Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2022/02664

 

 

 

 

 

 

 

 

                              2022        06          08

            101/ШШ2022/02664

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 101а байр 24 тоотод оршин суух Н.А,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 101а байр 24 тоотод оршин суух Ц.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Альфа моторс, 402 тоотод оршин байрлах “Н” ХХК рд-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, Ц.А, хариуцагчийн төлөөлөгч М.У, гэрч Н.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.А, Ц.А нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А Ц. А бид нар “Нарны хүү Сарны охин” ХХК-тай 2019.06.17-ны өдөр “Санхүүгийн түрээсээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 22-р хороо 15-р хороолол Дандарбаатарын гудамж. 101 а байрны 24 тоот 2 өрөө 38,5 м.кв талбайтай орон сууцыг, мөн 2020.06.20-ны өдөр агуулахын өрөөний захиалгын гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг бэлнээр төлөн, орон сууцны үнийг 2017.11.09-ний өдрөөс эхлэн 2021.09.01-ний өдрийг хүртэл хугацаанд 59,680,900 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно.

Иймд 1. Баянзүрх дүүргийн 22-р хороо, 15-р хороолол /13341/Дандарбаатарын гудамжны 101 а байрны 24 тоот орон сууцны өмчлөгчөөр Н. А, Ц. А нарыг тогтоож, мөн Агуулахын өрөөний өмчлөгчөөр Ц. Аг тогтоолгох

2. Тус орон сууц, агуулахын өрөөний өмчлөгч нарыг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү.

Би хариуцагчтай түрээсээр худалдах худалдан авах гэрээ байгуулан 24 тоот орон сууц, агуулахын өрөөг төлбөрийг төлж худалдаж авсан. Улмаар хуваарийн дагуу төлбөр төлж байгаад үлдэх 31 саяыг төлсөн. Орон сууцанд 55 сая, агуулахад 4 саяыг  төлсөн тул өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.У нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.А/ФБ85030179/, Ц.А/СБ88082903/ нарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

1.      “Нарны хүү сарны охин” ХХК нь иргэн Н.Атай 2019.06.17-ны өдөр "Орон сууц худалдах худалдан авах гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүргийн 22-р хороо, 15-р хороолол /13341/, Дандарбаатарын гудамж, 101А байрны 24 тоот хаягт байрлах 38,5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдсан ба Н.А нь гэрээний дагуу орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн бөгөөд одоо байрандаа амьдарч байна. Бид тус байрны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Н.А болохыг хүлээн зөвшөөрч байна.

2.      Ц.А нь Баянзүрх дүүргийн 22-р хороо, 15-р хороолол /13341/, Дандарбаатарын гудамж, 101А байрнаас агуулах худалдан авсан бөгөөд төлбөр тооцоо нь бүрэн төлж дууссан болно.

Манай компанийн зүгээс дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өгөх болно.

Иймээс манай компани иргэн Н.А, Ц.А нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа учир уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч нар нь гэрээ байгуулаад төлбөрийг бүрэн төлсөн. Эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах хүсэлт гаргасан боловч эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор байранд битүүмж тавигдсан. Улмаар эрүүгийн хэргийг шийдэхэд битүүмжээс чөлөөлөгдсөн боловч НШШГГ-с төлбөрийг бүрэн төлсөн айлуудыг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр хэрэгтэй гэсэн тул бид гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй байгаа юм. Нэхэмжлэлийг дэмжинэ гэв.

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд: 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн санхүүгийн түрээсээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ /1-хх-4-11/, “Н” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-хх-12/, 2021 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1-хх-14/, 2020 оны 06 дугаар сарын 20-ны болон 11 дүгээр сарын 02-ны өдрийн тус бүр 2,000,000 төгрөгийн кассын орлогын ордер 2 ширхэг /1-хх-15/, “Н” ХХК-ний харилцагчийн гүйлгээ гэсэн баримт /1-хх-16, 45/, Н.Аын Хаан банк дахь дансны хуулга /1-хх-17-38/, 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн агуулахын өрөөний захиалгын гэрээ /1-хх-39-41/, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны тодорхойлолт 2 ширхэг /1-хх-64, 65/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /3-хх-67/, Н.Үын гараар бичсэн баримт /3-хх-70/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: “Гурван марал констракшн” ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 81 дүгээр албан тоот /1-хх-70/, тус компанийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000770362 дугаартай гэрчилгээний хуулбар /1-хх-73/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 1032 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-хх-101-229, 1хх-237-2-хх-1-244/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 145 дугаар магадлалын хуулбар /3-хх-1-62/, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар тогтоолын хуулбар /3-хх-63-64/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр Н.А, Ц.А нарыг Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 хороолол /13341/, Дандарбаатарын гудамж, 101А байр, 24 тоот хаягт байрлах, 38.5 м.кв орон сууцны өмчлөгчөөр, нэхэмжлэгч Ц.Аг тус байрны 4 давхрын агуулахын зориулалттай 8 м.кв талбайн өмчлөгчөөр тус тус тогтоож, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж, олгохыг даалгаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчид нь Н.А, Ц.А нарыг Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 хороолол /13341/, Дандарбаатарын гудамж, 101А байр, 24 тоот хаягт байрлах, 38.5 м.кв орон сууцны өмчлөгчөөр , нэхэмжлэгч Ц.Аг тус байрны 4 давхрын агуулахын зориулалттай 8 м.кв талбайн өмчлөгчөөр тус тус тогтоож, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч “Нарны хүү сарны охин” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн.

Улмаар дээрх хаягт байрлах 101А байр нь эрүүгийн хэрэгт битүүмжлэгдэж, улмаар шүүхээс битүүмжлэлээс чөлөөлсөн боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өмчлөх эрхийг сэргээхгүй байгаа гэж тайлбарласан тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах бус, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Н.А болон иргэн Н.Ү нар нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр санхүүгийн түрээсээр орон сууц худалдах, худалдан авах гэсэн нэртэй 23 дугаартай гэрээг хариуцагч “Н” ХХК-тай байгуулсан байна.

Гэрээний 1.1-т зааснаар Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 хороолол /13341/, Дандарбаатарын гудамж, 101А байр, 24 тоот хаягт байрлах, 38.5 м.кв орон сууцыг нийт 55,825,000 төгрөгөөр худалдаж худалдан авахаар тохиролцсон байна. /хх-4-11/

 

Улмаар гэрээний 4 болон 5-д зааснаар төлбөрийг төлөх хуваарь гаргаж, цаашлаад жилд 5 хувийн хүү төлөхөөр тохиролцжээ. Үүнээс үзэхэд талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т нийцэж байх тул дээрх гэрээ нь мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байна.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч Н.А, Ц.А нар нь үнийг бүрэн төлсөн болох нь Хаан банкны 2021 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банк дахь Н.Аын дансны хуулга, хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон гэж үзлээ. /1-хх-14, 15, 17-38/

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримт болох үнийг бүрэн төлсөн эсэхийг шүүх нотлох шаардлагагүй.

 

Түүнчлэн хариуцагч нь дээрх гэрээнд заасны дагуу 24 тоот орон сууцыг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгсөн бөгөөд одоо оршин сууж байгаа болох нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1960, 1961 дугаар тодорхойлолт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон. /1-хх-64, 65/

Энэхүү үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Улмаар гэрээний тал болох Н.Ү нь хамтран зээлдэгч шаардлагатай байсан тул гэрээнд оролцсон бөгөөд нэхэмжлэгч нар төлбөрийг төлсөн, гэрээний эрх, үүрэг буюу өмчлөх эрхийн талаар маргахгүй, нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоохыг зөвшөөрнө гэх тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан. /3-хх-70/

 

Цаашлаад дээрх хаягт байрлах 101А байрыг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Н” ХХК нь худалдахаар гэрээ байгуулсан боловч 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдөр “Гурван марал констракшн” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /1-хх-73/

Улмаар “Гурван марал констракшн” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 81 дугаар албан тоотоор нэхэмжлэгч нар нь 101А байрны гүйцэтгэгч “Н” ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд үнийг бүрэн төлсөн, өмчлөгч мөн болохыг зөвшөөрсөн. /1-хх-70/

 

Үүнээс гадна энэхүү 101А байр нь Д.Гүрсоронз нарт холбогдох эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 1032 дугаар шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн 11 дэх заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулах эд хөрөнгөд хамаарахгүй байна. Тодруулбал, энэхүү шийтгэх тогтоолд “... 101А байр, ....-с бусад хөрөнгө болох ...” гэж заасан байна. /1-хх-101-229, 1хх-237-2-хх-1-244/

Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 145 дугаар магадлалын 1 дэх заалтаар дээрх шийтгэх тогтоолын 11 дэх заалтад найруулгын хувьд өөрчлөлт оруулсан, өөрөөр хэлбэл 101А байртай холбоотойгоор өөрчлөлт оруулаагүй байна. /3-хх-1-62/,

Цаашлаад Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар тогтоолоор хэргийг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн. /3-хх-63-64/

 

Иймд 101А байр нь эрүүгийн хэрэгт хохирол, зардал гаргуулах эд хөрөнгөд хамаараагүй байх бөгөөд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч нар орон сууцны үнийг бүрэн төлсөн байх тул өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ц.А нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч “Н” ХХК-тай дээрх хаягт байрлах 101А байрны 4 давхарт 8 м.кв агуулахын зориулалттай талбай захиалгын гэрээ байгуулсан байна. /1-хх-39-41/

 

Энэхүү гэрээний 3.6-д зааснаар захиалагч буюу нэхэмжлэгч Ц.А нь үнийг бүрэн төлснөөр борлуулагч буюу хариуцагч “Нарны хүү сарны охин” ХХК нь 8 м.кв талбайг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна. Улмаар гэрээний энэхүү заалт болон агуулгын хувьд гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байна.

 

Гэрээний үнэ 4,000,000 төгрөг байх бөгөөд үнийг нэхэмжлэгч Н.А төлсөн болох нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр болон 11 дүгээр сарын 02-ны өдрийн кассын орлогын ордероор тогтоогдож байна. /1-хх-15/

 

Түүнчлэн эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн үнийг нэхэмжлэгч Н.А төлсөн боловч тэрээр гэр бүлийн гишүүд гэх үндэслэлээр орон сууцны өмчлөгчөөр Н.А, Ц.А нарыг, агуулахын талбайн өмчлөгчөөр Ц.Аг тогтоохыг зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд 101А байрны 4 давхрын агуулахын зориулалттай 8 м.кв талбайн өмчлөгчөөр нэхэмжлэгч Ц.Аг тогтоож шийдвэрлэв.

 

Улмаар зохигчид 101А байр нь эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор битүүмжлэгдсэнээс шалтгаалж шийдвэр гүйцэтгэх байгууллага битүүмжлэлээс чөлөөлөөгүй гэж тайлбарлаж байх тул Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж, нэхэмжлэгч нарт олгохыг даалгах нь зүйтэй. Учир нь нэгэнт өмчлөгчөөр тогтоогдсон тул шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлөөлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Иймд нэхэмжлэгч Н.Аын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ат олгож шийдвэрлэв. /1-хх-3/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Н.А, Ц.А нарыг Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 хороолол /13341/, Дандарбаатарын гудамж, 101А байр, 24 тоот хаягт байрлах, 38.5 м.кв орон сууцны өмчлөгчөөр, нэхэмжлэгч Ц.Аг дээрх 101А байрны 4 давхрын агуулахын зориулалттай 8 м.кв талбайн өмчлөгчөөр тус тус тогтоож, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст эдгээр үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөх эрхийг бүртгэж, холбогдох гэрчилгээг өмчлөгч тус бүрээр гаргаж, нэхэмжлэгч нарт олгохыг даалгасугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Аын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Нарны хүү сарны охин” ХХК-с 457,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ат олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД