Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2022/01962

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ЭКМ ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.О,

Хариуцагч: Б.Г нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 21,123,206.92 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оролжмаа, А.Базарсад,

Хариуцагч Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ЭКМ ББСБ ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оролжмаа, А.Базарсад нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Б.Г, А.О нар нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ЗГ1132130112000010 тоот зээлийн гэрээ байгуулж, улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ******* тоот Фидуцын гэрээ байгуулсан ба 2009 онд үйлдвэрлэгдэж 2020 онд орж ирсэн ******* арлын дугаартай ******* УАВ улсын дугаар бүхий мөнгөлөг өнгийн тоёота приус загварын автомашиныг барьцаалж зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн тус ББСБ-аас 36 сарын хугацаатай 12,500,000 төгрөгийг нэг сарын 2,9 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч Б.Г, А.О нартай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагын зүтээс удаа дараа албан бичгээр мэдэгдсэн боловч огт хүүний төлбөрөө ч төлөлгүй манай компанийг хохироож байна.

Иймд зээлдэгч Б.Г, А.О нараас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн төлбөр 12,500,000 төгрөг, хүү 8,623,206.92 төгрөг, нийт 21,123,206.92 төгрөгийг гаргуулж, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох дээр дурдсан автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би приус 30 маркийн автомашиныг А.От зээлээр авч өгсөн. А.О нь тухайн автомашиныг аваад зээлээ төлж барагдуулахаар болсон. Тухайн автомашиныг авч яваад Дархан-Уул аймагт барьцаанд тавьсан. Утсаа авахгүй, холбоо тасраад, зээлийн төлбөрөө төлөхгүй өөрөө алга болсон. Би А.Оийг төлнө гэсэн болохоор нь тухайн автомашиныг авч хэрэглээгүй учраас би зээл төлж чадахгүй. Зээлийн эргэн төлөлтөд мөнгө төлөөгүй, миний хувьд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэв.

Хариуцагч А.О шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ЭКМ ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ1132130112000010 дугаартай Автомашины зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн ******* дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, А.О, Б.Г нарын иргэний үнэмлэх, 2020 оны 9 дүгээр сарын 14, 17-ны өдрийн А.Оийн өргөдөл, 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Б.Ггийн өргөдөл, ЭКМ ББСБ ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 01/233 дугаартай мэдэгдэл, Зээлийн дансны хуулгыг тус тус нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, харин хариуцагч нараас шүүхэд бичгээр хариу тайлбар болон бичгийн баримтыг ирүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ЭКМ ББСБ ХХК нь хариуцагч А.О, Б.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 12,500,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 8,623,206.92 төгрөг, нийт 21,123,206.92 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Г нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн бөгөөд зээлийг миний бие авч хэрэглээгүй, А.О зээлийг авч, эргүүлэн төлнө гэсэн боловч төлөөгүй байна гэх тайлбарыг гаргаж маргаж байна.

Хариуцагч А.О нь 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж зааснаар хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

Мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хариуцагч А.От шүүх хуралдааны товыг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч А.О нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч Б.Ггийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

ЭКМ ББСБ ХХК нь хариуцагч А.О, Б.Г нартай 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ЗГ1132130112000010 дугаартай Автомашины зээлийн гэрээ-г байгуулж, 12,500,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй, авто тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар зээлийг авахаар харилцан тохирч, хариуцагч нар нь зээлийг авсан ба зээлийн төлбөрт төлөлт хийгээгүй болох нь Зээлийн дансны хуулга, 2020 оны 9 дүгээр сарын 14, 17-ны өдрийн А.Оийн өргөдөл, 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Б.Ггийн өргөдөл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

 

Зээлийн гэрээ 36 сарын хугацаатай байгуулагдаж, зээлийн эргэн төлөгдөх хуваарийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл зээлийн гэрээний хугацаа үргэлжлэх байсан боловч хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлийн төлбөрөөс төлөлт хийгээгүй буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд зээл болон зээлийн хүүг зээлдүүлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь А.О, Б.Г нарт зээлээ төлөх мэдэгдлийг хүргүүлж байсан байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар хариуцагч А.О, Б.Г нарын зээлийн гэрээний дагуу зээл болон зээлийн хүү төлөх үүргээ биелүүлэхгүй байгаатай холбогдуулан нэхэмжлэгч ЭКМ ББСБ ХХК нь хариуцагч нартай байгуулсан гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээл, зээлийн хүүд нийт 21,123,206.92 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй юм.

 

Хариуцагч Б.Г нь би зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийг А.О авч хэрэглэсэн гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд тэрээр Автомашины зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-нд үндсэн зээлдэгчээр оролцсон, энэ нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар эдгээр гэрээний үүргийг хамтран гүйцэтгэхээр байна.

 

Нөгөөтэйгүүр хариуцагч Б.Г нь би зээлийг авч ашиглаагүй, хариуцахгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Зохигчдын хооронд 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ******* дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд байгаа 6147 УАВ улсын дугаартай, ZVW301137787 арлын дугаартай, тоёота приус маркийн мөнгөлөг өнгийн автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн барьцаанд шилжүүлэх зорилгоор харилцан тохиролцон байгуулжээ.

 

Уг гэрээ нь фидуцийн гэрээ гэх нэртэй боловч гэрээний агуулга, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаар гэрээг тайлбарлавал мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар зохигчдын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан, барьцааны зүйл болох автомашин одоо хариуцагч А.Оийн эзэмшилд байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 158.3-т Хэрэв барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй гэж заажээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч А.О, Б.Г нараас Автомашины зээлийн гэрээ-ний үүрэгт 21,123,206.92 /хорин нэгэн сая нэг зуун хорин гурван мянга хоёр зуун зургаан төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЭКМ ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч А.О, Б.Г нар нь зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 6147 УАВ улсын дугаартай, ZVW301137787 арлын дугаартай, тоёота приус маркийн мөнгөлөг өнгийн автомашиныг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,766.04 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.О, Б.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид 333,766.04 /гурван зуун гучин гурван мянга долоон зуун жаран зургаан төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЭКМ ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ