| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/1004/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1207 |
| Огноо | 2025-05-01 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Аминаа хөтөлж,
улсын яллагч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Рэгзэдмаа,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2508004440310 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, .. тоотод оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт *******гийн ******* /РД:../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “******* *******” ХК-ийн ойролцоо “Ниссан Сий” маркийн ******* ******* тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байхдаа Mercedes Benz ML350 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийг хэрэгслийг жолоодож явсан хохирогч Б.*******тэй “зам тавьж ухарсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч Б.*******ий эзэмшлийн Mercedes Benz ML350 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн копут, баруун хойд хаалгыг гараараа цохин гэмтээж 500,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2508004440310 дугаартай хавтаст хэргээс:
Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Хохирогч Б.*******ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
Гэрч А.э, Ц. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 15 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Ц-018 дугаартай тайлан /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,
Шинжээч М.Насанбатын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Хохирогч Б.*******ий сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд тогтоосныг хохирогч нь хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 55 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 58 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 59 дэх тал/, жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/, Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 76-92 дахь тал/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 250 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.******* нь ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг, хохирогч Б.******* нь Mercedes Benz ML350 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийг хэрэгслийг жолоодон хэн аль нь замын хөдөлгөөнд оролцож явсан байна.
2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “******* *******” ХК-ийн ойролцох зам дээр шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******ийг “зам тавьж өгч, ухарсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч Б.*******ий эзэмшлийн Mercedes Benz ML350 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн копут, баруун хойд хаалгыг гараараа цохиж гэмтээн 500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Хохирогч Б.*******ий мөрдөн байцаалтад өгсөн: Би 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 10 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, ******* *******ийн үүдэн дээр машинтайгаа явж байтал миний өөдөөс ******* ******* улсын дугаартай цагаан өнгийн машинтай залуу чихээд ороод ирэхээр нь би хажуу тийшээ шахсан боловч багтаагүй. Тухайн машины жолооч Б.******* хойшоо ухрах ёстой байтал ухрахгүй, машинаасаа бууж ирээд над руу орилж чарлаад миний машиныг тойроод гараараа цохиод байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. Удалгүй цагдаа нар ирэхээр нь машинаа хартал баруун хойд хаалга, урд копуд хэсэг хонхойсон, тухайн залуу яваад өгсөн байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
Гэрч А.ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би тухайн өдөр эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ц.ы хамт Бүргэд-114 чиглэлд үүрэг гүйцэтгэж ажилласан. Тухайн дуудлага мэдээллийг хүлээж аваад хаягийн дагуу очиход ******* ******* улсын дугаартай машин байсан. Тухайн машины жолооч хэлэхдээ миний өөдөөс ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж зогсоод нэгэндээ зам чөлөөлж өгөөгүй гэх асуудлаар маргалдаж байтал ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч миний машины урд копуд, хаалга руу цохисон гэж хэлж байсан. Тэгээд дуудлага өгсөн иргэнийг цагдаагийн хэлтсийн байранд авч ирсэн. Надад энгэрийн камер байгаагүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Гэрч Ц.ы мөрдөн байцаалтад өгсөн: Би тухайн өдөр цагдаагийн дэд ахлагч А.ий хамт Бүргэд-114 чиглэлд үүрэг гүйцэтгэж ажилласан. Тухайн дуудлага мэдээллийг хүлээж аваад хаягийн дагуу очиход ******* ******* улсын дугаартай машин байсан. Тухайн машины жолооч хэлэхдээ миний өөдөөс ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж зогсоод нэгэндээ зам чөлөөлж өгөөгүй гэх асуудлаар маргалдаж байтал ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч миний машины урд копуд, хаалга руу цохисон гэж хэлж байсан. ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд копуд хонхойсон байдалтай байсан. Тэгээд дуудлага өгсөн иргэнийг цагдаагийн хэлтсийн байранд авч ирсэн. ...Тухайн үед энгэрийн хяналтын камерыг надад хангалтаар өгөөгүй байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Ц-018 дугаартай тайланд: Mercedes Benz ML350 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд 500.000 төгрөгийн хохирол учирсан гэх /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,
Шинжээч М.Насанбатын мөрдөн байцаалтад өгсөн: 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шинжээч томилох мөрдөгчийн тогтоолыг хүлээн авсны дагуу үнэлгээ гаргуулахаар ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай ажлын гадна ирсэн. Би шинжээч томилсон тогтоолын дагуу шинжилгээний обьект болох ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг биетээр үзэж гэрэл зургийг авч үнэлгээ гарган шинжээчийн дүгнэлт болгон бичиж гарын үсэг зурж баталгаажуулсан. Тухайн тээврийн хэрэгслийг биетээр үзэж шинжээч томилсон тогтоолд заагдсан газарт үүссэн эвдрэлийг зах зээлийн ханшаар үнэлж дүгнэлт гаргасан. Гэрэл зургаар үнэлгээ гаргаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлтэд өөрийн дарсан гэрэл зургийг хавсаргасан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 10 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо ******* *******ийн үүдэн дээр өөрийнхөө машинтай явж байтал 1-р эгнээнд машинууд тавьчихсан, 2-р эгнээээр машинууд нэгнээ хүлээж явах байтал Б.******* гэх залуу өөрийнхөө машинтай миний урдаас машины толь хамаад ороод ирэхээр нь би сигнал дартал Б.******* гэх залуу цонхоо буулгаад юу ч дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би машинаараа ухараагаад машинаасаа буугаад тухайн залуугийн машин дээр очоод “хойшоо ухраач ээ” гээд машины хамарны хэсгийг нь тогштол тухайн залуу цонхоо буулгаад “чи миний машиныг цохилоо” гэж хэлэхээр нь “зайлаа” гэж хэлчихээд би машинаа унаад яваад өгсөн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт этгээд санаатай үйлдлээрээ бусдын эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй боловч тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтойг “гэмтээх” гэсэн ойлголтод хамааруулна.
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол учирснаар уг гэмт хэрэг төгс үйлдэгдэгсэнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.*******гийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.*******ий эд хөрөнгөнд учирсан хохирлын үнэлгээг 500.000 төгрөгөөр тогтоосон дүгнэлтийг Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин гаргасан байх тул хууль ёсны, үнэн зөв баримт гэж шүүх үнэлсэн, нөгөөтээгүүр уг үнэлгээний тайлан дүгнэлтийг эс зөвшөөрсөн талаар хэргийн оролцогч талуудаас гомдол гаргаагүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан. Хохирогч Б.*******д гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг эрх бүхий мэргэшсэн үнэлгээчийн дүгнэлтээр “500.000 төгрөг” гэж тогтоосон тул бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.*******, хохирогч Б.******* нарын хэн аль нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан ба шүүгдэгч нь хохирогчийг “зам тавьж, ухарсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар өөрийн уур бухимдлын улмаас хохирогч Б.*******ий эзэмшлийн Mercedes Benz ML350 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийг хэрэгслийн копут, баруун хойд хаалгыг гараараа цохиж гэмтээсэн тул бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.*******гийн дээрх гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд 500,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 55 дахь тал/
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлж, орлого олдог хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас:
а./ хохирогч Б.*******ий эд хөрөнгөнд Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Ц-018 дугаартай тайлангаар Mercedes Benz ML350 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд 500.000 төгрөгийн /хавтаст хэргийн 34-36 дахь тал/ хохирол учирсан ба шүүгдэгч Б.******* нь 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Б.*******ий эзэмшлийн данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн /хавтаст хэргийн 91 дэх тал/ байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
б./ хохирогч Б.*******ий сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд тогтоосныг хохирогч нь хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 22 дахь тал/ авагджээ.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүхийн шинжилгээний байгууллага тогтоож дүгнэлт гаргана гэж заасан. Хохирогч Б.*******ий сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоосон Шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул эрүүгийн хэрэгтээ хамтатган шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******д 500,000 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
*******ГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР