Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 340

 

Т.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Ж.Тэгшмандал, М.Машбат, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 492 дугаар магадлалтай, 1705003190030 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, болон түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Ж.Тэгшмандал, М.Машбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, 1993 онд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4, 220 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 4 жил хорих ял шийтгүүлсэн,  Боржигин овогт Т.Б нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Б-г хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Т.Б-гээс 6.257.325 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхзулд олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 185 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч М.Машбат, Ж.Тэгшмандал нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Б гаргасан гомдолдоо: “...Хэргийн мөрдөн шалгах болон шүүн таслах ажиллагаа эхнээсээ хэт нэг талыг барьж, эх сурвалжаа зааж чадаагүй насанд хүрээгүй гэрч нарын зөрүүтэй мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие өөрийгөө энэхүү хилс хэрэгт цагаатгах үндэслэл гаргахын тулд хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэргийн материалд авагдсан мэдүүлгүүд, баримтын хүрээнд тэдгээрийн зөрүү, эх сурвалжаа зааж чадаагүй, нэг нэгнийгээ үгүйсгэсэн мэдүүлгүүдэд дүгнэлт хийж, надад олон жилийн хорих ял оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгөхийг хүсч байна. Би хэн нэгнээс уучлалт гуйхгүй, төлбөр төлөхгүй, зөвхөн үнэн шударга шийдвэр гартал үнэний төлөө тэмцэнэ. Гэмт хэрэг үүссэн шалтгаан нөхцлийн талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь гэрч, хохирогч нарын эмх замбараагүй архидалтаас шууд үүдэлтэй байдаг. Хавтаст хэргээс Б миний санаатай үйлдлээс болж хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдэгдсэн гэсэн ямар ч баримт олж харахгүй гэдэгт итгэлтэй байна. Харин эмх замбараагүй архидалт, өөрсдийн гэм буруутай үйлдлүүдийг хаацайлахын тулд биесээ хамгаалсан, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй болон нэгийгээ үгүйсгэсэн худал мэдүүлгүүд, өөрсдийгөө цэвэр авч гарахын тулд насанд хүрээгүй гэрч нараар зориуд худал мэдүүлгүүд өгүүлсэн, тэдгээр нь хоорондоо зөрүүтэй ийм л зураглал харагдана. Энэ хэрэгт намайг яллах гол үндэслэл болгож буй насанд хүрээгүй гэрч У.Батзориг, У.Энхжин нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй. Гэрч Ундрахжаргал нь 2 хүүхдийнхээ мэдүүлгийг үг, үсэг гээхгүй давтсан байгаа нь хүүхдүүддээ мэдүүлэг зааж өгсөн, эсвэл хүүхдүүдийнхээ мэдүүлгийг уншсаны дараа мэдүүлгийг дуурайлган өгсөн, өөрөөр хэлбэл хавтаст хэргийн нууцлал алдагдсан гэж үзэхэд хүргэж байна. Энэ хэргийн гол гэрч нар болох Б.Ундрахжаргал, Д.Жамбал, Х.Солонго, насанд хүрээгүй гэрч У.Батзориг, У.Энхжин нар нь бүгд нэг гэрт амьдардаг, хөндлөнгийн нотлох баримтгүйгээр хуульд заасан гэрч байх үндэслэл хангагдахгүй хүмүүс юм. Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай хувийн цэцэрлэгийн хяналтын камерын бичлэгт хамгийн сүүлд хар хувцастай Д.Жамбалтай адилхан хүн талийгаач дээр очоод дараа нь сууж байсан талийгаач арагшаа унаад тэр хар хувцастай хүн дугуй засвар руу орж байгаа ноцтой бичлэг байдаг. Үүнийг анхан шатны шүүх шаардлага хангахгүй, ухрааж үзэхэд цаг их орно гээд нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна. Насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлснээр талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл миний хийсэн үйлдлээс үүсэх ямар ч боломжгүй юм. Иймд намайг цагаатгаж, шударга шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Т.Б нь талийгаачийг санаатай үйлдэл хийж алсан гэх нотлох баримт байхгүй, амь насыг хохирооход хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, түүнд үлдсэн ул мөр тогтоогдоогүй, нотлох баримт эргэлзээтэй байхад шүүх хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа хангалтгүй дутуу хийгдэж, хэт нэг талыг барьсан. Энэ асуудлаар гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, мэдүүлгийн зөрүүг арилгах арга хэмжээ аваагүй. Шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт харилцан зөрүүтэй гэрч нарын мэдүүлгүүд байхад аль нэгийг авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлээ зааж дүгнэлт хийхгүйгээр гэрчүүдийн мэдүүлгийг бүгдийг тогтоолд дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасныг зөрчсөн байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь урьдчилсан хэлэлцүүлэг хийж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх болон мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаарх асуудлаар хэргийг прокурорт буцаахыг хүсэхэд анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол хүсэлтийг шийдвэрлэхээр тогтсон боловч харамсалтай нь энэ талаар хянан шийдвэрлэж дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Наранцэцэг, Энхжин нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан боловч дараагийн хуралд ирээгүй хүмүүсийг албадан оролцуулах арга хэмжээ авалгүй шүүхээс хэргийг шийдвэрлэснээр мэтгэлцэх, цагаатгах асуулт асуух, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчигдсөн зөрчлийг тогтоолгох боломжгүйд хүргэж хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан. Камерын бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэлийн талаар талууд маргаж, бичлэгийг үзэх хүсэлтийг гаргасан.Яллах тал бичлэгт буй хар хувцастай хүнийг Т.Б байгааг нотолж байна гэж үздэг бол цагаатгах тал Т.Б өөр хувцастай байсан, тэгээд ч ойртож очоогүй, бичлэгт байгаа хүн шүүгдэгч биш гэж маргасан. Бичлэг үзэх хүсэлтээсээ хэн ч татгалзаагүй байхад шүүх хуралдаан дээр орж ирсэн компьютерийн мэргэжилтний бичлэг үзүүлж чадаагүйгээс болж талуудыг саналыг ч асуулгүй шүүх эд мөрийн баримт шинжлэх ажиллагааг дуусгасан нь илт хууль зөрчсөн үйлдэл юм. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд шүүх хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Анхан шатны шүүх хэрэгт байгаа мэдүүлгүүдийг бүгдийг түүвэрлэн хүнийг алах гэмт хэрэг үйлдэгдсэн, уг гэмт хэргийг Т.Б үйлдсэн болохыг нотолж байна гэж дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж анхан шатны шүүхийн алдааг давтсан хууль бус магадлал гаргасан гэж үзэж байна. Энэ нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалтуудыг зөрчиж, тус хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлийг бий болгож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Машбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байна. Тухайн үйл явдлыг харсан байх боломжтой хүмүүс нь насанд хүрээгүй 3 хүүхэд байдаг. Тэдний мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагаа хийгээгүй, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулаагүй хэргийг дутуу шалгаж 1 удаа мэдүүлэг авсан нь хэрэгт хавсаргагдсан.  Т.Б хохирогчийн биед гэмтэл учруулаагүй тухай насанд хүрээгүй гэрч Сэнгүм, Энхжин нар тодорхой мэдүүлсэн байхад насанд хүрээгүй гэрч Батзоригийн мэдүүлгийг үнэлж шийдвэр гаргасан. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй орхигдуулснаар шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй юм. Камерын бичлэгийн дагуу мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл бичигдсэн байдаг. Бичлэг болон тэмдэглэл нь тухайн болсон үйл явдлыг тодорхой харуулдаг бөгөөд хохирогч нь хувцасны өнгөөрөө тодорхой танигддаг. Мөн түүнд ойртон очиж байгаа хүмүүсийн хувцасны өнгө, үйл хөдлөл гэх мэтээр тухайн үед болсон үйл явдлууд тодорхой харагдана. Мөрдөн байцаалт дууссаны дараа яллагдагч, өмгөөлөгчдийн зүгээс уг бичлэгийг хуулбарлан авч үзэхэд дээрх байдлууд тодорхой харагдаж байсан тул шүүх хуралдаан дээр хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хэмээн үзэж шинжлэн судлуулах нотлох баримтанд оруулах хүсэлт тавьсан. Гэтэл уг бичлэгийг анхан шатны шүүхийн ажилтан хуралдаан дээр ухрааж, урагшлуулж үзүүлж чадаагүйгээс бичлэгийг үзэхэд их хугацаа орно хэмээн хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримтыг нотлох баримтаар тооцолгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү”  гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...насанд хүрээгүй гэрч У.Батзориг, О.Сэнгүм, У.Энхжин нарын мэдүүлэг нь тухайн цаг үед болсон үйл явдлын талаар өөр өөр байршлаас харсан зүйлээ тус бүр мэдүүлсэн нь хоорондоо зөрүүгүй гэж давж заалдах шатны шүүхэс дүгнэн бичсэн байх ба дээрх насанд хүрээгүй гэрч нарын хэн нь ч мэдүүлэгтээ Т.Бг амь хохирогчийн хөлийг архины шилээр зүссэн гэж огт ярьдаггүй, бүгд архины шил шидсэн гэж ярьдаг. Мөн Т.Б ч анхнаасаа болсон үйл явдлын талаар тогтвортой мэдүүлдэг. Дээрх гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Т.Б нь санаатай бусдын амь насанд хүрэхээр идэвхтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогддоггүй бөгөөд архитай шилийг нь өгөх гээд санаандгүй шидсэн архины шил хагарч түүний улмаас талийгаачийн амь нас хохирсон нь болгоомжгүйгээр бусдын амь насанд хүрсэн гэж зүйлчлэгдэх үндэслэлтэй байна. Насанд хүрээгүй гэрч У.Энхжин хэргийн үйл баримтын талаар огт харсан байх боломжгүй гэж үзэж байна. Ундрахжаргал болон бусад хүмүүсээс насанд хүрээгүй гэрч Энхжинд нөлөөлж хараагүй, үзээгүй зүйлээ харсан мэт худал мэдүүлэг өгүүлсэн байж болзошгүй юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, хэргийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд зааснаар зүйлчлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Насанбат хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Гэрч өөрийн харсан зүйлийнхээ талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн гэрчээс харсан зүйл нь үнэн зөв эсэхийг шаардаж болохгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь хохирогч руу чиглэсэн үйлдэл хийсэн гэдгээ огт үгүйсгээгүй. Насанд хүрээгүй ч гэсэн гэрч нар өөрсдийн харсан үзсэн зүйлийнхээ талаар мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний өгсөн мэдүүлгээс харахад шүүгдэгч нь хохирогч руу чиглэсэн үйлдэл хийсэн болох нь тогтоогдсон. ...Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Б болон түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Ж.Тэгшмандал, М.Машбат нарын гаргасан гомдлыг үндэслэн Т.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Т.Б-г 2017 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын хойно байрлах “Автосервис” засварын газрын орчим явган хүний зам дээр хохирогч Н.Мөнхбаясгалангийн зүүн хөлийн тахим хэсэгт архины шилээр зүсэж санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Т.Б-гийн үйлдсэн хэргийн талаар хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс Т.Б-г  “Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох Т.Б-гийн яллагдагчаар өгсөн “...архиа авья пизда минь гэхээр нь би нэг очих гэснээ согтуу хүнтэй төвөг гэж бодоод гартаа барьж байсан архийг тэр залуу руу чулуудаж өгчихөөд ...шууд машиндаа суугаад яваад өгсөн” гэх мэдүүлэг, түүнийг нотолсон насанд хүрээгүй гэрч О.Сэнгүмийн “Баатараа ах буцаж дугуй засвар руу орсноо тэр дороо их хурдан гарч ирсэн ба гартаа архины шил барьчихсан “энийгээ аваад яв” гэж хэлээд Баясаа ах руу шидчихээд машиндаа суугаад яваад өгсөн” гэх мэдүүлэг зэргээр Т.Б нь амь хохирогч Н.Мөнхбаясгалан руу архитай шил шидсэн үйл баримт тогтоогдсон хэдий ч тухайн үйлдэлд хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах зорилгоор архитай шилийг зэвсгийн чанартай зүйл болгож зориуд ашигласан, ингэхдээ хохирогчийн биед гэмтэл учирч болохыг ухамсарлаж, түүнийгээ хүсч, хохирогчид гэмтэл учруулахын тулд түүн рүү шууд чиглэсэн үйлдэл хийж, хохирогчийг зориуд алсан гэж үзэх гэм буруугийн санаатай хэлбэр, түүнчлэн өөрийн идэвхтэй үйлдлээр хохирогчийн хөлийг архины шилээр зүссэн гэж үзэх гэмт хэргийн объектив талын шинжийг шүүх эргэлзээгүй байдлаар тогтоож чадаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоохдоо шүүгдэгч Т.Б нь ямар зорилгоор, ямар зайнаас хохирогч руу архитай шил шидсэн, улмаар архины шил хэрхэн хагарсан талаар харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсөн насанд хүрээгүй гэрч У.Батзориг, О.Сэнгүм, У.Энхжин нарын мэдүүлгийн алийг нь үнэн зөв гэж үзсэн, бусдыг нь яагаад няцаан үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, түүнчлэн хохирогч руу архины шил шидэх үед болон шидсэн архины шил талийгаачийг онох үед архины шил хагарч, уг гэмтлийг учруулах боломж муутай тухай шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний дүгнэлт /хх-165/ болон энэ талаар шинжээч С.Чулуунсүхийн /хх-162/ өгсөн мэдүүлгийн хэсэгт хэт хөтлөгдөж, “Шидсэн гэх архины шил газарт унаж хагарах үед хагарсан шилний хэсэг дээр зүүн хөл орчмоороо унах, суух, хэвтэх үед хагархай хэсэг нь зүүн хөлийн орчим таарч уг гэмтлийг учруулах боломжтой” тухай шинжээчийн 1209 тоот дүгнэлтийн хэсгийг /хх-165/ анхаарч үзэлгүй орхигдуулснаас гадна тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө болон дараа нь хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн харилцааны шинж, тэдний биеэ авч явсан байдал, үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хувийн байдлыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоож, гэмт хэргийн шинжийг зөв дүгнэж чадаагүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч … шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд… эргэлзээ гарвал түүнийг … шүүгдэгчид … ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримталж, шүүгдэгч Т.Бг амь хохирогч Н.Мөнхбаясгаланд архитай шил шидэж өгөх үед архины шил зам дээр унан хагарч, улмаар шилний хагархай нь хохирогчийн зүүн хөлийн тахимны эрээн булчин орчим зүсч, тараагуур, хураагуур судсыг тасалснаас хохирогч хурцаар цус алдаж цус алдалтын шокоор нас барсан үйл баримт шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, өөрөөр хэлбэл Т.Б нь хүнд зэргийн согтолттой хохирогчид шилтэй архийг шидэж өгөхдөө архины шил газарт унан хагарч, улмаар хохирогч шилэнд зүсэгдэж, хатгагдаж болохыг мэдэх ёстой, эсхүл мэдэх бололцоотой байсан атлаа үүнийг тооцоолоогүй, мэдэлгүй үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг агуулсан байх тул шүүгдэгч Т.Бгийн үйлдлийг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” буюу Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгийг анхан шатны шүүх хуралдааны явцад шинжлэн судлаагүй ч тухайн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-164/, холбогдох гэрэл зургийн үзүүлбэрүүд нь хуульд заасан шаардлагыг хангасан ба шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал, М.Машбат нарын гаргасан “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” тухай гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг хүлээн авч, прокуророос Т.Б-д Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнд 4 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “Т.Б-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-г 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтыг “Т.Б-д оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал, М.Машбат нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                           ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН