Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Ц.Урангуа, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Иргэдийн төлөөлөгч: Д.Батбаяр,

Шүүгдэгч: О.Ганхуяг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Очирбатын Ганхуягт холбогдох 201716010008 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овгийн Очирбатын Ганхуяг, 1959 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, энэ жил 58 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч, жолоочийн мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ “Монпорт” ХХК-ийн эзэмшлийн нүүрс тээврийн автомашиныг жолоодох ажил эрхэлж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Зээлийн 14 дүгээр гудамжны 46 тоотод оршин суух, 1988 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Зүүнбаян гарнизоны цэргийн тусгай шүүхийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 2, 292 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан. /Регистрын дугаар: ЦЗ59031375/

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

D:\Ajil\Shiitgeh togtool\2017 on\№33_2017_02_24_96.1_О.Ганхуяг.docx

Шүүгдэгч О.Ганхуяг нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуунсухайт боомтын ойролцоох нүүрс  тээврийн  зам  дээр  иргэн  Ж.Батжаргалтай гүйцэж түрүүлэх хөдөлгөөнөөс шалтгаалан хувийн таарамжгүй харьцааны улмаас марган, улмаар түүнийг 3 удаа хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Ганхуяг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 12 сарын 27-ны өдөр 4 пост өнгөрөөд нүүрсээ буулгах гээд хятадын хил рүү  явж байсан. Миний ард талын машин гүйцэд түрүүлэх гэж байсан. Хэн ч гэсэн гүйцэд түрүүлүүлэх дургүй байдаг. Би 40 литр түлш авсан байсан бөгөөд 20 литрийг хийчхээд дахиад 20 литрийг хийх санаатай машинаасаа бууж ирээд ундааны сав огтлох санаатай хутга барьж байтал арын машины залуу бууж ирээд та яагаад явж ядаад байгаа юм бэ? гэж хэлээд  маргалдсан. Батжаргал кабин руугаа гүйгээд бордок аваад ирсэн учир энэ залуу намайг зодож алах юм байна гэж бодоод би урагшаа машин руугаа гүйж байгаад гүйцэгдсэн. Батжаргал миний зүүн гарын дал руу нэг удаа цохиод дараа нь толгой руу цохихоор нь доошоогоо суусан. Батжаргал тэр үед барьж байсан бордокоо алдчихаад буцаж аваад намайг нүдээд байсан. Бид 2 зодолдож байгаад юу болсныг мэдээгүй. Нэг мэдсэн хохирогч миний дээр гарчихсан хоолой боож байсан. Хүмүүс ирээд энэ хүний хутгыг ав гэж хэлж байсан. Тухайн үед юу болсныг мэдэхгүй байна. Батжаргалд их зодуулсан. Очероос болж ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Миний буруу.  Дараа нь   Батжаргал бид 2 уулзсан. Батжаргал эмчилгээний зардал 2.500.000 төгрөг өгчих гэж хэлсэн бөгөөд би өгсөн. Манай эхнэр ажил хийдэггүй. Нурууны суулттай. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Одоо хутга гэж ярихаас айдаг болсон. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би бага насын 2 хүүхэдтэй манай эхнэр нурууны суулттай. Хохирогчтой эвлэрсэн учир надад хөнгөн ял оноож өгнө үү” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч В.Төгсбаяр: “Шүүгдэгч О.Ганхуяг нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуунсухайт боомтын ойролцоох нүүрс тээврийн зам дээр иргэн Ж.Батжаргалтай гүйцэж түрүүлэх хөдөлгөөнөөс шалтгаалан хувийн таарамжгүй харьцааны улмаас марган, улмаар түүнийг 3 удаа хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт нэг бүрчлэн судалсан. Иймд шүүгдэгч О.Ганхуягт  Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1  дэх хэсэгт зааснаар 5 жил 2  сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар  чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн  хорих ангид ял эдлүүлэх саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга, түүний өмсөж явсан 2 ширхэг өмд, цээжний рентгэн зураг, хохирогч Ж.Батжаргалын рентгэн зураг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй. Өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах саналыг тус тус оруулж байна” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгчийг хохирогч 3 удаа хутгалсан гэж бичсэн байдаг. Харин шинжээчийн дүгнэлтээс харахад 2 удаа хутгалсан гэж үзэж байгаа. Энэ хэргийг үйлдсэн гэдгээ миний үйлчлэгч хүлээн зөвшөөрдөг. ЭБШХ-ийн 80 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл гэж байх ёстой. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг ярих ёстой. Өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн 100 хувь буруутай үйлдлээс болж гэмт хэрэг гарсан гэж үзэж байгаа. О.Ганхуягийг хэн ч харсан настай хүн байгаа. Хохирогчийн хувьд настай хүн гэж хүндэтгэж урдуураа оруулах талаар бодох бус харин ч настай хүнийг дээрэлхэж доромжлох гэсэн бардам зан гаргасан байдаг. Хохирогч Батжаргалын мэдүүлэг байдаг. Үүнд урдах машинаа гүйцэж түрүүлэх гэхэд өмнөх машин хоёр гурван удаа шахаад намайг оруулаагүй гэж мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл намайг урдуураа оруулах ёстой гэж үзэн өөрөө бууж ирж хэрүүлэн өдөн түрүүлж цохиж авсан байдаг. Энэ гэмт хэргийн улмаас миний үйлчлүүлэгчийн бие тархи доргилт, 2 нүдний салстад цус хуралт, цус харвалт, зовхинд цус харвалт, хамар баруун зүүн хацар шанаа, баруун зүүн 1-р зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэх хөнгөн гэмтэл учирсан. Иймээс хохирогчийн буруугаас болж гэмт хэрэг болсон. Хохирол төлбөрийн хувьд хохирогч нь 2.500.000 төгрөгийг О.Ганхуягаас авсан болох нь хавтаст хэргийн 173-175 дугаар талд мөнгө шилжүүлсэн баримтуудаар бүрэн нотлогдож байгаа. Гэтэл хэрэг дотор хохирогч нь хэдэн төгрөгөөр ямар эмчилгээ хийлгэсэн баримт хавтаст хэрэгт огт байхгүй. Гэвч миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг хийсэндээ айж хохирогчийн нотлох баримтгүй зөвхөн амаар хэлсэн үнийг дүнгээр мөнгө өгсөн. О.Ганхуягийн хувийн байдлын талаар одоо 58 настай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг болох нь хавтаст хэргийн 90-91 талд Сонгино хайрхан дүүргийн засаг даргын тодорхойлолт, оршин суугаа газрын тодорхойлолт зэргээр нотлогдож байгаа. Одоо үед Улаанбаатар хотод 58 настай хүн ажил хийхэд хэцүү болсон. Дандаа нас, хүйс заасан байдаг. 6 нас хүрч байгаа хирнээ нүүрсний машин бариад ажиллаад явж байгаа нь хүнд юм. Ар гэр үр хүүхдүүдээсээ хол байдаг, ажиллах нөхцөл байдаг. Арга ядаад амьдарлаа авч явахын тулд нүүрсний машин барьж ажил хийж байсан. Статистикийн судалгаа байдаг Монголчуудын дундаж наслалт эмэгтэй 60, эрэгтэй 65 гэж үздэг. Гэтэл миний үйлчлүүлэгч нь 58 настай хүн хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзахаар заасан байдаг. Миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасны дагуу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан. Үйлдсэн гэмт хэргээ чинь санаанаасаа хүлээсэн. Хохирогч нь гомдолгүй гэсэн байдаг. О.Ганхуяг нь бага насны 2 хүүхэдтэй, эхнэр нь нурууны суулттай ажил хийдэггүй зэргийг харгалзан үзэж миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551  дэх заалтыг хэрэглэж шүүгдэгч О.Ганхуягт хөнгөн ял оногдуулж өгнө үү? гэж хүсэж байна“ гэв.

 Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хавтаст хэргийн 2 дугаар хуудаст/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 5-6 дугаар хуудаст/,

Хүний биед үзлэг хийх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудаст/,

Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /Хавтаст хэргийн 10 дугаар хуудаст/,

Эд зүйл хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /Хавтаст хэргийн 11-13 дугаар хуудаст/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 14-19 дүгээр хуудаст/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Батжаргалын өгсөн: “...Би одоо өмгөөлөгчгүйгээр байцаалт өгнө. ...Цагаан хаднаас урагш Хайрханы ойролцоо өдрийн 13 цагийн үед машинуудын очерт явж байгаад урдах машинаа гүйцэж түрүүлэх гэхэд өмнөх машин хоёр гурван удаа шахаад намайг урдаа оруулаагүй. Тэгээд машинууд урдах зайгаа нөхөөд зогссон. Би нөгөө ахын машины ард машинаа зогсоогоод машинаасаа буусан. Урдах машины жолооч ах хүү ч машинаасаа буугаад ирсэн. Тэгээд би урагшаа тэр ах руу дөхөж очоод бид хоёр тэр хүний машины чиргүүлийн хажууд уулзсан. “Та өөрөө урагшаа шахаад явахгүй байж намайг яагаад урдаа оруулчихгүй шахаад байгаа юм” гэж би хэлсэн. Тэр ах хүү “тэгээд чи яадаг юм миний машин хүч муутай явж болохгүй байна” гэсэн. Түүнээс болоод бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл тэр ах “Чи яадаг юм” гээд куртикнийхээ баруун халааснаас тэнийлгэсэн эвхдэг хутга гаргаж ирээд “чамайг шаачихна шүү” гээд над руу хутгаараа чичсэн. Тэгэхээр нь би намайг сүрдүүлж байна гэж ойлгоод буцаж өөрийнхөө машин руу гүйгээд кабинаасаа лапаткаа авсан. Тэр үед ах хүү миний машины урд хүрээд ирсэн. Би тэр хүний хутгатай гарлуу лапаткаараа цохих гээд хий цохиод лапаткаа газар унагасан. Тэгээд би өвгөний мөрөн дээрээс хоёр гараараа бариад авсан. Тэр хүн баруун гартаа барьсан хутгаараа миний зүүн гарын тохой руу эхлээд нэг удаа хатгасан, дараа нь зүүн суганы доод руу дахин нэг хатгасан. Би өвгөнийг урдуураа татаад дөрвөн хөллүүлээд араас нь мөрөн дээр нь дарсан. Өвгөн буруу харсан чигтээ баруун гартаа барьсан хутгаараа салтаан доогуураа болон баруун талаараа ард байгаа намайг хутгалах гээд чичээд байсан. Би өвгөнийг дээрээс нь дараад зам дээр хэвтүүлж хоёр гарыг нь хорьж байж байгаад урд машины жолооч нарыг дуудсан. Тэгэхэд Мөнгөнхүү /надаас 2-оос 3 машины урд өөр нэг нүүрсний машин жолоодож явсан манай хүргэн болох хүн/ ганцаараа гүйж ирэхээр нь “хутгыг нь салгаад аваатах, ах нь хоёр гурав шаалгачихлаа” гэж хэлсэн. Мөнгөнхүү өвгөний гараас хутгыг салгаж аваад замын зүүн талын харалдаах шорооны хөвөө рүү шидсэн. Тэгээд би эхэлж босоод өвгөнийг газраас боссон. Өвгөн босоод ирэхээр нь хутгалуулсандаа уур хүрээд түүний нүүрлүү би баруун гараараа нэг удаа цохьсон. Өвгөн надад цохиулчихаад машиныхаа дэргэд очоод зогссон. Удалгүй манай бас нэг хүргэн болох Баяржаргал гүйгээд ирсэн. Би хутгалуулчихлаа гэдгээ хэлээд такси олоотох цус гараад байна гэсэн. Тэд Говийн замын пикапыг дуудаж ирүүлээд намайг хутгалсан өвгөн бид хоёрыг суулгаад 4-р пост руу авч очоод өвгөнийг тэнд буулгаж үлдээгээд намайг Ханбогдын эмнэлэг хүргэхээр авч явсан. ...Тохойны орчимд хутгалагдсан гэмтэлдээ Ханбогдын эмнэлэгт оёдол хийлгэсэн. Суганы доорх гэмтэл нилээд том шарх үүсгэсэн гэмтэл байсан. Түүнд эхэлж оёдол тавьсан боловч цус бүлэгнээд байсан тул дахин задалж цэвэрлэж, дахин оёдол тавьсан. Энэ хоёр шархнаас өөр гэмтэл надад учраагүй. Тэр өвгөн намайг хутгалж эдгээр гэмтлийг надад учруулсан. ...Яг эхний маргаж муудалцаж намайг хутгалж гэмтээх үед бид хоёроос өөр хүн тэр орчимд байгаагүй. ...Би түүнийг хөөгөөгүй. Би лапатка барьсан байсан боловч нэг удаа хутгатай гарлуу нь хальт цохиод лапаткаа газар унагачихсан. Түүнээс хойш би лапаткыг бариагүй. Лапаткаар О.Ганхуягийг цохиж гэмтээгээгүй. Тэр хүний нүүрэнд учирсан гэмтлийг би гараараа цохиход учирсан байх гэж бодож байна. Харин тэр хүний хөлд хутгаар үүсгэгдсэн байж болох гэмтлүүд учирсан бол надтай ноцолдох явцдаа тэр ах хүү өөрийгөө хутгалсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 23-26 дугаар хуудаст/,

Мөрдөн байцаалтын шатанд О.Ганхуягийн хохирогчоор өгсөн: “...Би хохирогчийн мэдүүлгийг өмгөөлөгчгүйгээр өгнө. ...Өмнө нь тэр жолооч миний хажуугаар урд орох гээд байхаар нь оруулаагүй юм. Түүнээс болоод их уурласан шинжтэй байсан. Би тэр үед бронк хийх гээд нэг гартаа хутга, нөгөө гартаа ундааны хоосон сав барьчихсан зогсож байсан. Тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдэж муудалцаад Батжаргал машин руугаа гүйгээд явсан. Жолооч талын хаалгыг нээгээд лапаткаа бариад над руу ирэхээр нь би урагшаа зугтаж гүйгээд өөрийнхөө урд байсан машины кабины хажууд шахуу очоод Батжаргалд гүйцэгдсэн. Батжаргал лапаткаараа миний зүүн талын далны орчимд нэг удаа цохьсон. Дахиад толгой руу цохих гэхээр нь би суугаад булттал Батжаргал лапаткаа алдаад газар унагасан. Тэгснээ дахин лапаткаа аваад намайг цохиж эхэлсэн. Их зэрлэг хүн байсан. Тэгээд хоорондоо зодолдож байгаад би гартаа барьсан хутгаараа Батжаргалыг нэг удаа хатгасан. Хаана нь хатгаснаа одоо санахгүй байна. Тэгээд дараа нь юу болсныг мэдээгүй шоконд орж байгаад сэргэхэд Батжаргал миний дээр хэвтчихсэн, лапаткаараа миний хоолойг боогоод байж байсан. Тэр үед урдаас нэг хүн ирж, надаас хутга аваад биднийг салгасан. Түүнээс хойш Батжаргал бид хоёр бие биенээ цохиж зодсон ямар ч асуудал болоогүй. Замын пикапыг тэнд байсан жолооч нар дуудсан. Тэгээд Батжаргал бид хоёрыг суулгаад 4-р пост орсон. Тэнд намайг үлдээгээд Батжаргалыг Ханбогд руу эмнэлэг рүү аваад явсан. ...Тэр хоёр зүсэгдсэн шархыг хэн юугаар учруулсныг би мэдэхгүй байна. Гэхдээ хутга надаас салаагүй учраас Батжаргалтай ноцолдох явцдаа би өөрийгөө хатгачихсан байж магадгүй. ...Тэр намайг өөрийнхөө машины дэргэд юм хийж байхад анх ирж хэрүүл өдсөн. Өөрөө намайг лапатка барьж хөөсөн, гүйцэж ирээд төмөр лапаткаар намайг хайр найргүй цохиж зодсон. Тэр намайг бодвол хүч чадалтай бие хараа сайтай нас залуу бөгөөд их догшин авиртай хүн байсан. Би ингээд л хүнд алуулдаг юм байж гэж бодсон. Тэгээд  нэг мэдэхэд түүнийг хутгалсан байсан. Айж цочирдсондоо хаана нь яаж хутгалснаа мэдээгүй. Тэгээд нэг мэдэхэд би газарт унаад тэр миний дээр гарчихсан лапаткаараа миний хоолойг боож шахаад байж байсан юм. ...Хэргийн материалтай танилцана.  Шүүх хуралд оролцоно...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудаст/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Баяржаргалын өгсөн: “...Мөнгөнхүү над руу утасдаад хөөе Баяраа хүрээд ирээ, энд Батаа ахыг нэг хүн хутгалчихсан байна гээд ярихаар нь би машинаасаа бууж хаалгыг нь түгжчихээд хойшоо гүйсээр арав гаруй машины ард очиход Батаа ах “намайг хутгалчихлаа” гээд хоёр гараараа зүүн суганы доохноо дарчихсан зогсож байсан. Би хэн хутгалчихсан юм гэхэд урдахь машины хажууд зогсож байгаа хар ноосон малгайтай өвгөжөөр хүнийг Батаа ах заасан. Тэр хүн нь өөрийнхөө жолоодож яваа машиныхаа дэргэд бололтой зогсож байсан. Батаа ахын дэргэд Мөнгөнхүү оччихсон байсан. ...Батаа ахын гарыг дагаад цус гоожоод байхаар нь эмнэлэг хүргэх гээд унаа хайтал Говийн замын пикап явж харагдахаар нь даллаад дуудтал машин хүрээд ирсэн. ...тэр ажилтан Батаа ахыг нөгөө хутгалсан гэх хүнтэй нь цуг машиндаа суулгаад аваад явсан. ...Батаа ах ёолсон өвдсөн байдалтай байсан. Тэд болсон явдлын талаар нэг их юм яриагүй. Тэр хүн намайг хутгалсан гээд өвгөжөөр хүнийг зааж хэлж байсан. Тэр өвгөн ч олон юм ярихгүй байсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 30-32 дугаар хуудаст/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Баянжаргалын өгсөн: “...Ах маань ч гэсэн манай ах дүү нар биеэ дааж өөр өөрийгөө авч явдаг ажилчин, малчин гаралтай хүмүүс байгаа юм. Ах маань хүүхэд байхдаа барилддаг байсан. Сүүлийн үед бага насны хоёр хүүхэд, эхнэрийн хамт амьдарч байгаа бөгөөд Өмнөговьт нүүрсний машин барих ажил хийж байсан юм билээ. Хааяа ахтайгаа ярихад том машин бариад нүүрс зөөдөг, түүгээрээ амьдрал ахуйгаа болгоод байдаг гэж ярьдаг байсан. Бид тус тусдаа ажил төрөлтэй амьдрал ахуй тусдаа болохоор тэр болгон уулзаад байдаггүй юм...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудаст/,

Мөрдөн байцаалтын шатанд  гэрч М.Гансүхийн өгсөн: “...Өдрийн 13 цагийн үед 126 дахь км-ийн тойрдог хэсэг дээр машинуудын очерийн дэргэдээс хоёр хүн даллаад дуудахаар нь би машинтайгаа яваад очсон. Тэр хүмүүс энд хүн хутгалуулчихлаа гэхээр нь тэднийг дагаад тойргоос хойш чиглэлд 200 орчим метрт яваад очтол 35 орчим насны эрэгтэй хүн хутгалуулсан гээд нүүрсний машинуудын голд зүүн суга орчимдоо гараараа дараад гэдийгээд зогсож байсан. Би машинаас буугаад юу болсон юм гэж асуухад тэнд байсан хүмүүс энэ хүнийг тэр хүн хутгалчихсан гэж хэлсэн. Хүн хутгалсан гэх 50 орчим насны хар өнгийн ноосон малгай бор куртиктэй өвгөжөөр хүн хутгалуулсан гэх хүний урдханд машины дэргэд зогсож байсан. Хутгалуулсан хүний биеийн байдал сайнгүй байх шиг байхаар нь би “машинд суучих эмнэлэгт хүргэе” гэж хэлээд машиндаа суулгасан. Тэгээд “хүн хутгалсан хутга чинь хаана байна” гэж өвгөжөөр хүнээс асуухад хажууд байсан хүн “тийш нь хутгыг нь шидчихсэн” гэхээр нь би хутгыг нь хүнээр олуулж очиж харахад замын зүүн тал руу шуудууны цаад руу шидчихсэн байсан. /Сүүлд цагдаа ирээд хэргийн газрын үзлэг хийхэд нь хутгыг би зааж өгсөн/, ...Тухайн үед харахад нүүрэндээ цохиулсан юм болов уу гэмээр зүүн хацар орчим нь бага зэрэг хавдсан харагдаж байсан. Өөр мэдэгдэх зүйл байгаагүй. Сүүлхэнд тэр хүн хөлдөө хутганы шархтай байсан гэж би сонссон болохоос өөрийн нүдээр хараагүй. ...Би тэр орчимд лопатка байсан эсэхийг анзаарч хараагүй. Тухайн үед гэмтсэн хүнийг эмнэлэгт хүргэх, хутгалсан хүнийг алдчихгүй байх, хутгыг нь олоод авья гэж тэдгээрт анхаарлаа хандуулсан байсан болохоор бусад зүйлсийг сайн анзаараагүй. Би өмнө нь эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан болохоор ямар ч байсан хутгалсан хүнийг алдчихгүй байя гэж бодсон. ...Тухайн үед тэднийг аль аль эрүүл байна гэж би бодсон...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 35-37 дугаар хуудаст/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мөнгөнхүүгийн өгсөн: “...Би жолооныхоо ард суугаад сонин уншиж байгаад толиндоо хартал миний машины арын машины дэргэд засмал зам дээр хоёр эрэгтэй ноцолдож байсан. Би түүнийг харангуутаа машинаас буутал Батжаргал нэг танихгүй ах хүүг зам дээр хэвтүүлчихсэн араас нь хоёр мөрөн дээр нь дараад босгохгүй байсан. Би наанаас нь гүйгээд очтол ахыг нь хутгалчихлаа гэж Батжаргал хэлсэн. Би юу яасан юм гэхэд “гаранд нь хутга байгаа салгаад аваатахаач” гэхээр нь би өвгөний гарлуу хартал гарт нь хутга харагдсан. Би хутгыг харчихаад шууд салгаад авч чадаагүй, жаахан айсан. Батжаргал салгаад аваатахаач гээд дахиад хэлэхээр нь өвгөний хутгатай гар дээр нэг гараараа дарж байгаад нөгөө гараараа хутгыг нь салгаж аваад зүүн урагшаа чигт 10 орчим метр зайд замын зүүн талын шуудууны цаадах шороон даланг давуулаад шидчихсэн. Түүний дараа би ноцолдож байгаа хоёрыг салгаад хоёр тийш нь болгосон. Батжаргал ах футболкоо сөхөөд энэ рүү хутгалчихлаа гэж надад харуулсан. Түүний зүүн суганы доохно хутгалуулсан шарх байсан. Шархнаас нь цус гарч байсан. Би цусыг нь хараад сандраад биднээс урагш арваас хорь орчим машины урд явсан Батжаргалын хүргэн Баяраа руу утасдаж “Батжаргал ах чинь хутгалуулчихлаа хүрээд ир” гэж дуудсан. Түүнийг ирэхээр нь би тэнд үлдээгээд 500-аад метрийн зайтай явсан хөдөлгөөн зохицуулж байсан пикапны хүнийг дуудаж ирүүлсэн. Тэр хүн ирээд хутгалсан, хутгалуулсан хоёр хүнийг аваад явсан. Хутга нь хаана байна гэхээр нь би хутгыг хаана байгааг нь зааж өгсөн. Тэгээд би тэднийг явуулчихаад өөрийнхөө машиныг унаад урагшаа явсаар хил нэвтрээд хятад руу орсон. Дараа нь юу болсныг хэлж мэдэхгүй байна. ...Миний машины арын машины зүүн талд тэр машины гол хавьд Батжаргал нөгөө жолоочийг газарт хэвтүүлээд дарчихсан байхыг нь анх харсан. Түүнээс өмнө яаж ноцолдсон хэн нь хэнийгээ хутгалсан талаар надад харсан зүйл байхгүй. ...Бор эрээн иштэй эвхдэг хутга байсан. ...Нэг нь зам хаалаа, нөгөөх нь урдуураа оруулахгүй гэснээс болоод л анх маргаан үүссэн гэж яригдаж байсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудаст/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Мягмарсүрэнгийн өгсөн: “...15-16 цагийн үед байх миний ойролцоо явж байсан танихгүй жолооч нар “хойно гурван байшинтын тэнд хоёр жолооч очероос болоод нэгнийгээ хутгалсан гэнээ” гэж хоорондоо ярилцаж байхыг л сонссон. Одоо хэн гэдэг жолооч тийм зүйл ярьсныг би санахгүй байна. ...Тэр орчимд хэсэг хугацаанд зогсох нь зогссон. Тэр үед миний ард урд ямар өнгөтэй хэд гэсэн дугаартай машинууд байсныг анзаарч хараагүй. ...Ер нь тухайн зам дээр жолооч бүр урдаа машин оруулах дургүй байдаг. Хол замд адилхан ядраад явж байж нэгнийхээ урдуур дайраад ороход ямар ч жолооч дуртай байдаггүй юм...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 42-43 дугаар хуудаст/,

Шинжээчийн 3, 13, 281, 78, 1305, 52, 469 дугаар дүгнэлтүүд /Хавтаст хэргийн 45, 49, 61-62, 64-65, 71, 75, 160-161 дүгээр хуудсуудад/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол, эд мөрийн баримт /Хавтаст хэргийн 136 дугаар хуудаст/,

Шинжээчийг байцаасан тэмдэглэл /Хавтаст хэргийн 76-77 дугаар хуудаст/, бусад баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч О.Ганхуяг нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуунсухайт боомтын ойролцоох нүүрс тээврийн зам дээр иргэн Ж.Батжаргалтай гүйцэж түрүүлэх хөдөлгөөнөөс шалтгаалан хувийн таарамжгүй харьцааны улмаас марган, улмаар түүнийг 3 удаа хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 5-6 дугаар хуудаст/, Хүний биед үзлэг хийх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудаст/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 14-19 дүгээр хуудаст/, хохирогч Ж.Батжаргалын өгсөн “Би нөгөө ахын машины ард машинаа зогсоогоод машинаасаа буусан. Урдах машины жолооч ах хүү ч машинаасаа буугаад ирсэн. Тэгээд би урагшаа тэр ах руу дөхөж очоод бид хоёр тэр хүний машины чиргүүлийн хажууд уулзсан. “Та өөрөө урагшаа шахаад явахгүй байж намайг яагаад урдаа оруулчихгүй шахаад байгаа юм” гэж би хэлсэн. Тэр ах хүү “тэгээд чи яадаг юм миний машин хүч муутай явж болохгүй байна” гэсэн. Түүнээс болоод бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл тэр ах “Чи яадаг юм” гээд куртикныхээ баруун халааснаас тэнийлгэсэн эвхдэг хутга гаргаж ирээд “чамайг шаачихна шүү” гээд над руу хутгаараа чичсэн. Тэгэхээр нь би намайг сүрдүүлж байна гэж ойлгоод буцаж өөрийнхөө машин руу гүйгээд кабинаасаа лапаткаа авсан. Тэр үед ах хүү миний машины урд хүрээд ирсэн. Би тэр хүний хутгатай гарлуу лапаткаараа цохих гээд хий цохиод лапаткаа газар унагасан. Тэгээд би өвгөний мөрөн дээрээс хоёр гараараа бариад авсан. Тэр хүн баруун гартаа барьсан хутгаараа миний зүүн гарын тохой руу эхлээд нэг удаа хатгасан, дараа нь зүүн суганы доод руу дахин нэг хатгасан. Би өвгөнийг урдуураа татаад дөрвөн хөллүүлээд араас нь мөрөн дээр нь дарсан. Өвгөн буруу харсан чигтээ баруун гартаа барьсан хутгаараа салтаан доогуураа болон баруун талаараа ард байгаа намайг хутгалах гээд чичээд байсан. Би өвгөнийг дээрээс нь дараад зам дээр хэвтүүлж хоёр гарыг нь хорьж байж байгаад урд машины жолооч нарыг дуудсан. Тэгэхэд Мөнгөнхүү /надаас 2-оос 3 машины урд өөр нэг нүүрсний машин жолоодож явсан манай хүргэн болох хүн/ ганцаараа гүйж ирэхээр нь “хутгыг нь салгаад аваатах, ах нь хоёр гурав шаалгачихлаа” гэж хэлсэн. Мөнгөнхүү өвгөний гараас хутгыг салгаж аваад замын зүүн талын харалдаах шорооны хөвөө рүү шидсэн” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудаст/, гэрч О.Баяржаргалын өгсөн “....Мөнгөнхүү над руу утасдаад хөөе Баяраа хүрээд ирээ, энд Батаа ахыг нэг хүн хутгалчихсан байна гээд ярихаар нь би машинаасаа бууж хаалгыг нь түгжчихээд хойшоо гүйсээр арав гаруй машины ард очиход Батаа ах “намайг хутгалчихлаа” гээд хоёр гараараа зүүн суганы доохноо дарчихсан зогсож байсан. Би хэн хутгалчихсан юм гэхэд урдахь машины хажууд зогсож байгаа хар ноосон малгайтай өвгөжөөр хүнийг Батаа ах заасан. Тэр хүн нь өөрийнхөө жолоодож яваа машиныхаа дэргэд бололтой зогсож байсан.Батаа ахын дэргэд Мөнгөнхүү оччихсон байсан. ...Батаа ахын гарыг дагаад цус гоожоод байхаар нь эмнэлэг хүргэх гээд унаа хайтал Говийн замын пикап явж харагдахаар нь даллаад дуудтал машин хүрээд ирсэн” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 30-32 дугаар хуудаст/, гэрч М.Гансүхийн өгсөн “...Өдрийн 13 цагийн үед 126 дахь км-ийн тойрдог хэсэг дээр машинуудын очерийн дэргэдээс хоёр хүн даллаад дуудахаар нь би машинтайгаа яваад очсон. Тэр хүмүүс энд хүн хутгалуулчихлаа гэхээр нь тэднийг дагаад тойргоос хойш чиглэлд 200 орчим метрт яваад очтол 35 орчим насны эрэгтэй хүн хутгалуулсан гээд нүүрсний машинуудын голд зүүн суга орчимдоо гараараа дараад гэдийгээд зогсож байсан. Би машинаас буугаад юу болсон юм гэж асуухад тэнд байсан хүмүүс энэ хүнийг тэр хүн хутгалчихсан гэж хэлсэн. Хүн хутгалсан гэх 50 орчим насны хар өнгийн ноосон малгай бор куртиктэй өвгөжөөр хүн хутгалуулсан гэх хүний урдханд машины дэргэд зогсож байсан. Хутгалуулсан хүний биеийн байдал сайнгүй байх шиг байхаар нь би “машинд суучих эмнэлэгт хүргэе” гэж хэлээд машиндаа суулгасан.” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 35-37 дугаар хуудаст/, гэрч Б.Мөнгөнхүүгийн өгсөн “...Би жолооныхоо ард суугаад сонин уншиж байгаад толиндоо хартал миний машины арын машины дэргэд засмал зам дээр хоёр эрэгтэй ноцолдож байсан. Би түүнийг харангуутаа машинаас буутал Батжаргал нэг танихгүй ах хүүг зам дээр хэвтүүлчихсэн араас нь хоёр мөрөн дээр нь дараад босгохгүй байсан. Би наанаас нь гүйгээд очтол ахыг нь хутгалчихлаа гэж Батжаргал хэлсэн. Би юу яасан юм гэхэд “гаранд нь хутга байгаа салгаад аваатахаач” гэхээр нь би өвгөний гарлуу хартал гарт нь хутга харагдсан. Би хутгыг харчихаад шууд салгаад авч чадаагүй, жаахан айсан. Батжаргал салгаад аваатахаач гээд дахиад хэлэхээр нь өвгөний хутгатай гар дээр нэг гараараа дарж байгаад нөгөө гараараа хутгыг нь салгаж аваад зүүн урагшаа чигт 10 орчим метр зайд замын зүүн талын шуудууны цаадах шороон даланг давуулаад шидчихсэн.” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудаст/, гэрч С.Мягмарсүрэнгийн өгсөн “....15-16 цагийн үед байх миний ойролцоо явж байсан танихгүй жолооч нар “хойно гурван байшинтын тэнд хоёр жолооч очероос болоод нэгнийгээ хутгалсан гэнээ” гэж хоорондоо ярилцаж байхыг л сонссон” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 42-43 дугаар хуудаст/, Шинжээчийн 3, 13, 281, 78, 1305, 52, 469 дугаар дүгнэлтүүд /Хавтаст хэргийн 45, 49, 61-62, 64-65, 71, 75, 160-161 дүгээр хуудсуудад/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /Хавтаст хэргийн 76-77 дугаар хуудаст/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, прокурорын хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь 2.500.000 төгрөгийг хохирогчийн хохирол төлбөрт өгсөн бөгөөд хохирогч нь хохирлын талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй ба гомдол саналгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул түүнийг учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Тухайн хэрэгт хүндрүүлэх үндэслэл тогтоогдсонгүй ба шүүгдэгч О.Ганхуягт ял оногдуулахдаа хохирлыг бүрэн барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон түүний хувийн байдал зэргийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдал болгож, Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д зааснаар хуульд зааснаас доогуур ял оногдуулж, ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч О.Ганхуягийн 1 ширхэг хутга, түүний өмсөж явсан 2 ширхэг өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, цээжний рентгэн зураг 1 ширхэг, хохирогч Ж.Батжаргалын рентгэн зураг 4 ширхэг зэргийг хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч  Боржигин овогт Очирбатын Ганхуягийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ганхуягийг  3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг баримтлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ганхуягт оногдуулсан 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ганхуяг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга, түүний өмсөж явсан 2 ширхэг өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч О.Ганхуягийн цээжний рентгэн зураг 1 ширхэг, хохирогч Ж.Батжаргалын рентгэн зураг 4 ширхэг зэргийг хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ганхуягт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.БАТТУЛГА

                ШҮҮГЧИД                                            Ц.УРАНГУА

                                                                                    З.ТӨМӨРХҮҮ