| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Нямдаваа |
| Хэргийн индекс | 195/2025/0052/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/176 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Энхням |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/176
2025 01 16 2025/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,
улсын яллагч С.Энхням,
хохирогч А.*******,
шүүгдэгч Б.******* (өөрийгөө өмгөөлөн) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох эрүүгийн 2408037081646 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******, “Монголын төмөр зам” ТӨХК-д замчин ажилтай, ,, тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, дүүгийн хамт ,, тоотод түр оршин суух гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Олхон Тайж овогтын ******* (Регистрийн дугаар: ).
Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө 23 цагийн үед , тоотод байрлах гэртээ эхнэр болох хохирогч А.Анар-Эрдэнийг “мөнгө нэхлээ” гэж уурлан түүний гар, зүүн мөр, толгой хэсэгт гараараа цохих, хөлөөрөө баруун бугалга хэсэгт өшиглөх, хөлөөрөө хавирч унагах зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хавирга хоорондын мэдрэлийн өвдөлт, цээжний зөөлөн эдийн гэмтэл, зүүн мөр, баруун бугалга, баруун өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд хохирогч А.******* мэдүүлэхдээ: “...тухайн үед *******ын бие нь өвдөж байсан нь үнэн, дотор нь муухайраад бөөлжих гээд байна гэж хэлж байсан. Тэгээд би эмнэлэг явчхаад ир, ирсний чинь дараа би банк руу гараад байрны мөнгөө тушаая гэж хэлсэн. Тэгээд ******* өглөө гараад дуслаа хийлгэчхээд орж ирээд үүдний өрөөнд амардаг хэсэгтээ хэвтэж байсан. Хүүхдээ унтаж байх хооронд ажлаа амжуулаад ирье гэж бодоод нөхөр болох *******аас чи надад 50,000 төгрөг өгчих, би өөрөө ч гэсэн 50,000 төгрөг гаргая гэж хэлсэн. Байрны мөнгө 80,000 гаруй төгрөг гарсан байсан. Үлдсэн мөнгөөр нь би будаа, гурил авчихъя гэж хэлсэн. Яг ингэж хэлснээс болоод хэрүүл эхэлсэн. Тэгээд *******ын уур нь хүрээд босож ирэнгүүтээ элдвээр хэлээд миний гар луу цохисон. Тэгэхээр нь чи юм л болбол яагаад надад гар хүрдэг юм гээд гартаа үүрсэн байсан цагаан өнгийн цүнхээрээ буцаагаад цохисон. Тэгээд л дээрээс хөл, гар луу өшиглөсөн. ...хүүхдээ өгөхгүй гээд тэвэрчихсэн байхад толгойны зүүн талын ар хэсэг рүү маш хүчтэй цохисон. Сүүлдээ дийлэхээ болиод хүүхдээ *******т өгсөн. Өгчхөөд юу билээ гэхийн хооронд намайг газар унагаад ахиж цохих гэж дайрсан. Би сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нэхэмжилнэ, одоо гаргаж өгөх хохирол төлбөр нэхэмжлэх баримт байхгүй, цаашид гарах зардлаа нэхэмжилнэ.” гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “...16-ны өглөө ******* байрны мөнгө тушаамаар байна гэж хэлсэн. Олсон мөнгөөрөө машиндаа бензин хийгээд таксинд явбал илүү мөнгө олох юм байна гэж бодсон. Тиймэрхүү зүйлээс болж маргасан. Дээрээс нь бие жаахан өвдөөд өглөө нь эмнэлэг яваад дусал хийлгэчхээд ирсэн байсан. Тухайн үед бие тавгүй байсан, надаас мөнгө нэхээд байхаар нь уурандаа ийм асуудал гаргасан. Тэрийгээ хүлээн зөвшөөрч байна. Амьдрал гэдэг тоглоом биш, миний гаргасан үйлдэл буруу, үүнээс болоод хүүхэд өнчирнө гэдэг үнэхээр харамсалтай байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
А.*******эс гаргасан: “..., тоотод 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б.*******т зодуулсан” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас),
Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ (хавтаст хэргийн 52, 55-65 дугаар хуудас),
Хохирогч А.Анар-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр *******т хандаж “би гараад байрны мөнгөө өгчхөөд хоол хүнсээ авчхаад ирье” гэхэд ******* уурлаж “үгүй, надад мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэгвэл чи надад ядаж 30,000 төгрөг өгчих, үлдэгдлийг нь би хийчихье” гэхэд ******* “үгүй, би машиндаа бензин хиймээр байна” гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Түүний дараа ******* орон дээр доошоо хараад хэвтэж байсан ба “би гялс явчхаад ирье, чи мөнгө өгчхөөч дээ” гэхэд ******* уурлаж орноосоо босож ирээд “би энэ гэрт ганцаараа амьдардаггүй, чи ямар ядаргаатай П вэ” гээд миний баруун гар луу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би өөдөөс нь эсэргүүцэхэд ******* шууд намайг түлхэж унагаагаад дээрээс гараараа цээж, зүүн мөр лүү цохиод байсан бөгөөд мөн хөлөөрөө баруун бугалга, өвдөг хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгээд би айгаад нүдээ аниад толгойгоо хамгаалаад байж байтал манай нэг настай хүүхэд орилохоор нь би шууд босоод хүүхдээ авсан. Тэгээд би “чамд зодуулж ингэж амьдарч чадахгүй” гээд гал тогоо руу орсон. Тэгтэл ******* “би чамаас хүүхдээ авч байж сална” гээд хүүхдээ булаацалдаад надаас хүүхдээ авсан ба ******* миний толгой руу 4-5 удаа цохисон, намайг хөлөөрөө хавирч унагаасан. Тэгээд бид хоёр маргалдсан ба би шууд орц руу гараад орилоод “чи хүнийг арай ч ингэж зодож цохиж болохгүй” гэхэд ******* “чи гэртээ орооч” гээд бид хоёр маргалдсан. ...би гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 13 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 12589 дугаартай: “...А.Анар-Эрдэнийн биед хавирга хоорондын мэдрэлийн өвдөлт, цээжний зөөлөн эдийн гэмтэл, зүүн мөр, баруун бугалга, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд тухайн үед үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би эхнэр *******тэй 2022 оноос хойш цуг амьдарч байгаа бөгөөд дундаасаа нэг хүүхэдтэй юм. 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би гэртээ эхнэр Анар-Эрдэнийн хамт байж байсан. Тухайн үед миний биеийн байдал жаахан тааруу халуураад хэвтэж байсан ба манай эхнэр надаас мөнгө нэхээд намайг амар тайван байлгахгүй байсан ба бид хоёр түүнээс болж маргалдсан. Улмаар би уурлаж Анар-Эрдэнийн баруун гар луу нэг удаа цохисон ба дараа нь түлхэж унагаагаад цээж, мөр хэсэг рүү нь цохисон. Тэгтэл ******* “би хүүхдээ аваад явлаа” гээд гэрээс гарах гээд байсан бөгөөд бид хоёр хүүхдээ булаацалдаад маргалдсан. Түүний дараа би Анар-Эрдэнийн толгой руу 4-5 удаа цохиж, дараа нь хөлөөрөө хавирч унагаасан бөгөөд ******* хавиргаараа ширээний булан мөргөөд унасан. Тэгээд бид хоёр дахин барьцалдаж аваад би Анар-Эрдэнийн өгзөг рүү нь 2-3 удаа цохисон бөгөөд бид хоёр маргалдаж байгаад би гэрээс гараад явсан юм. Түүний дараа би буцаад орой гэртээ иртэл цагдаа нар ирсэн байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар хуудас), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 47 дугаар хуудас) зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Улсын яллагч “шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 15:00 цагийн үед ,, тоотод байрлах гэртээ эхнэр А.*******тэй “мөнгө нэхлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар гар, зүүн мөр, цээж, толгой хэсэгт гараараа цохих, хөлөөрөө баруун бугалга, өвдөг хэсэгт өшиглөх, хавирч унагах зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хавирга хоорондын мэдрэлийн өвдөлт, цээжний зөөлөн эдийн гэмтэл, зүүн мөр, баруун бугалга, баруун өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч А.Анар-Эрдэнийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 12589 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-д заасан хөнгөн зэргийн хохирлыг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.
Харин энэ гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх шинж болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг; “хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус тус ойлгоно.
Шүүгдэгч Б.*******, хохирогч А.******* нар гэр бүл болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байх ба хохирогч А.Анар-Эрдэнийн эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.*******ын хууль бус үйлдэл болох цохих, өшиглөх, хавирч унагаснаас үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь бусдын бие махбодод халдвал хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.*******ын өөрийн эхнэр болох А.Анар-Эрдэнийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Иймд шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.
Хохирогч А.******* нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлын баримт гаргаж өгөөгүй тул уг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.*******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрх нээлттэйг дурдах нь зүйтэй.
Иргэний хуульд зааснаар хүний сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээдэг.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ...Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т ...заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, дээрх бүлэгт заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулсан байна.
Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлтийг шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хуульд заасан бөгөөд хохирогч А.Анар-Эрдэнийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй буюу шинжээчээр дүгнэлт гаргуулаагүй байх тул сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Улсын яллагч “Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч А.Анар-Эрдэнийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийт 194,682 төгрөг зарцуулсан, энэ зардлыг буцаан төлүүлэх тухай” нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг баримтлан гаргасан байна.
Иргэний нэхэмжлэгч гэж гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг хэлэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоосон шийдвэр гаргаж, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах учиртай.
Хавтаст хэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч А.Анар-Эрдэнийн эмчилгээ, үйлчилгээнд зарцуулсан 194,682 төгрөгийн баримт авагдсан боловч холбогдох этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, эрх, үүрэг танилцуулан мэдүүлэг аваагүй, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй буюу энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул улсын яллагчийн дээрх үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Б.******* “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч Б.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон дээр дурдсан нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.*******ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.
Шүүгдэгч Б.*******ын хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогтын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.*******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМДАВАА