Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/02154

 

 

 

 

 

2022 05 09

101/ШШ2022/02154

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н.Э нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: СЭЗИС холбогдох

 

Ажил олгогчид ажилтныг адил чанар /сургалтын үйл ажиллагааны шинжээч/-ын өөр ажлын байранд ажиллуулахыг даалгах, хүүхэд асрах чөлөө дуусч, өөрийн ажлын байрандаа ажиллах хүсэлт гаргасан буюу ажиллах эрх үүссэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацааны цалин хөлсөнд 20,160,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбуян,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Э миний бие СЭЗДсургуулийн захирлын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн  дугаар тушаалаар дэд захирлын туслах албан тушаалд 2 сарын туршилтын хугацаатай ажиллаж байгаад мөн захирлын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн  дугаар тушаалаар сургалтын үйл ажиллагааны шинжээч албан тушаалд жинхлэн ажиллахаар болж улмаар ажил олгогчтой  тоот Хөдөлмөрийн гэрээг байгуулж, сургалтын үйл ажиллагааны шинжээч албан тушаалд нэг сарын 1,260,000 төгрөгөөр тохиролцсон. Бидний байгуулсан дээрх гэрээнд ажилтныг өөр ажилд шилжүүлэх асуудлыг зөвхөн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ, ажилтныг хуулиар заагдсан эрхээ эдлэх, нийгмийн баталгаагаар хангагдах бололцоогоор хангах талаар талаар тусгагдсан. Миний бие 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүүхэд төрүүлсэн бөгөөд ажил олгогчийн 2016 оны Б/244 дүгээр тушаалаар жирэмсний болон хүүхэд асрах чөлөөг авч улмаар чөлөөний хугацааг ажил олгогчийн зөвшөөрлөөр 2 удаа сунгасан ба хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусахад миний бие ажил олгогчид 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн эрхэлж байсан ажил, ажлын байрандаа ажиллах хүсэлтийг бичгээр гаргасан. Гэтэл ажил олгогчоос надад ...сургуулийн бүтэц орон тоонд 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрчлөлт орж, таны ажиллаж байсан нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан... гээд намайг мэргэжилтэн эсхүл зохицуулагч албан тушаалд ажиллах санал тавьсан бөгөөд миний хувьд уг албан тушаал, ажлын байранд ажиллахыг зөвшөөрөөгүй юм. Учир нь уг албан тушаал нь миний өмнө нь ажиллаж байсан сургалтын үйл ажиллагааны шинжээч албан тушаалын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр чиг үүрэгтэй буюу шатлал буурч, доод албан тушаалын тувшин, ангилалд хамаарахаар байсан тул миний эрх зүйн байдлыг дордуулах юм байна гэж үзээд ажиллахаас татгалзсан. Тухайн үед ажил олгогчоос надад ... ямар ч байсан эрх ашгийг чинь хохироохгүйн тулд адил чанарын өөр ажлын байр бэлдэж өгье тэр болтол түр хүлээж байх уу... гэхээр нь би зөвшөөрөөд өнөөдрийг хүртэл ажилдаа буцаж орно гэсэн ойлголттой хүлээж, ажилтан миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байна.

Өнөөдрийн байдлаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болоогүй, бидний байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгоогүй буюу энэ талаарх ажил олгогчийн шийдвэр бичгээр гараагүй, надад мэдэгдээгүй байгаа болно. Энэ тохиолдолд миний хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх, цалин хөлс авах эрхээ хэрэгжүүлэх хөдөлмөрийн гэрээнд заасан боломж, нөхцлөөр хангагдах ёстой гэж үзэж байгаа юм. Миний хувьд өнөөдрийг хүртэл ажил олгогчтой уулзаж, утсаар холбогдож, өмнө эрхэлж байсан албан тушаал, ажлын байртай адил чанарын өөр ажпын байранд үргэлжүүлэн ажиллуулах эсхүл ийм боломжгүй тохиолдолд ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай шийдвэрийг бичгээр авах санал, шаардлагыг амаар удаа дараа тавьж байгаа боловч өнөөдрийг хүртэл ажил олгогчоос миний асуудлыг шийдвэрлээгүй, миний хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, зөрчиж байгаад харамсаж бас гомдолтой байна.

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-т Хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулна, 60 дугаар зүйлийн 60.4-т Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна, 53 дугаар зүйлийн 53.1-д Ажилтан зөвшөөрөөгүй, эсхүл энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг ажилтнаас шаардаж болохгүй, 59 дүгээр зүйлийн 59.3-т Ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт ажилтан дараах үндсэн эрхтэй гээд 42.1.6-д нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй гээд 43.2.2-т Хөдөлмөрийн хууль тогтоомж ... хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх..., 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж тус тус заасан. Дээрх байдлаар хуульд заасны дагуу буюу миний хүүхэд асрах чөлөө дуусч, ажилдаа орох хүсэлт гаргасан цаг хугацаа буюу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн ажил олгогч намайг ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан тохиолдолд намайг адил чанарын өөр ажлын байранд ажиллуулах мөн ажил олгогч нь тухайн цаг хугацаанаас эхлэн миний цалин хөлсийг тооцож олгох, хуульд заасан хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх, баталгаажуулах үүрэгтэй. Миний хувьд мөн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дахин хүүхэд төрүүлсэн хэдий ч тухайн байгууллагадаа өөрийн хүсэлтээр ажилдаа орох, өмнө эрхэлж байсан сургалтын үйл ажиллагааны шинжээчтэй адил чанарын ажлын байр, албан тушаалд ажиллах хүсэл сонирхолтой байгаа болно.

Иймд ажил олгогчид ажилтан Н.Э намайг адил чанар /сургалтын үйл ажиллагааны шинжээч/-ын өөр ажлын байранд ажиллуулахыг даалгаж, хүүхэд асрах чөлөө дуусаж, өөрийн ажпын байрандаа ажиллах хүсэлт гаргасан буюу ажиллах эрх үүссэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацааны цалин хөлсөнд 20,160,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч СЭЗИС НҮТББ, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбуян шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Эын Ажил ологчид ажилтныг адил чанар /Сургалтын үйл ажиллагааны шинжээч/-ын өөр ажлын байранд ажиллуулахыг даалгуулах, хүүхэд асрах чөлөө дуусаж, өөрийн ажлын байрандаа ажиллах хүсэлт гаргасан буюу ажиллах эрх үүссэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацааны цалин хөлсөнд 20,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь дараах байдлаар СЭЗИС /цаашид СЭЗИС, СЭЗДС гэх/ нь Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн ажил олгогчийн үүргээ бүрэн биелүүлсэн, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйлгүй болно.

1. Ажиллах эрх үүссэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 05 сарыг хүртэлх хугацааны цалин хөлсөнд 20,160,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Н.Эын хүсэлтийн дагуу СЭЗДС-ийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/244 дугаартай тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл жирэмсний болон хүүхэд асрах чөлөө олгож, уг хугацааг СЭЗИС-ийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/018 дугаартай тушаал, СЭЗИС-ийн захирлын Б/205 дугаартай тушаалаар тус тус сунгаж, 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр чөлөөний хугацаа дууссан буюу нэхэмжлэгч Н.Э нь өмнө хүлээсэн ажил олгогчийн үүрэг энэ хугацаагаар дуусгавар болсон. Гэтэл Н.Э нь чөлөөний хугацаа дууссанаас 4 сарын дараа буюу 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр ажилдаа орох тухай хүсэлт гаргасан. Энэ үед СЭЗИС-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 019/11 дугаартай тогтоолоор СЭЗИС-ийн бүтэц, орон тоог баталж, Н.Эын сургалтын шинжээч ажил, албан тушаалын орон тоо хасагдсан байсан тул Ахисан түвшний сургалтын албаны Мэргэжилтэн ажил, албан тушаал санал болгоход тэрээр ажиллахаас татгалзсан байдаг. Үүний дараа Н.Эын зүгээс ажилдаа орох талаар хүсэлт гаргаагүй бөгөөд СЭЗИС-иас 2020 оны 6 дугаар сарын 15, 2020 оны 9 дүгээр сарын 14, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрүүдэд Н.Эын цахим шууданд чөлөөний хугацаа дууссан бөгөөд санал болгосон ажлын байранд ажиллахаас татгалзсан, чөлөөний хугацаа дууссан тул СЭЗИС-ийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээхгүй, яаралтай ирж уулзан хөдөлмөрийн харилцааны асуудлаа шийдвэрлүүлэх тухай захидал /и-мэйл/-ыг хүргүүлсэн. Гэвч ямар нэгэн хариу өгөөгүй болно. Түүнчлэн СЭЗИС-иас 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Н.Этай утсаар холбогдож, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр биечлэн уулзаж, Бакалаврын сургалтын албаны Зохицуулагч албан тушаалд ажиллах санал тавихад мөн л ажиллахаас татгалзсан болно. СЭЗИС-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 3/472 тоот албан бичгээр "... 2020 оны 01 дүгээр сард таны өмнө эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэгтэй ойролцоо, албан тушаалын зэрэглэл болон цалин хөлсний өөрчлөлтгүй Ахисан түвшний сургалтын албаны Мэргэжилтэн албан тушаалд ажиллах санал тавьсан боловч татгалзсан. Энэ хугацаанд бид таны чөлөөний хугацааг 2 удаа сунгасан. Мөн 2020 оны 6 дугаар сарын 15, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр таны и-мэйл хаяг руу 2020 оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн СЭЗИС нь таны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй болохыг мэдэгдсэн мэдэгдэл илгээсэн. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тантай утсаар холбогдон Бакалаврын сургалтын албаны Зохицуулагч албан тушаалд ажиллах санал тавихад мөн татгалзсан. Одоогоор манайд өөр албан тушаалын орон тоо байхгүй тул дээрх саналаас татгалзсан тохиолдолд бид таны хөдөлмөрийн гэрээг цуцлах болохыг үүгээр мэдэгдэж байна гэж, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Н.Эын цахим шууданд Сайн байна уу? СЭЗИС-ийн Захиргаа хүний нөөцийн албанаас танд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр утсаар холбогдож, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр уулзаж Бакалаврын сургалтын албанд Зохицуулагч албан тушаалын ажлын санал тавьсан билээ. Таны саналаас хамаарч бид цаашдын ажлаа төлөвлөх тул та хариугаа 2020 оны 11 дүгээр сарын 13-ны дотор бидэнд мэдэгдэнэ үү гэж тус тус мэдэгдсэн байдаг. Мөн СЭЗИС-ийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 4/343 тоот албан бичгээр ... 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр цалин хөлс, албан тушаалын зэрэглэл ижил хийж гүйцэтгэх чиг үүрэг ойролцоо Ахисан түвшний сургалтын албанд Мэргэжилтэн албан тушаал, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Бакалаврын сургалтын албанд Зохицуулагч албан тушаал тус тус санал болгосон боловч та татгалзсан. Захиргаа, хүний нөөцийн албаны дарга С.Батбуян 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр уулзаж Зохицуулагч албан тушаалд ажиллах саналаас татгалзсан тохиолдолд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 заасны дагуу тэтгэмж олгон Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдэл өгсөн бөгөөд хариугаа 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгөх талаар мэйл илгээж, утсаар холбогдсон боловч хариу өгөөгүй явсаар 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 4 сартай жирэмсэн тухайгаа бидэнд и-мэйлээр мэдэгдсэн. Иймд 2021 оны 6 дугаар сарын 20-ны дотор СЭЗИС-ийн ЗХНА-ны дарга С.Батбуянтай биеэр ирж уулзах эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулж хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгох асуудлаар тохиролцоно уу гэж мэдэгдсэн байдаг. Дээрх байдлаар ажил олгогчийн зүгээс удаа дараа мэдэгдэл хүргүүлж, уулзалт хийн Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.21-т заасан үүргээ биелүүлэн өөр ажил, албан тушаал санал болгоход, Н.Э нь ажиллахаас татгалзсан атлаа ажиллах эрх үүссэн хугацаа гэж тооцож байгууллагаас цалин хөлсөнд 20,160,000 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлгүй бөгөөд СЭЗИС нь нэхэмжлэгчийн өмнө цалин хөлс төлөх үүрэг үүсээгүй болно. Түүнчлэн цалин хөлс нь ажилтан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэснийхээ хариуд авч буй үр шим тул ямар ч ажил, үүрэг гүйцэтгээгүй хүнд цалин хөлс олгох хууль эрх зүйн орчин байхгүй болно.

2. Ажил ологчид ажилтныг адил чанар /Сургалтын үйл ажиллагааны шинжээч/-ын өөр ажлын байранд ажиллуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Өмнө дурдсанчлан ажил олгогчийн зүгээс үүргээ бүрэн биелүүлж, адил чанарын өөр ажлын байр санал болгосон ч Н.Э ажиллахаас татгалзсан байдаг. Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн тухай /2021 он/ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална гээд, 60.1.3-т жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй гэж, 60.2-т Энэ хуулийн 60.1.3, 60.1.7-д заасан хугацаа дуусгавар болсноос хойш ажлын 15 өдрийн дотор ажилтан ажилдаа ороогүй, эсхүл уг хугацааг сунгах хүндэтгэн үзэх шалтгаан бүхий хүсэлт гаргаагүй бол ажлын байрыг нь хадгалах ажил олгогчийн үүрэг дуусгавар болно гэж тус тус заасны дагуу Н.Эын ажлын байрыг хэвээр хадгалах ажил олгогчийн үүрэг 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс дуусгавар болсон болно. Тодруулбал Н.Эд Бакалаврын сургалтын албаны Зохицуулагч албан тушаалын ажлын байр санал болгож 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дотор хариу өгөх тухай мэдэгдэхэд хариу өгөлгүй явсаар 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 4 сартай жирэмсэн тухайгаа имэйлээр мэдэгдсэн ч жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авах, хүүхэд асрах чөлөөний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг гаргаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.12-т зааснаар гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнд хүүхэд асрах чөлөө олгодог. Тиймээс Н.Эын ажлын байрыг хэвээр хадгалах СЭЗИС-ийн үүрэг дуусгавар болсон тул адил чанарын өөр ажпын байр санал болгох, түүнд ажиллуулах үүрэг мөн дуусгавар болсон болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар Н.Эын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Зохигчдоос ирүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.Эын иргэний үнэмлэх, СЭЗДсургуулийн захирлын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаартай тушаал, 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0 дугаартай тушаал, 0 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Охин Б.Э, Б.Х нарын төрсний гэрчилгээ, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Н.Эын гаргасан хүсэлт, Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, Н.Эын бакалаврын диплом, дипломын хавсралт, Н.Эын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Н.Эын магистрын дипломыг нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Санхүү эдийн засгийн их сургуулийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, сургуулийн удирдах зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 018/11 дугаартай тогтоол, [email protected],[email protected] харилцсан емайл, Санхүү эдийн засгийн их сургуулийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3/472 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 4/343 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/244 дугаартай тушаал, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Н.Эын гаргасан өргөдөл, сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/018 дугаартай тушаал, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Н.Эын гаргасан хүсэлт, сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/205 дугаартай тушаал, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Н.Эын гаргасан өргөдөл, сургуулийн удирдах зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 019/11 дугаартай Бүтэц, орон тоо батлах тухай тогтоол, итгэмжлэл, сургуулийн дүрэм, сургуулийн захирлын 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 216 дугаартай тушаалаар батлагдсан СЭЗДсургуулийн хөдөлмөрийн дотоод журам, уг дотоод журмын хавсралт №1 СЭЗДС-ийн багш, ажилтныг дадлагажуулах журам, хавсралт №2 СЭЗДС-ийн багш, ажилтны сургалт, хөгжлийн зохицуулалтын журам, хавсралт №3 СЭЗДС-ийн багшид бүтээлийн чөлөө олгох журам, хавсралт №4 СЭЗДС-ийн шагнал, урамшууллын журам, сургуулийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/088 дугаартай тушаал, сахилгын шийтгэл ногдуулах хуудасыг хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Санхүү эдийн засгийн их сургуулийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, Сургалтын үйл ажиллагааны шинжээчийн ажлын байрны тодорхойлолт, мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолт, сургуулийн ректорын 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А0 дугаартай тушаалаар батлагдсан Санхүү эдийн засгийн их сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам, сургуулийн захирлын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 039 дугаартай тушаалаар батлагдсан СЭЗДсургуулийн дотоод журам, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл болон хавсралт, зохицуулагчийн ажлын байрны тодорхойлолт, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл болон хавсралт, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 0 дугаартай албан бичиг, Н.Эын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг тус тус шүүх зохигчдын хүсэлтээр бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч СЭЗИС НҮТББ-д холбогдуулан Ажил олгогчид ажилтныг адил чанар /сургалтын үйл ажиллагааны шинжээч/-ын өөр ажлын байранд ажиллуулахыг даалгах, хүүхэд асрах чөлөө дуусч, өөрийн ажлын байрандаа ажиллах хүсэлт гаргасан буюу ажиллах эрх үүссэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацааны цалин хөлсөнд 20,160,000 төгрөг гаргуулах тухай гомдлын шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн оноосон нэрийг СЭЗИС гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тусгасан байх боловч 0 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд тус байгууллагын оноосон нэр нь СЭЗИС НҮТББ гэжээ.

 

Хариуцагчийн зүгээс ажил олгогчийн хувьд хуульд зааснаар гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэсэн, нэхэмжлэгч нь манай тавьсан саналыг хүлээн аваагүй, татгалзсан хариу өгч байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.Э нь СЭЗДсургуулийн ССША-ны сургалтын үйл ажиллагааны шинжээчээр ажиллаж байсан бөгөөд түүний хүсэлтээр Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 104, 106 дугаар зүйл, СЭЗДС-ийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, ажилтаны өргөдлийг үндэслэн тус сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 0 дугаартай тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд жирэмсний болон хүүхэд асрах чөлөөг олгожээ.

 

Санхүү эдийн засгийн их сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0 дугаартай тушаалаар Н.Эын хүсэлтийг үндэслэн хүүхэд асрах чөлөөний хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан, улмаар нэхэмжлэгч нь дахин хүсэлт гаргаж, сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/205 дугаартай тушаалаар хүүхэд асрах чөлөөний хугацааг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан байна.

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 104, 106 дугаар зүйлд заасан ажил олгогчийн үүргийн дагуу СЭЗИС нь нэхэмжлэгчийн ажлын байрыг хадгалж, холбогдох чөлөөг олгожээ.

 

Дээрх тушаалд зааснаар Н.Эын хүүхэд асрах чөлөөний хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дууссан боловч энэхүү цаг хугацаанд тэрээр ажилдаа орох хүсэлтээ гаргаагүй байх ба Санхүү эдийн засгийн их сургуулийн Удирдах зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 019/11 дугаартай Бүтэц, орон тоо батлах тухай тогтоолоор Н.Эын ССША-ны сургалтын үйл ажиллагааны шинжээч ажил, албан тушаалын орон тоо хасагдсан болох нь хэрэгт авагдсан уг тогтоол, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 106 дугаар зүйлийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэж заасан байх бөгөөд энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан үед ажилдаа орох хүсэлтээ гаргахаар, харин нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 4 сарын дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажилдаа орох хүсэлтээ гаргажээ.

 

Ийнхүү Н.Эыг ажилдаа орох хүсэлтээ гаргахад нь дээр дурдсанчилан түүний ажиллаж байсан ажил, албан тушаалын орон тоо хасагдсан нөхцөл байдал үүссэн тул ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн доод хэсэгт 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ЗА-ны дарга С.Батбуян Ахисан түвшний сургалтын албаны мэргэжилтэнээр ажиллах санал тавихад тэрээр татгалзаж, хүлээж байя гэх хариу өгнө болно гэсэн бичилт хийгдсэн хариуг нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан гэх тайлбарыг гаргаж байна.

 

Сургалт судалгаа шинжилгээний албаны Сургалтын үйл ажиллагааны шинжээчийн болон Ахисан түвшний сургалтын албаны мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд ажил үүргийн хувьд зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй, СЭЗИС-ийн багш, ажилтны цалингийн итгэлцүүрийн хувьд сургалтын шинжээч нь 1,0 байхад мэргэлжилтэн нь 1.1 байх бөгөөд нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан ажлын ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр чиг үүрэгтэй, шатлал буурч, доод албан тушаалын тувшин, ангилалд хамаарч, эрх зүйн байдал дордоно гэж үзэж татгалзсан гэх тайлбар нь үндэслэл муутай байна.

 

Нэхэмжлэгч Н.Эын [email protected] и-мэйл хаягт 2020 оны 10 дугаар сараас хойш харилцсан и-мэйлд 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр үзлэг хийсэн бөгөөд тус хаягнаас хариуцагчийн хүний нөөцийн ажилтан Б.Ганзулын хаяг руу Н.Э нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сайн уу? 6 сарын 3-нд утсаар Батбуян захирлын саналыг мэйлээр илгээнэ үү. Мөн БЗД-ийн НД-аас 2020 оны 9 сараас хойшхи НД-ийн нөхөн төлөлт хийх боломжгүй гэсэн хариуг албан бичгээр авахыг хүсэж байна. Хүндэтгэсэн Энхжаргал гэж илгээж, улмаар Б.Ганзул нь 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ...СЭЗИС-иас таньд хавсралтаар мэдэгдэл хүргүүлж байна гээд мөн өдрийн 4/343 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 104 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хүргүүлсэн байна.

 

Мөн Б.Ганзулын [email protected] и-мэйл хаягаас 2020 оны 11 дүгээр сарын 10, 12-ны өдөр зохицуулагч албан тушаалд ажиллах саналд хариу ирүүлэх тухай и-мэйлыг хүргүүлэхэд Н.Э нь хөл хорио цуцлагдахаар бичгээр хариугаа өгнө гэх хариуг өгсөн байна. Улмаар 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Н.Э нь дахин жирэмсэн болж, 4 сартай бөгөөд ажлын байрны асуудлыг шийдвэрлэж өгөхийг СЭЗИС-ийн хүний нөөцийн албаны даргад уламжилж өгөхийг хүссэн хүсэлтийг илгээсэн байна.

 

Эдгээрээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргийн дагуу түүний ажиллаж байсан ажил, албан тушаал нь хасагдсан боловч нэхэмжлэгчид хоёр ажил, албан тушаал санал болгосон ч татгалзсан, энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд адил чанарын өөр ажлын байранд ажиллуулах үүргийг ажил олгогч хүлээгээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 139 дүгээр зүйлийн 139.2-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж байх бөгөөд зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа нь өмнөх 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана.

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан бөгөөд дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь энэхүү хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлд 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 4/343 дугаартай мэдэгдлийг ажил олгогч нь Н.Эд хүргүүлснээр хугацааг тооцоход үүнээс хойш 8 сарын дараа шүүхэд гомдлын шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд 2022 оны 01 дүгээр сард хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбуянтай уулзсан гэх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уулзаагүй гэх тайлбарыг гаргаж, зөвшөөрөөгүй, нөгөөтэйгүүр энэхүү тайлбараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.3-т Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл-ийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 328,950 төгрөгийг төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч СЭЗИС НҮТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Н.Эын Ажил олгогчид ажилтныг адил чанар /сургалтын үйл ажиллагааны шинжээч/-ын өөр ажлын байранд ажиллуулахыг даалгах, хүүхэд асрах чөлөө дуусч, өөрийн ажлын байрандаа ажиллах хүсэлт гаргасан буюу ажиллах эрх үүссэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацааны цалин хөлсөнд 20,160,000 төгрөг гаргуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан Гэрэгэ системс ХХК-иар дамжуулан 2022 оны 02 дугаар сарын 22-ны төлсөн 328,950 /гурван зуун хорин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Н.Эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ