Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар  2021/ДШМ/369

 

 

 

 

 

     2021           4            13                                         2021/ДШМ369                           

 

 

Т.Э, С.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Зориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэмбаатар,

хохирогч Т.Ц,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.Цийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Э, С.О нарт холбогдох эрүүгийн 2005 02892 1759  дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овогт Тийн Э, ....................... өдөр ........................ төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ................................. хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ............... хамт ............................. дүүргийн ..... дугаар хороо, .......... дүгээр гудамжны ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................../;

2. Х овогт Сийн О, ............................... өдөр ........................ төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ....................................... хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ...., ......................... хамт ..................... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................./;

Шүүгдэгч Т.Э, С.О нар нь бүлэглэж 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хархорин худалдааны төв дотор маргааны улмаас Т.Цийн үснээс зулгааж, цохих, өшиглөх зэргээр биед халдаж тархи доргилт, зулайн хуйх, баруун чамархайн зөөлөн эдийн няцрап, цус хуралт, зүүн сарвуу, зүүн бугалгын цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Т.Э, С.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Тийн Э, Х овогт Сийн О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э, С.О нарыг тус бүр 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох торгуулийн ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э, С.О нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.Цээс шүүхэд ирүүлсэн баримтаас 955.000 /есөн зуун тавин таван мянга/ төгрөгийг гэм хорын хохиролд тооцон хангаж, шүүгдэгч Т.Э, С.О нараас тус бүр 477.500 /дөрвөн зуун далан долоо мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Цд олгож, хохирогч Т.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Т.Э, С.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Т.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Э, С.О нарт тус бүр 550.000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулсан. Шүүгдэгч нараас хохирлын төлбөрт тус бүр 477.500 гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 955.000 төгрөгийг өгөөгүй болно.

Т.Э, С.О нар нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр согтуугаар бүлэглэн санаатайгаар 1 өдөр 3 удаа зодсон. Т.Э, С.О нарын буруутай үйлдлээс болж сэтгэл санаа эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсон. Анхан шатны шүүх хуралдаанд Т.Э, С.О нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч шүүхээс гэм хорын хохиролд тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байгаагаас тэдгээрийг гэм буруугаа ойлгож, ухамсарласан гэж үзэхээргүй байна.

Хохирогч миний хувьд зодуулснаас хойш байнгын толгой өвддөг, өвдөлтөөсөө болоод даралт ихсэх, үс цайх, мартаж санах, нойронд муу гэх зэрэг эмгэгтэй болсон. Эмчийн хяналтад байх шаардлагатай гэж зөвлөсөн. Мөн 6 сарын хугацаанд таньж, мэдэх ойр дотны хүмүүсээс мөнгө зээлж эмчилгээндээ зарцуулсан.

Би гэрээрээ үйлдвэрийн хаягдал өөдөс зүүж, оёж борлуулдаг. Т.Э, С.О нар нь хөнгөн ял шийтгэл авах гэж худал хэлсэн. Өнөөдрийг хүртэл эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санаагаар хохироосон. Цаашид худалдаа наймаагаа хийхэд айдас хүйдэстэй байна. Хохирогч надад эдгээр хүмүүсээс ямар нэг уучлал, хохирол барагдуулах зүйл хүлээж аваагүй болно.

2020 оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх бүх хохирлоо нэхэмжлэх байсан ч зөвхөн эмчилгээтэй байх үеийн хохирлын төлбөрийг л нэхэмжилж байна. Мөн нотлогдоогүй зарим баримтын нотолгоо болох өвчний карт, эмчилгээний түүх зэргийг хавсаргасан болно.

Хавсралт 1: 005 дугаартай толгойн томографикийн зураг /120.000 төгрөг/, 006 дугаартай цээжний зураг /150.000 төгрөг/, шинжилгээний төлбөр /25.000 төгрөг/, ор хоногийн төлбөр /660.000 төгрөг/, “Энто” ХХК-ийн захиалгын эм тариа /176.310 төгрөг, “Чигатусин” ХХК-ийн захиалгын эм худалдан авсан /148.500 төгрөг/,

хавсралт 2: 334 дугаартай өвчний түүх /дээрх 5, 6/ а, б хавсралт, өвчтөний карт эмчийн үзлэг, ТТД:2708558 /19.800 төгрөг/ “Монос” ХХК худалдан авсан. 2020 оны 10 дугаар сарын 3-аас 4-ний өдөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байх үеийн найзтайгаа мессежээр харилцаж байх үеийн зураг, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Т.Эийн утас холбогдох боломжгүй тул мессеж бичиж үлдээсэн, “Чингис трейд” ХХК ажлын байрны түрээсийн гэрээ,

хавсралт 3: 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтсэн, 1 сарын кантенерийн түрээс /130.000 төгрөг/, 1 сарын худалдаа наймааны эдийн засгийн хохирол 1 өдрийн хамгийн бага орлогоор тооцож /100.000 төгрөг/ гэж үзвэл 26 хоногийн 2.600.000 төгрөг, нийт 4.029.610 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Т.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нийт 1.279.810 төгрөгийн эмчилгээний баримт гаргаж өгсөн.

Үүнийг нь анхан шатны шүүхээс хангаж, шүүгдэгч нараас хохирол төлбөрийг тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.

Хохирогч нь баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж торгуулийн ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Т.Цийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно

Шүүгдэгч Т.Э, С.О нар нь бүлэглэж 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хархорин худалдааны төв дотор маргааны улмаас Т.Цийн үснээс зулгааж, цохих, өшиглөх зэргээр биед халдаж тархи доргилт, зулайн хуйх, баруун чамархайн зөөлөн эдийн няцрап, цус хуралт, зүүн сарвуу, зүүн бугалгын цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

            хохирогч Т.Цийн “...Э надад хандан “чи хэл ам хийгээд хэрүүл маргаан гаргах гээд байсан” гэж хэлэхэд би огт хөдлөхгүй байгаад байсан чинь миний үснээс зулгаагаад гүйцээчих юмсан гэх зэргээр хараалын үг хэлээд байсан. Энэ үед хажууд наймаа хийж байсан Бямбаа гэх эмэгтэй салгасан. Тэгээд байж байхад Эийн найз О гэх эмэгтэй ирээд хэрүүл хийгээд байхаар нь “эндээс холд” гээд хувцас өлгөдөг төмрөөр түлхсэн чинь О гэх эмэгтэй “чи одоо юу юм бэ” гээд үснээс зулгаагаад хажуугаас Э гэх эмэгтэй орж ирээд хөлөөрөө өшиглөөд гараараа үснээс зуураад бид хамт газар унасан. Намайг нэг нь гараараа цохиод байсан. Хэн нь цохисныг хараагүй, би гараараа нүүрээ хамгаалаад дарсан байсан...” /хх 39-40/,

            гэрч Х.Бийн “...Э ухасхийгээд Цийг үсдээд авсан. Тэгээд Ц, Э хоёр нэг нэгнийгээ үсдээд авах үед Дашдэлэг бид хоёр салгасан. Ц нь Оыг “ногоон цамцтай авгай цаашаа бай” гээд хувцас өлгөдөг гараар түлхэснээс болж маргаан гарсан. Харин намайг салгах гээд очих үед Э, О нар Цийн хоёр талаас нь үсдээд зуурчихсан байсан...” /хх 22-23/,

            гэрч Б.Дийн “...Э, Ц гэх хоёр эмэгтэй муудалцаад маргаан болж нэг нэгнийхээ үснээс нь зулгаагаад байхад нь очиж салгасан. ...Оы цээж орчим нь Ц гэх эмэгтэй хатгаад авч байгаа харагдсан. Тэгээд О гэх эмэгтэй Ц гэх эмэгтэйтэй маргаад зууралдаад авсан. Харин нөгөөх Ц гэх эмэгтэй Этэй зууралдаад байж байсан...” /хх 26-27/,

            Т.Эийн яллагдагчаар өгсөн “...Ц намайг цохиод авахаар нь би өөдөөс нь үсдэлцээд авсан юм. ...Ц “чамд хамаагүй ногоон авгай минь” гээд бараа өлгөдөг гараараа Оыг хатгасан бөгөөд энэ үед би уурлаад Цийг яадаг юм, гүйцээчихье гээд үсдээд авсан юм. Гэтэл манай найз болох О нь Цийн хажуугаас үсдээд авсан бөгөөд бид нар зууралдаад газарт унасан...” /хх 64-65/,

             С.Оы яллагдагчаар өгсөн “...Ц уурлаад над руу гартаа барьсан байсан хувцас өлгөдөг төмөр гараараа баруун гарын булчин хэсэгт хатгасан. Тэгэхээр нь би уурлаад үснээс нь мөн зуураад авсан. Тэгээд байж байхад манай найз Э хажуугаас орж ирээд зуураад авсан бөгөөд энэ үед бид нар хамтдаа давхралдаад унасан...” /хх 55-56/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10571 дугаартай шинжээчийн “Т.Ций биед тархи доргилт, зулайн хуйх, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуу, зүүн бугалганы цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт /хх 31-32/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс С.О, Т.Э нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.О, Т.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О, Т.Э нарыг тус бүр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хохирогч Т.Цийн шүүхэд ирүүлсэн баримтаас 955.000 төгрөгийн баримтыг гэм хорын хохиролд тооцон хангаж, шүүгдэгч нараас тус бүр 477.500 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Хохирогч Т.Ц “...хохирлын төлбөр болох 4.029.610 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилжээ.

Түүнчлэн, хохирогч Т.Цийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын гэх баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд тус тус заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй баримтуудыг гаргаж өгсөн тул тус баримтуудыг шүүх хуралдааны дараа хохирогчид буцаан өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогч Т.Цийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцож, цаашид гарах эмчилгээний зардал буюу урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай нийцжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т.Цийн хохирол гаргуулахаар  давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т.Цийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

 

 

            ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ