2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/174

 

                                     

   2025          01           16                                   2025/ШЦТ/174

     

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Л.******* (өөрийгөө өмгөөлөн) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******эд холбогдох эрүүгийн 2408000001995 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт Лүйдагвын ******* (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Орчлон хороолол 33 дугаар байрны 10 тоотод иргэн Ж.тай*******тэйгээ маргалдах үед дундуур орж салгалаа хэмээн маргалдаж толгой хэсэгт нь шилэн саваар цохиж, эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн чихний дэлбэн, хүзүүнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.******* мэдүүлэхдээ: “...хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, өөрийн гэм буруу дээрээ маргахгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн: “...10 тоот хүрэн өнгийн хаалгаар ороход 2 өрөө байр байв. Коридорын шал цус мэт зүйлээр бохирлогдсон байх ба ...цусны ойролцоо олон тооны салфетка байх ба цэнхэр өнгийн хогийн тосгуур дотор хохирогчийн биед гэмтэл учруулахад хэрэглэсэн шилэн савны хагархай байх ба криминалистикийн шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

Хохирогч Ж.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр найз болох *******ийн гэрт охинтой болсон гэх шалтгаанаар******* Уранбайгалийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Орчлон хорооллын 33 дугаар байрны 10 тоотод очоод ******* болон******* , манай******* нар 0,7 литрийн виноноос хоёр шилийг уусан. Би тухайн орой охинтойгоо бас машин барьж явсан учир архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, тэгтэл *******ийн******* гэгч нь нөхрөө хардаад маргаан үүсгээд байхаар нь би боль гээд сууж байгаад босоод дундуур нь ороод хоёуланг нь хоёр тийшээ түлхсэн тэр үед ******* нь хойшоо савагдаад гал тогооны тавиур дээр байсан шилэн усны савнаас бариад миний толгойны зүүн шанааны дээд тал руу нэг удаа цохисон, тэгээд миний толгойноос цус их гараад байхад найз ******* нь өөрөө цагдаа болон 103 дуудсан. Удалгүй манай найзын гэрт цагдаа болон 103 ирж 103-н эмч тухайн үед миний толгойнд боолт хийгээд байж байхад манай найз Анхбаяр ирээд бид хоёр хамт эмнэлгийн машинд суугаад гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 17-нд Мөнгөн гүүр эмнэлэгт зүүн чихний дээд талын үслэг хуйханд, зүүн чихний дэлбээнд, зүүн хөмсөгний дээд тал, духанд косметик оёдол 1,000,000 төгрөгөөр тавиулсан. Мөн толгойны тодосгогчтой томограф 180,000 төгрөгөөр авхуулсан, мөн Мөнгөн гүүр эмнэлэгт үзлэг, боолтны мөнгө 100,000 төгрөг, сорвины тосны 78,000 төгрөг, дусал тарианы 85,000 төгрөгийн зардлыг найз ******* гаргасан. Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй, санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10, 13-15 дугаар хуудас),

Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг ажлаас ирэхэд төрсөн эгч , түүний нөхөр ******* нар найзуудтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглээд дууссан, унтах гээд байж байсан бөгөөд шөнийн 01 цаг болж байсан. Би дүү гийн хамт жижиг өрөөнд унтах гэж байсан чинь нэгнийхээ үгийг даахгүй, хэрүүл маргаан болж шилэн сав хагарах чимээ гарсан. Би өрөөнөөс гараад харахад нэг ах толгойныхоо цусыг дараад зогсож байсан. Хүргэн ах ******* ус хийдэг шилэн сав шидсэн байсан. Тухайн ахын толгойны цус нь тогтохгүй их хэмжээгээр гарсан. Түргэн тусламж ирэх гэж удсан ба тухайн толгойдоо гэмтэл авсан*******д дусал залгаад авч явсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 282 дугаартай: “...Ж.гийн биед зүүн чамархайн хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн чихний дэлбэн, хүзүүнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас),

Шүүгдэгч Л.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тухайн өдөр болох 2024 оны 11 дүгээр сарын 17-ны орой шинэ хүүхэдтэй болоод бүл нэмсэн гэх шалтгаанаар найзууд болох г*******ийнх нь хамт гэртээ урьж би гэртээ******* болон гийн******* Уранбайгалийн хамт 0,75 литрийн Экс нэртэй архинаас 1 шилийг уусан. Дараа нь дахиж бид нар нэрийг нь мэдэхгүй вино уусан, тэгтэл манай******* нь намайг хэд хоногийн өмнө ажлаар Бүгд Найрамдах Хятад ард улс явсан асуудлыг хүн амьтантай явсан гээд хардаад хэрүүл маргаан үүсгээд байхаар нь найзуудаасаа санаа зовоод гал тогооны өрөөнд орсон чинь******* араас гал тогооны өрөөнд орж ирээд хэрүүл хийгээд байж байхад манай найз нь бид хоёрын маргааныг салгах гээд дундуур ороод одоо боль та хоёр гээд бид хоёрыг хоёр тийш нь түлхсэн, тэр үед би хойшоо савагдаж унахдаа гал тогооныхоо текны зүүн хойд булангаас барьж авах гэж байгаад барьж авч чадахгүй текэн дээр байсан усны шилийг барьж аваад хойшоо унахдаа найз гийн толгой руу нь цохисон, тухайн үед манай найзын толгойноос цус гараад эхлэхээр нь би сандраад цагдаагийн байгууллага болон 103-т дуудлага мэдээлэл өгсөн. Цагдаагийн байгууллага түрүүлж ирээд байж байхад 103 ирээд эмч нь манай найзыг үзээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Би гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, их ухамсарлаж ойлгож байгаа” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 77 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 79 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 80 дугаар хуудас), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 82 дугаар хуудас), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 85 дугаар хуудас), Хаан банкны 5075096266 тоот дансны хуулга (хавтаст хэргийн 86-187 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 01 цаг 15 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, тоотод байрлах гэртээ*******тэйгээ маргалдах үед дундуур орж салгалаа хэмээн Ж.тай маргалдан, улмаар толгой хэсэгт нь шилэн саваар цохиж, эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн чихний дэлбэн, хүзүүнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Ж., гэрч Г. нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 282 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Л.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-д заасан хөнгөн зэргийн хохирлыг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд хохирлын хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Ж.гийн эрүүл мэндэд учирсан зүүн чамархайн хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн чихний дэлбэн, хүзүүнд шарх гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 282 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.

Хохирогч Ж.гийн эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Л.*******ийн хууль бус үйлдэл болох шилэн саваар цохисноос үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь бусдын бие махбодод халдвал хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн толгой хэсэгт шилэн саваар цохисон үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Л.*******ийн бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас Ж.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй, санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлснээс гадна шүүхээс түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Л.*******эд гомдолгүй учир шүүх хуралд оролцохгүй” гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Л.*******ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Л.******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Л.*******эд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Л.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн болон ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, хохирогчийн эмчилгээнд шаардагдах зардлыг нөхөн төлсөн байдал, хохирогчийн “санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт, дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Л.*******ийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Л.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт Лүйдагвын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Л.*******эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Л.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.НЯМДАВАА