Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2022/01434

 

 

 

 

 

 

 

2022 03 30

101/ШШ2022/01434

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.М холбогдох,

 

Кредит картын гэрээний үүрэгт 14,580,104.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунмандах,

Хариуцагч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунмандах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.М нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Гтай ЗГ/831790398 дугаартай кредит картын гэрээ байгуулж, 4,000,000 төгрөг, 2,880 ам.долларын зээлийг жилийн бэлэн бус хүү 24 хувийн, жилийн бэлэн хүү 42 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай гэрээ байгуулж авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш буюу 24 сарын турш кредит картын төлөлтөө бүрэн гүйцээж төлөхгүй банкийг хохироож байгаа тул Б.Мд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар ЗГ/831790398 тоот төгрөгийн зээлийн эрхтэй картын гэрээний үүрэгт

Хугацаа хэтрэлт

24 сар = 720 хоног

Зээлийн үндсэн төлбөр

2,836.37 ам.доллар

Бэлэн

800 ам.доллар

Бэлэн бус

2,036.37 ам.доллар

Зээлийн үндсэн хүү

1,684.89 ам.доллар

Бэлэн

672 ам.доллар

Бэлэн бус

1,012.89 ам.доллар

Зээлийн хугацаа

хэтрүүлсний хүү

447.38 ам.доллар

Зээлийн эрх хэтрүүлсний хүү

148.82 ам.доллар

Нийт

5,117.46 ам.доллар

Монгол банкны 2021 оны

12 дугаар сарын 10-ны албан

Ханшинд хөрвүүлвэл

14,580,104.12 төгрөг

Талууд харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр хийгдсэн гэрээ бөгөөд хариуцагч нь өөрөө хүлээн зөвшөөрөөд төлж байсан.

Иймд гэрээний нийт төлбөр болох 14,580,104.12 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.М нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Гнаас 4,600,000 төгрөг болон 2,800 ам.долларын зээлийн картыг 24 сарын хугацаатай гэрээ байгуулж авсан юм. Миний бие тухайн картыг ашиглаж байсан ба төлбөр төлөлт болон хэрэглээ 2019 оны 12 дугаар сар хүртэл хэвийн явж байсан юм. Би тухайн картыг хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сард онлайн худалдан авалтад ашигласан болно. 2020 оны 01 дүгээр сараас эхлэн дэлхий даяар цар тахал /ковид-19/ дэгдэж, удаа дараа хөл хорио тогтоож үйлчилгээ худалдааны байгууллагуудад ажиллах хуваарь тогтоосноор миний ажил орлого тогтворгүй болсоноос үүдэн картын төлбөрийг төлөхөд хүндрэл үүсэж хугацаа хэтэрч эхэлсэн. Миний зээлийн картын хугацаа 2020 оны 5 дугаар сарын 10-нд дуусч ашиглах боломжгүй болсон ба банкнаас зөвхөн хүү, нэмэгдэл хүү нэмэгдсээр өдийг хүрсэн юм. Миний бие энэ хугацаанд банкинд хүлээсэн үүргээ биелүүлж төлбөр төлөлтөө хийсээр байсан бөгөөд 2020 оны 11 дүгээр сард төгрөгийн зээлийн хүү, болон нэмэгдэл хүүгийн хамт нийт 6,090,614 төгрөг төлж барагдуулсан. Өнөөдрийн байдлаар надад 5,117.46 ам доллар төлөх шаардлага Гнаас хүргүүлээд байгаа ба би энэхүү төлбөрийг бүтэн төлөх боломжгүй. Миний бие орон тооны цомотголд орж 2021 оны 01 дүгээр сараас ажилгүй болж орлогогүй байдалтай байна. Иймд би дээрх төлбөрөөс гэрээний хугацаа дууссан өдрөөс хойших зээлийн хугацаа хэтрүүлсний шимтгэл болон нэмэгдэл хүүг төлөхгүй. Учир нь зээлийн гэрээний хугацаа дууссанаар зээлийн картыг ашиглах боломжгүй болсон юм. Зээлийн гэрээний хугацаа дууссан өдрийн байдлаар буюу 2020 оны 5 дугаар сарын 23-ны байдлаар зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 2,836.37 ам.доллар, зээлийн үндсэн хүү 421.22 ам.доллар, нийт 3,257.59 ам.долларыг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ цар тахлын улмаас ажил төрөлгүй, цалин орлоггүй болсон тул энэ төлбөрийг 12 сард хувааж төлөх саналтай байна. Нэхэмжпэлийн бусад үндсэн хүү, хугацаа хэтрүүлсний хүү, зээлийн эрх хэтрүүлсний хүү зэргийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, миний Гтай байгуулсан Кредит картын гэрээ бол зээлийн гэрээ юм. Зээлийн гэрээ дотроо Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ болно. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, мөн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж тус тус заасан байна. Г хуульд зааснаар надаас зээлийн хугацаа хэтрүүлсний хүү болон зээлийн эрх хэтрүүлсний хүү гэх зүйлсийг шаардах эрхгүй байна.

Ийм зүйлсийг хуульд зааснаар тооцох талаар заагаагүй байна гэв.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Кредит картын тооцооллын хүснэгт, кредит картын хуулга, Гны валютын арилжааны ханш, Кредит картын тооцооллын хүснэгт, кредит картын хуулга, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/831790398 дугаартай Кредит картын гэрээ, Гны улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн хариу тайлбар зэргийг зохигчид нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан кредит картын гэрээний үүрэгт үндсэн төлбөр 2,836.37 ам.доллар, үндсэн хүү 1,684.89 ам.доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 447.38 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсний хүү 148.82 ам.доллар, нийт 5,117.46 ам.доллар буюу 14,580,104.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь үндсэн төлбөрийн үлдэгдэл болон хүүгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, харин хугацаа хэтрүүлсний, эрх хэтрүүлсний хүүг Г нь хуульд зааснаар шаардах эрхгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Г ХХК нь Б.Мтай 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/831790398 дугаартай Кредит картын гэрээ-г байгуулж, кредит картын зээлийн эрхийн хэмжээ 4,600,000 төгрөг болон 2,880 ам.долларын зээлийн эрхтэй, 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн гүйлгээний хүү 3,5 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, зээлийн эргэн төлөх доод хувь нь 10 хувь байхаар талууд харилцан тохирсон, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээ байгуулагджээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж тус тус заасан байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дуусч байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн хүү 1,684.89 ам.доллар нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хүү болох нь Кредит картын тооцооллын хүснэгт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүү буюу Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан хэтэрсэн хугацааны хүү нь нийтдээ 1,684.89 ам.доллар болж байна.

 

Кредит картын гэрээнд Зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, Зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гэж талууд тохирсон ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ эрх хэтрүүлсний хүү, хугацаа хэтрүүлсний хүү гэж нэхэмжилсэн боловч эдгээр нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй, хуулиар зохицуулаагүй асуудлаар харилцан тохирч зээлдүүлэгч нь зээлдэгчтэй гэрээ байгуулж буй нь үндэслэлгүй, нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасны дагуу зээлдэгч талд ашигтайгаар тайлбарлаж тооцох үндэслэлгүй ба хугацаа хэтрүүлсний хүү болон эрх хэтрүүлсний хүүд нийт 596.2 ам.доллар гаргуулахаар нэхэмжилснийг хангах үндэслэлгүй байна.

 

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талууд харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр хийгдсэн гэрээ бөгөөд хариуцагч нь өөрөө хүлээн зөвшөөрөөд төлж байсан гэсэн агуулгаар хугацаа хэтрүүлсний хүү болон эрх хэтрүүлсний хүүг нэхэмжилсэн гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханшаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар ...хэмжээгээр ...тооцно гэж зааснаар нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшаар буюу ам.долларыг 2,849.09 төгрөгөөр тооцож 4,521.26 ам.доллар буюу 12,881,476.6 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч Б.М нь Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай байх ба зохигчид тус шүүхээр хэрэг, маргааныг шийдвэрлүүлэх хүсэл зоригоо хэн хэн нь илэрхийлж, хүсэлтээ гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар зохигч хэргийн харьяаллын талаар харилцан тохирсон гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дүгээр зүйлийн 453.1заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Мгаас Кредит картын гэрээ-ний үүрэгт нийт 4,521.26 ам.доллар буюу 12,881,476.6 /арван хоёр сая найман зуун наян нэгэн мянга дөрвөн зуун далан зургаан төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 596.2 ам.долларт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,851 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид 220,054 /хоёр зуун хорин мянга тавин дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ