Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар  2021/ДШМ/370

 

 

 

 

 

     2021           4             13                                          2021/ДШМ/370                              

 

 

П.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Зориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

хохирогч Б.Ү,  

шүүгдэгч П.Г,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 452 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, шүүгдэгч П.Гийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Ж.Сувданчимэгийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг үндэслэн П.Гт холбогдох эрүүгийн 2108 00136 0108 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Пийн Г, ...................................... өдөр ............................. төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........................ мэргэжилтэй, “Хт” ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл ..., ..................... дүүргийн ...... дугаар хороо, .... дугаар хороолол, ....................... гудамж, .... дүгээр байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ......................... дүүргийн ... дугаар хороо, .... дугаар байрны .... тоотод хамтран амьдрагч Б.Үгийн хамт түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:................................../;

Шүүгдэгч П.Г нь 2021 оны 1 дүгээр сарын 4-ний шөнө 23:00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 12 дугаар байрны 42 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Үг хардаж түүнийг түлхэн унагаж, баруун хацарт нь 2 удаа алгадаж эрүүл мэндэд нь “...баруун хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, сарвуу, баруун бугуйд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан болон нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална. ” хэмээн хууль тогтоогчоос хууль ёсны зарчмыг хуульчилжээ.

Иймд хууль ёсны зарчмын дагуу Эрүүгийн хуульд тусгагдсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн нэр томьёог тайлбарлан хэрэглэхэд Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах нь зүйн хэрэг.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.” гэж тусгайлан тодорхойлсон юм.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч нь хардалтын улмаас буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хохирогчид гар хүрсэн. Урьд нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад дуудлага өгч байгаагүй. Энэ талаар цагдаагийн байгууллагаас лавлагаа авсан. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг анх удаа зодсон учраас гэр бүлийн хүчирхийлэлд хамаарахгүй гэж үзсэн юм...” хэмээн тайлбарлаж байгаа нь хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хуульчлахдаа Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлөөс ялган зүйлчлэх зорилгоор “байнга” гэсэн тооны шалгуур тогтоосныг Эрүүгийн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан хүндрүүлэх шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн нэр томьёог тайлбарлахдаа баримтлах нь өрөөсгөл юм.

Тодруулбал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрх чөлөөнд халдсан нэг удаагийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учраагүй тохиолдолд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” зөрчилд хамаарах, харин уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулснаар зүйлчлэгдэх учиртай.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч П.Г, хохирогч Б.Ү нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхрийн харилцаатай нэг жил гаруй хамтран амьдарсан байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар тэднийг хоорондоо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзэх бөгөөд яллах дүгнэлтэд ч энэ талаар дүгнэсэн байна.

Дээрхээс үзвэл, шүүгдэгч П.Гийн үйлдэл гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй эсэх талаар мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулж, прокурор хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хууль ёсны байх зарчимд нийцүүлэн хууль зүйн дүгнэлт өгч, гэмт хэргийн зүйлчлэлийг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийн бодит байдал болон гэмт хэргийн зүйлчлэл тохироогүй нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хянах асуудалд хамаарах бөгөөд мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэл болно.

Иймд П.Гт холбогдох эрүүгийн 2108001360108 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол П.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Сувданчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан зүйлчлэх ёстой мэтээр дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Тухайн гэр бүлийн уур амьсгал, шүүгдэгч нь гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулан хүйтэн хөндий уур амьсгалыг урьд өмнө бүрдүүлж байсан эсэх, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэнэт үүссэн сэтгэл зүйн таарамжгүй нөхцөл байдлын улмаас тухайн гэмт хэргийг үйлдсэн талаарх нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэж байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх ёстой.

П.Г, Б.Ү нар нь сүүлийн 1 жилийн хугацаанд хамтран амьдарч байгаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс мөн боловч урьд өмнө нь П.Гийн зүгээс Б.Үгийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байгаагүй болох нь хохирогч Б.Ү, шүүгдэгч П.Г, гэрч Ж.Оюунаа нарын мэдүүлэг, “Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 12 дугаар байрны 42 тоот болон хохирогч Б.Үгийн /.................../ гэсэн дугаараас цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэл, зөрчлийн талаарх дуудлага 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш бүртгэгдээгүй” гэсэн Шуурхай удирдлагын тасгийн албан бичиг мөн П.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

П.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа үйлдсэн нэг удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

П.Г нь гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг нь далимдуулан байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан зэрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй, харин хүмүүс хоорондын харилцаа, нийгэмд тогтсон зан заншил, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг зөрчсөн, хардалтын улмаас хохирогчийн биед халдаж, гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул шүүгдэгч П.Гийн үйлдэл гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй эсэх талаар мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 452 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.

Шүүгдэгч П.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би урьд нь ял шийтгэгдэж байгаагүй. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хохирогч Б.Үтой эвлэрч, тэрээр одоо гомдол, саналгүй болсон ба бид хамт амьдарч байгаа. Бидний дундаас хүүхэд байхгүй. Манайх Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 12 дугаар байрны 42 тоотод амьдардаг. Би “Ханбуг трейдинг” ХХК-д жолоочоор ажилладаг.

Машин зээлээр авч, 1 сард 2 сая төгрөгийн зээл төлдөг. Өндөр настай ээжийгээ харж ханддаг. Хохирогчтой хамтран амьдраад 1 жил болж байгаа. Миний хувьд үйлдсэн үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байгаа бөгөөд дахин гэмт хэрэгт холбогдохгүй тул миний хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хэвээр үлдээж өгнө үү.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 452 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Ү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдол, санал байхгүй.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас П.Гийг 2021 оны 1 дүгээр сарын 4-ний шөнө 23:00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 12 дугаар байрны 42 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Үг хардаж түүнийг түлхэн унагаж, баруун хацарт нь 2 удаа алгадаж эрүүл мэндэд нь “...баруун хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, сарвуу, баруун бугуйд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...шүүгдэгч П.Гийн гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Үг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байна...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулах нь учир дутагдалтай.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйчлэлийг зөв тогтоох шаардлагатай байдаг.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Үгийн “...надаас, чи хэдэн цагт гэртээ ирсэн бэ гээд намайг хардаж бид хоёрын дунд маргаан болсон. Тэгээд Г намайг түлхэж унагаагаад дараа нь хоёр удаа алгадсан... өмнө нь айхтар гар хүрч байгаагүй, хааяа нэг цохиж авах юм бол байсан. Өчигдрийн хувьд хэтрүүлсэн...” /хх 7-8, 33-34/,

П.Гийн яллагдагчаар өгсөн “...манай эхнэрийн духны орчим шалбарсан, хавдсан байдалтай харагдахаар нь би хардаад “чи наадахаа яачихсан юм” гээд бид хоёрын дунд хэрүүл маргаан болж эхэлсэн. Тэгээд би Үг 2 удаа алгадаад нэг удаа түлхэж унагасан юм. ...би урд өмнө нь Б.Үтой хэрэлэж маргалдах явдал байсан. Гэхдээ арай ч зодож, цохиж байгаагүй...” /хх 47-48/ гэх мэдүүлгүүд,    

хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 528дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 23-24/,

эрсдлийн түвшин “бага” болохыг тодорхойлсон аюулын зэргийн үнэлгээ /хх 16-18/ зэрэгт дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад шүүгдэгч П.Г нь гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг далимдуулан хамтран амьдрагч Б.Үг байнга зодож байсан, эсхүл байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан талаар нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч П.Г, хохирогч Б.Ү нар хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдсан байх тул шүүгдэгч П.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх, эсхүл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ шинжээр үйлдсэн гэж хүндрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч П.Гийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжтэй гэх асуудлаар хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж дүгнэн энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, П.Гт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 452 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, П.Гт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл П.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                                         Б.ЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.