Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 183/шш2022/01109

 

 

 

 

 

 

 

 

  2022 оны 04 сарын 15 өдөр               Дугаар 183/ШШ2022/01109                 Улаанбаатар хот

 

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............................................. тоот хаягт оршин суух Б........ овогт Л.......ийн Ч /РД:...................../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............................................... тоот хаягт оршин суух Ш.......... овогт Л............ийн Б............... /РД:............................./-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 323,400,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Агар нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга:

 

Хариуцагч Л.Бтай 2019.08.14-ний өдөр Дизель түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон тооцоо нийлэх актын дагуу дизель түлшийг нийлүүлсэн. Үүнд:

- 2019.06.25-ны өдөр 1 литр нь 2100 төгрөгийн үнэ бүхий 32,000 литр дизель түлшний үнэ болох 67,200,000 төгрөг,

- тээврийн зардал 1,600,000 төгрөг,

- 2019.08.14-ний өдөр 1 литр нь 2000 төгрөгийн үнэ бүхий 50,000 литр дизель түлшний үнэ болох 100,000,000 төгрөг,

- Гэрээний 2.2.1-д заасны дагуу алданги 1,300,000 төгрөг,

- 2020.04.10-ны өдрийн Тооцоо нийлсэн актын дагуу нийт 278 хоногийн алданги 95,632,000 төгрөг, үүнээс үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй зохицуулалтын дагуу 34,400,000 төгрөг,

- 2020.06.20-ны өдөр 20,000 литр түлшийг 1400  төгрөгт тооцон авсан 28,000,000 төгрөг.

 Хариуцагч Л.Б нь 2021.02.05-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулж нийт 215,600,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Чт төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч нь 2021.02.15-ны өдрийн дотор 215,600,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон бөгөөд уг хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн  үнийн дүнгээр хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор талууд тохиролцсон. Иймд хариуцагч Л.Баас 2019.08.14-ний өдрийн Дизель түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2020.04.10-ны өдрийн Тооцоо нийлсэн акт, 2021.02.05-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний дагуу төлбөрт нийт 215,600,000 төгрөг, алданги 107,800,000 төгрөг нийт 323,400,000 төгрөг гаргуулж, хэрэв хариуцагч нь төлбөрийг сайн дураар үл биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг  барьцаа хөрөнгөөр гүйцэтгүүлж өгнө үү гэв.    

 

Хариуцагч талын татгалзлын агуулга:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Л.Чийн нэхэмжлэлтэй, Л.Бт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 26.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах тайлбараар хүргүүлж байна. Хариуцагч Л.Б нь нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт дурдсанчлан 2019.06.25-ны өдөр 67,200,000 төгрөгийн үнэ бүхий 32,000 литр дизель түлш худалдан авсан бөгөөд уг дизель түлшийг тээвэрлүүлсэн талаар маргахгүй ба харин талууд дээрх бараа материалыг харилцан шилжүүлэхдээ ямар нэгэн гэрээ байгуулаагүй буюу алданги тооцохоор талууд тохиролцоогүй бөгөөд нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй юм. 2019.08.14-ний өдрийн Дизель түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр 100,000,000 төгрөгийн үнэ бүхий 50,000 литр дизель түлш зээлээр худалдан авсан ба төлбөрийг 2020.04.10-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Уг гэрээний 2 дахь хэсгийн 2.2.3-т зааснаар талууд алданги тооцохоор тохиролцсон хэдий ч алдангийн хэмжээ хэт өндөр байгааг харгалзан үзэж багасгаж өгнө үү  гэжээ.       

 

Нотлох баримт: 2019.08.14-ний өдрийн дизель түлш худалдах, худалдан авах гэрээ, 2020.04.10-ны өдрийн тооцоо нийлсэн акт, 2021.02.05-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч Л.Ч хариуцагч Л.Бт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Л.Бт холбогдох Л.Чийн гаргасан гэрээний үүрэгт 323,400,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 194,400,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, үлдэх 129,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019692 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17027/ Зайсан гудамж, 52 дугаар байр, 2-303 тоот, 141.82 м.кв талбайтай гурван өрөө орон сууц, улсын эрхийн бүртгэлийн Ү-2206019692 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17027/ Зайсан гудамж, 52 дугаар байр, 2-303 тоот, зоорийн давхарт, 18 м.кв талбайтай автомашины зогсоолоор тус тус үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэв.

А. Нэхэмжлэгч Л.Ч  хариуцагч Л.Бт холбогдуулан

 

А.1. Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 215,600,000 төгрөг гаргуулах,

А.2. Алданги 107,800,000 төгрөг гаргуулах,

А.3.  2019 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн Барьцаан гэрээний зүйл болох эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2206019692 дугаартай, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан /17027/ Зайсан гудамж, 52 байр, 2-303 тоот, Зоорийн давхарт 2-303 тоот хаягт байршилтай, 141.82 м.кв талбайтай,  18м.кв талбайтай гурван өрөө орон сууц, авто зогсоолоор тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Зохигч дараах үйл баримтад маргаагүй байна.

 

1. Худалдагч Л.Ч2019.06.25-ны өдөр 1 литр түлшийг 2100 төгрөгөөр, нийт 32,000 литр дизель түлшийг 67,200,000 төгрөгөөр хариуцагч Л.Б худалдан авсан.

 

2. 2019.08.14-ний өдөр 1 литр түлшийг 2000 төгрөгөөр, нийт 50,000 литр дизель түлшийг 100,000,000 төгрөгөөр хариуцагч Л.Б худалдан авсан.

 

3. 2020.06.20-ны өдөр 1 литр түлшийг 1400 төгрөгөөр, нийт 20,000 литр түлшийг 28,000,000 төгрөгөөр худалдан авсан.

 

4.Тээврийн зардалд 1,600,000 төгрөгийг худалдан авагч Л.Б  худалдагч Л.Чтөлөхөөр, 

 

5.Хариуцагч Л.Б 2020.04.20-ны өдөр дизель түлшний төлбөрт 100,000,000 төгрөгийг  худалдагч Л.Чт төлсөн, гэрээ болон тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс алдангийн хэмжээг буруу тооцоолсон, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийг хуульд заасан хэмжээгээр багасгах боломжтой тул багасгаж өгнө үү гэж маргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Иргэний хуулийн 232.8-д заасны дагуу хариуцагч тал иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Л.Б нь гэрээ болон төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зурсан эсэхэд маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, бүхэлд нь хангуулах хүсэлтэй гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж,түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна. Хавтаст хэргийн 17-20 дүгээр талд авагдсан худалдах, худалдан авах гэрээ болон тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээгээр худалдагч буюу  Л.Ч 2019.06.25-ны өдөр 1 литр түлшийг 2100 төгрөгөөр, нийт 32,000 литр дизель түлшийг 67,200,000 төгрөгөөр, 2019.08.14-ний өдөр 1 литр түлшийг 2000 төгрөгөөр, нийт 50,000 литр дизель түлшийг 100,000,000 төгрөгөөр худалдан авахаар төлбөрийг 2019 оны 9 дүгээр сарын 14-ний дотор төлж барагдуулахаар,   2020.06.20-ны өдөр 1 литр түлшийг 1400 төгрөгөөр, нийт 20,000 литр түлшийг 28,000,000 төгрөгөөр  худалдан авахаар төлбөрийг 2020.07.20-ны дотор төлж барагдуулахаар, мөн худалдан авагч Л.Бт тус тус барааны үнэ нийт 195,200,000 төгрөгийг худалдагч Л.Чтөлөх үүрэг үүссэн гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй байх бөгөөд талуудын хооронд худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүсэж, гэрээний дагуу Л.Ч нь хариуцагч Л.Баас гэрээний үүргийг шаардах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2.-т зааснаар “... нийт 168,800,000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 14-ний дотор төлбөрийг худалдан авагч төлж барагдуулахаар”, тооцоо нийлсэн актын 5-д “...   2020.06.20-ны өдөр 1 литр түлшийг 1400 төгрөгөөр, нийт 20,000 литр түлшийг 28,000,000 төгрөгөөр  худалдан авахаар төлбөрийг 2020.07.20-ны дотор худалдан авагч төлж барагдуулахаар” тус тус тохиролцсон бөгөөд хариуцагч 2020.04.20-ны өдөр дизель түлшний төлбөрт 100,000,000 төгрөг худалдагч Л.Чт төлсөн, үлдэх төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул хариуцагч гэрээний дагуу үүргээ биелүүлэх үүрэгтэй юм.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан тул нэхэмжлэгч бичгээр байгуулсан худалдах-худалдан авах гэрээ, тооцоо нийлсэн актын дагуу тохиролцсон “...заасан хугацаанд нь төлөх үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө” гэж зааснаар

         -хариуцагч  Л.Б нь 2019.06.25-ны өдөр худалдан авсан дизель түлшний үнэ 67,200,000 төгрөг, 2019.08.14-ний өдөр худалдан авсан дизель түлшний үнэ 100,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гүйцэтгээгүй үндсэн үүргийн үнийн дүн болох 167,200,000 төгрөгөөс гэрээгээр тохиролцсон алдангийн хэмжээг  0.5 хувиар тооцон  83,600,000 төгрөгийн алданги, 2020.06.20-ны өдөр худалдан авсан дизель түлшний үнэ 28,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул тооцоо нийлсэн актын дагуу тохиролцсон алдангид 14,000,000 төгрөгийг  Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 232.4-д зааснаар  нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

           Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Л.Б нь 2019.08.14-ний өдрийн Дизель түлш худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт  167,200,000 төгрөг, алданги 83,600,000  төгрөг,  уг төлбөрөөс хариуцагч Л.Бын төлсөн 100,000,000 төгрөгийг хасахад үлдэх 150,800,000 /167,200,000+83,600,000-100,000,000/ төгрөг тээврийн зардал 1,600,000 төгрөгийн хамт, 2021.02.05-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний үндсэн үүрэг  28,000,000 төгрөг, алданги 14,000,000 төгрөгийн нийт 194,400,000  /150,800,000+1,600,000+28,000,000+14,000,000/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь алдангийн хэмжээг шаардахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан 50 хувиас хэтрүүлж нэхэмжилсэн байх тул хуулиас хэтрүүлж нэхэмжилсэн 129,000,000 төгрөгийн алданги буюу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Дизель түлш худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд зааснаар Л.Бын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019692 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17027/ Зайсан гудамж, 52 дугаар байр, 2-303 тоот, 141.82 м.кв талбайтай гурван өрөө орон сууц, улсын эрхийн бүртгэлийн Ү-2206019692 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17027/ Зайсан гудамж, 52 дугаар байр, 2-303 тоот, зоорийн давхарт, 18 м.кв талбайтай автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр барьцааны  гэрээг байгуулсан байна. /хэргийн 25-27 хуудас/

 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, түүнчлэн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх ...” гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан барьцааны  гэрээг зохигчид хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Мөн Барьцааны зүйл болох эд хөрөнгийн өмчлөх эрхийг тодорхойлсон нотлох баримт хэрэгт авагджээ. /хэргийн 27 хуудас/ Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хангуулах шаардлагыг шүүх хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Баас гэрээний үүрэгт 194,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Чт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 129,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1,  дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Л.Б шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-...................дугаартай ................ дүүргийн ............ дүгээр хороо, ........................тоот, ............ м.кв талбайтай гурван өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-...................... дугаартай ..................................... давхарт, ............... м.кв талбайтай автомашины зогсоолоор шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Чийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,915,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Баас  1,129,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Чт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай 

                                 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ