2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,

улсын яллагч Б.Одонтуяа,

шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч И.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н-д холбогдох эрүүгийн 2508002840227 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт С-ийн Н, Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт  *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***,  урьд:

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч С.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын замд Toyota Harrier маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Үүнд:

- Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, ахлах дэслэгч Э.Г 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Эрх бүхий тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, драгер багажаар үлээлгэж шалгуулсныг баримтжуулсан гэрэл зураг (хавтаст хэргийн 3-5 дахь тал),

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.29-ний өдрийн 2024/ЗШ/2108 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 19-20 дахь тал) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэж гэмт хэргийн шинжийг заасан.

Тус зүйлийн тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.” гэсэн.

Шүүгдэгч С.Н нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.29-ний өдрийн 2024/ЗШ/2108 дугаартай шийтгэврээр тогтоогдож байх тул түүнийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ.

Мөн зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Эрх бүхий тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, драйгер багажаар үлээлгэж шалгуулсныг баримтжуулсан гэрэл зургаар шүүгдэгч С.Н-ийн амьсгал дахь спиртийн агууламж 0.40 промиль байсан нь тогтоогдож байх тул түүнийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч С.Н-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.3.       Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдэл хийснээр гэмт хэргийн шинж бүрэн хангагдах хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд тус хэргийн улмаас бусдад шууд учирсан хохиролгүй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч С.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 7 дахь тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 8-12 дахь тал), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.29-ний өдрийн 2024/ЗШ/2108 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 19-20 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 21 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 23, 25 дахь тал), суллагдсан тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 24 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дахь тал), гэрч П.Б-ийн “...манай нөхөр С.Н нь эелдэг дуу цөөтэй, хүнд тусархуу, зөөлөн сэтгэлтэй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 41 дэх тал), Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2005.07.27-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 44-45 дахь тал), Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2007.03.01-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 46-47 дахь тал), Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2013.02.15-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 48-52 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 53-75 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч С.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /амьсгал дахь спиртийн агууламж 0.40 промиль хэмжээтэй/, шүүгдэгчийн хувийн байдал / урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч С.Н-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Н нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогт С-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3,500 (гурван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-д оногдуулсан 3,500 (гурван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Н-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР