Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2021/03123/И |
Дугаар | 101/ШШ2021/04229 |
Огноо | 2021-12-15 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2021/04229
2021 12 15 | 101/ШШ2021/04229 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.С-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш.М-т олбогдох,
24,875,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, хариуцагч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Ш.М нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр С.С-с 3,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлж авсан. Дараа нь цувуулах байдлаар 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 05 дугаар сарын 13-ны өдөр 1,500,000 төгрөг, 05 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 05 дугаар сарын 23-ны өдөр 550,000 төгрөг, 05 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг, 06 дугаар сарын 23-ны өдөр 2,500,000 төгрөг, 07 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөг, 07 дугаар сарын 02-ны өдөр 1,750,000 төгрөг, нийт 14,300,000 төгрөг зээлж авсан. Дээрх мөнгүүдийг зээлэх болгондоо 10 хувийн хүүг хүлээн зөвшөөрсөн. С.С мөнгө зээлэхдээ 10 хувийн хүүтэй гээд бичээд явуулдаг байсан. Анх 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлсэн 3,000,000 төгрөгт 2 сарын хүү 600,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөг болж байгаа юм. Мөнгөө өгөхгүй явж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлбөр барагдуулах хэлцэл хийсэн. Тухайн хэлцлээр 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш цувуулах байдлаар мөнгийг төлнө гэж заасан боловч мөн л төлөөгүй. Гэрээний доод хэсэгт хариуцагч Ш.М нь хэрвээ хугацаандаа өгөөгүй бол хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Зээлсэн нийт мөнгө 14,300,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг хасаад 11,300,000 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутмын 0.5 хувийг бодоход 1 хоног 56,500 төгрөг, хугацаа хэтэрсэн 150 хоногоор үржүүлэхэд 8,475,000 төгрөгийн алданги болно. Иймд Ш.Мээс 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 5,100,000 төгрөг, дараа нь зээлж авсан 11,300,000 төгрөг, түүний алданги 8,475,000 төгрөг, нийт 24,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.М шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Би анх С.Сэс 10 хувийн хүүтэй 3,000,000 төгрөг авсан, дараа нь цувуулж авсаар нийт 14,300,000 төгрөг авсан. Би хуулийн хүнээс зөвлөгөө авахад хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлэх боломж байдаггүй юм байна. Тухайн үедээ 10 хувийн хүүтэй мөнгө зээлнэ гээд бид хоёр нотариат дээр очсон. Би тухайн үед гэрээгээ огт уншаагүй, гарын үсгээ зур гэхэд нь шууд зурсан. С.Стэй 2021 оны 01 дүгээр сард тооцоо нийлсэн гэрээ хийсэн. Би 2020 оны 05 дугаар сараас хойш 18 удаагийн гүйлгээгээр 4,500,000 төгрөг төлсөн, дандаа дансаар өгсөн. С.С надаас 24,875,000 төгрөг нэхэмжилсэн. Миний хувьд ийм их өндөр хүү, алдангийг хууль бус гэж үзэж байна. Сүүлд С.Сд хандаж хоёулаа тохиролцъё, сард 300,000 төгрөг төлөөд явъя гэсэн боловч зөвшөөрөөгүй, хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэж хэлсэн. Миний хувьд авсан 14,300,000 төгрөгөөс төлсөн 4,500,000 төгрөгийг хасаад 9,800,000 төгрөг төлье гэж бодож байна. С.С нэхэмжлэлдээ огт мөнгө төлөөгүй гэж бичсэн байсан. Би дансаа шүүж үзэж байж 4,500,000 төгрөг төлсөн баримт гаргаж ирсэн гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Ш.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн 14,500,000 төгрөгөөс өөрийн төлсөн 4,500,000 төгрөгийг хасч үлдэх 9,800,000 төгрөгийг төлнө, хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.
Зохигчид 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, нэхэмжлэгчээс хариуцагчид 3,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ (хх-9).
Дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагчийн Хаан банкин дахь тоот дансанд 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Хаан банкин дахь дансны хуулгаар тогтоогдож байна (хх-3, 47).
Үүнээс гадна нэхэмжлэгчээс хариуцагчид 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 13-ны өдөр 1,500,000 төгрөг, 18-ны өдөр 500,000 төгрөг, 23-ны өдөр 550,000 төгрөг, 24-ний өдөр 1,500,000 төгрөг; 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 2,500,000 төгрөг; 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөг, 02-ны өдөр 1,750,000 төгрөг; нийт 11,300,000 төгрөг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, тэдгээрийн Хаан банкин дахь дансны хуулгаар тогтоогдож байна (хх-4-8, 48-55).
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба хариуцагч нь нэхэмжлэгчээс дээр дурдсан хугацаанд дурдсан хэмжээний мөнгө шилжүүлэн авснаа хүлээн зөвшөөрч маргаагүй.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор тус тус заасан тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэстэй.
Нэхэмжлэлд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн бичгийн зээлийн гэрээгээр зээлдүүлсэн 3,000,000 төгрөгт 2 сарын хүү 600,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөг, харин бусад 11,300,000 төгрөгт 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийг үндэслэн 150 хоногийн алданги 8,475,000 төгрөг тус тус тооцон нэхэмжилсэн.
Хариуцагчийн зүгээс 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 50,000 төгрөг, 28-ны өдөр 25,000 төгрөг; 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 100,000 төгрөг, 13-ны өдөр 150,000 төгрөг, 18-ны өдөр 75,000 төгрөг; 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 150,000 төгрөг; 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 08-ны өдөр 150,000 төгрөг, 11-ний өдөр 500,000 төгрөг, 17-ны өдөр 150,000 төгрөг, 24-ний өдөр 250,000 төгрөг, 29-ний өдөр 200,000 төгрөг; 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 05-ны өдөр 500,000 төгрөг, 25-ны өдөр 300,000 төгрөг; 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 250,000 төгрөг, 20-ны өдөр 550,000 төгрөг; 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 100,000 төгрөг; нийт 4,500,000 төгрөгийг зээлд төлсөн гэж тайлбарласан ба эдгээр төлбөр тооцоо түүний дансны хуулгаар баталгаажсан байна (хх-57-73).
Нэхэмжлэгч нь дээрх тооцоог хэсэгчлэн олгосон зээлийн хүүний төлбөр гэж маргаж байх боловч талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнээс өөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, нэхэмжлэгчийн зарим гүйлгээний утгад 10% гэсэн бичилт байх боловч үүнийг хүү гэж тусгаагүй, мөн нэхэмжлэгчийн шилжүүлсэн болон хариуцагчийн төлсөн үнийн дүн, хугацаа, давтамж, гүйлгээний утга зэргийг бүх талаас нь харьцуулан үзэхэд талууд хэсэгчлэн олгох зээлд хүү төлөхөөр тохирч, улмаар зээлдэгч хүү төлсөн гэж үзэх үндэслэл эргэлзээгүй байдлаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-43.1.3 дахь хэсэгт амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ: хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон; хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншсан зүйлийг олгосон; хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн гэж тус тус заасан ба зээлийн хүүтэй холбоотой ийм байдал хэргийн баримтаар тодорхойлогдоогүй.
Иймээс хариуцагчийн төлсөн 4,500,000 төгрөгийг зээлийн хүүнд тооцсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэстэй гэж үзэх боломжгүй байна.
Шүүх талуудын тайлбар, зээлийн гэрээ, төлбөр барагдуулах тухай хэлцэл, төлбөрийн баримтуудыг харьцуулан үзээд хариуцагчийн хүлээх үүргийг дор дурдсанаар тодорхойлох нь зүйтэй гэж дүгнэв.
1.2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр хүү, алданги тохирсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь тус гэрээгээр хүү, алданги төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Тодруулбал, уг зээлийн гэрээний хугацаанд төлөгдөх зээл 3,000,000 төгрөг, хүү 600,000 төгрөг (3,000,000*10%*2сар), нийт 3,600,000 төгрөгийг дараахь байдлаар зээлийн гэрээний хугацаанд буюу 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд 400,000 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрийн хугацаанд 3,200,000 төгрөг тус тус төлсөн байх боловч хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсэн байх тул дор дурдсанаар алданги 985,350 төгрөг тооцох үндэстэй. Үүнд:
- 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс дараагийн төлбөр хийсэн 07 дугаар сарын 24-ний өдрийн 32 хоногийн хугацаанд 512,000 төгрөг (3,200,000*0.5%*32),
- 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс дараагийн төлбөр хийсэн 08 дугаар сарын 07-ны өдрийн 13 хоногийн хугацаанд 198,250 төгрөг (3,050,000*0.5%*13),
- 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс дараагийн төлбөр хийсэн 08 дугаар сарын 08-ны өдрийн 1 хоногийн хугацаанд 12,750 төгрөг (2,550,000*0.5%*1),
- 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс дараагийн төлбөр хийсэн 08 дугаар сарын 11-ний өдрийн 3 хоногийн хугацаанд 36,000 төгрөг (2,400,000*0.5%*3),
- 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс дараагийн төлбөр хийсэн 08 дугаар сарын 17-ны өдрийн 6 хоногийн хугацаанд 57,000 төгрөг (1,900,000*0.5%*6),
- 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс дараагийн төлбөр хийсэн 08 дугаар сарын 24-ний өдрийн 7 хоногийн хугацаанд 61,250 төгрөг (1,750,000*0.5%*7),
- 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс дараагийн төлбөр хийсэн 08 дугаар сарын 29-ний өдрийн 5 хоногийн хугацаанд 37,500 төгрөг (1,500,000*0.5%*5),
- 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс дараагийн төлбөр хийсэн 09 дүгээр сарын 03-ны өдрийн 5 хоногийн хугацаанд 32,500 төгрөг (1,300,000*0.5%*5),
- 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс дараагийн төлбөр хийсэн 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2 хоногийн хугацаанд 8,000 төгрөг (800,000*0.5%*2),
- 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс дараагийн төлбөр хийсэн 09 дүгээр сарын 25-ны өдрийн 20 хоногийн хугацаанд 30,000 төгрөг (300,000*0.5%*20).
2.Мөн нэхэмжлэлд 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд шилжүүлсэн зээл нийт 11,300,000 төгрөгт төлбөр барагдуулах хэлцлийг үндэслэн 150 хоногийн алданги 8,475,000 төгрөг тооцон нэхэмжилсэн.
Талууд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлбөр барагдуулах хэлцэл бичгээр байгуулж, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлж авсан 15,500,000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөгийг төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.5 хувийн алданги хоног тутам төлөхөөр тохирчээ (хх-10).
Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан зохигчдын тайлбараас үзэхэд дээрх хэлцэл нь талуудын хооронд үүссэн зээлийн гэрээтэй холбоотой болох нь тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.
Харин уг хэлцэлд зээлийн дүнг 15,500,000 төгрөг гэж ямар тооцоогоор хэрхэн тусгаснаа нэхэмжлэгч тодорхой тайлбарлаагүй ба хариуцагчийн баримтаар 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 250,000 төгрөг, мөн 20-ны өдөр 550,000 төгрөг, нийт 800,000 төгрөг төлсөн болох нь нотлогдсон, хэлцэл байгуулах үеийн байдлаар зээлийн үлдэгдэл 10,500,000 төгрөг (11,300,000-800,000) байжээ.
Иймээс хэлцэлд 15,500,000 төгрөгийг 3 хуваан төлөхөөр тусгасныг баримтлах боломжгүй байх тул зээл төлөх сүүлийн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр тогтоосон байна гэж шүүх дүгнэв.
Хариуцагч зээлийн үлдэгдэл 10,500,000 төгрөгийг дээрх хугацаанд төлөөгүй байх тул хэлцэлд тусгагдсаны дагуу 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 35 хоногийн хугацаанд алданги 1,837,500 төгрөг (10,500,000*0.5%*35) төлөх үүрэгтэй байна.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 100,000 төгрөгийг зээлээс хасч тооцох нь зүйтэй.
Шүүх дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагчаас зээл 10,400,000 төгрөг (10,500,000-100,000), түүний алданги 1,837,500 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний алданги 985,350 төгрөг, нийт 13,222,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Мээс 13,222,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,652,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас илүү төлсөн 175 төгрөг, хариуцагч Ш.Мээс 224,064 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Сд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА