| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/1066/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1210 |
| Огноо | 2025-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Одхүү |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
улсын яллагч Б.Одхүү,
шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508000000416 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овогт Т-ийн А, Монгол Улсын иргэн, 2004 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар *** урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.А нь насанд хүрээгүй хохирогч Б.Х-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Шүүгдэгч Т.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Т.А нь 2025 оны 03 дугаар сарын 07-ны орой Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр, орбит-2 автобусны буудлын орчимд насанд хүрээгүй Б.Х-ыг өөрийн сууж байсан автомашинд суусангүй гэх шалтгаанаар түүний зүүн хацарт алгадах, зүүн мөрнөөс татан нүүрэн тус газарт толгойгоор 1 удаа мөргөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, зүүн дээд 2-р шүдний сулрал, зүүн доод 2-р шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар Хттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
- Насанд хүрээгүй хохирогч Б.Х-ын “...Би 2025.03.07-ны орой 18 цаг өнгөрч байхад найз Бтэй хамт Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, орбит-2 автобусны буудал дээр автобуснаас буугаад гэр лүүгээ явах гэж байтал А цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашинд сууж байсан. Хажуугаар нь явж байтал намайг дуудаад миний автомашинд суу гэхээр нь би яасан гэж суудаг юм гэсэн. Гэтэл дуугүй суу, п**** минь, ална шүү гэсэн. Тэгэхээр нь би лай болоогүй байгаа дээр зайл гээд цааш гэрийн зүг явсан. А миний араас автомашинаасаа бууж ирээд чи яадаг болсон юм. Муу ал бацаан, ах захаа мэдэхээ байсан юм уу гэсэн. Тэгэхээр нь би лай болоогүй дээрээ зайл гэсэн чинь намайг заамдаад зүүн хацар луу гараараа 1 удаа алгадсан. А миний цамцнаас өөр рүүгээ татаж дугтрах үед нь би биеэ сул тавьсан байсан тул би татагдаж очоод Агийн нүүрэнд нь мөргөсөн. Би шүдэндээ аппараттай тул А-тай зодолдох хүсэл байгаагүй. Би А-ийн гарыг тавиулаад цааш явж байтал А миний араас гүйж ирээд зүүн мөрнөөс татаад нүүр лүү мөргөсөн. Миний хамраас цус гарч, шүдний аппарат хөдөлсөн байсан. Надтай хамт явсан Б А-г болиулсан. Гэтэл А автомашиндаа суугаад зугтаад явсан. Миний хамар хугарсан. Үүдэн дээд 2 шүд хөдөлсөн. Үүдэн доод 1 шүдний үзүүрийн паалан хугарсан. Шүдний аппарат хөдөлсөн байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал болон урсгал зардлаа гаргуулна. Эмнэлэгт хамраа үзүүлсэн чинь 18 насанд хүрэхээр хамрын хагалгаанд 2 удаа орно гэсэн. Тэр эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ...Би сэтгэцийн хор уршиг тогтоолгохоор ШШЕГ-т үзүүлэхгүй. Сэтгэцийн гэм хорын хохирол нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10, 14 дэх тал),
- Гэрч Б.Б-н “...А автомашин дотроосоо Х-ыг машинд суу гэж 2 удаа дуудсан. Гэтэл Х зайлаа, яах гээд байгаа юм бэ гэж хэлээд цааш явсан. А автомашинаасаа бууж ирээд Х-ын хүрэмний мөрнөөс татаад чамайг автомашинд суу гээд байхад яах гээд байгаа п**** вэ гэсэн. Х уурлаад яах гээд байгаа юм бэ гээд гарыг нь тавиулаад цааш явсан. Араас нь А очоод заамдаж аваад чи хэнд юу гэж худлаа яриад яваад байгаа юм гэж хэлээд Х-ын баруун хацар руу нь 1 удаа алгадаад цамцнаас татаад нүүр лүү нь 1 удаа мөргөсөн. Тэгэхээр нь би салгаад байж байтал А яваад өгсөн. Х-ын хамраас нь цус гарсан. Шүдний аппаратын зүүн дээд хэсгийн үүдэн 2 дахь шүдний аппаратын наалт нь салсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ0725/4049 дугаартай дүгнэлтээр “...Дүгнэлт: 1.Б.Х-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, зүүн дээд 2-р шүдний сулрал, зүүн доод 2-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
- Шинжээч Э.Б-ын “...Б.Х-ын биед хийсэн үзлэгээр баруун дээд 1-р шүд тэмтрэлтээр эмзэглэлтэй байснаас бусдаар тухайн шүдэнд сулрал, хугарал, эмтрэл гэмтэл тогтоогдоогүй учир дүгнэлтэд тусгаагүй, энэ нь зовиур учир үүнд хохирлын зэрэг тогтоохгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ЕГ0725/4049 дугаартай дүгнэлтээр хохирогч биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Т.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, насанд хүрээгүй хохирогч Б.Х-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Шүүгдэгч Т.А үл ялих шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч Б.Х-ын зүүн хацарт алгадах, нүүрэн хэсэгт мөргөх зэргээр зодсоны улмаас хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, зүүн дээд 2-р шүдний сулрал, зүүн доод 2-р шүдний эмтрэл гэмтэл учруулсан нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Т.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.3. Хохирол, хор уршиг
Насанд хүрээгүй хохирогч Б.Х нь гэмт хэргийн улмаас биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан ба баримтаар хохирол нэхэмжлээгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэсэн, шүүгдэгч Т.А-аас хохиролд 1,000,000 төгрөгийг төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин насанд хүрээгүй хохирогч Б.Х нь “...Эмнэлэгт хамраа үзүүлсэн чинь 18 насанд хүрэхээр хамрын хагалгаанд 2 удаа орно гэсэн. Тэр эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн зүгээс хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж торгуулийн ял оноох нь тохиромжтой гэж үзэж байна. Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй...” гэв.
Шүүгдэгч: “...хэлэх зүйлгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 43 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 47 дахь тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 48 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дэх тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Т.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.А-д нийтэд тустай ажил хийлгэх оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Т-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, насанд хүрээгүй хохирогч Б.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР