| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2021/02926/И |
| Дугаар | 181/ШШ2022/01202 |
| Огноо | 2022-05-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2022/01202
| 2022 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 181/ШШ2022/01202 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х ХХК-ийн
Хариуцагч: Т ХХК-нд холбогдох
Төлбөр барагдуулах тухай хэлцлийн үүрэгт 100.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зохигч талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/16 дугаар гэрээний үүрэгт 52.405.040 төгрөг гаргуулах, 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөр барагдуулах тухай хэлцэл, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.
Х ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Т ХХК-тай Зээлийн гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3%-ийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Tоуto Lехus 570 маркийн 18-48 УБҮ улсын дугаартай автомашиныг барьцаалж, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан.
Зээлдүүлэгч Х ХХК нь 60,000,000 төгрөгийг зээлдэгч Т ХХК-д бэлнээр өгсөн бөгөөд энэхүү зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нь биелүүлээгүй өнөөг хүрсэн. Талууд 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Төлбөр барагдуулах тухай хэлцлийг байгуулж, тэр үеийн байдлаар 99,960,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохирч байсан. Мөн л төлбөрийг төлөөгүй бөгөөд зээлдүүлэгчийн зүгээс байнга л төлбөр төлөхийг шаардсаар ирсэн.
Сүүлд 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зээлдэгч Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхантай уулзаж, зээлийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй байна.
Иймд Т ХХК-аас 100,000,000 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч маргаж байна. Үүнд:
Х ББСБ ХХК болон Тот ком сервис ХХК-ий хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээ байгуулагдаж 60 000 000 төгрөгийн зээл авсантай маргах зүйлгүй ч, түүнд тооцсон хүү, алдангийг бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Х ББСБ ХХК болон Тот ком сервис ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг болох 60 000 000 төгрөгийг Тот ком сервис ХХК төлөх эсэх асуудлыг шийдвэрлэхийн тулд яг энэ маргааны оролцогч талуудын хооронд байгуулсан Тот ком сервис ХХК тоног төхөөрөмж суурилуулах гэрээний үнэ болох 34,936,693 төгрөгийг Х ББСБ ХХК төлөх үүрэг хүлээсэн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 05/16 дугаар гэрээг харилцан дүгнэх шаардлагатай гэж үзсэн тул сөрөг нэхэмжлэлийг гаргасан болно гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Х ХХК болон Тот ком сервис ХХК-ий хооронд байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 05/16 дугаартай МОN-Р.Т.Н хатуулгаас бүрэн сзргийлэх, Усны чанар сайжруулагч нийлүүлэх гэрээ байгуулж гэрээгээр хүлээсэн үүргээ Тот ком сервис ХХК-ийн зүгээс бүрэн биелүүлж, гэрээний дагуу Платиниум зочид буудлын шугам хоолойнуудад төхөөрөмжүүдээ суурилуулан өнөөдрийг хүртэл Х ХХК-ийн хүсэлтээр техник үйлчилгээ хийж ирсэн тул гэрээний үнийн дүнгээр Х ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт төлөгдсөнөөр тооцогдох ёстой хэмээн ойлгож өдий хүрсэн. Тийм ч учраас маанай компанийн зүгээс өнөөдрийг хүртэл энэхүү гэрээний төлбөрийг нэхэмжилж байгаагүй юм.
Гэтэл Х ХХК нь шүүхэд хандаж Зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэхдээ 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/16 дугаартай МОN-Р.Т.Н хатуулгаас бүрэн сэргийлэх, Усны чанар сайжруурагч нийлүүлэх гэрээний үнийг тооцоогүй байгаагаас үзэхэд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-д заасан, эсхүл 76.5-д заасан нөхцөл байдал байх тул бид уг сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.
Нэгэнт 2014 оны зээлийн гэрээ, 2016 оны тоног төхөөрөмж суурилуулах гэрээний үүргийг харилцан тооцуулахыг тулд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд харилцан дүгнэх тохиолдолд анз нь тус тусын гэрээний холбогдох заалтын дагуу тооцогдох тул төлбөр барагдуулах тухай нэг талын нэмэлт гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд шүүх бүрэлдэхүүн эдгээр гэрээг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судалж талуудад тэгш байх, харилцан зөвшилцөх, эвлэрэн хэлэлцэх бүхий л боломж нөхцлүүдийг олгож, хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа:
Нэхэмжлэгч Х ХХК нь Т ХХК-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 100.00.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэтэл хариуцагч Тотзом сервис ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/16 дугаартай МОN-Р.Т.Н хатуулгаас бүрэн сэргийлэх, Усны чанар сайжруурагч нийлүүлэх гэрээтэй холбоотой гэрээний үнэ болох 34.936.693 төгрөгийг 50%-ийн анзын хамт нийт 52.405.040 төгрөгийг Х ХХК-иас гаргуулах , мөн 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хэлцлийг тус тус хүчин төгөөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.
Сөрөг нэхэмжлэл гэдэг нь үндсэн нэхэмжлэлтэй холбоотойгоор шийдвэрлэгддэгмаргаан байдаг. Нэхэмжлэгч Х ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/16 дугаартай МОN-Р.Т.Н хатуулгаас бүрэн сэргийлэх, Усны чанар сайжруурагч нийлүүлэх гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэж үеэх үндэслэлгүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхойгүй, Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлүүдийн аль хэсгийг үндэслэж байгаа нь тодорхойгүй тул тусгайлан тайлбар гаргах боломжгүй, өмнөх шүүх хуралдаан дээр хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагаасаа татгалзсан.
Т ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/16 дугаартай МОN-Р.Т.Н хатуулгаас бүрэн сэргийлэх, Усны чанар сайжруурагч нийлүүлэх гэрээтэй холбоотой асуудалаа жичдээ нэхэмжлэл гаргаад шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд зээлийн гэрээний үүрэгт харилцан тооцуулахаар аль ч гэрээнд тусгаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.2.-т заасан шаардлагыг хангаагүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нотлох баримтаар:
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Санхүүгийн зохицуулах хорооны дагын 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Банк бус санхүүгийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгох тухай 533 дугаартай тогтоол, 2014 оны 10 дугаар сарын 08 өдрийн 5 дугаартай зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 30 өдрийн 01 дугаартай Төлбөр барагдуулах тухай хэлцэл, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хэлцэл зэргийг ирүүлсэн.
Хариуцагч нотлох баримтаар:
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, 2016 оны 04 сарын 20 өдрийн 05/16 дугаартай MON-P.T.H хатуулгаас бүрэн сэргийлэх, усны чанар сайжруулагч нийлүүлэх гэрээ, .
Шүүхийн журмаар: баримт бүрдүүлээгүй болно.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
НЭГ. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь зээлийн хүү алдангийг бүрэн төлөхгүй гэж маргажээ.
1.1.Хариуцагч Т ХХК , нэхэмжлэгч Х ХХК нар нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр №5 дугаартай зээлийн гэрээ байгуулан 60.000.000 төгрөгийг сарын 3%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл авч, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцсон болох нь Зээлийн болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 12, 13, 96, 97-р хуудас/
Х ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болох нь 9075001034 дугаар бүхий улсын бүртгэлийн дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол, уг тогтоолын хавсралт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 3-5-р хуудас/
1.2.Талууд зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулан мөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 12,13-р хуудас/
Талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Барьцааны гэрээгээр
- Tоуto Lехus 570 маркийн 18-48 УБҮ улсын дугаартай автомашиныг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 3-5, 12, 13-р хуудас /
1.3. Нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч Т ХХК нар нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр №5 дугаартай зээлийн гэрээг дүгнэн Төлбөр барагдуулах тухай №1 дугаартай хэлцлийг хийж эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулжээ./хх-ийн 14, 15-р хуудас/
Дээрх хэлцлээр зээлдэгч Т ХХК нь зээлдүүлэгч Х ХХК-д үндсэн зээл 60.000.000 төгрөг, хүү 85.920.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17.184.000 төгрөг гарч байгаа ч нийт 99.960.000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.
1.4.Хариуцагч Т ХХК- нь 100.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Х ХХК-д 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулжээ./хх-ийн 15-р хуудасны ар талд/
Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр №5 дугаартай Зээлийн гэрээгээр Х ХХК-нь 60.000.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх, Т ХХК нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, мөн уг зээлийн эргэн төлөлтийг дүгнэн Төлбөр барагдуулах тухай №1 дугаартай хэлцэл, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлүүдээр үндсэн зээл 60.000.000 төгрөг, хүү 85.920.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17.184.000 төгрөг, нийт 163.104.000 төгрөг төлөхөөр байгаа ч нийт 100.000.000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан тул гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзнэ. /х.х-ийн 12,14,15-р хуудас, 15-р хуудасны ар талын нүүр/
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд Х ХХК-иас зээлдэгчид гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.
Х ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчид мөнгө шилжүүлэн өгч, уг зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн учир зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
Т ХХК нь дээрх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээлийг, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардаж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, 453.1., Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.
Зохигчид Зээлийн гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн үнийн дүнд сарын 0,6 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ
Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү нь гэрээний үндсэн үүрэг бол нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас зээлдэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй тохиролцсон хариуцлагын хэлбэр бөгөөд гэрээний 2.1.-д талууд сарын 0,6%-ийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зохицуулснаар нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.
Хариуцагч нь зээлийн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, үндсэн зээл 60.000.000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 100.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Т ХХК-иас 100.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-нд олгох үндэстэй.
ХОЁР. Сөрөг нэхэмжлэлийн тухайд.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих үндэстэй.
Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгч Х ХХК-нд холбогдуулан 2014 оны зээлийн гэрээ, 2016 оны тоног төхөөрөмж суурилуулах гэрээний үүргийг харилцан тооцуулах, 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ./ хх-ийн 23-30-р хуудас/
Нэхэмжлэгч Х ББСБ ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
2.1. Хариуцагч Т ХХК , нэхэмжлэгч Х ХХК нар нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр №5 дугаартай зээлийн гэрээ байгуулан 60.000.000 төгрөгийг сарын 3%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл авч, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцон Зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Дээрх Зээлийн гэрээний талууд гэрээг дүгнэн
-2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл,
-2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр уг төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай хэлцэл хийж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 12-15-р хуудас, 15-р хуудасны арын нүүр/
Хүчин төгөлдөр Зээлийн гэрээг дүгнэн 2018 оны 9 дүгээр сарын 30, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрүүдэд талуудын хооронд хийсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2.2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Т ХХК-иас Зээлийн гэрээний үүрэг, хариуцлага нэхэмжилсэн тул талуудын хооронд байгуулагдсан MON-P.T.H хатуулгаас бүрэн сэргийлэх, усны чанар сайжруулагч нийлүүлэх гэрээний үүргийг харилцан тооцох боломжгүй, Зээлийн гэрээний үүрэгт бараа нийлүүлэх гэрээний үүргийг харилцан тооцох үндэслэлгүй.
Тодруулбал: Сөрөг шаардлага нь үндсэн шаардлагатай нэг төрлийнх биш бөгөөд нэг маргаантай холбоотой биш байна.
Иймд талуудын хооронд хийгдсэн 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Зээлийн гэрээний үүрэгт, бараа нийлүүлэх гэрээний үүргийг харилцан тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч Т ХХК нь Х ХХК-тай байгуулсан MON-P.T.H хатуулгаас бүрэн сэргийлэх, усны чанар сайжруулагч нийлүүлэх гэрээ-ний талаарх нэхэмжлэлээ Х ХХК-ийн хаягаар жич гарган шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нь Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Т ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-иас 100.000.000 / нэг зуун сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2., 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар MON-P.T.H хатуулгаас бүрэн сэргийлэх, усны чанар сайжруулагч нийлүүлэх гэрээний үүргийг харилцан тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татагалзаж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Х ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 657.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагч Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419.975 төгрөгнөөс 140.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 279.975 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Т ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО