь Эрчим хүчний тухай хуулийн 21.2, 23,1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

         Мөн Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг тус хуулийн 21.2-т заасан шаардлага хангасан, уг барилга байгууламжийг барих хүсэлт гаргасан хуулийн этгээдэд олгох зохицуулалттай. Тус заалтын дагуу "В********" ХХК нь бие даасан хуулийн этгээдийн хувьд тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Эрчим хүчний зохицуулах хороонд гаргаагүй байхад "А********” ХХК-ийн охин компани гэх шалтгаанаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хууль зүйн хувьд боломжгүй бөгөөд дээрх үйлдэл нь хуулиар хориглосон үйл ажиллагаа болно.

Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхгүй байх үүрэгтэй бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д "Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно" гэж заасан тул компанийн 100 хувийн охин компани гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

            Түүнчлэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын бүрэн эрхийг тухайлан хуульчилсан бөгөөд Эрчим хүчний тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар тусгай зөвшөөрлийг шилжүүлэх бүрэн эрхийг Эрчим хүчний зохицуулах хороонд олгоогүй байтал “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай” гэх нэршлээр тусгай зөвшөөрлийг шилжүүлж буй нь хуулиас давсан эрх мэдлийг хэрэгжүүлсэн үйлдэл гэж үзэж байна.

Эрчим хүчний яам нь Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “Эрчим хүч, түүний нөөцийг ашиглах, импортлох, экспортлох, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барих талаархи төрийн бодлогыг боловсруулах", 6.1.6-д “тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгохтой холбогдон гарсан маргааныг хянаж дүгнэлт гаргах” эрхтэй гэж тус тус хуульчилсан. "А********" ХХК-д Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд тус компанийн “Говьс******* аймгийн С******* суманд ТЭХС-д зэрэгцээ ажиллах 50.4 МВт-ын салхин цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэл”-ийг хэлэлцүүлсэн байтал “А******** ХХК-ийн тусгай зөвшөөрлийг “В******** ХХК руу шилжүүлж, техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн батлуулахыг даалгасан Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай" 626 дугаар тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан" болон 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

          Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны дээрх 626 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М******** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр гэж яриад байна. Гэтэл Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Хуулийн этгээд дараахь үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Сонирхогч хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлөө Зохицуулах хороо буюу аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлд гаргана” гэж тус тус заасан. Техник эдийн засгийн үндэслэлээ өгөх ёстой. Тусгай зөвшөөрөл авсан хойноо техникийн эдийн засгийн үндэслэл авахаар хандсан. Эрчим хүчний тухай хуулийн 12.1, 21.1 дэх заалтуудыг зөрчсөн. Өнөөдрийг хүртэл “В********” ХХК хүсэлтээ өөрийнхөө нэр дээр гаргах ёстой байтал гаргаагүй. Энэ бол тусгай  зөвшөөрлийн наймаа буюу худалдах наймаа явж байгаа.

Хугацаа алдахгүй байх боломж байсан. Хугацаагаа нэхэмжлэгч өөрөө алдсан. Хууль журмын дагуу явсан бол нөхцөл байдал ийм дээр тулахааргүй байх байсан. “В********” ХХК хүсэлтээ гаргаад, техник эдийн засгийн үндэслэлээ батлуулаад, тусгай зөвшөөрөл аваад явсан бол өнөөдөр харин ч хурдан шийдэгдэх байсан. Хуульд заасан шаардлага хангаагүй. Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хуралд тусгай зөвшөөрөлтэй компани анх удаа орж ирсэн. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөлгүй бүх юм нь хоосон эдийн засгийн тооцоолол, үндэслэлээ танилцуулахаар орж ирж байгаа компани тусгай зөвшөөрөл аваад орж ирж болохгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Эрчим хүчний Яамны Шинжлэх Ухаан, Технологийн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит хуралдааны 15 дугаар тэмдэглэлийг хууль бус болохыг тогтоолгож, “В********” ХХК-ийн хэрэгжүүлж буй Говьс******* аймгийн С******* суманд байрлах 50.4 МВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлд даалгах” тухай нэхэмжлэл гаргасан байна.

1. “А********” ХХК нь Говьс******* аймгийн С******* сумын нутаг дэвсгэрт 50,4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх зориулалттай “Салхин цахилгаан станц” барих 24/2011 дүгээр тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан бөгөөд тус компанийн хүсэлтийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 530 дугаар тогтоолоор тусгаарлагдах хэлбэрээр өөрчлөн зохион байгуулагдах зөвшөөрлийг олгосныг үндэслэн “А********” ХХК нь тусгаарлах замаар “В********” ХХК-ийг байгуулж, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл эзэмшигчийг “В********” ХХК болгон өөрчилжээ. 

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3.“тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан", 47.1.7.“түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж үзэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байх боловч Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй захиргааны актын талаар шүүх дүгнэлт өгөх боломжгүй. 

Өөрөөр хэлбэл “В********” ХХК-д Говьс******* аймгийн С******* сумын нутаг дэвсгэрт 50,4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх зориулалттай “Салхин цахилгаан станц” барих 24/2011 дүгээр тусгай зөвшөөрлийг олгосон Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа маргаан үүсээгүй байна.

Нэгэнт тусгай зөвшөөрлийн талаар мараан байхгүй байхад Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4 дүгээр хуралдаанаар “А********” ХХК ба “В********” компанийн тусгай зөвшөөрлийн маргаантай асуудлыг эцэслэсэний дараа салхин цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2. Эрчим хүчний тухай хуулийн 9.1.“Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 9.1.8.“тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь өөрчлөн зохион байгуулагдах, тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгийг шинэчлэх, өөрчлөх, тэдгээрийг өмчлөх эрхээ шилжүүлэх, барьцаалах нь тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаанд нөлөөлөхөөр бол тухайн өөрчлөлтийг зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэх”, 23 дугаар зүйлийн 23.1.“Тусгай зөвшөөрөл олгосон нөхцөл өөрчлөгдсөн, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан бол тусгай зөвшөөрөл олгогч тусгай зөвшөөрлийг шинэчлэх буюу түүнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж заажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.“Улсын хилийг дайран өнгөрөх шугам, 5 МВт-аас дээш хүчин чадалтай эрчим хүчний барилга байгууламж барих, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр Зохицуулах хороо олгоно.”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.“Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно” гэж зааснаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэх боломжгүй, “А********” ХХК-д 24/2011 дүгээр тусгай зөвшөөрөл олгохыг төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрч байсан бөгөөд “В********” ХХК-д тусгай зөвшөөрлийг олгохоос өмнө мөн адил зөвшөөрөл авах болон салхин цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг батлуулсан байх ёстой ч батлуулаагүй” гэж хариуцагч тайлбарлаж гэж байгааг хүлээн авах боломжгүй байна. 

Учир нь Эрчим хүчний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаас үзвэл 1-д тусгай зөвшөөрөл олгосон нөхцөл өөрчлөгдсөн, 2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан хоёр тохиолдолд тусгай зөвшөөрлийг шинэчлэх буюу түүнд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой юм. 

Нэхэмжлэгч хуулийн дээрх зохицулалтад зааснаар тусгай зөвшөөрөл хүсэлт гаргасан бөгөөд дээр дурдсанаар “В********” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоол хүчинтэй байгаа тохиолдолд тусгай зөвшөөрлийн техник эдийн засгийн үндэслэлийг хариуцагч хэлэлцэн шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрчим хүчний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан “В********” ХХК-иас Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, “Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4 дүгээр хуралдаанаар “В********” ХХК-ийн хэрэгжүүлж буй Говьс******* аймгийн С******* суманд байрлах 50.4 МВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станцын төслийн техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэхээс татгалзсан шийдвэр болох Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит хуралдааны 15 дугаар тэмдэглэлийг хууль бус болохыг тогтоож, техник эдийн засгийн үндэслэлийг Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлд даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ДАМДИНСҮРЭН