Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 122/2017/0018/з/ |
Дугаар | 28 |
Огноо | 2018-01-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 28
У.Б-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаар шийдвэр
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0740 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: У.Б-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох,
“Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, тус тушаалын хоёрдугаар хавсралтын 7 дахь хэсэгт заасан Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.О-д холбогдох хэсгийг, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/25 дугаар тушаалын О.О-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тогтоож хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулах тухай” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг
Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Э-гийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Б, нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.О-д холбогдох хэсэг, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 дугаар тушаалын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.О-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, У.Б-г Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд тогтоож, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6.038.673 төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч У.Б-д олгохоос урьд олгосон тэтгэлэг 2.206.410 төгрөгийг хасч, үлдэгдэл 3.832.263 төгрөгийг олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0740 дугаар магадлалаар Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: У.Б нь өмнө эрхэлж байсан Хууль зүйн хэлтсийн дарга болон одоогийн Хууль, эрх зүйн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, туршлага зэрэг тусгай шаардлагыг хангахгүй байсан. Захиргааны байгууллага ажилтнуудыг ажилд эргүүлэн томилохдоо төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол журмыг хангаж байгаа эсэх, төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахад хориглосон үндэслэл байгаа эсэхийг судалсны үндсэн дээр У.Б-г томилоогүй талаар тайлбартаа дурдсан. Гэтэл анхан шатны шүүх “өмнөх гаргасан шийдвэрээ үгүйсгэж байгаа нь цаг хугацааны хувьд маргаан үүсгэх, нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн. Харин ч захиргааны байгууллага өмнө гаргасан шийдвэрээ үгүйсгээгүй бөгөөд шийдвэрийг хуульд нийцүүлэн гаргах, хуульд заасан шаардлага хангасан иргэнийг удирдах албан тушаалд томилсон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянахдаа үүнд дүгнэлт хийсэнгүй.
У.Б нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны А/10 дугаар тушаалыг хянуулахаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, хариу авсан байдаг. Гэвч Тамгын газрын даргын 2017 оны А/25 дугаар тушаалын холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэснийг зөрчсөн гэж гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх магадлалдаа “...үндсэн нэхэмжлэлийн үйл баримттай холбоотой нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд “урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх боломжтой” гэж үзэхгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй” гэжээ.
Шүүх зөвхөн хуульд үндэслэн шийдвэрээ гаргах учиртай бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэхгүй” гэсэн зохицуулалт байхгүй байхад шүүх ийнхүү дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь төрийн алба хаах хугацаандаа хуулиар хориглосон улс төрийн үйл ажиллагаа явуулсан, тэр ч байтугай шүүх прокурорын байгууллагад нөлөөлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд тэрхүү нотлох баримтыг нэхэмжлэгч үгүйсгэсэн нотлох баримтыг гаргаж өгч чадаагүй. Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2-т заасан үйл ажиллагаа явуулсан нь ажлаас чөлөөлөх, хариуцлага тооцох үндэслэл болохоор хуулиар зохицуулсан байхад “ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, төрийн албан хаагчдын хэт улс төржилт, намчирхах байдлыг хаацайлсан, өөгшүүлсэн шийдвэр болсон гэж үзэж байна.
Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хянавал:
Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Тамгын газрын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус газрын нийт албан хаагчдыг үүрэгт ажлаас чөлөөлсөн, уг тушаалын үйлчлэлд У.Б хамрагдсан, 2 дугаар хавсралтаар орон тоо, чиг үүргийн хуваарийн дагуу албан хаагчдыг томилохдоо У.Б-г томилоогүй, нэхэмжлэгч У.Б нь “...шинэ бүтэц, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Хууль зүйн хэлтэс нь Хууль, эрх зүйн хэлтэс болж нэр нь өөрчлөгдсөн, хэлтсийн даргын хэрэгжүүлэх чиг үүрэг хэвээр байхад намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, төрийн албаны нөөцөд бүртгэлгүй, сонгон шалгаруулалтад ороогүй О.О-г томилж хууль зөрчсөн” гэж маргажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолын 2, 3 дугаар заалтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосноор Тамгын газрын бүтцийн нэгж “Хууль зүйн хэлтэс”-ийн нэрийг “Хууль, эрх зүйн хэлтэс” болгож,Тамгын газрыг 37 хүртэл орон тоотой байхаар тогтоожээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж зааж, төрийн жинхэнэ албан хаагчийн /төрийн захиргааны албан хаагч/ нэмэгдэл баталгааг тодорхойлжээ.
Тухайн тохиолдолд, Тамгын газрын бүтцийн нэгжийн нэр өөрчлөгдөж, тус нэгжийн чиг үүрэг нэмэгдсэн боловч У.Б-гийн эрхэлж байсан хэлтсийн даргын хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй, өмнөх агуулга буюу ажлын байрны зорилго, зорилтууд нь хэвээр хадгалагдаж үлдсэн, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Иймд, Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд У.Б-г үргэлжлүүлэн ажиллуулаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасанд нийцээгүй тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “У.Б нь өмнө эрхэлж байсан Хууль зүйн хэлтсийн дарга болон одоогийн Хууль, эрх зүйн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, туршлага зэрэг тусгай шаардлагыг хангахгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 дугаар тушаалын О.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагын хүрээнд байх тул уг захиргааны актыг “урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хянуулаагүй” гэж хариуцагчаас хяналтын гомдолдоо үндэслэл болгож дурдсаныг хүлээн авах үндэслэлгүй, энэ асуудлаар давж заалдах шатны шүүх тодорхой дүгнэсэн байна.
Дээрх байдалд үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0740 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ч.Э-гийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ