Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн даргаар: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг

Шүүгдэгч: Ө.Отгонбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Отгонбаатарт холбогдох 201616010138 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, боловсролгүй,  малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Сийрст баг, Дэврэх газарт оршин суух, урьд 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан. Хүрээ Хайдав овогт Өндөрхүүгийн Отгонбаатар РД:/КН86062171/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ө.Отгонбаатар нь шунахайн сэдэлтээр 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг Цэций Хайрхан уулан дээр байрлуулсан “Гашуун сухайт автозам” ХХК-ны дахин дамжуулах станцын тэжээлийн үүсвэр болох 4 ширхэг нарны толийг өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй цагаан өнгийн хуучин Бэнни маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, “Гашуун сухайт автозам” ХХК-нд 756.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Отгонбаатар мэдүүлэхдээ: “...Би нарны толийг хулгайлсан нь үнэн. Өмнө нь өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-13-р хуудас/

Хохирогч Ц.Тамирын: “...Гашуун сухайт авто зам ХХК-ны эзэмшлийн богино долгионы  дахин дамжуулах станц нь Цогтцэций сумын Сийрст багийн нутагт байрлах Цэций уулан дээр байрладаг юм. Тэгсэн 2016 оны 11 дугээр сарын 18-ны шөнө 21 цагийн үед Гашуун сухайт авто зам ХХК-ны шалган нэвтрүүлэх 1 болон 2 дугаар цэгнүүдийн богино долгионы станц ажиллагаагүй болсон. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 11 цагийн үед Цэций уулан дээр байрлах дахин дамжуулах станцны цэг дээр очиж Пүрэв-Осорын хамтаар үзлэг хийхэд нарны 4 ширхэг толь алга болсон байсан. Тэгээд компаний ахлах Алтанхуягт болсон зүйлийн талаар мэдэгдэн дараагаар нь цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуудас/

Гэрч Т.Пүрэв-Осорын: “...Манай компаний 1 болон 3 дугаар шалган мөн 114 дэх км хүртэлх богино долгионы стац ажиллагаагүй болохоор нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өглөөний 11 цагийн үед санагдаж байна би Тамирын хамтаар Цогтцэций сумын Сийрст багийн нутагт байрлах Цэций уулан дээр байрлуулсан богино долгионы станцны нарны 4 ширхэг толь хулгайд алдагдсан байдалтай алга болсон байсан. Харин тухайн нарны толь байрлуулсан хүрээ төмөр нь тэндээ үлдсэн байсан... 2016 оны 11 дүгээр сарын 17-оос 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд тухайн эд зүйл хулгайд алдагдсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /2 ширхэг нарны толийг хураан авсан/ /хавтаст хэргийн 36-р хуудас/

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 43-р хуудас/

Эд зүйл хураан авах тогтоол БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, Бэнни маркийн хуучин мотоциклийг хураан авсан /автаст хэргийн 48-р хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 52-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ургамалцэцэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-р хуудас/

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ны тайлан ...4 ширхэг нарны толь нэгж үнэ 189.000 нийт 756.000 төгрөгийн үнэтэй.../хавтаст хэргийн 57-62-р хуудас/

Өндөрхүү овогтой Отгонбаатарын иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 69-р хуудас/

Арилжааны банкнуудаас авсан лавлагаа /хавтсат хэргийн 70-72-р хуудас/

Яллагдагч Ө.Отгонбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 73-р хуудас/

Шийтгэх тогтоолын хуулбар /Хавтаст хэргийн 74-78 дугаар хуудас/

Яллагдагч Ө.Отгонбаатарын 2016 оны жилийн эцсийн малын тооллогын баримт /хавтаст хэргийн 79-р хуудас/

Яллагдагч Ө.Отгонбаатарын амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хавтаст хэргийн 82-р хуудас/ зэрэг болно.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Ө.Отгонбаатар нь шунахайн сэдэлтээр 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг Цэций Хайрхан уулан дээр байрлуулсан “Гашуун сухайт автозам” ХХК-ны дахин дамжуулах станцын тэжээлийн үүсвэр болох 4 ширхэг нарны толийг шууд  санаатай, шунахайн сэдэлттэйгээр, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 756.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Тамирын “...Тэгээд маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 11 цагийн үед Цэций уулан дээр байрлах дахин дамжуулах станцны цэг дээр очиж Пүрэв-Осорын хамтаар үзлэг хийхэд нарны 4 ширхэг толь алга болсон байсан. Тэгээд компаний ахлах Алтанхуягт болсон зүйлийн талаар мэдэгдэн дараагаар нь цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуудас/

гэрч Т.Пүрэв-Осорын “...Манай компаний 1 болон 3 дугаар шалган мөн 114 дэх км хүртэлх богино долгионы стац ажиллагаагүй болохоор нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өглөөний 11 цагийн үед санагдаж байна би Тамирын хамтаар Цогтцэций сумын Сийрст багийн нутагт байрлах Цэций уулан дээр байрлуулсан богино долгионы станцны нарны 4 ширхэг толь хулгайд алдагдсан байдалтай алга болсон байсан. Харин тухайн нарны толь байрлуулсан хүрээ төмөр нь тэндээ үлдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ны “...4 ширхэг нарны толь нэгж үнэ 189.000 нийт 756.000 төгрөгийн үнэтэй” тайлан /хавтаст хэргийн 57-62-р хуудас/ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Ө.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Ө.Отгонбаатар нь урьд 2010 онд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан болох нь ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт зааснаар ялтайд тооцогдох хугацаа нь дууссан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Ө.Отгонбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний хувийн болон биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. 

Хохирогч Ц.Тамир нь эд хөрөнгөө буцаан авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “ ... гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана.” гэж заасны дагуу уг хэрэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ө.Отгонбаатарын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, Бэнни маркийн хуучин мотоциклийг хураан улсын орлого болгох нь зүйтэй.

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хүрээ Хайдав овогт Өндөрхүүгийн Отгонбаатарыг тээврийн хэрэгсэл ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Отгонбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 2 /сар/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ө.Отгонбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэн ирүүлсэн Ө.Отгонбаатарын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, Бэнни маркийн хуучин мотоциклийг хураан улсын орлого болгосугай.

            5. Ө.Отгонбаатар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ө.Отгонбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ө.Отгонбаатарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА