Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2022/01946

 

 

 

 

 

 

 

2022 04 26

101/ШШ2022/01946

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.О нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ холбогдох

 

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ХХБ

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 0 тоот захирамжаар Д.Т, С.О нараас 111,252,069 төгрөгийг гаргуулж ХХБинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг НШШГГар явуулж байгаа бөгөөд барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. НШШГГраас С.О миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй 0 тоотод байрлах 270 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г дугаартай 305 м.кв талбайтай газрын хамт хурааж битүүмжлэн албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал өгөхийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн. Миний бие өөрт байгаа дээрх хөрөнгүүдээ хямд үнэлэхгүй, бодит зах зээлийн үнэ ханшийг судалж бодитой үнийн санал өгөхөөр тодорхой хугацаа өгөхийг хүссэн ч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээч томилсон байсан. Ингэхдээ манай хөрөнгүүдийг үнэлэхдээ зах зээлийн бодит үнэ ханшнаас илтэд доогуур буюу үндэслэлгүйгээр хямд үнэлсэн байна. Тухайлбал С.О миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй 0тоотод байрлах 270 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г дугаартай 305 м.кв талбайтай газрыг Файн Эстимэйт ХХК нь 184,401,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс илт доогуур үнэ гэж үзэж байна. Учир нь уг обьект нь Дамбадаржаагийн тоосгоны үйлдвэр явах төв зам дагуу байрлалтай, том талбайтай, үйлчилгээний зориулалттай баригдаж одоо үйл ажиллагаа явуулж байгаа байрлал сайтай, ирээдүйд үнэ цэнэ нь улам өсөх хөрөнгө юм. Мөн манай хажуугаар авто замын 4 замын уулзвар хийгдэж байгаа бөгөөд цэвэр бохирын төвийн шугам тавигдсан, холбогдоход бэлэн болоод байгаа юм. Энэ нөхцөл байдлуудыг шинжээч огт харгалзаж үнэ цэнийг тогтоогоогүй байна. Банк аливаа хөрөнгийг үнэлж барьцааны гэрээ байгуулахдаа хэзээ ч тухайн хөрөнгийн үнийг 100% тооцож үнэлж барьцаалдаггүй бөгөөд ХХБ гэрээ байгуулахдаа дээрх хөрөнгүүдийг 50-60 % үнэлж гэрээ байгуулж байсан юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу хөрөнгө үнэлсэн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн аваад хуульд заасан хугацаанд ийнхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д ... иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргана гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна.

Иймд 0 тоотод байрлах 270 м.кв талбайтай хувийн сууц, 305 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг үнэлсэн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Файн Эстимэйт ХХК-ийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч НШШГГар, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 0 дугаар захирамжаар С.О, Д.Тнараас 111,252,069 төгрөгийг гаргуулж ХХБинд олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж төлбөр төлөгч С.О, Д.Тнарт шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэхэд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү, Г дугаарт бүртгэлтэй 0 тоотод байрлах 270 м.кв талбайтай хувийн сууц болон 305 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0тоот битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай хугацаатай мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/14 тоот шинжээч томилох тогтоолоор Файн-эстимэйт ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 184,401,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээний тайланг төлбөр төлөгч С.О, Д.Тнарын итгэмжпэгдсэн төлөөлөгч Х.Ээд танилцуулж 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч нарт дамжуулан өгөхийг даалган хүлээлгэн өгсөн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХБ ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХБны зүгээс зээлдэгчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 111,222,069.78 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 101/Ш32021/0 тоот захирамжаар хариуцагч С.О, Д.Тнараас нийт 111,222,069.78 төгрөгийг гаргуулан ХХБинд олгуулах, хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гуйцэтгэлийг хангуулахаар захирамжилсан. Хариуцагч нь 101/Ш32021/0 тоот захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хуулийн дагуу явагдаж эхэлсэн. Төлбөр төлөгч нар нь үл хөдлөх эд хөрөнгөө хэт өндрөөр үнэлсэн байсан тул ХХБны зүгээс 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 0 тоот албан тоотоор НШШГГарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.2заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтийн дагуу хөрөнгийн Файн-Эстимэйт ХХК томилогдсон. Барьцаа хөрөнгийг Файн-Эстимэйт ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 184,401,000 төгрөгөөр үнэлж, үнэлгээний тайланг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна. Хөрөнгийн үнэлгээний компани нь хуулийн дагуу тайлангаа гаргасан байна гэж үзэж байна.

Иймд хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2021/0 дугаартай Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2021/18490 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 101/ГХ2021/0 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, НШШГГрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0 дугаартай Үнэлгээний мэдэгдэл, Файн эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, С.Оын иргэний үнэмлэх, баталгаат шуудангийн дугтуй, итгэмжлэл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2021/0 дугаартай Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2021/18490 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 101/ГХ2021/0 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 0 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн 0 дугаартай зээлийн барьцааны гэрээ, 0 дугаартай барьцаалбар, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 0 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн өдрийн 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл, НШШГГрын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0 дугаартай албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, НШШГГрын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаартай албан бичгүүд, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн итгэмжлэлүүд, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Д.Т, С.О нарын гаргасан санал, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ХХБны 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5/588 дугаартай хүсэлт, Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дугаартай албан бичиг, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 0 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн өдрийн 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/14 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, шинжээчтэй холбоотой баримт, Файн эстимэйт ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх өмчийн үнэлгээний тайлан, НШШГГрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0 дугаартай үнэлгээний мэдэгдэлүүд, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн утсаар ярьсан тэмдэглэл, 02 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг тус тус хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХБ ХХК-иас хүсэлт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч НШШГГарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан 0 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г дугаарт бүртгэгдсэн, 305 мкв талбайтай, 0 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн, 270 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг нийт 184,401,000 төгрөгөөр үнэлсэн Файн Эстимэйт ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө үнэлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ бодитой хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариуцагчийн тайлбарыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 20ы өдрийн 101/ШЗ2021/0 дугаартай Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар С.О нь 111,222,069.78 төгрөгийг 2 хувааж ХХБ ХХК-д төлж барагдуулахаар, хэрэв тохиролцсон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар тус шүүх харьяалан шийдвэрлэх маргаан байна.

 

Энэхүү шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарч, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 101/ГХ2021/0 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эхлүүлсэн байна.

 

НШШГГар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагаануудыг хийж, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ыг үйлдэж, Д.Т, С.О нарын өмчлөлийн  тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г дугаарт бүртгэгдсэн, 305 мкв талбайтай, 0 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн, 270 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, төлбөр төлөхийг мэдэгдлийг өгч, улмаар 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хураан авах ажиллагааг явуулжээ.

 

Эдгээрээс үзвэл шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан гэж үзэх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын хэн алин нь дээрх ажиллагаанд гомдол гаргаагүйг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заажээ.

 

НШШГГраас үнийн санал ирүүлэхийг мэдэгдэж, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлбөр төлөгч С.О болон өмчлөгч Д.Тнараас дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 640,000,000 төгрөгөөр үнэлж, саналаа ирүүлснийг төлбөр авагч ХХБ ХХК зөвшөөрөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар шинжээч томилуулах хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн байна.

 

Дээрхээс үзвэл төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохироогүй байх тул НШШГГар нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/14 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор Файн Эстимэйт ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр томилж, эрх, үүргийг нь тайлбарласан байна.

 

Файн Эстимэйт ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Үл хөдлөх өмчийн үнэлгээний тайлан-г гаргаж, НШШГГарт хүлээлгэн өгсөн, улмаар хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 02 дугаар сарын 08-ны өдрийн Үнэлгээний мэдэгдэл-ийг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ээд 02 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Файн Эстимэйт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн шинж байдлыг тодорхойлох зорилгоор биет үзлэг хэмжилтийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гүйцэтгэж, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар газрыг 22,451,000 төгрөг, хувийн сууцыг 161,950,000 төгрөг, нийт 184,401,000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Ийнхүү хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа шинжээч нь үнэлэгдэж буй хөрөнгийн шинж байдал бусад харгалзах нөхцлийн дагуу үнэлгээ тогтооход баримтлах аргуудыг харьцуулан, үл хөдлөх эд хөрөнгийг бодитоор хэмжиж зах зээлийн үнэ цэнийг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1, 9.1-д заасан нөхцөл, журам, шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчийг төлөөлөн оролцож байх бөгөөд тэрээр хөрөнгийн үнэлгээний тайланг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гардан авч, уг үнэлгээний талаарх гомдлоо 02 дугаар сарын 16-ны өдөр баталгаат шууданд хийсэн ба түүний гомдлын шаардлага нь тус шүүхэд 02 дугаар сарын 18-ны өдөр ирж, 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд дээрхээс үзвэл төлбөр төлөгч С.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нь хуулийн хугацаанд гомдлын шаардлагаа гаргасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь ... уг обьект нь Дамбадаржаагийн тоосгоны үйлдвэр явах төв зам дагуу байрлалтай, том талбайтай, үйлчилгээний зориулалттай баригдаж одоо үйл ажиллагаа явуулж байгаа байрлал сайтай, ирээдүйд үнэ цэнэ нь улам өсөх хөрөнгө юм. Мөн манай хажуугаар авто замын 4 замын уулзвар хийгдэж байгаа бөгөөд цэвэр бохирын төвийн шугам тавигдсан, холбогдоход бэлэн болоод байгаа юм. Энэ нөхцөл байдлуудыг шинжээч огт харгалзаж үнэ цэнийг тогтоогоогүй байна ... гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Эдгээрээс үзвэл хариуцагч НШШГГар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан арга, журмаар явуулаагүй гэх, Файн Эстимэйт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээний аргачлалыг буруу тооцсон буюу стандарт зөрчсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Оын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч НШШГГарт холбогдуулан гаргасан Файн Эстимэйт ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Оын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч С.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2022/05559 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ