Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/388

 

Э.М-д холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чимгээ,

шүүгдэгч Э.М-,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Э.М-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2011000001170 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Э.М-, 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

            Э.М- нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, ***  тоотод байх гэртээ хамт согтууруулах ундаа хэрэглэж байсан Б.Э-т төмсгөн тус газраа өшиглүүлсэндээ уурсан түүний нүүрэнд 4-5 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.М-эс 255.382 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Э-т олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг тус тус журамлан Э.М-г 1 сарын дотор гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогч Б.Э- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Э.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие өрх толгойлсон эцэг. Эхнэр Б.Саранцацрал нь 2016 онд БНСУ-ыг зориод одоог хүртэл ирээгүй тул хоёр тийш болсон. Иймээс охин М.Б-тэй хамт эцэг, эхийнхээ хашаанд амьдарч байна. Дэлхий дахинд гарч буй цар тахлын улмаас охиноо эрсдэлд оруулахыг хүсэхгүй байна. Миний эцэг, эх төрийн албанд ажилладаг тул охиныг маань харах боломжгүй. Би 2019 оноос одоог хүртэл “Б-” ХХК-д жолооч, түгээгчээр ажилладаг. Ажилтай үедээ охиноо бэр дүүгээрээ харуулдаг. Гэвч бэр дүү маань өөрөө нялх хүүхэдтэй тул байнга харах боломжгүй. Иймд цалингаасаа тодорхой хувийг торгуульд төлөх хүсэлтэй байгаа тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Б.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Э.М- нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, ***  тоотод байх гэртээ хамт согтууруулах ундаа хэрэглэж байсан Б.Э-т төмсгөн тус газраа өшиглүүлсэндээ уурсан түүний нүүрэн тус газарт 4-5 удаа цохиж эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Б.Э- нь “...намайг гал тогооны өрөөнд гар утсаа цэнэглэх гээд зогсож байхад М- том өрөөнөөсөө гарч ирэнгүүтээ миний өгзөг рүү маш хүчтэй алгадсан. Би цочоод эргэж харангуутаа өөрийгөө хамгаалах гээд 1 удаа өшиглөсөн чинь М- төмсгөө гараараа дарж байснаа “чи намайг цохидог хэн бэ” гээд над руу дайрч түлхэж унагаасан. Босох гэтэл араас хоолой боогоод би ухаан балартаад дээшээ хараад хэвтэж байтал миний дээр гарч суугаад миний нүүр лүү хоёр гараараа ээлжлэн 4-5 удаа цохисон. ...” /хх 12-13/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийг тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч А.Д-гийн “...архи ууж байгаад М-, Э- хоёр тамхи татах гээд өөр өрөө лүү орчин чинь удалгүй М- “намайг төмсөгдчихлөө” гээд паар налаад зогсож байсан. Тэгээд Мөнхтөр очоод “юу болсон бэ” гэсэн чинь “наадах чинь миний толгой руу цохиод төмсөгдчихлөө” гэхэд Э- “чи ги*** минь намайг амжихгүй шүү” гэсэн чинь М- уурлаад Э-ийг үсдээд гал тогоо руугаа оруулаад нүүр лүү нь гараараа цохиод байсан. ...” /хх 16/,

- шүүгдэгч Э.М-н яллагдагчаар өгсөн “...найз Д-, Мөнхтөр, Д-гийн найз эмэгтэй болох Э- нарын хамт архи ууж дуусаад том өрөөндөө Д-гийн хамт орж унтахаар хэвтэж байтал Э- нь бид хоёрыг босгоод унтуулахгүй “юм ярья” гээд байхаар нь гал тогооны өрөөнд ороод хамт байж байтал юм ярьж инээж байгаад миний бэлэг эрхтэн орчим өвдгөөрөө 1 удаа өшиглөсөн. Би эвхэрч суугаад бараг 5 минут орчим болоод босож ирээд намайг өвдөглөсөнд нь уур хүрээд Э-ийн нүүр орчим нь 1 удаа гараараа алгадсан. Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 32-33/ гэсэн мэдүүлгүүд, 

- хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 13253 дугаартай “Б.Э-ийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. ... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” /хх 20-21/ гэх дүгнэлт зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Э.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар таван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.

Шүүгдэгч Э.М- мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад “...ам бүл 3; эцэг, эхийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй...” /хх 14-15, 32-33, 79-80/ хэмээн өөрийн биеийн байцаалтын талаарх мэдээллээ тогтвортой өгч байсан атлаа давж заалдсан гомдолдоо өөрийгөө “өрх толгойлсон эцэг бөгөөд бага насны хүүхдээ хардаг”, мөн “2019 оноос одоог хүртэл “Б-” ХХК-д жолооч, түгээгчээр ажиллаж байгаа ба цалингаасаа тодорхой хувийг торгуульд төлөх хүсэлтэй” тухайгаа дурдаад 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин М.Б-гийн төрсний бүртгэлийн лавлагаа болон “Б-” ХХК-ийн захирлын “Ажил байдлын тодорхойлолт” гэх баримтыг хавсаргажээ.

Гэвч дан ганц эдгээр баримтуудаар түүний давж заалдсан гомдолд дурдсан нөхцөл байдлуудыг тодорхойлох боломжгүй бөгөөд шаардлагатай бусад баримт буюу түүнийг өрх толгойлсон эцэг болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр, хууль болон гэрээний үндсэн дээр ажил олгогчоос тодорхой цалин, хөлс авч байгаа байдлыг нотлох нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, лавлагаа зэрэг хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Нөгөөтэйгүүр, мөрдөн шалгах ажиллагааны үед гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсэг болох 200.000 төгрөгийг А.Д- гэх хүнээс нөхөн төлсөн /хх 65/-өөс үзвэл шүүгдэгч Э.М-н хувьд торгох ялыг биелүүлэх бодитой үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд анхан шатны шүүхээс сонгон оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгч Э.М-н үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруу, хувийн байдалтай тохирсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байх тул “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.М-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН