Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/333

 

2021               4               1                                        2021/ДШМ/0333                                 

 

Х.Бд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

НийслэлийнЭрүүгийнхэргийндавжзаалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

цагаатгагдсан этгээд Х.Б, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т, түүний өмгөөлөгч Ц.Монгол, Б.Наранцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч С.Базарханд, шүүгч Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/64 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцлээр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Х.Бд холбогдох эрүүгийн 2010000000713 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

         

 

          Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмэн хотхоны 43/Б байрны 12 давхарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Эыг 12 давхарын тагтнаас унагааж амь насыг нь хохироосон буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

             Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.         

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хунз овгийн Хосбаярын Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Х.Бийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Тийн нэхэмжилсэн 17,400,322 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн 2010000000713 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий хоёр ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, амь хохирогчийн эд зүйлс болох хар өнгийн оосортой, хар өнгийн жижиг цүнх нэг ширхэг, автобусны карт нэг ширхэг, Хаан банкны карт нэг ширхэг, шаргал өнгийн гинж нэг ширхэг, мөнгөн ээмэг хос нэг ширхэг, хар өнгийн Ай фоне 11 загварын гар утас нэг ширхэг, хар өнгийн дэлгэц нь нилэнхүйд хагарсан Самсунг загварын гар утас нэг ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Тт, AL9723026 дугаартай 5000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, AU7099116 дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, AU6008786 дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, AP3136406 дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, AQ0191307 дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, AP0123106 дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, AQ2232886 дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэгийг Х.Бд, PS2939295 дугаартай 10000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, AJ2293255 дугаартай 5000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, AV0333965 дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, LG загварын дэлгэц нь хагарсан цагаан өнгийн гар утас нэг ширхэгийг Ш.Тд тус тус буцаан олгож, нойтон салфетка нэг ширхэг, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл нэг ширхэг, дирол бохь дөрвөн ширхэг, чихэр нэг ширхэг, шүдний сойз нэг ширхэг, чихэвч нэг ширхэг, амны хаалт нэг ширхэг, уруулын будаг нэг ширхэг, ягаан өнгийн жижиг сав нэг ширхэг, порлон нэг ширхэг, хугарсан нүдний шил нэг ширхэг, Е баримт хоёр ширхэг, НӨАТ-ын баримт нэг ширхэг, TRUST гэсэн бичигтэй бэлгэвч задлаагүй нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн 2010000000713 дугаартай хэрэгт Х.Б нийт 59 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Бийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Тийн өмгөөлөгч .Наранцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Энэ нь шүүх Х.Бийн үйлдэл хөдөлбөргүй тогтоогдсонгүй гэх үндэслэлээр Х.Бд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэлээ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар харилцан зөрүүтэй нотлох баримтыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол гэх үндэслэлд амь хохирогч Б.Эы цогцост хийсэн үзлэгээр илэрсэн нүдэнд хурсан цус хуралтыг Шүүх эмнэлгийн шинжээчийн 486 дугаартай дүгнэлтээр /1хх 199/ баруун нүдний эргэн тойрон хүрэн улаан өнгийн цус хуралттай гэх байдал цогцосны үзлэгээр тогтоогдсоныг дүгнэлт гаргасан шүүх эмч н.Ганболд /1хх 208/ шинжээчийн мэдүүлэгтээ “... Нүдний цус хуралт гэмтэл нь нас барахын өмнө үүссэн шинэ гэмтэл. Энэ нь уналтаас үүсээгүй” гэжээ. Амь хохирогч Б.Эд энэ гэмтлийг хэн учруулсан болох, энэ нотлох баримтыг ямар үндэслэлээр үгүйсгэсэн тухай цагаатгах тогтоолдоо заасангүй. Гэтэл бодит байдалд /1хх 53, 56/ чатаар харилцсан мессежүүдээс харахад Х.Бийн хувьд талийгаачтай бэлгийн ажил хийх сонирхолтой байсан, Ш.Т шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэгт “... хаалга цоожтой байсан. түлхүүр нь Х.Бийн биед байсан. Х.Б Эыг гаргахгүй байсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Х.Бийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг “... Тг явуулах гээд гэрийнхээ үүдний хэсэгт байхад найзтайгаа маргалдсан бөгөөд энэ үед Энхлүү бид хоёрын хажууд ирэхээр нь би цаашаа байж бай гээд цаашаа түлхсэн. Тэгсэн над руу орилоод юм хэлээд байсан. Яг юу хэлснийг нь санахгүй байна. Хэсэг Ттэй маргалдаж байгаад Энхлүүн рүү харсан чинь гэрт байхгүй байсан ...” гэсэн мэдүүлэг, мөн гэрч Үын “... 11-12 цагийн орчим түс тас хийх чимээ 30 минут орчим болсон, би цагдаа дууддаг юм бил үү гэж бодсон ...” /1хх 85/, гэрч Ц.Огийн “түжигнэх, тавилга зөөгөөд байгаа юм шиг чимээ гараад амраахгүй байсан. Ямар нэг зүйл авч шидэж байгаа түс, тас хийх чимээ гараад байсан. “хөөе манайхан байна” гэж байсан. Архи ууж, хэрэлдэж маргалддаг айл” /1хх 83/ гэсэн мэдүүлэг зэргээс харахад талийгаачийн өндрөөс унаж барсан Х.Бийн түлхүүрээ авчихаад гэрээсээ гаргахгүй, түүнийг түлхэх, цохих ч үйлдэл хийсэн байсныг үгүйсгэхгүй. Үүнээс болж амь хохирогч  /энэ нь нүд рүү цохисон гэмтэл санаа цочирдож/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусад нөхцөл байдлын улмаас амиа хорлоход хүрсэн байж ч болзошгүй юм. Гэтэл энэ хэргийн үндэслэлгүйгээр цагаатган шийдвэрлэж байгаад туйлын их харамсаж байна. Амь хохирогч Б.Эыг гэрээсээ ямар байдалтай гарсныг ах, дүү нар нь гэрчлэн мэдүүлэхээс гадна шүүхийн байцаалтанд гэрч Ш.Т “Б.Э нь нүүр нүдэндээ ямар нэгэн гэмтэл байгаагүй” гэдгийг тодорхой мэдүүлдэг.

Шүүх эмнэлгийн шинжээчийн 8062 дугаартай дүгнэлтийн талаар шинжээч эмч П.Х “... Х.Бийн биед учирсан хүзүүний зулагаралт нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэсэн мэдүүлэг өгдөг бөгөөд энэ нь Х.Б нь амь хохирогчтой харилцан ноцолдсоны ул мөр гэж авч үзэхээс өөр аргагүй юм. Энэ дүгнэлтийг мөн яаж үгүйсгэснээ шүүхийн шийтгэх тогтоолд заасангүй.

Энэ хэргийн гэрч А.Сгийн “... 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Х.Б согтуу үедээ эгчийг явуулахгүй яасан юм. ... эгч намайг архи уугаад муудвал аваад яваарай гэсэн. ... 2020 оны 7 дугаар сарын 21-ний шөнө 12 цаг 51 минутад “эгч нь удахгүй очно шүү“ гэсэн мессэж ирсэн” гэсэн /1хх 112/ мэдүүлгүүдээс харахад Х.Б нь тэр цаг хугацаанаас эхлэн Б.Эыг сонирхож, согтууруулах ундааны зүйл уулгаж, биеэ хамгаалж чадахгүй үед нь бэлгийн ажил хийх сонирхолтой байсан гэдэг нь тогтоогдож байна. Талийгаачийн ар гэрийн зүгээс хаалгаар нь эрүүл саруул орсон охиныг нь хаалгаараа гаргаад явуулчихгүй ямар сонирхлоор явуулахгүй байж байгаад амь насыг нь хохироох болов гэдэгт туйлын их гомдолтой гэдэг бөгөөд мөн оршуулгын ажиллагаанд нэг ч төгрөгийн туслалцаа үзүүлээгүй гэдэг юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т давж заалдах гомдолдоо: “... Миний охины барьж явсан S6 загварын гар утсыг шалгаагүйд гомдолтой байна. Мөн уналтаас өмнө үүссэн нүдний хөхрөлт, улаалт зэрэг гэмтэл нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байсныг шүүх авч хэлэлцээгүй. ... Тухайн хэрэг болсон газрын хөрш айлуудын хүмүүсийг гэрчээр, Х.Бтэй нүүр тулсан гэх хүнийг гэрчээр асуух ажиллагааг тус тус хийлгүйгээр Х.Б, Ш.Т нарын мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ноцолдсон байж болох гутлын хар зураас байсныг мөн нягталж шалгаагүй. Яллагдагч Х.Б, гэрч Ш.Т нарын хоорондоо бичсэн “андаа бэлгэвч аваад ирээрэй, шаах охин олчихлоо” гэх зурвасыг хэлэлцэхгүйгээр өөрийн авсан бэлгэвчийг миний охин Б.Эы эд зүйлсээс гарч ирсэн гэж худал гүтгэсэнд гомдолтой байна. Талийгаач охины минь эд юмс дотор IPhone-11 загварын гар утас байгаагүй байхад байсан мэт болгосон нь их сэжигтэй санагдаж байна. Анх хэрэгтэй танилцаж байхад хаалгаар үл таних эрх мэдэлтэн шагайж “нөгөөх чинь яамны хэрэг шүү” гэж хэлэхэд байцаагч нь “хүмүүс хэрэгтэйгээ танилцаж байна” гэж хэлээд хаалгаа хаагаад гараад явсан. Шинжээчийн дүгнэлтэд “... баруун өвдгөн дээр чирч, чангайснаас үүдсэн шалбархайг ... ” гэж дурдсан байхад энэ талаар оруулж хэрэгт хавсаргаагүй. Яллагдагч Х.Б, гэрч Ш.Т нарыг миний охин Б.Эыг бие сэтгэлийн дарамтад оруулж, бэлгийн дур хүслээ хангах зорилгоор биенд нь хүрч, хүч хэрэглэж, танхайрч түүний амь насанд хүрсэн гэж үзэж байна. Гэрч болох Ш.Т, яллагдагч Х.Б нь үгсэн нийлж, худал мэдүүлэг өгсөн тул үүнийг мөн шалгуулах хүсэлтэй байна. Миний охин Б.Э нь хийж бүтээх насан дээрээ бусдын гарт амиа алдаж, хөгшин настай ээж, ах, хамаатан садандаа нөхөж баршгүй уй гашуу учруулсанд маш их гомдолтой байна.

Иймд Х.Б, Ш.Т хоёрыг хүний амийг санаатайгаар, бүлэглэж хороосон хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Эх хүн охиныхоо төлөө шударга дуу хоолой болж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Ээжтэйгээ хамт мөрөөдлөө ярьж, ээжийгээ жаргаана гэж үргэлж хэлдэг байсан миний охин хэзээ ч амиа хорлохгүй, амиа хорлох хүүхэд биш гэдгийг ээж, ах, эгч, дүү нар нь бүгд баталж байна” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Тийн өмгөөлөгч Ц.Монгол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол болон эсэргүүцлийг дэмжиж байна. Гар утас гэдэг зүйл өөрөө эвдэрсэн ч симийг нь аваад шалгаж болно. Гэтэл үнэхээр хариуцлагагүй хандсан байдаг. Цонхоор спортоор хичээллдэг хүүхдийг ганцааранг нь унагаах боломжгүй. Хоёр эрэгтэй нийлж байж цонхоор шидэх боломжтой. Амь хохирогч унахдаа хажуу талаараа унасан байдаг. Тэгэхээр Х.Б, Ш.Т нар бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн байна. Хоёуланг нь давхар шалгах хууль зүйн үндэслэлтэй байна. Өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байдаг. Энэ хоёр ах дүү нарын хүүхдүүд учраас нэгийгээ хаацайлдаг. Бэлгийн хүчирхийлэл үйлдэх гэж гэртээ дуудсан нь бүрэн тогтоогддог. Амь хохирогчийг зодож, цохисон нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдоод амь насанд нь хохирол учирсан байхад анхан шатны шүүхээс хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Сая бол шүүхээс олон асуудлыг гаргаж ирсэн. Прокурорын зүгээс хэргээ уншаад, хуулиа уншиж хариуцлагатай хандмаар байна. Шүүгч нарын асуултад хариулах ёстой ерөөсөө хариулахгүй байна. Прокурор зүгээс мэдлэг чадвараа дээшлүүлмээр байна” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Х.Бийн өмгөөлөгч Л.Жавзмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцэл байгаа. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан яллах дүгнэлт үйлдэж ирсэн эрүүгийн хэргийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гаргасан. Прокурор эсэргүүцэлдээ зарим хүмүүсийн нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй байсан гэж дурдсан. Гэтэл шүүхээс бүх зөрүүтэй хүмүүс дээр дүгнэлт хийсэн. Үнэхээр гэрчүүдийн зөрүүтэй мэдүүлэг байгааг прокурор өөрөө мэдэж байсан юм бол яагаад хэргээ шүүх рүү явуулсан юм бэ, шүүх хавтас хэргийн хэмжээнд хэргийг хүлээн авч шийдвэрлэх учраас прокурорын бичсэн эсэргүүцэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Талийгаачийн баруун нүдний хөхрөлт үүссэн гэж шинжээчийн дүгнэлт гараагүй. Шинжээч үзлэг хийхдээ тогтоосон байдаг. Шинжээчээс гэрчээр оролцуулан мэдүүлэг авч хариулсан байдаг. Прокурорт мөрдөн байцаалтын шатнаас авахуулаад хэлсэн боловч ерөөсөө хүлээн аваагүй. Хэргийн нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоогоогүй байж Х.Бийг аваачиж цагдан хорьж, хохирогчийн ээжид энэ хүн танай хүүхдийг алсан шүү гэх хандлагатай хандсан байсан. Прокурорын бичсэн эсэргүүцэл хуулийн дагуу анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох хэмжээний үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд, эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдол байдаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Х.Б амь хохирогчийн хохироосон нотлох баримтуудаар нотлогдож тогтоогддоггүй. Бүлэглэн үйлдсэн байж магадгүй, хэргийг дутуу шалгасан байна, нотлох баримтыг юуг нь үгүйсгээд, юуг нь зөвтгөөд байгаа юм бэ, Х.Б хүчингийн гэмт хэрэг үйлдэх зорилготой байсан гэж гомдол гаргасан байна. Мөрдөн байцаалтын шатанд нотлогдоогүй үйл баримтуудыг давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлж байна. Амь хохирогчийг амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй гэж тайлбар хэлсэн. Тэгвэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэх боломжтой байсан шүү дээ. Анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гарчихаар энэ хэрэгт нотлох баримтгүйгээр таамаглал маягийн юм дэвшүүлээд байгаа байхгүй юу, амь хохирогчийг хүчиндэхийг оролдсон байж болзошгүй, бэлгийн харилцаанд оролцох сонирхолтой байсан гэх зэргээр таамаглал дэвшүүлэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү гэж гомдол гаргасан байна. Мөрдөн байцаалтын шатанд, прокурорын шатанд, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед эдгээр гаргасан байдлуудаа ерөөсөө хэлдэггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд заасан хэргийн материалаас анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. ... Амь хохирогчийн утсанд үзлэг хийсэн асуудал яагаад байдаггүй юм бэ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Монгол бас хэлж байна. Амь хохирогчийн симийг сэргээгээд засах боломж байсан. Эдгээр асуудлуудаа мөрдөн байцаалтын шатанд хийлгэхгүй яасан юм бэ, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хоёр хүн хамтарч бүлэглэж үйлдсэн гэж энэ асуудал дээр өмгөөлөгчийн зүгээс эргэлзэж тээнэгэлзсэн учраас прокурорын шатанд уг асуудлыг хэлж байсан. ...Тухайн үед мөрдөн байцаалтын шатанд прокурор хуулийнхаа дагуу хяналт тавьж хэргийг ийм хэмжээнд бүрдүүлсэн. Тэгэхээр шүүхээс хавтас хэргийн хэмжээнд эрх хэмжээнийхээ дагуу шийдвэрлэсэн учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзэж байна. ...Энэ хэргийг Х.Б үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байгаа учраас анхан шатны шүүх цагаатгасан тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэв. 

 

Цагаатгагдсан этгээд Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Прокурор Б.Одонтуяа бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Шүүхийн цагаатгах тогтоолд цагаатгасан үндэслэлийг тодорхойлох хэсэгт “... хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Х.Б нь амь хохирогч Б.Эыг ямар зорилгоор, хэрхэн яаж, 12 давхарын тагтнаас унагааж амь насыг нь хохироосон, тагтнаас унагаах, амь насыг нь хохироох гэм буруутай ямар үйлдлийг санаатай хийсэн болох нь хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт авагдсан ... гэрч Ц.Огийн “манай дээд талын айл унтахгүй хоорондоо зодолдоод байгаа юм шиг ямар нэгэн зүйл унаж тас хийх чимээ гарсан. Тэгээд машин дээр юм уначихав уу гээд болкон дээр гараад доош хартал хоёр машины голд нэг хүн хэвтэж байсан. Дээд талын айл түжигнээд байсан болохоор дээш хартал нэг залуу цонхоор доош харсан байж байхаар та нар хүнээ бүртгээч гэж хэлэхэд тэр залуу юу юу гэж байснаа цааш ороод хөөе манайхаан гэж хэлээд наашаа цаашаа холихоод байсан. Тэгээд хаалгаар гараад явах чимээ сонсогдсон. Унахаас өмнө аймар тас хийх чимээ гарсан. Дээд талын айл байнга архи ууж, хэрэлдэж, маргалдаж, их шоуддаг. Цонхоороо хараад байж байсан залууг хараад танина. Хүн унагаад байж байхад хэн хэн юу гээд хэнэггүй хэлээд цааш манайхаан хөөе гэж хэлээд нааш цааш түжигнэж байгаад хаалгаар гарч байгаа чимээ гарсан” /1хх 79-83/,

Гэрч Б.Үын “... 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 01 цаг 30 минутын орчимд манай дээд талын айл түжигнээд хөргөгч авч шидэж байгаа юм шиг түс тас гэх чимээ 30-40 минут болсон. Тэгээд машин дээр тас гэх чимээ гарсан ба тагтан дээр гараад доош хартал газар нэг эмэгтэй унасан байсан. Тагтан дээрээс дээд талын айл руу харахад тагтан дээр цонхоор нэг залуу доош харсан, та нараас хүн унасан юм биш үү гэхэд “хэн, хэн  юу болсон юм, яасан юм” гэж хэлээд цаашаа “хөөе манайхаан” гэж хэлээд орсон. Тэгээд түжигнэж байгаад нэг нь хаалгаар гарах шиг болсон. Тухайн үед газарт хүн унах үед цаагуур замаар явж байсан хүмүүс газарт унасан хүн дээр ирж, цагдаад дуудлага өгч байсан. Дээд талд ямар хүн амьдардаг гэдгийг танихгүй, ямартай ч хэдэн залуус байдаг. Яг тас хийх чимээ гараад нэг залуу доош харсан байсан. Манай ээж та нар хүнээ бүртгээч гэж хэлтэл “юу юу болсон” гэж хэнэггүй хэлсэн.23-25 орчим настай залуу байсан. Доошоо харсан болохоор яг тэр гэх содон шинж тэмдэгийг нь хэлж мэдэхгүй байна. Гэхдээ харвал танина. Нэг эмэгтэй хөөе гэх чимээ гарсан, орилсон хашхирсан зүйлгүй” /1хх 84-87/,

шинжээч эмч Ц.Ганболдын “... Талийгаач Б.Эы баруун нүдний эргэн тойронд хүрэн ягаан цус хуралт гэмтэл нь нас барахын өмнө үүссэн гэмтэл байна. Уг гэмтэл уналтаас үүсээгүй” /1хх 208-209/,

гэрч Б.Үын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Машин дээр юм унаж байгаа юм шиг тас хийх чимээ гарсан. Тагтан дээр гараад доош харахад нэг эмэгтэй газар унасан байхаар нь дээд айлын тагт руу харахад нэг залуу доош хараад байж байхаар нь “та нараас хүн унасан юм биш үү” гэхэд цаашаагаа “хөөе манайхаан” гээд орсон, яг тас хийх чимээ гарсны дараа нэг залуу доош харсан байсан. ... энэ залуу мөн байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд буюу “... талийгаачийг унасан даруй эрэгтэй хүн тагтнаас харж байсан. ...түжигнэх чимээ гарч байсан ...” гэх гэрч нарын мэдүүлгүүдийг прокуророос шинжлэн судалж мэтгэлцсээр байтал хэргийн оролцогч нартай нэгдмэл ашиг сонирхолгүй гэрч нарын гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг нотолсон мэдүүлгийг бусад ямар нотлох баримтуудаар үгүйсгэн няцааж байгааг тодорхой дүгнэхгүйгээр Х.Бийг цагаатгасныг онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь үнэлэхдээ бусдыг нь үгүйсгэж байгаа үндэслэлийг огт дурдаагүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлийн талаар:

Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд, улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын саналыг хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтуудад заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авах боломжгүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолд тус тус заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог учиртай.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь “Шүүхийн тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэх үндэслэл болно.

 

Прокуророос Х.Бийг 2020 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмэн хотхоны 43/Б байрны 12 давхарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Эыг 12 давхарын тагтнаас унагааж амь насыг нь хохироосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...Х.Бийн хувьд амь хохирогч Б.Эыг ямар зорилгоор, хэрхэн, яаж 12 давхарын тагтнаас унагааж, амь насыг нь хохироосон, тагтнаас унагаах, амь насыг нь хохироох гэм буруутай ямар үйлдлийг санаатайгаар хийсэн болох нь хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдохгүй байна. ...” гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг тодорхойлохдоо энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж тус тус заасан.

 

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын шинж чанар, тэдний хоорондын болон хэргийн хамаарал, хуульд заагдсан арга хэрэгсэл шаардлагын дагуу цугларсан эсэхийг дүгнэж, улмаар баримтуудыг харьцуулан шинжилж, эсрэг болон холбогдогчтой нэг ашиг сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулга, нотолгооны тэнцвэр, хэргийн байдалтай хэрхэн уялдаж байгаа зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлдэг.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор нөхцөл байдлуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, мэдүүлэг болон нотлох баримтуудын харилцан зөрүүтэй байдлаас аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр дан ганц гэм буруугүйд тооцох зарчимд тулгуурлан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иймд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дараах нөхцөл байдлуудыг бүрэн шалгаагүй, цугларсан нотлох баримтуудад тулгуурлан шүүх хэргийн үйл баримтыг тогтооход нотлох баримтын хүрэлцээ хангалтгүй байна. Үүнд:

 

            1. Шүүгдэгч Х.Бийн биед учирсан гэмтлүүдийг хэзээ бий болсон гэдгийг тогтоох нь хэрэгт зайлшгүй ач холбогдолтой байна. Өөрөөр хэлбэл, хэрэг учрал болохын өмнөх өдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Х.Б найзуудтайгаа муудалцсаны улмаас гэмтсэн үү, эсхүл хэрэг болсон өдөр хохирогч Б.Этой муудалцсаны улмаас үүссэн гэмтэл үү гэдгийг тогтоох шаардлагатай.

 

Х.Бийн биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /1хх 40-41/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8062 дугаартай “Х.Бийн биед цээж, баруун, зүүн бугалганд цус хуралт, зүүн бугалга, баруун мөр, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ... Х.Бийн биед учирсан хүзүүнд зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой бөгөөд бусад гэмтэл хэрэг болохоос өмнө үүсгэгдсэн хуучин гэмтэл байна” дүгнэлт зэргээс харахад Х.Бийн биед учирсан хүзүүнд зулгаралт болон бусад гэмтлүүдийг хэн, хэзээ, хэрхэн үүсгэсэн болохыг тогтоох шаардлагатай бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас харахад энэ талаар хангалттай баримт цуглараагүй байна.

 

Иймд гэрч А.Энхбаяр “... Х.Бийн түрээсийн байранд уулзаж Б, түүний найз Чинбат, Т нартай цуг пиво уугаад түүний биед гэмтэл учруулсан. ... бид хоёр Ганбаяраас болж маргалдсан. Би Ганбаярыг 00-ын өрөөнд сууж байхаар нь түлхсэн чинь маргалдсан ...  /1хх 121-122/ болон гэрч Б.Ганбаяр “... Бийн гэрт очсон чинь Б, түүний хуурай ах Энхбаяр, хамт амьдардаг Чинбаа нар байсан ...” /1хх 123-124/ нарын мэдүүлгүүдээс үзэхэд хэрэг учрал болохын өмнөх өдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Х.Бийн гэрт хэн, хэн байсан, хэн нь хэнтэй маргалдаж, хэрхэн зодолдсон, Х.Бийн биед ямар гэмтэл учирсан байсан талаар гэрчүүдийн зөрүүтэй өгсөн мэдүүлгийг дахин шалгаж, тухайн өдөр хамт байсан гэх Х.Б, Ш.Т, Чинбат нарыг асууж энэ талаар тодруулах, мөн 2020 оны 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд бичигдсэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмэн хотхоны 43Б байрны камерын бичлэгт бүтэн үзлэг хийж, тухайн өдрүүдэд хэн, хэн Х.Бийн гэрт орсон, гарсныг тогтоох нь ач холбогдолтой гэж үзлээ.

 

2. Хэргийн газраас олдсон хохирогч Б.Эы гэх хар өнгийн дэлгэц нь хагарсан Самсунг загварын гар утсан доторх мэдээллүүдийг, мөн тус утсанд байх сим картыг тус тус сэргээж, үзлэг хийх боломжтой эсэхийг шалгах, мөн хохирогч Б.Эоос сүүлд холбогдсон гэх 85772207 дугаарыг сэргээж, дугаарт үзлэг хийх боломжтой эсэх, амь хохирогчийн эд зүйлсэд авагдсан Ай фоне-11 загварын гар утас хэний эзэмшлийн утас болохыг тогтоох, мөн уг утсанд үзлэг хийх боломжтой эсэхийг тус тус шалгах шаардлагатай.

 

3. Хэргийн үйл баримтын талаар зөвхөн доод айлын оршин суугч болох гэрч Ц.О “... манай дээд талын айл унтахгүй хоорондоо зодолдоод байгаа юм шиг, ямар нэгэн зүйл авч шидэж байгаа түс, тас хийх чимээ гарсан. ... дээд талын айл түжигнээд байсан болохоор дээш хартал нэг залуу цонхоор доош харсан байж байхаар нь “та нар хүнээ бүртгээч” гэж хэлэхэд “тэр залуу юу юу гэж байснаа цааш ороод хөөе манайхаан” гэж хэлээд наацаа, цаашаа холхиод байсан. ... Дээд талын айл байнга архи ууж, хэрэлдэж маргалдаж их шоуддаг ...” /1хх 79-83/, гэрч Б.Ү “... дээд талын айл түжигнээд хөргөгч авч шидэж байгаа юм шиг түс тас хийх чимээ 30-40 минут болсон. Тэгээд машин дээр тас гэх чимээ гарсан. ... тагтан дээрээс дээд талын айл руу харахад тагтан дээр цонхоор нэг залуу доош харсан байсан бөгөөд “та нараас хүн унасан юм биш үү” гэхэд “хэн хэн юу болсон юм, яасан юм” гээд цаашаа “хөөе манайхаан” гэж хэлээд орсон. Тэгээд түжигнэж байгаад нэг нь хаалгаар гарах шиг болсон. ... нэг эмэгтэйгийн “хөөе” гэх чимээ гарсан ...” гэж мэдүүлэг өгсөн  байдаг бөгөөд тухайн үед тус байрны 225 тоотод хэрүүл маргаан, зодоон цохион болсон эсэх, ямар нэгэн сонссон, мэдсэн зүйл бий эсэх талаар хажуу, хөрш, дээд давхрын айлуудын оршин суугчдаас нэмж асуух нь хэрэгт ач холбогдолтой байна.

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 05/265 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн №1, 2, 3, 5 ,6 ,7, 8, 12, 13, 14, 15 гэж дугаарласан 11 ширхэг гарын мөрүүд болон амь хохирогч Б.Э, гэрч Х.Б, Ш.Т нарын гарын хээний дардаснууд нь шинжилгээнд тэнцэнэ. Харин №4, 9, 10, 11 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Папилон санд 2020-138-ХУД гэж кодолсон №3 дугаартай “шилэн аяганы гадна талаас” гэсэн гарын мөр нь Папилон санд 2020-ЦОГЦ-ХУД дугаараар бүртгэгдсэн Б.Эы баруун гарын ядам, №6 дугаартай “шилэн аяганы гадна талаас” гэсэн гарын мөр нь Б.Эы зүүн гарын долоовор хурууны хээтэй, №8 дугаартай “шилэн аяганы гадна талаас” гэсэн 1 ширхэг гарын мөр нь Папилон санд MN000120006699 дугаараар бүртгэгдсэн гэрч Х.Бийн зүүн гарын ядам хурууны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тус тус тохирч байна. Амь хохирогч Б.Э, гэрч Х.Б, Ш.Т нарын гарын хээний дардаснууд нь санд бүртгэлгүй байна. Шинжилгээнд тэнцэх №1, 2, 3, 5, 6, 7, 8, 12, 13, 14, 15 гэж дугаарласан гарын мөрүүд болон хохирогч Б.Э, гэрч Х.Б, Ш.Т нарын гарын хээний дардас нь эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна” дүгнэлт авагдсан бөгөөд хохирогч Б.Эы үсэрсэн гэх болконы цонхны рам буюу хүрээнээс авсан гарын мөрүүдийг тогтоох боломжтой эсэх, шинжилгээнд тэнцэх бусад №1, 2, 5, 7, 12,13, 14, 15 гэж дугаарласан 8 ширхэг гарын мөрүүдийг хэн, хэний гарын мөр болохыг тогтоогоогүй орхигдуулсан нь ойлгомжгүй байна.

 

5. Амь хохирогчийн биед уналтаас өмнө үүссэн гэмтэл бий эсэхийг тогтоох шаардлагатай бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1486 дугаартай дүгнэлтэд “... баруун нүдний эргэн тойрон хүрэн ягаан цус хуралттай, ... мөн баруун хөлөнд 3х2 см талбайд арьсны өнгөн давхарга хуурсан, суганы баруун хойд хэсэгт 7х3 см, 2х2,8 см, 5х0,6 см, хэвлийн баруун доод хэсэгт 7х0,3 см, 2х0,4 см, 3х0,3 см, 2х0,2 см, 0,2х0,2 см, 1,8х0,3 см хэмжээтэй хүрэн ягаан зулгаралтуудтай” гэж тусгагдсан дээрх гэмтлүүдийг амь хохирогчийн биед хэзээ, хэн учруулсан болохыг тогтоох,

 

6. Амь хохирогчийг болконы цонхноос унасантай холбоотойгоор уналт үүссэн өндрийн хэмжээг, унасан гэх объектоос ямар зайд унасан болохыг, унасан гэх болконы цонхны хэмжээг, цонхны шалнаас дээшхи тагт хүртэлх өндөр зэргийг тогтоож амь хохирогч өндрөөс ямар байдлаар унасан буюу дээрээс өөрөө унасан, үсэрсэн, бусдын нөлөөтэйгөөр түлхүүлсэн, шидүүлсэн эсэх зэрэг нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийх боломжтой эсэх зэрэг ажиллагаа болно.

 

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн амь хохирогчийн үхлийн шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаагаар сайтар шалгаж, тодруулсны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Т, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдол, прокурорын бичсэн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг тус тус агуулгын хувьд хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, цагаатгагдсан этгээд Х.Бд холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх үүргээ биелүүлж чадаагүй байх тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд хуульчилсан гэм буруугүйд тооцох зарчмыг хэрэглэхдээ мөн зүйлд зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан байх шаардлагатай болохыг дурьдах нь зүйтэй.

 

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан прокурорын газарт хавтаст хэрэг очтол Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/64 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Х.Бд холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Прокурорын газарт хавтаст хэрэг очтол Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ