Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар  128/ШШ2022/0464

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, иргэн С.О****ийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл, тус зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан шалгалтын комисс, Төрийн албаны зөвлөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэл гаргагч С.О**** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт болон Салбар зөвлөлийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах, зохих журмын дагуу дахин зохион байгуулахыг даалгаж, Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Төрийн албаны зөвлөлд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гаргасан гомдлыг шийдвэрлээгүй үйлдлийг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу хариу өгч шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгч С.О**** 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан шалгалтын комиссын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт, уг сонгон шалгаруулалттай холбогдон гарсан шийдвэр болон Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан шалгалтын комиссоос 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр С.О***** намайг сонгон шалгаруулалтад оролцуулахаар шийдвэрлэсэн шийдвэрээ үндэслэлгүйгээр үгүйсгэж, шалгалт эхэлсний дараа оролцуулахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дахин зохион байгуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” гэжээ.

4. Нэхэмжлэгч С.О***** 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/95 дугаар тушаалаар Ш.О**** нь өөр шүүхийн Тамгын газарт шилжин ажиллахаар болсон буюу тус шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалын сүл орон тоо дахин гарч, дахин тусгай шалгалт зарлуулах үр дагавар үүссэн байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий албан тушаалын орон тоон дээр дахин тусгай шалгалт зарлуулах үр дагавар үүссэнээр миний нэхэмжлэлийн шаардлага хангагдсантай ялгаагүй үр дагавар үүссэн тул миний бие нь Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл, тус зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан шалгалтын комисс, Төрийн албаны зөвлөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргыг тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.

5. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл, тус зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан шалгалтын комисс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд С.O******гийн гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүхийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах чиг үүрэг бүхий шалгалтын комиссыг байгуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн захиалгаар удирдах албан тушаалын сул орон тооны бүртгэл 2022 оны 02 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд цахимаар явагдсан. Дээрх хугацаанд шалгалтад бүртгүүлэгч Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим системд хүсэлт, албан тушаалын тодорхойлолтод заасан холбогдох баримтыг бүрэн гүйцэт оруулах ёстой байсан.

Өөрөөр хэлбэл төрийн албаны зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 134 дүгээр тогтоолын хавсралтад Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтыг баталсан бөгөөд албан тушаалд тавигдах тусгай шаардлагад “ахлах түшмэлийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн байх” гэсэн шаардлага тавигдсан. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн С.О**** нь албан тушаалын тодорхойлолтод заасан ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх гэсэн хэсэгт ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй, холбогдох баримтыг хавсаргаагүй, хоосон ирүүлсэн бөгөөд мэргэшлийн талаарх мэдээлэлд Монгол-Японы төвийн бичээчийн сургалтад суусан гэснээс өөр мэдээллийг оруулаагүй байсан. Шалгалтын комисс бүртгэл дууссантай холбоотой Төрийн албаны тусгай шалгалт өгөх, болзол журмын 3 дугаар зүйлийн 3.3-т “...Комиссын хуралдааны шийдвэр тэмдэглэл хэлбэртэй байна...” гэж заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэлээр удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн шаардлага хангасан 4 албан хаагч, иргэдийн бүртгэлийг танилцуулан баталгаажуулсан.

С.О****гийн бүртгэлийг албан тушаалын тодорхойлолтод шаардлагыг хангаагүй буюу “Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаагүй болно” гэх үндэслэлээр 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг 38 минутад цуцалсан. С.О**** нь шалгалтын комисс руу 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр анкет цуцлагдсан төлөвт орсон талаар утсаар холбогдож “суралцаж байгаа талаарх тодорхойлолтыг нөхөж өгье” гэсэн тул Төрийн албаны тусгай шалгалт өгөх, болзол журмын 5.2-т “Комисс шаардлагатай гэж үзвэл баримт бичгийг магадлах зорилгоор нэмэлт материал шаардах, шалгах эрхтэй” гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд түүнээс Төрийн албаны тусгай шалгалт өгөх, болзол журмын 3 дугаар зүйлийн 3.2.2-т “анкет, холбогдох бусад материалыг цахимаар хүлээн авах, ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг хянах” гэж заасны дагуу ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж байгаа талаарх тодорхойлолтыг цахим хаягаар нөхөн авч бүртгэлийг дахин 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 17 цаг 40 минутад баталгаажуулсан. С.О**** нь комиссыг бүртгэсэн эсэх талаар надад огт мэдэгдээгүй байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд түүний дээрх үйлдлээр мэдсэн нь нотлогдож байна. Төрийн албаны тусгай шалгалт өгөх, болзол журмын 5 дугаар зүйлийн 5.3-д “...бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ...” гэж заасны дагуу комиссоос бүртгэсэн эсэх талаарх мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн цахим системд цуцалсан шалтгааны хамт оруулсан нь мэдэгдэх ажиллагааг хийсэн гэж үзнэ.

Ийнхүү Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим системд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын сул орон тоонд 2 албан хаагч, иргэн өрсөлдөхөөр бүртгэл баталгаажсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Удирдах албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтын шалгалтыг авч байх явцад С.О*****тай хамт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын сул орон тоонд бүртгүүлсэн Ш.О***** нь “С.Одмааг журам зөрчиж бүртгүүлсэн гэж үзэн шалгалтад орох эсэхийг шалган шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдлыг гаргасан. Шалгалтын явцад бүртгэлтэй холбоотой гомдол орж ирсэнтэй холбогдуулан Шалгалтын комисс шалгалтыг түр зогсоож, Ш.О*****-ийн гаргасан гомдлыг хэлэлцэж, Ш.О*****-г гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн. Шалгалтын комисс Төрийн албаны тусгай шалгалт өгөх, болзол журмын 5 дугаар зүйлийн 5.2-т “Комисс шаардлагатай гэж үзвэл баримт бичгийг магадлах зорилгоор нэмэлт материал шаардах, шалгах эрхтэй” гэж заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын сул орон тоонд бүртгүүлсэн С.О****, Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын сул орон тоонд бүртгүүлсэн М.Е***** нарыг бүртгэлд хамрагдсан оролцогчдын мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим системээс нягтлан шалгаж, бүртгэл хийж дууссаны дараа ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц цагийн сургалтын лавлагааг нэмж ирүүлсэн, өөрөөр хэлбэл сургалтад хамрагдаж төгсөөгүй, Ш.Отгонтуяагийн гомдол, С.O*****8-ийн “Шүүгчийн туслахын албан тушаалын тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагын тайлбар хэсгийг андуурч харсан байна. Мэргэшүүлэх багц сургалтын гэрчилгээг шаардлагагүй гэж андуурсан” мөн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлд гаргасан гомдолдоо “... Миний бие туслах түшмэлийн шалгалттай андуурч мэргэшүүлэх сургалтын материал өгөх шаардлагагүй гэж ойлгосон байсан...” гэх тайлбаруудыг үндэслэж, шалгалтыг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, хуралдааны тэмдэглэлд тусгаж С.О****, М.Е**** нарыг шалгалтаас гаргасан. Ш.О*****-ийн гомдол гаргах хугацаа дууссан хэдий ч шалгалтын комисс Төрийн албаны тусгай шалгалт өгөх, болзол журмын 5 дугаар зүйлийн 5.2-т заасан шалгах эрхийнхээ хүрээнд оролцогчдын мэдээллийг дахин нягтлан шалгаж гаргасан шийдвэр гэж үзэж байна.

Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн тусгай шалгалтын комиссын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар хуралдааны тэмдэглэлд “С.О*****: Шүүгчийн туслахын албан тушаалын тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагын тайлбар хэсгийг андуурч харсан байна” гэж хэлсэн нь өөрийн буруутай үйлдлийн улмаас бүртгэлд шаардлагатай байсан мэдээллийг бүрэн дүүрэн оруулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэгэнт С.О**** өөрийн буруутай үйлдлийн улмаас бүртгэлийн хугацаанд өөрөөс хамаарах мэдээлэл, баримтыг ирүүлээгүй түүнийгээ хүлээн зөвшөөрсөн учраас шалгалтын комисс С.О*****, М.Е***** нарыг оролцуулахгүйгээр шалгалтыг үргэлжлүүлсэн.

Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт нь Төрийн албаны тусгай шалгалт өгөх, болзол журмын 6, 7 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулагдсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын сул орон тоонд Ш.О***** ганцаараа өрсөлдсөн тул Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад дүрэм, журамд нийцүүлэн Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Ш.О*****г нэр дэвшүүлж, санал болгосон.

Шалгалтын комисс ажлын байранд тавигдах шаардлага хангасан эсэхийг хянах чиг үүрэг, шалгах эрхийнхээ хүрээнд удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд зохион байгуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6. Хариуцагч Төрийн албаны зөвлөл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3.2-т “Энэ журмын 1.3.1-д зааснаас бусад төрийн захиргааны албан тушаал удирдах, гүйцэтгэх, туслах/-ын шалгалтыг харьяалах салбар зөвлөл...” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс зарласан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад С.О нь оролцсон бөгөөд тус салбар зөвлөлөөс байгуулсан комисс шалгалтыг зохион байгуулдаг эрх зүйн зохицуулалттай. Журмын 3 дугаар зүйлд шалгалтын комиссын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхой зааж өгсөн. Тухайн комисс 2022 оны 02 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд оролцогчдын анкет, холбогдох бусад материалыг цахимаар хүлээн авах, ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг хянасан ба бүртгэл, зохион байгуулалттай холбоотой гомдлыг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд 8 дугаар зүйлийн 8.1-т “Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан болзол болон албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол тухайн иргэний шалгалтыг хүчингүй болгоно” гэж заасныг хэрэгжүүлэх эрхтэй юм.

Иймд иргэн С.О-аас гаргасан өргөдлийг шийдвэрлүүлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлд шилжүүлсэн” гэжээ.

7. Хариуцагч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У***** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор шүүхийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах чиг үүрэг бүхий шалгалтын комиссыг байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн захиалгаар удирдах албан тушаалын сул орон тооны бүртгэл 2022 оны 02 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд цахимаар явагдаж, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шалгалт зохион байгуулагдсан. Улмаар Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд Ш*****-ийн О****г томилуулахаар нэр дэвшүүлсэн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.3-д “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж тус тус заасны дагуу тус шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Ш.О*****-г Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилсон болно” гэжээ.

8. Гуравдагч этгээд Ш.О***** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Ш.О***** миний бие төрийн албанд 19 жил, Монгол Улсын татварын албанд 17 жил ажиллаж, сүүлийн 8 жил тасралтгүй татварын улсын ахлах байцаагч, тасгийн даргаар татварын албаны бүх хэлтэс, тасагт ажилласан туршлагатай төрийн албаны мерит зарчмаар өсөн дэвшиж ажиллах хүсэлтэй төрийн жинхэнэ албан хаагч юм.

Тухайлбал, төрийн албаны шалгалтыг 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өгч, 2006 оны 11 дугаар сарын 24-ний өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, ахлах түшмэлээр 8 жил, дэс түшмэл 11 жил, 2003 оноос 2004 онд Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичиг, нягтлан бодогч зэрэг ажил албан тушаалыг эрхэлж байсан. Ш.О***** миний бие хууль журмын дагуу зарлагдсан сул орон тоог нөхөх 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад орж, шалгалт хууль журмын дагуу болж дууссан болно.

Нэхэмжлэгч С.О**** нь төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын 5 дугаар зүйлийн 5.4. “Бүртгэлтэй холбоотой гомдлыг ажлын нэг өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд комисс уг гомдлыг ажлын гурав хоногийн дотор хянан эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бүртгэл бүртгэж дууссан, материал дутуу бол 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүсэлтээ гаргаж гурав хоногийн дотор эцэслэн шийдвэрлүүлж дуусах байсан.

Гэтэл 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бүртгэлтэй холбоотой асуудал шалгагдаад эцэслэн шийдвэрлэгдсэний дараа С.О*****-ийн анкет цуцлагдсан байсан. Энэ мэдээллийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хараад гомдол гаргасан гэж байгаа нь гомдлын хугацаа хоцроосон хууль зөрчсөн үйлдэл байна. Бүрдүүлэх материал бүрэн эсэхэд өөрөө хяналт тавьж дутуу өгсөн бол 1 хоногт хүсэлтээ өгөөд анкет шалгагдах 3 өдрийн хугацаанд дутуугаа бүрдүүлж өгөх байсан ба шалгалтын комисс шалгаж дуусаад бүртгэл эцэслэн шийдвэрлэгдсэн хойно хүсэлт гаргаж би андуурсан байна, одоо явуулъя гэж байгаа нь хууль журмыг зөрчсөн ёс зүйгүй үйлдэл болох нь илт харагдаж байна.

Ш.О***** миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлд, Төрийн албаны зөвлөлийн шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн шалгалтын комисст С.О****-ийн хугацаа хэтрүүлж хүсэлт гаргасан, материал дутуу өгсөн талаарх хоёр гомдлыг гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5. “Өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах” гэж заасныг үндэслэн өөрийн хууль ёсны эрх зөрчигдсөн гэж үзэж энэхүү гомдлыг гаргасан. Бүртгүүлэхтэй холбоотой гомдол биш тусгай шалгалт өгөх журамд заасан хугацаа хамаарахгүй болно. Бүх зүйл эцэслэн шийдвэрлэгдсэний дараа С.О*****-ийн анкет баталгаажуулсан шийдвэрээ цуцалсан нь шалгалтын комиссын эрхийн асуудал, буруу шийдвэр гаргаснаа залруулж болно. Энэ нь хууль журмын дагуу шалгалт өгч байгаа Ш.О***8 миний эрхийг зөрчих ёсгүй болно. С.О***** нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бүртгүүлэхдээ албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлага болох ахлах түшмэлийн сургалтад сууж төгссөн байх гэснийг хангаагүй мөн тусгай шалгалтыг туслах түшмэлийн шалгалттай андуурсан гэж өөрийн гомдолд тусгасан тухай Төрийн албаны зөвлөлийн шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот албан бичигт дурдсан байна. С.О**** нь өөрийн хариуцлагагүй ёс зүйгүй энэ үйлдэлдээ, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын дагуу ажлын байрны албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлагаа хангаад оролцсон Ш.О***** миний тусгай шалгалтад оролцож тэнцсэн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлттэй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэл гаргагч С.О*****-аас тус шүүхэд хандан,

Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл, тус зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан шалгалтын комисст тус тус холбогдуулан, “Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан шалгалтын комиссын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт, уг сонгон шалгаруулалттай холбогдон гарсан шийдвэр болон Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”, “Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан шалгалтын комиссоос 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр С.Одмаа намайг сонгон шалгаруулалтад оролцуулахаар шийдвэрлэсэн шийдвэрээ үндэслэлгүйгээр үгүйсгэж, шалгалт эхэлсний дараа оролцуулахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, дахин зохион байгуулахыг даалгах”;

Төрийн албаны зөвлөлд холбогдуулан, “Төрийн албаны зөвлөлд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гаргасан гомдлыг шийдвэрлээгүй үйлдлийг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу хариу өгч шийдвэрлэхийг даалгах”;

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан, “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлүүдийг гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасныг шүүхээс хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай   хуулийн  20  дугаар зүйлийн 20.1.1. “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2. “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасанд нэхэмжлэгчийн татгалзал нийцсэн буюу маргаанаа дуусгавар болгож, татгалзлаа бичгээр шүүхэд ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч С.О***** нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тэр дундаа гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй байх тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчийн зүгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

 Мөн нэхэмжлэгч С.О*****-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.О******-аас Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл, тус зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан шалгалтын комисст тус тус холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан шалгалтын комиссын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт, уг сонгон шалгаруулалттай холбогдон гарсан шийдвэр болон Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай”, “Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан шалгалтын комиссоос 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр С.О***** намайг сонгон шалгаруулалтад оролцуулахаар шийдвэрлэсэн шийдвэрээ үндэслэлгүйгээр үгүйсгэж, шалгалт эхэлсний дараа оролцуулахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, дахин зохион байгуулахыг даалгах тухай”, Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гаргасан гомдлыг шийдвэрлээгүй үйлдлийг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу хариу өгч шийдвэрлэхийг даалгах тухай”, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэн С.О****-ийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөл, тус зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан шалгалтын комисс, Төрийн албаны зөвлөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргад тус тус холбогдох 128/2022/0278/з индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү  шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                  У.БАДАМСҮРЭН