Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/161

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч О.А,

шүүгдэгч А.Р, түүний өмгөөлөгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч А.Рт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Р нь .... гэх газарт .... улсын дугаартай ....маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөний улмаас Д.Гын жолоодож явсан ....маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зорчигч Н.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.Р нь мэдүүлэхдээ: 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 7 цагийн үед машины урдуур амьтан орж ирэхэд амьтныг дайрахгүйн тулд хажуу тийш машинаа дарахад ....маркийн тээврийн хэрэгсэлтэй шүргэлцсэн. Засмал замын цагаан шугам дээр шүргэлцэх үйлдэл гарсан. Тухайн үед чи тээврийн хэрэгсэл жолоодож явсан учраас чиний буруу тиймээс ослын акт гаргах хүртэл сэжигтнээр татна гэх зүйл хэлсэн. 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар татаж мэдүүлэг авсан. Ослын акт, зураглал гараагүй учраас мэдүүлэг өгөхгүй өмгөөлөгчийн хамтаар мэдүүлэг өгнө гэх байдлаар татгалзсан. Тухайн осол гарсан нөхцөл байдалд яаралтай тусламж үзүүлсэн. Яаралтай тусламж үзүүлэх үед урд хоёр суудалд сууж байсан хүмүүс судлын бүсээ зүүсэн байсан. Харин ард сууж явсан Н.Ц судлын бүсээ зүүгээгүй байсан ба би өргөж машинаас гаргаж тухайн ослын газраас холдуулсан. 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр жолооч Д.Г тохиролцоод шүүх цагдаа гэхгүй хохирлоо төлөөд сал гэх зүйл хэлсэн. 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр жолооч Д.Гтой очиж уулзахад ах нь ....10 гэх машинтай байсан тэр машинаа 20 болгох бодолтой байсан тиймээс ....20 болгоод өгчих хэн хэндээ хохиролгүй зөрчлийн хэргээр шийдвэрлэе гэх зүйл хэлсэн. Таны хэлснийг хүлээж авлаа эмээгийн бие зүгээр эсэхийг асуухад зүгээрээ гэх зүйл хэлсэн. Ах бид бол шинжээчийн дүгнэлт хийлгэхгүй учир нь манайх Дархан хотод байдаг чи Ховд аймагт байдаг хоёр талаас шүүх цагдаа гэж явбал хэн хэндээ төвөгтэй нөхцөл байдал үүснэ тиймээс хохирлыг төлчих гэх зүйл хэлсэн. Би шүүхийн системд 8 жил ажиллаж байна. Энэ хугацаанд сэжигтнээр татсан тохиолдолд яллагдагч, шүүгдэгчээр татах тохиолдолд 90 хувь байдаг. Тухайн үед хүнд байдалд орсон учраас хохирогчоор тогтоогдсон хүмүүсийн хэлсэн үгийг дагахаас өөр тохиолдол байгаагүй. Тохиролцооны дагуу хохирол төлбөр төлсөн асуудал яригдсан. 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр болсон үйл явдлаас хойш 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр буюу 2,3 сарын дараа ослын акт гарч танилцсан. Тухайн осол болсноос хойш өөрийн сэтгэл зүйн байдал тогтвортой бус  ослын актnay хувьд эргэлзээтэй санагддаг.гэв.

            Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-12 дугаар тал/,

            Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 14 дүгээр тал/,

            Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 дугаар тал/,

            Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 22 дугаар тал/,

            “Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 69 дүгээр тал/,

            Шинжээчийн дүгнэлтийн маягт /хх-ийн 90-92 дугаар тал/,

            Иргэний нэхэмжлэгч Б.Г мэдүүлэг /хх-ийн 116-119 дүгээр тал/,

            Хүсэлт /хх-ийн 128-130 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Гурав. Шүүхээс хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Рт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч А.Рт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас: “.... гэх газарт .... улсын дугаартай ....маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөний улмаас Д.Гын жолоодож явсан ....маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зорчигч Н.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Р: “2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гарсан ослын хэргээр өнөөдөр шүүхийн шатанд оролцож байна. Өөртөө их дүгнэлт хийсэн. Эрх зүйч мэргэжлээр 8 дахь жилдээ ажиллаж байна. 2024 оны 8 дугаар сард хуульчийн шалгалт өгөх байсан энэ асуудлаас болж шалгалтаа өгч чадаагүй. Миний бие цаашид хуульчаар ажиллах чинь хүсэлтэй учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг.

Шүүгдэгч А.Рын өмгөөлөгч Э.А: “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн эсэх тал дээр маргахгүй. Тээврийн хэрэгслийн журам зөрчсөн гэмт хэрэг нь санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгддэг. Зарим тохиолдолд жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед буюу жолоочийн буруутай үйлдлээс болж энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгддэг. Харин А.Рын хувьд болгоомжгүй байдлаас болж үүссэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Жолооч хөдөлгөөний аюулын саад тулахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох талын арга хэмжээ авна гэх зүйл заалтаар буруутгадаг. Хоёр жолооч байхад яагаад ганц хүн дээр ийм асуудал яригдаж байгаа нь шүүгдэгчийн хувьд эргэлзээтэй байна гэж хэлээд байдаг. Хохирогчийн мэдүүлгээс харахад жолооч тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай байтал машины цонхоо арчиж яваад анзаараагүй гэх зүйл мэдүүлсэн байсан. Мөн ослын актыг танилцуулахгүй байж байгаад хэзээ хойно 2,3 сарын дараа танилцуулсан. Би прокурорт гомдол гаргасны дараа мөрдөгч солигдож ослын акттай танилцсан. Хохирогчийн буруутай үйлдэл бас байсан. Шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ялаас чөлөөлөх үндэслэл байна. Шүүгдэгч нь эрх зүйч мэргэжилтэй цаашид хуульчаар ажиллах хүсэл сонирхолтой гэх зэрэг хувийн байдлыг харгалзаж үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргав.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Рт холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Шүүгдэгч А.Р нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дэр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

            Шүүгдэгч А.Р нь .... гэх газарт .... улсын дугаартай ....маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөний улмаас Д.Гын жолоодож явсан ....маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зорчигч Н.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн .... хэрэгт авагдсан:

 

Хохирогч Н.Цийн өгсөн: “2024 оны 7 дугаар сарын 20-ны орой Улаанбаатар хотоос охин М, хүргэн Г нарын хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум орох зорилготой яваад тэр шөнөө Төв аймгийн Лүн суманд хоноод маргааш нь буюу 2024 оны 7 дугаар сарын 21-ний өглөө хөдлөөд явсан. Тэгээд удалгүй осол болсон үйл явдлын талаар сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,

Хохирогч Д.Гын өгсөн: “2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн ....улсын улсын дугаартай Альфард маркийн тээврийн хэрэгсэлд эхнэр, М хадам ээж Ц нарын хамтаар Өвөрхангай аймгийн Хархорин орох зорилготой явсан тэгээд шөнө 21 цагт Төв аймгийн Лүн сумын төвөөс баруун талд байрлах Урьхан цайны газрын гадаа зогсож тэндээ хоносон. Маргааш буюу 2024 оны 7 дугаар сарын 20-ны өглөөний 07 цагийн үед Урьхан цайны газраас хөдлөөд 1000-ны гадна уулзвараар Өвөрхангай руу салаад явж байхад эсрэг урсгалаас үргэлжилсэн цагаан шугамыг цагаан өнгийн дунд гарын жийп машин чиглээд ирсэн. Тэр үед машинаа баруун тийш дарах үед  өөдөөс хурдтай орж ирж мөргөсөн. Миний жолоодож явсан машин замын урд хэсэг онхолдож унасан. Тэгээд удахгүй цагдаа нар ирсэн. 40 км цагийн хурдтай явж байсан. Уулсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Би өөрөө машин жолоодон явсан. Хамгаалах бүс зүүсэн. Жолоочийн эсрэг талын суудалд эхнэр М суусан. Хамгаалах бүс зүүсэн. Хадам ээж Ц нь энхнэр М арын суудалд сууж байсан. Хамгаалах бүс зүүсэн байсан. Осол болох үед харагдах нөхцөл байдал хэвийн цаг агаар бүрхэг үүлтэй байсан. Замын эвдрэл байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Б. өгсөн: “2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос Ховд аймгийн төв рүү хувийн ажлаар өөрийн эзэмшлийн .... улсын дугаартай .... маркийн тээврийн хэрэгслээр очсон. 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгаас Улаанбаатар хот руу онгоцоор сууж Улаанбаатар хотод ирсэн өөрийн эзэмшлийн машин хамаатан ах дүү төрөл садангийн харилцаа холбоотой .... Улаанбаатар хот руу ирэхдээ миний машиныг унаад ирээрэй гэж үлдээсэн юм тэр өдрөөс хойш 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Р ээж биеийн байдал тааруу учраас Улаанбаатар хот ирэх зорилогтой миний тээврийн хэрэгслийг жолоодож явж байх үедээ 2024 оны 7 дугаар сарын 21-ний өглөө Төв аймгийн Лүн сумын нутагт зам тээврийн осолд орсон байсан тул уг хэрэг явдлыг тухайн өглөө нь мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,

Гэрч Ч.М өгсөн: “2024 оны 7 дугаар сарын 21-ний өглөө Төв аймгийн Лүн сумын баруун талд байрлах Урьхан цайны газарт цай унд уугаад цааш 07 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин сум руу явахаар хөдөлсөн. Хөдлөөд уул өгсөөд явж байх үед гадаа цаг агаар бүрхэг үүлтэй сэрүүвтэр бороо ороогүй машины хөдөлгөөн сийрэг байсан. Эсрэг урсгалаас баруун талаас Улаанбаатар хот явах чиглэлтэй цагаан өнгийн жийп өөдөөс ирж байсан. Уг тээврийн хэрэгсэл нь үргэлжилсэн цагаан шугамыг давж урсгал сөрж орж ирсэн. Тэгээд цааш юу болсон талаар сайн мэдэхгүй, нэг ухаан ороход машин зогссон байсан. Урд салхины шил хагарсан байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/,

Гэрч Э.Х өгсөн: ”Би 2024 оны 7 дугаар сарын 20-ны өглөө Ховд аймгийн Төвөөс ах дүү төрөл садангийн харилцаа холбоотой хүн болох Р түүний ээж Б нарын хамтаар .... улсын дугаартай ....маркийн тээврийн хэрэгслийн хамтаар Улаанбаатар хот орох зорилогтой явсан тэгээд 2024 оны 7 дугаар сарын 21-ний өглөө Булган аймгийн Рашаант сумын баруун талд "Хаан бууз" гэх нэртэй цайны газарт зогсоод цааш хөдөлсөн. Тэгээд би тухайн үед жолоочийн арын суудал дээр унтаж явсан. Тэгээд гэнэт түс гэх чимээгээр нь сэрсэн машинаас буугаад хартал бид нарын сууж явсан тээврийн хэрэгсэл нь шороо мөргөөд зогссон байсан тухайн үед машинтай мөргөлдсөнийг мэдсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” /хх-ийн 48-49 дүгээр тал/,

Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 448 дугаартай шинжээчийн “1.Н.Цийн биед зүүн талд 4, 5, 6 дугаар хавиргануудын зөрөөтэй хугарал, зүүн плеврийн хөндийн хий хуралдалт, баруун бугалганы зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь ГССҮТ-ийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн толгойн рентген шинжилгээгээр оношлогдсон байна. 4.Дээрх гэмтлүүдийн зүүн талд 4, 5, 6 дугаар хавиргануудын зөрөөтэй хугарал, зүүн плеврийн хөндийн хий хуралдалт гэмтлүүд нь нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул тус журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, баруун бугалганы зөөлөн эдийн цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тус тус тогтоогдлоо. 5.Дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс шалтгаална.” гэх дүгнэлт /хх-ийн 63-65 дугаар тал/,

“Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №23718/ДД№30673392 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, фото зураг /хх-ийн 69-75 дугаар тал/,

“Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №24827/ДД№31334510 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, фото зураг /хх-ийн 79-85 дугаар хуудас/,

Шинжээч Я.С 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 52/41 24/66 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90-92 дугаар тал/,

            Иргэний нэхэмжлэгч Б.Г өгсөн: “Н.Ц нь 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Монос, Дархан, Төмөр замын эмнэлэг, Энхийн тун дархан, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг зэрэг газруудаас нийт 434.180 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119 дүгээр тал/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 125 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

           

            Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, хэргийн зүйчлэлийг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэргийн материалд тогтоогдоогүй болно. 

 

            Шүүгдэгч А.Р нь .... гэх газарт .... улсын дугаартай ....маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөний улмаас Д.Гын жолоодож явсан ....маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зорчигч Н.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй байна гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул,   

 Шүүгдэгч А.Рыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

  Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,

  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”,

  мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан бөгөөд,

 

Шүүгдэгч А.Р нь Эрүүл мэндийн даатгалын санд 434.180 төгрөгийн хохирол төлж барагдуулсан, хохирогч Н.Ц нь сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлээгүй, гомдол, саналгүй гэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас Шүүгдэгч А.Рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна...” гэх дүгнэлт гаргасныг,

 

Шүүгдэгч А.Р : Миний бие цаашид ..... ажиллах чин хүсэлтэй учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна. гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ...Шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ялаас чөлөөлөх үндэслэл байна. Шүүгдэгч нь эрх зүйч мэргэжилтэй цаашид хуульчаар ажиллах хүсэл сонирхолтой гэх зэрэг хувийн байдлыг харгалзаж үзнэ эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна... гэх тайлбарыг тус тус гаргав.  

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч А.Р, ....түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

Шүүгдэгч А.Рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Рын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан нь: шүүгдэгч А.Рын үйлдсэн гэмт хэрэгт хамаарч  нь байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Р нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй, түүний хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргээс хамаарч байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,

 мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.Рыг “Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.Рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас  чөлөөлсүгэй

 

            3.Эрүүгийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

5.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

6.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Рт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ж.ДЭЛГЭРМӨРӨН