| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2017/0028/Э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2017-05-23 |
| Зүйл хэсэг | 175.2., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Улсын яллагч: Т.Баярмаа,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Шүүгдэгч: Б.Сувд-Эрдэнэ, Д.Отгонбаяр
Шүүгчдэгч нарын өмгөөлөгч: Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сувд-Эрдэнэ, Д.Отгонбаяр нарт холбогдох 201716010023 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, одоо Тахьдаг Хайрхан ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын 601 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шаазгай овогт Дэлгэрийн Отгонбаяр /РД:ОЖ87053115/
Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газар хувиараа цайны гадар ажиллуулж байсан, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо 45-27 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жагарынхан овогт Батсүхийн Сувд-Эрдэнэ /РД: ГЮ83071465/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
D:\Ajil\Shiitgeh togtool\2017 on\№32_2017-05-23_175.2_Сувд-Эрдэнэ_Отгонбаяр.docx
Шүүгдэгч Д.Отгонбаяр, Б.Сувд-Эрдэнэ нар бүлэглэн шунахайн зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлалтай Гашуун сухайт хилийн боомтоор Норд бенз маркийн 94-95 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 86-71 БЧ дугаартай нүүрс ачсан чиргүүлд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 122 кг буюу 6,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий хуш модны самрыг нууж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сувд-Эрдэнэ мэдүүлэхдээ: “2016 оны 12 сард найз Отгонтуяагийн хамт Цагаан хаданд цайны газар нэг сар гаруй ажиллуулж байсан. Манай найзын хүүхэд хорт хавдрын шинжтэй өвчин туссан учир хот руу явсан. Би хүүхдээ ганцаараа өсгөсөн учир найздаа туслахаар ийм болчимгүй үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна. Манай найз 7 хоногт 250.000 төгрөгний эм тариа хэргэлдэг гэж над руу уйлаад ярьсан. Хийсэн хэрэгтэй харамсаж байна. Тухайн самрыг 12 сард авсан. Цагаан хаданд зарах бодолтой байсан. Ганцаараа цайны газар ажиллуулж байсан учир бүгдийг нь зарж чадаагүй. Бага зэрэг зарсан. Жолооч нарт бага байгаар зардаг байсан. Самрыг хууль бус гэж мэдээгүй. Отгонбаяр намайг найзтайгаа уйлаад ярьж байхыг харсан учир надад тусалсан. Самрыг борлуулчихвал хэдэн төгрөг олоод туслах бодолтой байсан. Гэртэй орж ирсэн хүнд зардаг байсан. Би 2 хүний ярьж байсныг сонсоод самар байгаагаа санаад найздаа туслахаар болсон. Манай найз над шиг ээж аавтай юм биш дээ найздаа туслах бодолтой байснаас ашиг олох зорилго байгаагүй. Болчимгүй үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би давхар биетэй учир энэ бүгдийг харгалзан үзэж хөнгөн ял оноож өгнө үү?.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Отгонбаяр мэдүүлэхдээ: “Сувд-Эрдэнэ над руу утасдаад самар гаргаад өгөөч гэж хэлсэн учир би аваад урагшаа хил рүү гаргах гэж байгаад баригдсан. Сувд-Эрдэний найзын хүүхдийн бие өвдсөн учир самарыг урагшаа гаргаад өг хэлсэн. Сувд-Эрдэнэ над руу 2-3 удаа ярьсан. Эхний удаа найзын хүүхдийн бие өвдөөд гэж хэлээгүй учир би зөвшөөрөөгүй. Дараа нь найзынх нь хүүхдийн бие өвдөөд байгаа учир мөнгө хэрэгтэй байна гэсэн учир зөвшөөрсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хүүхдийн бие өвдсөн гэсэн учир хүнд туслах гэж байсан. Миний буруу, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг улсын яллагч: ”Шүүгдэгч Д.Отгонбаяр, Б.Сувд-Эрдэнэ нар бүлэглэн шунахайн зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлалтай Гашуун сухайт хилийн боомтоор Норд бенз маркийн 94-95 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 86-71 БЧ дугаартай нүүрс ачсан чиргүүлд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 122 кг буюу 6,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий хуш модны самрыг нууж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан ггэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Гэмт хэрэг үйлдэх санаа зорилгыг гаргасан хүн нь Сувд-Эрдэнэ байгаа бөгөөд удаа дараа ажлаа хийж явсан Отгонбаярыг улсын хилээр гаргаад өгөөч гэж гуйж Отгонбаяр нь улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байдаг. Хориглосон барааг улсын хилээр нэвтрүүлэх байгаа нь энэ гэмт хэргийн объект болж байгаа. Объектив тал нь Сувд-Эрдэнэ улсын хилээр гаргаад өгөөч хэлж Отгонбаяр нь хил нэвтрүүлэхээр завдсан идэвхтэй үйлдэл байгаа. Сувд-Эрдэнэ нь самраа арай илүү өндөр үнээр өгөх санаа байгаа. Субъект нь хэрэг хариуцах чадвартай хүмүүс байгаа. Субъектив тал нь Отгонбаяр нь самрыг улсын хилээр нэвтрүүлж болохгүй гэдгийг мэдсээр байж гаргасан нь шууд санаатай үйлдсэн байгаа. Бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн учир бүлэглэн үйлдсэн. Хөнгөрүүлэх нөхцөл байдал нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр байхгүй байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар 32.1, 32.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар Отгонбаяр, Сувд-Эрдэнэд нарт 2 жилийн хугацаагаар хорих ялын саналыг шүүхэд оруулж байна. Отгонбаярт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, мөн Сувд-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдоогүй бөгөөд Отгонбаяр нь 2017 оны 2 сарын 14-ны өдрөөс батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Сувд-Эрдэнэ нь 2017 оны 2 сарын 16-ны өдрөөс батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 122 кг хуш модны самрыг улсын орлого болгуулах, БНХАУ-д үйлдвэрлэсэн норд бенз маркийн 94-5ӨМА улсын дугаартай чирэгч 47-49 БЧ дугаартай чиргүүлийн битүүмжлэлийг хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгох саналыг оруулж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ: ”Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэдэг нь гэмт хэрэг бол тухайн зүйлд нэр заасан эд юмс, амьтан, байгалийн төрц зэргийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийг хэлдэг. Улсын яллагчийн ялын шүүмж болон хавтаст хэрэгт мөн гарч байна. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгааныг Сувд-Эрдэнэ бий болгож захиалсан. Энэ нь үнэн. Отгонбаяр нь хүлээн зөвшөөрч хилээр гаргахыг завдаад баригдсан байдаг. Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн үндсэн диспозит нь Монгол улсын хилээр нэвтрүүлсэн бол гэсэн өгүүлбэр байгаа. Аливаа гэмт хэрэг эхлэх төгсгөлтэй байдаг. Тиймээс энэ гэмт хэрэг хаана эхэлж хаана төгсөөд байгааг ярих ёстой. Энэ гэмт хэргийн объектив шинж нь байхгүй байна. Өөрөөр хэлбэл улсын хилээр нэвтрүүлэхийг хоргилсон буюу хязгаарласан зүйл ховор амьтан түүнчлэн их хэмжээний валют, үнэт эрдэнэс, байгалийн төрцийг гаалийн үзлэг шалгалтаас нууж улсын хилээр нэвтрүүлж байгаа идэвхтэй үйлдлээр илэрдэг. 2017 оны 2 сарын 3-ны өдөр Отгонбаяр гаалийн байгууллагад мэдүүлэг гарган улсын хилээр нэвтэрсэн. Хэдийгээр Сувд-Эрдэнэ сууд санаа сэдэлт байгаа боловч объектив шинж нь үгүйсгэгдээд байгаа. Улсын хилээс 22 км зайд байгаа газраас самрыг Сувд-Эрдэнэ өгч явуулсан. Тэр өдөр гаалийн байгууллагад хандаагүй. Өөрөөр хэлбэл гаалийн хяналтын талбайн бүсэд нэвтрээгүй. Мэдүүлэг гаргаагүй, бараа бүтээгдэхүүнийг өөрчлөөгүй байхад идэвхтэй үйлдэл байгаа гэж хэлээд байгаад өмгөөлөгчийн хувьд санал нийлэхгүй байна. Энэ талаар улсын дээд шүүхийн тайлбар байгаа. Үүнд гаалийн хяналтын талбайд нэвтэрсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангана гэж заасан. Өөрөөр хэлбэл Сувд-Эрдэнэ гаалийн хяналтын бүсэд нэвтэрсэн байхыг шаардаад байна. Хил нэвтрүүлсэн гэдэг нь улсын хилээр гаргасан оруулсан дамжин өнгөрүүлсэн үйлдэл бүхэлдээ хамаарч байгаа. ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг шинж нь байхгүй байна. Гэмт хэргийн 4 шинж байж байж гэмт хэрэг болно. Хэдийгээр Сувд-Эрдэнэ самрыг зарж найзынхаа хүүхдэд туслах шууд санаа сэдэлт байсан. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд объектив шинж байхгүй. Хавтаст хэргийн 5 хуудсанд бараа тээврийн хэрэгслийн хураах тухай хуудсан дээр анх хил нэвтэрсэн маргаан бүхий самар Отгонбаяр гэх хүний мэдүүлгээр гарсан. Үзлэг хийсэн тухай акт Батмөнхийн тайлбар, Наранцэцэгийн мэдүүлэг, Баяр-Өлзийгийн мэдээлэг, Ган-Эрдэний мэдүүлэг, Отгонтуяа нарын мэдүүлэг дээр Отгонбаяр гарч байгаа. Сувд-Эрдэнэ хил нэвтэрч байгаа талаар хавтаст хэрэгт байхгүй. Иймээс Сувд-Эрдэнэд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэсэн саналыг оруулж байна. Дараа нь Отгонбаярын хувьд улсын яллагчийн хэлж байгаа гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй санал нэг байгаа. Ганц гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал байгаа. Учир нь Сувд-Эрдэний үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бол энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэг биш 175 дугаар зүйлийн 175.1 болж өөрчлөгдөнө. 175.2 дахь хэсэг нь өөрөө бүлэглэж гэж заасан байгаа. Отгонбаяр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг. Тахьдаг хайрхан ХХК-д олон жил ажиллаж байгаа. Ар гэрээ тэжээх гэж яваа зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр албадан ажил хийлгэх ял оноож өгнө үү?” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Гашуун сухайт дахь гаалийн газрын 01/26 дугаар албан бичиг /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Үзлэг хийсэн тухай акт, бараа тээврийн хэрэгсэл саатуулах хуудас, гэрэл зургын үзүүлэлт, /хх-ийн 4-18 дугаар хуудас/,
Хураагдсан эд зүйлээс дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Хураагдан ирсэн хуш модны самрын гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 23-26 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 27 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Р.Батмөнхийн өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Гашуун сухайт боомтын нүүрсний гарах чиглэлд нүүрс тээвэрлэж явсан “Тахидаг Хайрхан” ХХК-ийн 94-95 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын талбайд орж ирэхэд нь томилогдсон гаалийн улсын байцаагч Б.Баяр-Өлзий шалгаад тухайн тээврийн хэрэгсэлд нуусан 7 ширхэг ууттай хуш модны самар нууж явсныг илрүүлсэн. Тухайн хэрэгт манай байгууллагаас намайг хохирогчоор оролцуулахаар томилсон.... шинжээчийн дүгнэлт тогтоолуудтай танилцсан. Санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Бямбажавын өгсөн:”...жолооч Д.Отгонбаяр “Тахидаг Хайрхан” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж байгаа хүн юм. Хилээр самар нууж гарах гэсэн асуудлыг гаалийн ажилтнууд илрүүлж саатуулсаны дараа бид мэдсэн.... Жолооч Д.Отгонбаяр нь энэ тээврийн хэрэгслийг жолоодон Таван толгой ХК-ийн уурхайгаас нүүрс ачуулан уртын уртад буюу БНХАУ-ын Ганц модны боомтод хүргэх үүрэгтэй байсан.... Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт алга байна” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Наранцэцэгийн өгсөн:”...Манай охин Сувд-Эрдэнэ 2016 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод самар зарсан хүнээс 4 шуудай буюу нийт 120 орчим кг цайруулсан самрыг 1 кг-ийг нь 2000 төгрөгөөр бодож худалдан авсан гэсэн. Тэр самраа Цагаан хаданд зарчихая гээд аваад явсан юм. Тэгээд нүүрсний машинаар тэр самраа Хятад руу гаргах гэж яваад гаальд баригдсан юм гэж дууллаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Баяр-Өлзийгийн өгсөн:”...Би тухайн өдөр Гашуун сухайт боомтын нүүрсний гарах чиглэлд хяналт шалгалтын байцаагчаар ажилласан. Тэр өдрийн оройхон богины тээвэр хийж буй 3 машин гаалийн хяналтын талбайд орж ирсэн. 3 дахь буюу 94-95 ӨМА улсын дугаартай “Тахидаг Хайрхан” ХХК-ийн Норд бенз машинд үзлэг шалгалт хийхэд чиргүүлийн рамны доогуур 4 ууттай эд зүйл нуусан байсан. Тэрийг гаргаад үзэхэд хуш модны цайруулсан самар байсан. Улмаар тээврийн хэрэгсэлд нарийвчилсан үзлэг шалгалт хийхэд чиргүүлд ачигдсан нүүрсний хучлаганы доогуур /нүүрсэн дээр/ бас 3 шуудай самар байсныг илрүүлж хурааж авсан. Улмаар уг материалыг гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд материалжуулан цагдаагийн байгууллагад шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Отгонтуяагийн өгсөн:”...Сувдаа бид хоёр 2016 оны 12 дугаар сараас эхлэн Өмнөговь аймгийн Цагаан хад гэдэг газар хамтарч гэр гуанз ажиллуулах болсон юм. Багануурт үлдээсэн манай хүүгийн бие өвдсөн тул би 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр унаанд суугаад Улаанбаатарт ирсэн. ....Тэр хүүхэдтэйгээ хоёулхнаа амьдардаг, өрх толгойлсон надтай адилхан амьдралтай болохоороо бид найзлаж нөхөрлөсөн юм. Тэр хүнд их тусархуу, надад их тусладаг, нийтэч зан чанартай л хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Эрдэнэтунгалагийн өгсөн: ”...өнгөрсөн оны буюу 2016 оны 11 дүгээр сард бид нарын хэдэн найзууд болох Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Р.Батбаяр, Т.Отгонбаяр, н.Жанчив, н.Лхагвабат нар ахуйн хэрэгцээндээ ашиглах самар түүхээр ярилцаад Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч н.Жавхлангаас зохих журмын дагуу төлбөр хураамжийг нь төлөөд хүн тус бүр 25 кг самар түүх зөвшөөрлийг 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд авсан юм. Тэгээд бид нар самартаа явж хүн тус бүр зөвшөөрсөн хэмжээний самраа түүж сумын төвд ирээд түүсэн самраа хот руу оруулж зарах юм бол амьдралд хэрэгтэй юм байна гэж ярилцаад нөгөө хэдийн түүсэн самрыг өөрийн түүсэн самартай нийлүүлж аваад Улаанбаатар хотод авч ирэн зарахаар явж байгаад Сувд-Эрдэнэтэй 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр уулзаж самар зарахаар явж байгаа талаар ярихад Сувд-Эрдэнэ би Өмнөговь аймагт ажиллаж байгаа. Чи самраа хэдэн төгрөгөөр зарах юм бэ, боломжийн үнээр зарах бол би авъя гэсэн. Тэгээд би Сувд-Эрдэнэд 120 кг самрыг кг-ийг нь 2000 төгрөгөөр бодож 240.000 төгрөгөөр зарсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 02 сарын 09-ний өдрийн №49/01 тоот шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 48 дугаар хуудас/,
Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “....шинжилгээнд ирүүлсэн самрын дээж нь 2016 оны ургацын самар бөгөөд шинжилгээнд тэнцэнэ... Уг үр нь сибирийн хуш /pinus sibirica/ нарсны төрлийн ургамал бөгөөд хуш модны самар үр юм. ... Сибирь хуш /pinus sibirica/ үр буюу самар нь ховор ургамлын жагсаалтад хамрагддаг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Би “Тахидаг Хайрхан” гэх нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн 86-71 БЧ дугаарын чиргүүлтэй 94-95 ӨМА дугаартай норд бенз машиныг барьж нүүрс тээвэрт ажилладаг юм. Цагаан хаданд гуанз ажиллуулдаг зүс таних Сувд-Эрдэнэ жаахан самар урагш нь /хятад руу/ оруулаад өгөөч гээд утастаад гуйгаад байсан. Эхэндээ би зөвшөөрөөгүй. Хэд хэдэн удаа гуйгаад байхаар нь чадвал самрыг чинь оруулж өгье гэж би түүнд хэлсэн. Сувд-Эрдэнэ манай найзын хүүхэд өвдөөд би туслах гэсэн юм гэж хэлсэн болохоор би нь зөвшөөрсөн юм. Тэгээд машиндаа нүүрс ачуулаад урагшаа Цагаан хад орохдоо 7 ширхэг дундуур ууттай самрыг Сувд-Эрдэнээс аваад 4 уутыг нь чиргүүлийн рам доогуур нууж 3 ширхэгийг нь нүүрсний бүтээлгээ сөхөж нүүрсэн дээр хийчихээд урагшаа гарах гэж яваад 2017 оны 02 дугаар сарын 03-ны орой гаальд баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Би найз Отгонтуяагийн хамтаар Цагаан хад гэх газар гэр гуанз ажиллуулж байсан юм. Отгонтуяагийн хүүхэд өвдөөд тэр Улаанбаатар луу яваад би гуанзаа ажиллуулаад ганцаараа үлдсэн. Отгонтуяа мөнгө төгрөгний хэрэгцээ гарсан тул би туслая гэж бодоод өөрт байсан 7 уут самрыг жолооч Отгонбаярыг гуйж байгаад урагш нь борлуулахаар өгч явуулсан. Отгонбаяр самрыг машиндаа авч яваад тэрнээс хойш бид цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.... Би Отгонбаярт 7 ширхэг уутны талаар хийсэн хуш модны цайруулсан самрыг өгч явуулсан. Тэр самрыг 2016 оны 12 дугаар сарын эхээр зүс танидаг Л.Эрдэнэтунгалагтай хотод таараад 120 орчим кг цайруулсан самрыг 1 кг-ийг нь 2000 төгрөгөөр бодож худалдан авсан байсан... “ гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Сувд-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, жолоочийн лавлагаа, боловсролын дипломын хуулбар, хүү Мөнхманлайгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 77-85 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Сувд-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Отгонбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хорооны даргын тодорхойлолт, жолоочийн лавлагаа, /хх-ийн 90-92 дугаар хуудас/,
“Тахидаг Хайрхан” ХХК-ийн шүүгдэгч Д.Отгонбаярыг тодорхойлсон ажил байдлын тодорхойлолт, ажилд орсон тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 93-97 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Отгонбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Сувд-Эрдэнэ, Д.Отгонбаяр нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гадаад пасспортын хуулбар, арилжааны банкуудаас гаргасан лавлагаа /хх-ийн 99-110 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн автотээврийн төвийн 2017 оны 02 сарын 16-ны өдрийн №41 тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 112 дугаар хуудас/,
Монгол улсын байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн А/282 дугаартай тушаал /хх-ийн 125-140 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Д.Отгонбаяр, Б.Сувд-Эрдэнэ нар бүлэглэн шунахайн зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлалтай Гашуун сухайт хилийн боомтоор Норд бенз маркийн 94-95 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 86-71 БЧ дугаартай нүүрс ачсан чиргүүлд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 122 кг буюу 6,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий хуш модны самрыг нууж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Үзлэг хийсэн акт”, “Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас” гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, дээж авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хуш модны самрыг нууж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх үйлдэл нь шүүгдэгч нарын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас туйлдаа хүрээгүй тул гэмт хэрэг үйлдэхээр буюу хуш модны самрыг нууж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл хуш модны самрыг нууж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх идэвхтэй үйлдэл хийсэн боловч энэ нь Гашуунсухайт дахь гаалийн улсын байцаагчийн шалгалтаар таслан зогсоогдсон буюу туйлдаа хүрээгүй тул гэмт хэргийн төгсөөгүй завдалт болно.
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Д.Оюунчимэг, Л.Мөнхбат нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги тохирчээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нь шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдээгүй, шүүгдэгч Б.Отгонбаярыг дангаараа үйлдсэн гэж маргаж байгааг Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон хоёр буюу түүнээс этгээдийг урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг гэнэ" гэж зааснаар болон Улсын дээд шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор “Бүлэглэн үйлдсэн гэдэг нь хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан тохиролцсон буюу тохиролцоогүй боловч нэг санаа зорилгоор энэ зүйлд тухайлан заасан эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн буюу нэвтрүүлсэн буюу нэвтрүүлэхээр завдсан байхыг хэлнэ” гэж тайлбарласнаар няцаах хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг хууль бусаар нэвтрүүлж байгаа нь эдийн засгийн утгаараа нийгэмд аюултай төдийгүй, улсын хилийн халдашгүй, дархан байдлыг алдагдуулж, Гаалийн хууль тогтоомжийг зөрчдөгт түүний нийгмийн аюул оршдог.
Шүүгдэгч Д.Отгонбаярын жолоодож явсан буюу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 94-95 ӨМА улсын дугаартай Норд бенз маркийн автомашин болон 86-71 БЧ улсын дугаар бүхий чиргүүл нь “Тахидаг Хайрхан” ХХК-ийн эзэмшлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан тус компанийн гүйцэтгэх захирал С.Цогтбаярын Н.Бямбажавыг томилсон итгэмжлэл, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тогтоол /хх-34/, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр байцаасан тэмдэглэл /хх-35-36/, Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 112-114/ зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлд зааснаар уг тээврийн хэрэгслийг хураах шаардлагагүй гэж үзэв.
Иймд 94-95 ӨМА улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл, 86-71 БЧ улсын дугаартай чиргүүлийг хууль ёсны эзэмшигч нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 04 хороо, 05 дугаар хороолол, Сөүлийн гудамж, Eastern Plaza 7-р давхар, 702 тоот, “Тахидаг Хайрхан” ХХК байх тул дээрх тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт хууль ёсны эзэмшигч “Тахидаг Хайрхан” ХХК-нд олгож мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэн нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж шүүх үзэж тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Отгонбаяр, Б.Сувд-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шаазгай овогт Дэлгэрийн Отгонбаяр, Жагарынхан овогт Батсүхийн Сувд-Эрдэнэ нарыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа буюу 122 кг Хуш модны самрыг бүлэглэн хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар Дэлгэрийн Отгонбаяр, Батсүхийн Сувд-Эрдэнэ нарт тус бүр эд хөрөнгө хураахгүй 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Б.Сувд-Эрдэнэд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, Д.Отгонбаяр, Б.Сувд-Эрдэнэ нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 94-95 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн автомашин, 47-45 БЧ улсын дугаартай чиргүүлийг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 122 кг хуш модны самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Отгонбаяр, Б.Сувд-Эрдэнэ нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, тус бүр 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Д.Отгонбаярын засрал хүмүүжилд хяналт тавихыг Улаанбаатар хотын Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт, Б.Сувд-Эрдэнийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн газарт тус тус даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Отгонбаяр, Б.Сувд-Эрдэнэ нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА