Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/MA2017/0350

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаарh221/МА2017/0350 

Улаанбаатар хот

 

 

   “Цэлмэг ази констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Ц.Хонгорзул, З.Цэрэнлхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Өлзийбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 179 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Цэлмэг ази констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Хонгорзул, З.Цэрэнлхам нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 179 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Цэлмэг ази констракшн” ХХК-ийн нэхэмжлэлээс Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24/0012263 дугаар “Татвар ногдуулалт төлөлтийг шалгасан тухай” актаар тогтоосон 2.139.351.30 төгрөгийн төлбөрөөс 505.251.30 төгрөгийн алданги, 377.100.00 төгрөгийн торгуулийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, актаар тогтоосон төлбөрийн хэмжээнээс нийт 882.351.30 төгрөгөөр багасгаж нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж давж заалдах гомдолдоо: “...Хариуцагч татварын улсын байцаагч нарын тогтоосон акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш учир эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх буруу ойлгож шийдвэрлэсэн.

Татварын улсын байцаагч нарын акт нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Татварын ерөнхий хуулийг зөрчиж, удирдамж, хяналтын хуудасгүйгээр хийгдсэн нь шүүх хуралдааны явцад болон шүүхээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээр барахгүй, Татварын ерөнхий газрын албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын албан бичигт үндэслэн татвар төлөх орлогоо санаатайгаар бууруулсан байж болзошгүй гэсэн таамаглалаар хийсэн шалгалтын дагуу үйлдсэн актыг үндэслэлтэй гэж үзсэнийг маргаантай гэж үзнэ.

Нэхэмжлэгч байгууллага нь арматурын төмөр худалдагч этгээдээс арматурын төмөр худалдан авч, төлбөрийг түүнд төлсөн үйлдэл нь хууль ёсны атал худалдагч талаас олгосон нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичилттэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, энэ нь арматурын төмөр худалдагч талд хамааралтай.

Энэ үйл баримттай холбогдолтой бүх баримтыг татварын улсын байцаагч нар авсан, нэхэмжлэгч байгууллага зохих журмын дагуу татвар, санхүүгийн тайлангаа Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст тухайн онуудад өгч байсан, тайлангийн талаар Татварын албанаас ямар нэгэн асуудал үүсгэж байгаагүй атал татварын байгууллагын дотоод системийн алдаатай ажиллагаанаас хамааралтай байдлыг татвар төлөгч “Цэлмэг ази констракшн” ХХК-д хамааруулж буруутгасан үндэслэл нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.

Анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг үндэслэн актаар тогтоосон төлбөрөөс алданги, торгуулийг хасч, үлдэгдэл төлбөрийн асуудлаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг үндэслэл бүхий шийдвэр гэж үзэхгүй байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Хариуцагч татварын улсын байцаагч нар “Цэлмэг ази констракшн” ХХК-ийн 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24/0012263 дугаар актаар тус компанийг 2012 оны 07 дугаар сард “Шагайвар” ХХК-иас 12,570,000.00 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материал худалдан авснаар хий падаан бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж, худалдан авалтын хасалтад тооцон төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж, 1,257,000.00 төгрөгийн нөхөн татвар, 377,100.00 төгрөгийн торгууль, 505,251.30 төгрөгийн алданги, нийт 2,139,351.30 төгрөгийн төлбөр тогтоожээ.

Нэхэмжлэгч “Цэлмэг ази констракшн” ХХК-аас “манай компани барилга угсралтын үйл ажиллагаандаа зориулан “Шагайвар” ХХК-аас арматур худалдан авсан, ...үүнийгээ үнэн зөвөөр санхүүгийн болон татварын тайландаа тусгасан” гэх үндэслэлээр татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч “бэлэн мөнгөний орлогын ордер, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаас өөр нягтлан бодох бүртгэлтэй холбоотой ямар нэг баримт байгаагүй, худалдан авалт хийгдээгүй тул акт үндэслэлтэй” гэж маргаж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан.

Гэтэл хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Цэлмэг ази констракшн” ХХК нь “Шагайвар” ХХК-аас 12,570,000.00 төгрөгийн худалдан авалт хийж, бараа материалын үнийг төлсөн гэдгийг эргэлзээгүйгээр нотлох баримт байхгүй, өөрөөр хэлбэл, тус компаниудын хооронд бодит худалдан авалт хийгдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна.

Дээрх нөхцөл байдал нь “Цэлмэг ази констракшн” ХХК-ийг татвар ногдох орлогоо бууруулсан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болох тул хариуцагч татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-д заасны дагуу тус компанийн 12,570,000.00 төгрөгийн зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “худалдагч талаас олгосон нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичилттэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй...” гэж гомдол гаргах боловч энэ нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг төлөөгүй албан татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Түүнчлэн хариуцагч нь Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 дугаар удирдамжийг үндэслэн олгосон Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу “Цэлмэг ази констракшн” ХХК-д хэсэгчилсэн шалгалт хийсэн нь холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул “Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Татварын ерөнхий хуулийг зөрчиж, хяналт шалгалтыг удирдамж, хяналтын хуудасгүйгээр хийсэн” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 179 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН