Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2022/0480

 

 

 

 

    2022        06           17                                    128/ШШ2022/0480

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б****аас гаргасан дүгнэлттэй, Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б****д холбогдох  захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б**** шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “... Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б**** нь иргэн Р.Т***-ийн гарал үүсэлгүй нэг ширхэг тарвага худалдан авсан гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Р.Т*****д 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 340,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж заажээ.

Гэтэл зөрчлийн материалд Экологийн цагдаагийн албаны зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн ахмад Э.Г***** нь 1 ширхэг хөлдөөсөн тарвагыг хураан авч, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ авсан байхад улсын байцаагч Д.Б*** нь шийтгэл оногдуулах шийтгэлийн хуудасны 5 дахь хэсгийн В-д заасан хэсэгт эд зүйлийг хураан авсан бол хэрхэн шийдвэрлэсэн талаар бичих ёстой атал дээрх хэсгүүдийг бичилгүй хоосон орхижээ. Мөн шийтгэлийн хуудасны 1 дэх хэсгийн шийтгэлийн төрөл, хэмжээ гэх хэсэгт “торгууль, нөхөн төлбөр” гэж хуульд байхгүй шийтгэлийн төрөл, хэмжээ бичжээ. Иймд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдож байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б****ийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0002229 дугаартай шийтгэлийн хуудасны “торгууль, нөхөн төлбөр” гэснийг “торгох, 300 нэгж” гэж, 5 дахь хэсгийн В-д заасан эхний хоосон мөрөнд “1 ширхэг тарваганы махыг” гэж, дараагийн хоосон мөрөнд “Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, устгуулахаар” гэж тус тус өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч улсын байцаагч Д.Б**** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...тус дүүргийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаар дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Ба****ы гаргасан дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11. “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг”, мөн хуулийн 112 дугаар зүйлд “тусгай журмаар шийдвэрлэх маргаан”, 112.4. “дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 112.4.3. “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2. “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.15, 6.17 ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10. “мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.12, 6.13, 6.14, 6.15, 6.16, 6.17 дугаар зүйл, ... 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2. “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.18, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэхчлэн холбогдох хуулиудад зохицуулснаар шүүх хүлээн авч, эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагчид холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Хариуцагч эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

Ийнхүү эрх бүхий албан тушаалтан хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж, иргэн Р.Т**** “гарал үүсэлгүй нэг ширхэг тарвага худалдан авсан” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Р.Т*****д 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 340,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Дүгнэлт гаргагчийн зүгээс байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0002229 дугаартай шийтгэлийн хуудасны “торгууль, нөхөн төлбөр” гэснийг “торгох, 300 нэгж” гэж, 5 дахь хэсгийн В-д заасан эхний хоосон мөрөнд “1 ширхэг тарваганы махыг” гэж, дараагийн хоосон мөрөнд “Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, устгуулахаар” гэж тус тус өөрчлүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б*****ийн зүгээс “Прокурорын дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж” 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тайлбараа бичгээр шүүхэд ирүүлснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг хэрэглэн уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүх, зөрчлийн хэргийг хариуцагчийн зөвшөөрлөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зөрчил үйлдэгч болон өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа нь холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б****аас гаргасан “Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б******ийн 0002229 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчилж, “торгууль, нөхөн төлбөр” гэснийг “торгох, 300 нэгж” гэж, 5 дахь хэсгийн В-д заасан эхний хоосон мөрөнд “1 ширхэг тарваганы махыг” гэж, дараагийн хоосон мөрөнд “Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, устгуулахаар” гэж өөрчлүүлэх тухай” прокурорын дүгнэлтийг хариуцагч Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б***** бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан Прокурор нь дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь “хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон” шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

 

ШҮҮГЧ                               У.БАДАМСҮРЭН