| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2022/01976/И |
| Дугаар | 101/ШШ2022/02424 |
| Огноо | 2022-05-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2022/02424
2022 05 24 101/ШШ2022/02424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “БГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Я.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 493,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “БГ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Я.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 500,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан авсан.
Хариуцагч нь гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бөгөөд үндсэн зээл 500,000 төгрөг, 6 сарын хүү 240,000 төгрөг, 100 хоногийн алданги 250,000 төгрөг, нийт 990,000 төгрөгийн үүрэг үүссэн. Хариуцагч нь үүнээс нийт 496,800 төгрөг төлсөн.
Тухайн үед 2019 онд зээл авсан зээлдэгч нартай ярилцаад зээлийн гэрээний үүрэгт 250,000 төгрөг төлсөн тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байхаар тохиролцсон боловч төлөөгүй өдий хүрсэн.
Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2019.10.09-ний өдөр дууссан. Гэрээний хугацаанд үндсэн зээл, хүүгийн төлөлт хийгээгүй бөгөөд хугацаа дууссанаас хойш 496,800 төгрөгийг цувуулж төлснийг хүү, алдангиас хасч тооцсон.
Иймд хариуцагч Я.Б-оос зээлийн гэрээний үүрэгт үлдэгдэл болох 493,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Я.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Я.Б нь “БГ” ХХК-иас 500,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Үндсэн мөнгөө төлсөн, түүний 200,000 төгрөг дутуу байгаа тул 11 дүгээр сараас өмнө төлнө. Харин алдагдсан хүүний 250,000 төгрөгийг төлж чадахгүй, боломж муутай. Авгай бие муу байдаг учир 7 хоногт нэг удаа эмчилгээнд ордог учир төлөх боломжгүй гэжээ.
Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019.04.09-ний өдрийн АА/00655 дугаартай зээлийн гэрээ болон мөнгө хүлээлцсэн тухай баримт, хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “БГ” ХХК-иас Д.Ц-т олгосон итгэмжлэл /хх-ийн 2-7/ зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас: хариу тайлбар /хх-ийн 20/ зэрэг баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “БГ” ХХК нь Я.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 493,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нь зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргасан.
Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр зээлдүүлэгч “БГ” ХХК нь 500,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, хүүг зээлдэгч зээлээ төлж дуусах боломжит хугацаанаас хамаарч 7 хоногийн 14,000 төгрөг, 14 хоногийн 23,500 төгрөг, 21 хоногийн 31,500 төгрөгийн, 30 хоногийн 40,000 төгрөгийн хүүтэй, 30-аас дээш хоногийн хугацаанд зээлээ хаагаагүй бол нэг сар бүр 40,000 төгрөг, гэрээний нийт хугацаанд хүүд 240,000 төгрөг төлөхөөр тохиролцсон,
Зээлдэгч Я.Б нь 500,000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, зээлийг хугацаанд нь эргүүлэн төлөх, зээлийг бүхэлд нь 1 удаа өгч, зээлийн хүүг гэрээний 1.4-т зааснаар тооцон зээлээ хааж, гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болох, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алдангийг зээлдэгчид төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний зүйл болох 500,000 төгрөгийг хүлээлцсэн талаарх баримт үйлдсэн байна. /хх-ийн 3-4/
Гэрээний зээлдүүлэгч талд “БГ” ХХК-ийг төлөөлж захирал М.Л, зээлдэгч талд Я.Б нар гарын үсэг зурсан, дээрх зээлийн гэрээний талаар талууд шаардлага гаргаагүй тул уг зээлийн гэрээг талууд хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулсан, тухайн гэрээнийхээ агуулгыг өөрсдөө тодорхойлсон гэж үзэх үндэстэй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д: “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,
Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т: “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус зааснаас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 500,000 төгрөгийг, 6 хугацаатай, гэрээний нийт хугацааны хүү 240,000 төгрөг байхаар тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг гэрээ байгуулсан өдөр бэлнээр зээлдэгч Я.Б-ын өмчлөлд шилжүүлсэн,
Я.Б нь гэрээний зүйлийг хүлээн авч, гэрээний үүрэгт 496,800 төгрөгийг, гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй.
Хариуцагч Я.Б нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа үндсэн зээлээ төлсөн, хүүгийн 200,000 төгрөгийг зөвшөөрнө гэх, шүүхэд цахимаар ирүүлсэн хүсэлтдээ 250,000 төгрөгийг 2022 оны 11 сард төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ. /хх-ийн 20, 24/
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т: “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 282 дугаар зүйлийн 282.3-т: “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заажээ.
Үүнээс үзэхэд зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл, 6 сарын хугацаатай, гэрээний нийт хугацааны хүү 240,000 төгрөг байх, хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцсон гэрээг бичгээр хийсэн, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
Нэгэнт талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх тул хариуцагчийн тайлбараар хүү, алдангийг хасч тооцох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д: “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж зааснаас үзэхэд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу хариуцагч Я.Б нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 496,800 төгрөг төлсөн байх тул үүнийг үндсэн зээл 500,000 төгрөгөөс хасч тооцох үндэслэлтэй гэж үзэв.
Харин хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүү буюу үнийг хариуцагч Я.Б төлсөн болох нь тогтоогдсонгүй.
Тодруулбал, хариуцагч нь өөрийн татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзнэ.
Иймд хариуцагч Я.Б-оос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 3,200 төгрөг /500,000-496,800=3,200/, гэрээний хугацааны хүү 240,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алданги 121,600 төгрөг, нийт 364,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 128,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Я.Б өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, түүний шүүхэд урьд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 236 дугаар зүйлийн 232.6-т тус тус зааснаар хариуцагч Я.Б-оос зээлийн гэрээний үүрэгт 364,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “БГ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 128,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хариуцагч Я.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 11,594 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “БГ” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ