Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүухийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Т.Баярмаа,

Шүүгдэгч: Т.Батзул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Цагаангэр овогт Төрсайханы Батзулд холбогдох 201716010051 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “SSM” ХХК-д үйлчлэгч ажилтай, ам бүл 2, охины хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын 3-р баг, Шар довын 18-3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Цагаан гэр овогт Төрсайханы Батзул /РД: ЙЦ90110624/,

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.Батзул нь 2017 оны 03 дугаар сарын 11-ний шөнө 04 цагийн үед архидан согтуурсан үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд баг, Шар довын 14-7 тоотод иргэн Бадмаанямбуу овогтой Уламдэлгэртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан чихрийн таваг шидэж Б.Уламдэлгэрийн биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав.

D:\Ajil\Shiitgeh togtool\№32_2017_05_17_99.1_Batzul.docx

Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Батзул мэдүүлэхдээ: “2017 оны 3 сарын 10-ны 18 цагийн үед Улмаа над руу залгаж завтай бол хүрээд ир гэж ярьсан учир би 10-20 минутын дараа гэрт нь очиход Уламдэлгэр үсээ  угаагаад байж байсан бөгөөд дуусаад юм ярьж сууж байгаад надад пиво гаргаж өгсөн. 9 цагийн үед Нрэгүйбаатар Цэдэнбалжир 2 хүрч ирсэн. Тэр хоёртой хамт пиво уусан. Бид хэд юм ярьж сууж байгаад пиво дууссан учир Цэдэнбалжир, Нэргүйбаатар 2 пиво авахаар явсан. Тэр 2 яваад 2 ширхэг пиво авчраад бүгдээрээ ууцгаасан. Уламдэлгэр гэрийн жавар арилгана гээд Цэдэнбалжирийг дуу дуул гэж хэлээд бүгд дуу дуулцгаасан. Тухайн үед би согтоод байсан учир унтлаа гэж Нэргүйбаатарт хэлсэн.  Нэргүйбаатар намайг унт унт бид 2 явлаа гэж хэлээд Уламдэлгэрээс хөнжил хаана байдаг талаар асуухад шкабанд байгаа гэсэн. Тэр үед Улмаа уурлаж та 2 миний гэрт банзалдах гэлээ хоёр янхан гэж доромжилсон.  Намайг хэлж байна гэж бодоогүй. Нөгөө 2-ыг хэлж байна гэж бодож байсан ч Зулаа янхан, Нэргүй янхан гэж дуудсан. Би Уламдэлгэрт чи намайг хэлээд байгаа юм уу? намайг хаана янхандаад явж байгааг харсан юм гэж хэлээд уурандаа чихрийн таваг авч шидсэн. 240.000 төгрөг Уламдэлгэрт өгсөн. Мөн эмчилгээний зардал 50.000 төгрөг нийт 290.000 төгрөг өгсөн. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн  хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн шат болон миний үйлчлүүлэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогчийн 100 хувь буруу байгаа. Өөрийн үйлчлүүлэгчээ зөвтгөөгүй. Гэхдээ хохирогч нь ёс суртахууны маш их доройтолтой хүн болох нь хэрэг бүртгэлийн шатанд өмгөөлөгч надад харагдсан. Өмгөөлөгч нь талуудыг эвлэрүүлэхийг хичээсэн боловч хохирогч нь ядарч байна, намайг яах гэж зодсон юм, энэ өмгөөлөгч авч байгаа бол би өмгөөлөгч авна гэж өөдөөс хашгирч хаалга савж гарч явсан. Энэ бүгдээс харахад хохирогчийн зүй бус харилцаа нөлөөлсөн. Үүнийг гэрч нар мэдүүлж байгаа. Мөн хохирогч өөрөө хэлдэг. Нэргүйбаатар өөрөө хохирогчтой бэлгийн харилцаатай байснаа хэлдэг. Хохирогч нь миний үйлчлүүлэгчийг Нэргүйбаатартай хардаж гадны олон эрэгтэй хүний хажууд янхан банзал, гичий гэж доромжилсон учир архи ууж халсан хүмүүс маргалдсан. Би хохирогчтой утсаар ярьж нэхэмжлэх зүйл байгаа юу? гэж асуухад таньтай ярих зүйл байхгүй гэж хэлсэн бөгөөд дараа нь өмгөөлөгч Наранцацрал гэх хүн над руу ярьж Уламдэлгэр намайг өмгөөлөгчөөр авч байгаа та 3.000.000 төгрөг үйлчлүүлэгчээсээ аваад өгвөл эвлэрэх боломжтой талаар хэлсэн.  Хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй байгаа учир 1.000.000 төгрөг дээр эвлэрэх боломжтой гэж намайг хэлэхэд эвлэрэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Хохирогч нь  хэдэн өдөр өвчтэй байсан, хаана эмчлүүлсэн гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа. Хохирогч нь 6 өдөр ажилдаа яваагүй гэж амаараа хэлдэг боловч нотлох баримт байхгүй. Миний үйлчлүүлэгч нь хийсэн үйлдэлдээ гэмшиж айсан учир ээжийнхээ хамт хохирогчийн гэрт нь очиж өөрийн хүүхэд болон хохирогчийг загнасан байдаг. Батзулын ээж Чимгээ нь шулуун шударга хүн учир худлаа ярих хүн биш. Хохирогчийг ална гэж хэлээгүй, найзууд учир хоорондоо муудлаа гэж хэлсэн гэж Батзулын ээж хэлсэн Хохирогч маш их хэл амтай хүн байгаа. Батзулын ээж намайг ална гэж дарамталсан би түүнийг утсан дээрээ бичиж авсан гэж хэлсэн байдаг боловч хэрвээ бичиж авсан бол шүүхэд гаргаж өгөх ёстой байсан. Тэгэхээр тийм яриа болоогүй. Шүүгдэгчийн зүгээс эмчилгээний зардал болгож 50000 төгрөг өгсөн. Мөн Батзулын аав ээж нь хот руу ддэш тогоо захиж гэрт нь очиж суйрлуулж өгсөн байдаг. Хохирогч нь өөрөө Батзул руу ярьж 240.000 төгрөг өгвөл эвлэрэх боломжтой. Гомдлоо татаж авна  гэж хэлсэн учир миний үйлчлүүлэгчийн ээж нь мөнгө шилжүүлсэн боловч танай ээж намайг дарамталсан учир эвлэрэх боломжгүй гэж хэлсэн. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын талаар ам бүл 4, эцэг эх охины хамт амьдардаг. 2012 оноос эхлэх SSM ХХК-д 5 жил тасралтгүй үйлчлүүлэгчээр ажиллаж байгаа. Ажил хөдөлмөр эрхэлж эцэг эхээ охиноо тэжээдэг. Зан харилцааны хувьд үг дуу цөөнтэй ажилч хичээнгүй хүн байгаа. Одоо охин нь 2 дугаар анги. Иймээс хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа хохирол төлбөрөө сайн дураараа төлсөн зэрэг байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү?” гэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүгдэгч Т.Батзул нь 2017 оны 03 дугаар сарын 11-ний шөнө 04 цагийн үед архидан согтуурсан үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд баг, Шар довын 14-7 тоотод иргэн Бадмаанямбуу овогтой Уламдэлгэртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан чихрийн таваг шидэж Б.Уламдэлгэрийн толгойн тус газар нь бие эрх чөлөөнд нь халдсаны улмаас биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь гэр орондоо архи согтууруулах ундаа  хэргэлж нэгэнтэйгээ хардаж хохирогчийн зүй бус харилцаа нөлөөлсөн. Согтуу үедээ гэмт хэрэг үйлдсэн учир ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл болж байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Үүнд шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлсэн, хохирогч төлбөрөө нөхөн төлсөн байгаа.  Иймд шүүгдэгч Т.Батзулд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгний торгох ялыг оноох саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй. 2017 оын 4 сарын 3-ны өдөр гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйл байхгүй. Эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг улаан өнгийн бутарсан зүйл, ДДэш-ын таваг, ДДэш дуран зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, цус мэт зүйлээр бохирлогдсон гудсыг хохирогч Уламдэлгэрт буцаан олгох саналтай байна. Хохирогч Уламдэлгэр нь хохирол төлбөрийн талаар баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч нь 290.000 төгрөг төлсөн учир бусдад төлөх төлбөргүй байна. Хохирогчийн нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх гэсэн саналыг тус тус оруулж байна” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /Хавтаст хэргийн 04-р хуудаст/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хавтаст хэргийн 12-15-р хуудаст/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /Хавтаст хэргийн 16-р хуудаст/,

Хураан авах тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 17-18-р хуудаст/,

Хэрэг бүртгэлтийн шатанд хохиргч Б.Уламдэлгэрийн өгсөн “Би 2017 оны 03 дугаар сарын 10-нд Нэргүйбаатар луу 17 цагийн орчимд ганц нэг пиво уух уу? гэж мессеж бичсэн чинь Нэргүйбаатар тэгье л даа гэж хариулаад би Батзулд хэлье гэж Нэргүбаатар надад хэлэхээр нь тэг тэг гэсэн. Батзул 19 цагийн үед манайд ирсэн. Тэгээд Батзул бид хоёр 2-3 лааз пиво өгсөн. Тэгээд 22 Нэргүйбаатар, Цэрэнбалжир хоёр дэлгүүрээр 2 ширхэг 2.5 л сэнгүр пиво авч ирээд тэрийг хувааж уугаад дуулалдаж сууж байгаад Нэргүбаатар Батзулд хөгжил авч өөхөөр нь би миний гэр оронд банзалдахгүй шүү гэж хэлсэн чинь Батзул чи ганцаараа гэртээ юм уу гээд хэрэлдэж маргалдаж байгаад миний өөдөөс юм авч шидсэн. Тэгтэл миний толгой руу оносон чинь толгойноос цус гойжсон чинь тэр гурав толгой нь хагарчихсан юм биш үү, цус гарч байна гэж ярьж байсан. Нэргүйбаатар нойр хүрч байна явцгаая гэж хэлсэн чинь Цэрэнбалжир гэрийг нь цэвэрлээд явцгаая гэж хэлж байсан. Тэгээд 04 цаг 20 минутын үед сэрэхэд тэр 3 явцгаасан гэр орон цэвэрлээд орхисон байсан. Найз руугаа утсаар залгаад би юм хэлж чадалгүй уйлж байж байгаад утсаа салгаса нэгч нь хүүхэдтэйгээ ирж толгойноос гойжиж байгаа цусыг тогтоож өгөөд ор засч өгч унтуулчаад яваад өгсөн. Би өглөө 08 цаг өнгөрч байхад сэрээд найзынхаа нөхрийг дуудаж эмнэлэг хүргүүлж өоолт хийлгээд дараа нь Цагдаагийн байгууллагад хандсан. Нэргүйбаатар Батзулд хөнжил авч өгөөд гэрийн зүүн хойд талд унтах гэхээр нь миний гэрт банзалдахгүй шүү гэж хэлснээс болж муудалцсан. Би өмнө нь Нэргүйбаатартай дотно харилцаатай байсан. Тухайн үед Батзул бид хоёр ярьж тохироод надад ДДэшний тогоо, дуран, эмний мөнгө 50 000 төгрөг өгсөн, 6 хоног акттай байсан үеийн цалин 240000 төгрөг өгөхөөр тохирсон байсан. ...Тэгээд Батзул миний данс руу 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажил дээр байж байхад 240 000 төгрөг дансаар явуулчихаад орон гэртээ харьчихсан байхад ээжтэйгээ хамт манайд очоод Уламдэлгэрийн хохирлыг барагдуулсан тул өргөдлөө буцааж авна гэж тохиролцов гэсэн утгатай зүйл бичсэн цаасан дээр Батзулын ээж энэн дээр гарын үсэг заавал зурах ёстой гээд загнаад байсан. Би зурахгүй гэж хэлээд чвуулахад Батзул над руу утсаар яриад би мөнгөө буцааж авъя шүүхээрээ явъя гээд над руу дансны дугаараа мессежээр явуулсан. Миний толгой орой бүр өвдөөд байгаа учраас мэдрэлийн эмчид үзүлэх, оёдлын шарх сорви арилгуулах, сэтгэл санааны хохирол, өмгөөлөгчийн зардал болох 3 000 000 төгрөгийг Батзулаар төлүүлж авмаар байна” гэсэн мэдүүлгүүд /Хавтаст хэргийн 22-25-р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд М.Нэргүйбаатарын гэрчээр өгсөн “Би 2017 оны 03 дугаар сарын 10-ны орой 17 цагийн үед ажлаа тараад явж байхад Уламдэлгэр над руу мессежээр ганц хоёр пиво уух уу? гэж асуухаар нь орой очиж байгаад больё гээд хариу бичсэн. Орой 19 цагийн үед дуудаад байхаар нь за одоо очлоо гэж хэлж байгаад гэртээ зурагтаар сагсан бөмбөг үзэж дуусгаад 21 цаг өнгөрөөж гэрээсээ гараад Цэрэнбалжирынд очоод цугтаа Уламдэлгэрийнд очиход Батзул, Б.Уламдэлгэр хоёр лаазтай пиво ууцгааж байсан. Гэрт ороод суухад бид хоёрт ч гэсэн пиво өгөөд юм ярьж сууж байгаад ДДэш-ээр кино захиалж үзээд сууж байтал пиво нь дуусахаар нь Цэрэнбалжир бид хоёр дэлгүүр лүү пивонд яваад дэлгүүрээс 4 ширхэг 2,5 л сэнгүр пиво аваад Уламдэлгэрийнд очоод 2 ширхэг 2,5л пивоо гадаа үлдээгээд 2 ширхэг 2,5л пиво авч ороод 4-лээ хувааж уугаад дуулж хуурдаж сууж байгаад гаднаас үлдсэн 2 үирхэг 2,5 л сэнгүр пиво авч орж ирээд дөнгөж задалтал Батзул би уухгүй найз нь яг тасарлаа гэж хэлээд унтлаа хөнжил авчраад өгөөч гэхээр нь Уламдэлгэрээс хөнжил чинь хаана байгаа юм бэ? гэж асуухад шкафанд байгаа гэхээр нь очиж аваад Батзулд авчирч өгөөд хэвтэхээр нь дээгүүр нь хучиж өгтөл Б.Уламдэлгэр уурлаж эр эм янханууд манайхаас зайл гэсэн чинь Батзул чи намайг янхан гэдэг хэн бэ гэж хэлээд босч ирээд хэрэлдсэн. Тэгээд тэгээд Б.Уламдэлгэр Батзул хоёр нэгэн рүүгээ дайраад байхаар нь Цэрэнбалжир Батзулыг хориод би Уламдэлгэрийг хориод гэрийн зүүн хойд талд суулгаад байж байтал Уламдэлгэр найз нь бөөлжлөө төмпөн аваад ирээч гэсэн. Цэрэнбалжир төмпөн авч өгсөн чинь тэр хооронд улаан өнгийн чихрийн таваг аваад шууд Б.Уламдэлгэр лүү шидчихээд чи намайг янхан гэж хэлэх болоогүй шүү гэж хэлээд дайрахаар нь Цэрэнбалжир гэрээс гаргасан. Би 00 цаасаар Б.Уламдэлгэрийн толгойноос гарч байсан цусыг арчиж өгсөн.” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 26-27-р хуудаст/,

Хэрэг бүртгэлтийн шатанд Г.Цэрэнбалжирын гэрчээр өгсөн “Би гэртээ байж байсан чинь 2017 оны 03 дугаар сарын 10-нд 18 цагийн үед миний найз Нэргүйбаатар утасдаад Улмаа чи бид хоёрыг хүрээд ир хамт юм ярьж сууя гээд байна гэж хэлэхээр нь за тэгье гэж хэлсэн чинь Нэргүйбаатар жаахан ажилтай байна ажлаа дуусгаад яваад очъё гэж хэлэхээр нь би за тэг гэж хэлсэн. Би гэрээсээ гараад нээх удалгүй ирсэн ба бид хоёр Улмаагийнд очиход 21 цаг болж байсан. Улмаагийнд Батзул Улмаа хоёр жижиг лаазтай сэнгүр пиво тавьчихсан уугаад сууж байсан. Бид хоёрыг ороод очиход ууж байсан пивоноосоо задлаагүй пивыг авч өгсөн. Тэгээд бид хоёр тэр пивыг уучихаад гараад 2,5 л Сэнгүр пиво 4 ширхэгийг аваад эргэж очоод бид нар кино үзээд сууцгаасан. Уг пивоны 3-ыг нь уучихаад бид нар нэлээн их халцгаасан. Батзул сандал дээрээ тогтохгүй унаад байхаар нь Нэргүйбаатар, Батзулыг газар хэвтүүлээд хөнжил аваад нөмрөгсөн чинь Улмаа уурлаад та хоёр заваардаг газраа очиж заваар янхануудаа гэж хэлээд хашгирсан. Тэгтэл уурлаад та хоёр Улмаатай хэрэлдсэн чинь Улмаа Батзулыг цохих гээд дайрсан ба Батзул босоод Улмаагийн өөдөөс дайрсан тэгэхээр нь Нэргүйбаатар бид хоёр очиж салгаад хоёр талдаа Нэргүйбаатар Улмааг аргадаад Батзул бид хоёрт ямар нэгэн асуудал байхгүй, чи буруугаар ойлгоод байна гэж хэлсэн чинь Улмаа тайвшраад гэртээ газар суугаад бөөлжих гэхээр нь би төмпөн аваад Улмаад өгсөн чинь Улмаа бөөлжиж байхад Батзул Улмаатай дахин хэрүүл хийж байгаад ширээн дээр байсан чихрийн тавгийг шидсэн чихрийн таваг бутарч унаад Улмаагийн толгойноос цус гарахаар нь би арчиж өгөхөд духныхан дээд хэсэгт зүссэн юм шиг бага зэрэг зүсэгдсэн байсан. Нэргүйбаатар Улмааг аргадахаар нь би Батзулыг гадаа авч гарахад гэрийнхэн хажууд байсан ДДэш антины тогоог дээрээс нь дарж муруйлгасан. Тэгэхээр нь би очоод аргадсан чинь Улмаа намайг янхан гэдэг юу юм бэ?, янхандаж байхыг нь харсан юм байх даа гээд уурлаад байсан. Тэгээд байж байхад Нэргүйбаатар гэрээс гарч ирээд Батзулыг одоо болио та хоёр эвлэр, энэ гэр орныг нь цэвэрлье гэж хэлсэн. Тэгээд бид гурав орж гэрийг нь цэвэрлээд байж байтал Улмаа одоо болно та нар зайлцгаа зайл гэж хэлэхэд Нэргүйбаатар Улмаа дээр очоод эмнэлэг дуудах уу яах уу гэж асуухад Улмаа хэрэггүй одоо та нар зайлцгаа гэж хашгирсан. Тэгээд бид гурав гараад явцгаасан. Уламдэлгэр, Батзул хоёр хоорондоо зодолдож зууралдаж цохилцсон зүйл байхгүй. Батзул Уламдэлгэр лүү чихрийн таваг шидсэнээс болж Уламдэлгэрийн толгой нь хагарсан, бусдаар нэг нэгэндээ гэмтэл учруулаагүй” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 28-29-р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд О.Тогосмаагийн өгсөн “…Би гэртээ унтаж байтал 2017 оны 03 дугаар сарын 11-нд 04 цаг 30 минутын үед намайг манай том хүү “охиноо эгч залгаад Улмаа эгч уйлаад дугарахгүй байна таныг очоод үзээтэх гэж байна” гэхээр нь би босоод хүүгээ аваад явах гэсэн чинь явахгүй гэхээр нь 8-р ангийн охиноо аваад Улмаагийн гэрт очиход Улмаагийн толгойноос цус гойжсон байдалтай байхаар нь юу болов гэж асуухад уйлаад дугарахгүй болохоор нь гэрт нь байсан жижиг гар нүүрийн алчуур норгож гар нүүр хэсгийн цусыг цэвэрлэж толгой дээр нь хүйтэн жин тавьж өгөөд цагдаа дуудах уу? гэж асуухад би дугаарыг нь мэдэхгүй гэхээр нь би ч гэсэн мэдэхгүй гэж хэлсэн. Цусыг нь тогтоогоод гайгүй болоод ирэхээр нь Улмаад Батзул руу хэлье гэхэд Улмаа намайг Батзул ийм болгочоод явсан гэж хариулахаар нь тун болохгүй бол хэлээрэй эгч нь одоо явлаа хоёр хүүхэд уйлаад хэцүүдэж байгаа гэж хэлээд 06 цаг өнгөрч байхад гэртээ харихаар явсан.” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 30-31- р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн ¹59 дугаартай “Б.Уламдэлгэрийн биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 35-р хуудас/,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ¹09 дугаартай “…”ДДэш антений тогоо, ДДэшний антен /хуучи/-ыг 50 000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн дүгнэлт /Хавтаст хэргийн 37-р хуудас/,

 Шүүгдэгч Т.Батзулын сэжигтэн болон яллагдагчаар өгсөн “…Би 2017 оны 03 дугаар сарын 10-ны орой 18 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ ирээд хоолоо идээд сууж байхад Уламдэлгэр над руу мессеж  бичээд миний найз завтай бол хүрээд ирээч хоёулаа юм ярьж сууя гэсэн. Тэгээд би тэрнээс 20 орчим минутын дараа гэрээсээ гараад Уламдэлгэрийн гэрт очиход Уламдэлгэр гэртээ ганцаараа үсээ угаагаад зогсож байан. Бид хоёр юм яриад сууж байхад Уламдэлгэр Нэргүйбаатарыг дуудчихсан орой 21 цагийн үед ирнэ гэсэн гэж ярьж байсан. …21 цагийн үед манай ажлын Нэргүйбаатар нэг танихгүй залуутай хамт орж ирсэн. Тэгээд Нэргүйбаатар тэр залууг надтай танилцуулахад нэрийг нь Цэрэнбалжир гэдэг гэж байсан. Тэгээд бид нар хөргөгчинд үлдсэн пивонуудаа уучихаад Уламдэлгэр, Нэргүйбаатар хоёр кино захиалж үзье гээд кино захиалж үзээд сууж байхад 23 цагийн үед пиво дууссан. Нэргүйбаатар, Цэрэнбалжир хоёр дэлгүүр орж 4 ширхэг пиво авч ирсэн. Тэгээд бид нар тэр пивыг уунгаа Цэрэнбалжираар дуу дуулуулаад ууж дуусгасан. Тэгээд 03 цагийн үед Нэргүйбаатар бид хоёр өөд өөдөөсөө хараад сууж байгаад би Нэргүйбаатарт найз нь ингээд унтлаа гэхэд Нэргүйбаатар тэг тэг найз нь хөнжил авчирч өгөх үү гэхээр нь би тэг гэсэн. Нэргүйбаатар Уламдэлгэрээс хөнжил хаана байгаа вэ? Зулааг унтуулах гэсэн юм гэхэд Уламдэлгэр шкафанд байгаа гэхэд Нэргүйбаатар шкафнаас хөнжил авчраад намайг гэрийн баруун хэсэгт шалан дээр хэвтэж байхад дээрээс хучиж өгөхөд Уламдэлгэр гэнэт уурлаад хоёр гичий минь манайхаас зайл гэсэн. Би намайг хэлээгүй байлгүй дээ гэж бодоод босоод зогсож байхад Зулаа янхан, Нэргүй янхан гээд босоод ирчихсэн орилоод байсан. Тэгээд би Уламдэлгэр лүү чи намайг янхан байхыг хаана харсан юм бэ гээд гэрийн зүүн талд бөөлжих гээд сууж байхад нь ширээн дээр байсан улаан эрээн өнгийн чихрийн таваг аваад шидсэн чинь Уламдэлгэрийн толгойд нь оноод толгойноос нь цус гарч гудсан дээр нь дусч байсан. Цэрэнбалжир намайг аваад гэрээс гарсан хойно Нэргүйбаатар гарч ирээд толгой нь хагарсчихсан цус гараад байна гэсэн. Би дбуцаад гэр лүү нь ороход Уламдэлгэр дахиж над руу дайраад манай гэр орныг ийм болголоо, танайх шиг ядуу айл биш гээд доромжлоод байхаар нь би чи яасан баян юм бэ гэж хэлчихээд Цэрэнбалжиртай хамт гэрээс нь гарахдаа гэрийн зүүн хойд талд байсан ДДэш-нийх нь тогоог биеэрээ дарахад муруйчихсан. …Би Уламдэлгэрт 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 50 000 төгрөг, 04 дүгээр сарын 12-ны өдөр 240 000 төгрөг нийтдээ 290 000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлгүүд /Хавтаст хэргийн 43-44, 49-50-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Т.Батзул нь 2017 оны 03 дугаар сарын 11-ний шөнө 04 цагийн үед Бадмаанямбуу овогтой Уламдэлгэртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан чихрийн таваг шидэж Б.Уламдэлгэрийн биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх үндэслэл болгов.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг улаан өнгийн бутарсан зүйл, цус мэт зүйлээр бохирлогдсон гутас, ДДэш-ын таваг, ДДэш дуран зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Хохирогч Б.Уламдэлгэр нь эмчид үзүүлэх, шарх сорви арилгуулах, сэтгэл санааны зардалд 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Цагаан гэр овогт Төрсайханы Батзулыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батзулыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас санаатайгаар зайлсхийсэн бол шүүх торгох ялыг уг ялын хэмжээнээс хамааруулан гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батзул нь гэм хорын хохиролд 290 000 /хоёр зуун ерэн мянга/-н төгрөг хохирогч Н.Уламдэлгэрт төлсөн, Н.Уламдэлгэр нь эмчид үзүүлэх, шарх сорви арилгуулах, сэтгэл санааны зардалд 3 000 000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг улаан өнгийн бутарсан зүйл, цус мэт зүйлээр бохирлогдсон гутас, ДДэш-ын таваг, ДДэш дуран зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА