2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1157

 

     2025       05         06                                   2025/ШЦТ/1157

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч С.Бат-Орших /томилолтоор/,  

шүүгдэгч В.С, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овгийн В-ийн Ст холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч В.С нь 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр *******************насанд хүрээгүй хохирогч М.Бийн эзэмшлийн Айфоне-12 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн бусдад 1,175,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч В.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ахынхаа гэрт очсон. Өрөөний хаалга нь онгорхой орон дээр нь гар утас нь ил харагдахаар нь гар утсыг нь аваад гарсан. Би гар утсыг нь аваад зараад өөртөө мөнгийг нь зарцуулсан. Ах маань 1 цагийн дараа над руу залгаад хүний утас авсан уу гэхээр нь аваагүй гэж хэлсэн. Ах маань над руу зөндөө залгасан. Би ахыгаа блок хийсэн. Сарын дараа ах маань цагдаа дээр очоорой, яагаад хүний гар утас хулгайлсан юм бэ гэж асуусан. Би 2 сарын дараа цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн ************** дугаартай хэргээс:

Улсын яллагч мөрдөн шалгах ажиллагааны явцад материалд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч М.Бийн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/, Айфоне 12 про загварын гар утасны зах зээлийн үнэлгээг 1,175,000 төгрөг болохыг тодорхойлсон хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн БЗ1-24-2059 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-28-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.            

Шүүгдэгч В.С нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно. 

Шүүгдэгч В.Ст холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч В.С нь 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******************* насанд хүрээгүй хохирогч М.Бийн эзэмшлийн Айфоне-12 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн бусдад 1,175,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Нотлох баримтын талаар:

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад материалд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-р хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогч М.Бийн: “Би 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн орчимд би гар утсаа орон дээрээ цэнэглэж үлдээгээд гарч ариун цэврийн өрөө орчихоод буцаад ортол миний гар утас байхгүй байсан тул хажуугийн өрөөнд ороод Х ахад миний гар утас алга болчихлоо гэж хэлэхэд дөнгөж сая С гүйгээд гарсан. С авчихсан байна гээд Сын ах руу нь залгаад “танай дүү чинь миний гар утсыг аваад явчихлаа дүүгээсээ миний гар утсыг авч өгөөрэй” гэж хэлэхэд “за би Стой яриад утсыг чинь аваад өгье” гэж байснаа хэсэг хугацааны дараагаар дахиад ярихад “С намайг блоклочихлоо одоо цагдаад өргөдлөө өг” гэж хэлэхээр нь би цагдаад хандаж байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

- “Дамно” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн БЗ1-24-2059 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-28-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал дээр маргаагүй бөгөөд харин шүүгдэгч В.Сын үйлдэл нь хүн амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар буюу цонх, хаалга, цоож, түгжээ зэргийг эвдэж нэвтрээгүй тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж зүйлчилж өгнө үү гэх санал, дүгнэлтийг гаргасан болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас өмчлөгч, эзэмшигчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулан, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэт захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх шинжийг заажээ.

Хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн гэж шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зайг ойлгох ба бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтэрснийг ойлгоно.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан шүүгдэгч В.Ст холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, шүүгдэгч В.С нь 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******************* насанд хүрээгүй хохирогч М.Бийн эзэмшлийн Айфоне-12 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн бусдад 1,175,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч В.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэнгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.С нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

1.1 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Б-д учирсан 1,175,000 төгрөгийн хохирол /хх-ийн 23-28-р хуудас/-оос шүүгдэгч В.С нь 1,175,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай тэмдэглэл /хх-ийн 85-р хуудас/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч В.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Хорих ялыг хэмжээг багасгаж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгч В.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч В.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч В.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч В.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овгийн В-ийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч В.Сыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ст оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч В.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ