| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/1180/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1325 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Марал |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1325
а МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Аминаа хөтөлж,
улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Марал,
шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цахиур овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2503000000470 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо, ..тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Цахиур овогтой *******гийн ******* /РД: ../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 24-ний орой 20 цаг 34 минутын орчимд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Нисэхийн ******* ******* хотхоны урд замд Тоёота Акуа маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: "а/ ... согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2503000000470 дугаартай хэргээс:
Дуудлага лавгааны хуудас /хавтаст хэргийн 2 дахь тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
Осол, хэрэг гарсан хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 3-4 дэх тал/,
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын ЗЦХ-ийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч А.Шийрэвдоржийн Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 1-996 дугаартай тайлан /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ЗШ/2645 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
Жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/,
Шүүгдэгч Ц.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 29, 53 дахь тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 30, 56 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 31 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дахь тал/, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/, Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 56-57 дахь тал/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.*******д холбогдох хэргийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 479 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 3 дугаар сарын 24-ний оройн 20 цаг 34 минутын орчимд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Нисэхийн ******* ******* хотхоны урд замд “Тоёота Акуа” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,65 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2 дахь тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
Осол, хэрэг гарсан хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 3-4 дэх тал/,
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын ЗЦХ-ийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч А.Шийрэвдоржийн Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: Тоёота Акуа маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.******* нь 1,65 хувийн согтолттой гэх /хавтаст хэргийн 7 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би тэр өдрийн 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 19-р хороонд байх ажлаасаа тараад гэртээ харих гээд Яармагийн гүүр даваад Яармагийн замаар явж байхад зам дээр 1-р эгнээнд автобус ослын гэрлээ асаачихсан зогсож байхаар нь би дохио өгөөд автобусны зүүн талаар 2-р эгнээ рүү орох гээд зогсож байхад араас машин ирж мөргөсөн. Тухайн үед машинаас буугаад харсан чинь мөргөсөн машин дотор согтуу эрэгтэй хүн сууж байсан. Би тэр хүнд хандаж “танд даатгал байгаа юу” гэж асуухад юм дуугарахгүй байхаар нь “цагдаа дуудлаа шүү” гэж хэлэхэд тоосон шинжгүй машиндаа согтуу сууж байсан. Би өөрийн гар утсаар 102 тоот дуудлага өгсөн. ...Зам тээврийн ослын улмаас ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Тээврийн хэрэгслийнхээ үнэлгээг хийлгэж машиныхаа хохирлыг барагдуулмаар байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 1-996 дугаартай тайланд: “Тоёота Сай” маркийн 03-01 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн шууд зардалд 495,000 төгрөг, шууд бус зардалд 50,000 төгрөг, нийт 545,000 төгрөгийн хохирол учирсан гэх /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ЗШ/2645 дугаартай шийтгэвэрт: Ц.*******д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулав /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
Жолоочийн лавлагаанд: Ц.******* нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ЗШ/2645 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан гэх /хавтаст хэргийн 52 дахь тал/,
Шүүгдэгч Ц.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Тухайн өдөр би ганцаараа ажил хийж байгаад тал шил архи буюу 200 грамм орчим архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд Нисэхийн гудамжнаас төв зам руу ороод явж байтал урд явж байсан тээврийн хэрэгсэл тоормослох үед араас нь хүрээд зогссон. Тэр үед би тээврийн хэрэгслээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон явсан нь үнэн. ...Би мөргөсөн машины нөхөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан.
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг,
“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 3 дугаар сарын 24-ний оройн 20 цаг 34 минутын орчимд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Нисэхийн ******* ******* хотхоны урд замд “Тоёота Акуа” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,65 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодон замын оролцож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан заалтыг зөрчсөн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 42 дахь тал/
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөгч оролцохдоо эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Ц.*******д ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилго болох гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэхийн зэрэгцээ шүүгдэгч нь урьд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болон анх удаа ял шийтгүүлж байгаа хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.*******гийн орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******д мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Цахиур овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР